| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00339/И |
| Дугаар | 00451 |
| Огноо | 2018-07-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 00451
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1988 онд Булган аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Чонос овогт С.З ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай 132/2018/00373/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С.З , түүний өмгөөлөгч Г.Гочоо, хариуцагч 1975 онд Булган аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн захирал, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Ханжаргалант овогт Н.Я, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол улсын боловсролын их сургуулийг 2010 онд мэдээллийн технологи, англи хэлний багшаар төгссөн. 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд мэдээллийн технологи, англи хэлний багшаар томилогдон ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр намайг хууль бусаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу 1 жил хүртэл хугацаагаар чөлөөг ажилтанд олгож болно гэсэн заалт байсан учраас би чөлөө авах гээд Н.Я захиралд өргөдөл гаргаад чөлөө олгочихлоо гэж бодоод 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амьдрал ахуйн шаардлагаар БНСУ-руу ажиллахаар яваад 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу 2 сар болоод ирсэн. Надтай цуг явсан багшийн чөлөө олгох тушаал гарсан болохоор чөлөө олгочихлоо гэж бодоод би явсан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сард Н.Я захиралтай уулзаж учир байдлаа хэлтэл чамайг халсан гэж хэлсэн. Тэгээд ажлаас чөлөөлсөн тушаалаа авах гэтэл өгөөгүй. Тушаал гарсан өдрөөр гарын үсэг зураад ав гэсэн. Би тушаалаа авч байгаа өдрөө бичээд авах гэтэл тушаалаа авбал ав, авахгүй бол боль гэхээр нь аваагүй гараад явсан. Ингээд ажилдаа эргэж орохоор Н.Я захиралтай уулзахад чамайг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн учир ажиллуулах боломжгүй гэж хэлсэн боловч ажлаас халсан тушаалыг надад албан ёсоор гардуулаагүй ба уг тушаалыг цахимаар явуулсан гэх боловч тийм зүйл огт байхгүй байсан. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан ажлаас халагдсан тушаал хавсаргадах ёстой гэж шаардлага тавьснаас би шүүхэд өргөдөл өгч эрх ашгаа хамгаалуулах нөхцөл байдлаа алдаж, 8 сар гаруй ажилгүй амьдралаараа хохирч байна. Сургуулийн захирал Н.Я нь анх намайг Солонгос улсад жилийн хугацаатай явж ажиллах хүсэлтийг албан ёсоор өгсөн боловч сургуулийн дотоод журманд зааснаар тухайн ажилтны хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж 1 жил хүртэл хугацааны чөлөөг өгч болно гэсэн заалт байсаар байтал үүнийг харгалзан үзэлгүй надад чөлөө олголгүй бусад багш, ажилтанд чөлөө олгож ялгавартай хандаж байсан явдалд захирал Н.Янжмаад их гомдолтой явдаг юм. Намайг ажлаас халсан тушаалыг хуулийн хүрээнд албан ёсоор гардуулсан бол өөр хэрэг. Би халагдсан тушаалаа албан ёсоор гардаж аваагүй учир шүүхэд хандах эрхтэй гэж үзэж байна. С.С.З миний бие багшаар ажиллаж байх хугацаанд сард нэмэгдлийн хамт 699000 төгрөгийн цалинтай байсан болно. Тиймээс 2017 оны 11 дүгээр сараас одоог хүртэл 8 сарын цалин 5.592.000 төгрөгөөр хохирч байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.592.000 төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийг шаардлага гаргаж байна. Би маш их гомдолтой байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Я шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн мэдээллийн технологийн багшаар ажиллаж байсан С.С.З нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Солонгос улсруу хувийн шалтгаанаар буюу ажил хийхээр явах 1 жилийн чөлөө олгох хүсэлт гаргасан. Хичээлийн дундуур хүүхдүүдийн хичээлийг завсардуулахгүйн тулд багшид чөлөө олгож болгохгүй талаар үүрэг чиглэл өгсөн учраас С.С.З д чөлөө олгоогүй. Чөлөө олгох өргөдөл хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу авалгүй ажлын байраа орхин явсан. Энэ нь шалтгаангүй ажил тасалсанд тооцох үндэслэлтэй байсан боловч сургуулийн захиргаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл С.С.З гаас хариу хүлээсэн ч хариу байхгүй төдийгүй ажилдаа ирээгүй. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түүнийг хүлээсэн ба хичээл сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдаж нэг улирлын хичээлийн хоцрогдол үүсч хохироож байсан тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын байраа орхин явж, ажлаа шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног тасалсан зөрчлийг үндэслэн, мэдээллийн технологийн багш ажилтай С.С.З г сахилгын шийтгэл давтан гаргасан, шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан гэх үндэслэлээр “Хөдөлмөрийн тухай хуулййн” 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүлийн 4.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халах тушаалыг гаргасан. Багш С.С.З нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-руу ажиллахаар 3 сарын чөлөө хүссэн өргөдөл гаргасны дагуу 3 сарын чөлөө олгож байсан ба 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлэгт шинжилгээ өгөх, хагалгаанд орох шалтгаанаар чөлөө олгохыг хүссэн хүсэлтийн дагуу Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон 13А маягтад тусгасан хоногоор чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй ба олон хоног ажил тасалж сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгосон. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сургуулийн менежерүүдийн зөвлөлийн хурлаар түүний ажил тасалсан асуудлыг хэлэлцэж өөрийн биеэр ажилдаа ирэхийг хүлээхээр шийдвэрлэж хүлээсэн. Багш С.С.З нь 2017 оны 03 дугаар 13-ны өдөр ажилдаа ирэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн магадлагаа авчирч сургуулийн нягтлан бодогч Д.Ганцэцэг хөдөлмөрийн чадамж түр алдсаны тэтгэмж олгохоор нийгмийн даатгалд хүргүүлэхэд уг магадлагаа нь хуурамч болох нь нотлогдож, мөн “Аюурвэд-Энх” ХХК-ийн ерөнхий эмч Ш.Нарантуяа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3 албан тоот бичгээр хуурамч болох талаар хариу ирж С.С.З нь буруугаа хүлээж БНСУ руу ажил хийхээр явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба ажлаа цалгардуулалгүйгээр тасалсан хичээлээ нөхөн хичээж ажиллана гэсэн хүсэлт өгснийг үндэслэн сургуулийн захиргаа 2017 оны 03 дугаар сарын 20-ны Б/15 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил болоогүй байхад дахин сахилгын шийтгэл давтан гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа БНСУ-руу ажил хийх гэж явж байгаагаас суралцагчдын хичээл хоцрогдож сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаа. Сургуулийн захирлын 2017 оны10 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 тоот “ажлаас халах тухай” тушаалыг багш С.С.З д танилцуулах гардуулах ажиллагааг түүний цахим хаяг фэйсбүүк, цахим хаяг ******* болон албан ёсны оршин суугаа хаягт шуудан холбоогоор хүргүүлсэн боловч эзэнгүй гэх шалтгаанаар буцаж ирсэн. Ажлаас халах тушаалыг гардуулах ажиллагааг хийсэн боловч тушаалыг цахимаар хүлээн авсан атлаа хариу өгөөгүй. Багш С.С.З нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Солонгос улсаас ирсэн гэж ярьж байна. Уг өдөр ирснийг манай байгууллага мэдээгүй ба ажилдаа орох эсвэл ажлаас халах тушаал авахаар манай байгууллагад энэ хугацаанд ирж байгаагүй. Харин 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирж уулзахдаа ажлаас халагдсан талаараа мэдэж байсан бөгөөд ажилд эгүүлэн авах хүсэлтийг амаар гаргахад нь хүлээн авах боломжгүй, ажлаас халагдсан тушаалаа хүний нөөц, бичиг хэргийн ажилтан Б.Батзулаас авахыг хэлээд өрөөнөөс нь гаргахад ажлаас халагдсан тушаалаа аваагүй явсан байсан. Сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 тоот ажлаас халах тушаал нь хууль зөрчөөгүй, ажил олгогч тушаалыг гардуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С.З нь Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургуульд холбогдуулан мэдээлэл, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлаас халсан тушаал үндэслэлтэй гарсан бөгөөд ажилтанд ажлаас халсан шийдвэрийг хүргүүлсэн, ажилтан өөрөө шийдвэрийг аваагүй, шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж маргажээ.
Нэхэмжлэгч С.С.З нь 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд мэдээлэл технологи-англи хэлний багшаар томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаа шалтгаангүйгээр тасалж 30 хоног хичээл сургалтын үйл ажиллагааг тасалуудсан гэх үнлэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 54-55/
Ажилтан ажлаас халсан тушаалыг гардаж аваагүй гэж маргаж байх боловч ажил олгогч шийдвэрийг түүний албан ёсны хаягаар хүргүүлэхэд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Солонгос улс руу явсан гэж буцаж ирсэн байх бөгөөд хариуцагч 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогчийн шийдвэрийг өөрөө гардаж аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн ажилтан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа халагдсан болохоо мэдсэн, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогчийн шийдвэрийг өөрөө гардаж авахаас татгалзсан, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, БСШУЯам, болон Боловсрол соёлын газарт тус тус гомдол гаргаж байсан нь ажлаасаа халагдаж, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэдгээ тухайн үеэс мэдсэн гэж үзэхээр байгаа төдийгүй нэхэмжлэгч өөрөө ч үүнийг үгүйсгээгүй байна.
Нэхэмжлэгч С.С.З гийн шүүхэд гаргасан маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар /ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтаны гомдол/ шүүхэд шууд харъяалагдах маргаан бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, БСШУЯам, болон Боловсрол соёлын газарт гаргасан атлаа мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх гомдлоо шүүхээс өөр байгууллагад гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч С.С.З гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Булган аймгийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч С.С.З гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН