Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00688

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 08 001/ХТ2021/00688

 

 

 

Э.Мөнхбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01734 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1892 дугаар магадлалтай,

 

Э.Мөнхбилэгийн нэхэмжлэлтэй,

Оюу толгой ХХК-д холбогдох,

 

Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Мөнхбилэг болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Мөнхбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагчийн төлөөлөгч Б.Өлзийцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Мөнхбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2020.02.10-ны өдрийн №Б 267 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000.06.14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Ээлжийн амралтын олгох зааврын 15 дугаар зүйлийн 15а-г үндэслэн Э.Мөнхбилэг надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр 2020.02.14-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөхгүй. Үүнээс өмнө Оюу Толгой ХХК-ийн гүний уурхайн захирлын 2019.08.16-ны өдрийн №HR/4206 тоот тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байсан бөгөөд миний бие шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Шүүхээс миний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хамгийн сүүлд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэрэг маргааныг 2019.12.09-ний өдөр 2058 дугаартай Магадлал гаргасан болно. Магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан намайг Оюу толгой ХХК-ийн гүний уурхайн богино хугацааны төлөвлөлтийн техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,077,200 төгрөг хариуцагч Оюу толгой ХХК-иас гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн. Магадлалын дагуу Оюу толгой ХХК нь 2020.01.15-ны өдөр Гүний уурхайн захирлын №Б69 тоот тушаал гаргаж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан өмнөх тушаалаа хүчингүй болгож намайг тушаал гарсан өдрөөс эхлэн гүний уурхайн Техник Үйлчилгээний хэлтсийн Богино хугацааны төлөвлөлтийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Тушаал гаргаж ажилд эгүүлэн тогтоосноосоо хойш намайг ажил хийлгэхгүй, уурхай руу явуулахгүй, ажлын байрны буюу албан тушаалын чиг үүргээр хангахгүй байсан тул миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнөх ажилд эгүүлэн тогтоохоос гадна ажиллах боломжоор хангахыг удаа дараа шаардсаны эцэст 2020 оны 2-р сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Шангрила оффист ажиллуулсан болгоод мөн өдрөө 2020.02.14-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгахгүй болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буйгаа мэдэгдэн №Б267 тоот тушаал гардуулж өгсөн. Миний ажлын байр нь чиг үүргийн дагуу Гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл дуусаад Гүний уурхайн ашиглалт эхлэх гэж буйтай холбогдон байнгын ажлын байр болох байсан бөгөөд энэ нь ч компанийн ажлын байрны цаашдын төлөвлөгөө, чиг хандлагад тусгагдсан. Гэтэл Оюу толгой ХХК-ийн захиргааны зүгээс намайг ажилд эгүүлэн авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгээд ажиллах хөдөлмөрлөх боломж бололцоогоор хангалгүйгээр дахин үндэслэлгүйгээр тушаал гарган халсан явдалд гомдолтой байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд цаашид сунгах асуудлыг гэрээний нэг тал болох ажилтантай харилцан тохиролцолгүйгээр нэг талын санаачилгаар цуцалж, миний хөдөлмөрлөх эрхэнд дахин ноцтойгоор халдаж байгаа нь Оюу толгой ХХК нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, Монгол Улсын хууль тогтоомжийг үл хайхардаг болохыг нотолж байна гэж нэхэмжлэгчийн хувьд дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Иймд Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2020.02.10 ны өдрийн №Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Мөнхбилэг намайг ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Оюу толгой ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Э.Мөнхбилэг Оюу толгой ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Оюу толгой ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхбилэгтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байсан. Хариуцагч Оюу толгой ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Э.Мөнхбилэгт 2020.01.20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн улмаар Э.Мөнхбилэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Оюу толгой ХХК-ийн гүний уурхайн захирлын 2019.08.16-ны №HR/4206 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 2058 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Э.Мөнхбилэгийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажиллаагүй хугацааны цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаан дахь цалин хөлсийг бүгдийг нь олгосон болно. Иймд нэхэмжлэгч Э.Мөнхбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01734 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Оюу толгой ХХК-д холбогдох Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2020 оны 02 сарын 10-ны өдрийн Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.Мөнхбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхбилэг нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1892 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01734 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Мөнхбилэг болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр, магадлалынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Тухайлбал, ...Нэхэмжлэгч Э.Мөнхбилэг нь хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2020.02.10-ны өдрийн Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Оюу толгой ХХК нь Э.Мөнхбилэгтэй 2017.07.04-ний өдөр Богино хугацааны уурхайн техникч албан тушаалд сарын 1150 ам доллартай тэнцэх хэмжээний үндсэн цалинтайгаар 2017.07.04-ний өдрөөс ажиллуулж, 2019.06.11-ний өдөр НR 3795 дугаартай хөдөлмөрийн гэрээг сунгах тухай гэрээг 2019.07.04-ний өдрөөс 2020.02.15-ны өдрийг хүртэл сунгахаар харилцан тохиролцон гарын үсэг зурсан бөгөөд хугацаа тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар талууд маргаангүй. Харин нэхэмжлэгч байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь буруу гэж маргасан боловч тухайн цаг хугацаанд ажил олгогчтой ажилтан хөдөлмөрийн гэрээний хугацааг тохиролцон байгуулсан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, мөн хуулийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар зохицуулагджээ. Дээрх хөдөлмөрийн гэрээнд талууд 2019.06.11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019.07.04-ний өдрөөс 2020.02.15-ны өдөр хүртэл сунгасан болох нь хэргийн 39-40 дүгээр тал дах тушаал, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх баримтаар тогтоогджээ. Нэхэмжлэгч нь хариуцагч байнгын ажлын байранд надаас гадна гүний уурхайн төслийн бүх ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулдаг гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар баримтгүй. Хэргийн 101-103 дугаар тал дахь Оюу толгой ХХК-ийн гүний уурхайн бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай тушаалын хавсралтаас үзэхэд уурхайн техник үйлчилгээний хэлтсийн богино хугацааны төлөвлөлтийн техникчийн ажлын байр нь байнгын бус гэрээт ажил болох нь тогтоогдож байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Талууд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог болон бизнесийн үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гэрээг хугацаатай байгуулж, улмаар гэрээнд заасан хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ гээд Ажил олгогчийн 2020.02.10-ны өдрийн Б/267 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Гүний уурхайн төслийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцсэн тул нэхэмжпэгч Э.Мөнхбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэнгүй гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Оюу толгой ХХК нь байнгын ажлын байранд зөвхөн нэхэмжлэгч надтай төдийгүй гүний уурхайн төслийн бүх ажилтантайгаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажил орлоготой байж, манай улсын нөхцөлд боломжийн цалин орлого авч амьдралаа залгуулах гэсэн ажилтнуудын хувьд гэрээний энэхүү хугацааны заалт дээр ямар нэгэн тайлбар хэлэх, түүнийг эс хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байдаггүй юм. Түүнчлэн Оюу толгой ХХК нь 40, цаашилбал 50 түүнээс илүү жил үргэлжпэх ашигт малтмалын гүний уурхайн энэхүү төсөл дээрээ Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин чухам ямар учраас хугацаатай хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтайгаа байгуулж ирсэн талаараа үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй болно. Мөн нэхэмжлэгчийн хувьд Оюу Толгой ХХК-ийн Гүний уурхайн техникийн хэлтсийн буюу түүний харьяалагдаж байсан нэгжийн 50 орчим ажилтнуудаас ...зөвхөн миний хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан гэж цуцлаад, бусад ажилтнуудынх нь гэрээг 2020.10.30 хүртэл сунгаснаас харахад шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг ажилд эгүүлэн авсан дүр эсгээд ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбарлан мэтгэлцсэнийг хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэргийн ийм үйл баримт байсаар байтал анхан шатны шүүхээс ...хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажил олгогч зүй бусаар давуу байдлаа ашигласан, дан ганц талын хүсэл зориг давамгайлсан гэж үзэх боломжгүй, ...тухайн цаг хугацаанд ажил олгогчтой ажилтан хөдөлмөрийн гэрээний хугацааг тохиролцон байгуулсан гэж үзэв, ...Ажил олгогчийн 2020.02.10-ны өдрийн Б/267 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Гүний уурхайн төслийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцсэн гэж үзнэ. гэх зэргээр дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй боллоо гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугааар зүйлийн 37.1.3-т тус тус заасантай ажил олгогчийн тушаал нийцэж байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцаанд хориглосон ялгаварлал, хязгаарлал байсан эсэхийг тогтоож дүгнэх зайлшгүй шаардлагатай байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарна гэж бидний хувьд үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байнгын ажлын байр, хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй холбоотой үйл баримтыг тогтоохын тулд Оюу толгой ХХК нь байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнүүд автоматаар сунгагдсан эсэх зэрэг асуудлаар хариуцагч үнэн зөв нотлох баримт гарган мэтгэлцэх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилон шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн болно. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.7-д заасан ...энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2012.06.15-ны өдрийн Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ын талаарх Зөвлөмжийн д/ хэсэгт заасан ...Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор байгуулахад, ...тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд, ...байгуулах-д шүүх анхаарах тухай зөвлөмжийг анхаараагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 181/ШШ2020/01734 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1892 дугаар магадлалыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 176 дугаар зүйлийн 176.2.5-д тус тус заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Мөнхбилэг нь Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2020.02.10-ны өдрийн Б-267 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...хариуцагч нь байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж хууль зөрчсөн... гэж маргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн тайлбар гаргажээ.  

 

Анхан болон давж шатны шүүх тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2020.02.10-ны өдрийн Б-267 дугаар тушаалаар, Уурхай техникийн үйлчилгээний хэлтсийн Богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникч Э.Мөнхбилэгийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.3, ...Ээлжийн амралт олгох заавар-ын 15а заалтыг үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: ...23.2.2. энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно: ...37.1.3. хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж тус тус зааснаар талууд байнгын ажлын байранд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор, уг гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Э.Мөнхбилэг нь Оюу толгой ХХК-д Уурхай техникийн үйлчилгээний хэлтсийн Богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчээр 2017.7.04-ний өдрөөс ажиллаж, ажил олгогчтой НR3795 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний талууд харилцан тохиролцож 2019.6.11-ний өдөр гэрээний хугацааг 2019.7.04-ний өдрөөс 2020.02.15-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Э.Мөнхбилэгтэй тохирч, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээний хугацаа 2020.02.15-ны өдөр дуусахад, хариуцагчаас гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01734 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1892 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ