Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар  2022/ШЦТ/775

 

 

 

 

 

 

  2022        09         30                                    2022/ШЦТ/775

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч С.А /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ад холбогдох эрүүгийн “2211 00000 1419 дугаартай, 186/2022/0719/Э индекстэй хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, ххх  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, С.А,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч С.А нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, жаргалантын 65-1032 тоотод Г.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх, үснээс зулгаах зэргээр биед нь зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, хүзүү, зүүн гуя, өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Згийн:...2022 оны 7 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд ээжийн гэрлүү хоол цай оруулж өгөхөөр ортол манай төрсөн ах Батхолбоогийн эхнэр Алтантуул ээжийн гэрт ирсэн байсан. Намайг гэрлүү орох үед ээж чангаар дуу авиа гаргаад байсан тул би ээжээс юу болсон талаар асуухад ээжийн савтай шээс гэрийн шалны дээр асгарсан байсныг би ойлгосон. Би Алтантуулаас юу болсон талаар асуухад би танай ээжийг яадаг юм янхан минь гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би яваач, гэрээс гараач гэж хэлтэл надруу салаавч гаргаж миний нүүрлүү баруун гараараа 1-2 удаа алгадаж, хоолойг нэг гараараа атгаж боогоод, миний үснээс бариад толгой доош дарсан мөн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Удалгүй ах Батхолбоо гаднаас орж ирээд эхнэрээ болиулсан. Алтантуул манай ах Батхолбоотой хамтран амьдраад 10 гаран жил болж байгаа, том ахтай хамтран амьдарсан үеэс Алтантуул бид хоёр таарамжгүй харилцаатай байсан. Би тухайн хүнтэй ямар шалтгаанаар маргалдаж, муудалцах шалтгаантай болсон талаараа мэдэхгүй. Би Алтантуулд хийсэн буруутай үйлдэл бол байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Батхолбоогийн:...би тухайн орой эхнэр Алтантуулын хамт өөрийн ээжийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, жаргалантын 65-1032 тоотод очсон. Эхнэрээ гэрлүү нь оруулаад би хүнсний дэлгүүр орохоор явсан. Хэсэг хугацааны дараа ээжийн гэрлүү нь ортол Алтантуул, Золзаяа нар маргалдаж, муудалцаад байж байсан. Манай эхнэр Алтантуул Золзаяа руу дайрч давшлаад байсан тул эхнэрээ болиулаад би гэрээс нь аваад гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

           2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10232 дугаартай дүгнэлтэд:

           1. Г.Згийн биед зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, хүзүү, зүүн гуя, өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

           4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор  гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр тал/

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 297 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 38 дугаарр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022  оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10232 дугаар дүгнэлт /хх 18-19 дүгээр тал/шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгч С.А хавтаст хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.ё

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч С.А нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, жаргалантын 65-1032 тоотод Г.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  улмаар түүнийг цохиж,  өшиглөх, үснээс зулгаах зэргээр биед нь зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, хүзүү, зүүн гуя, өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

       - хохирогч Г.Згийн:...2022 оны 7 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд ээжийн гэрлүү хоол цай оруулж өгөхөөр ортол манай төрсөн ах Батхолбоогийн эхнэр Алтантуул ээжийн гэрт ирсэн байсан. Намайг гэрлүү орох үед ээж чангаар дуу авиа гаргаад байсан тул би ээжээс юу болсон талаар асуухад ээжийн савтай шээс гэрийн шалны дээр асгарсан байсныг би ойлгосон. Би Алтантуулаас юу болсон талаар асуухад би танай ээжийг яадаг юм янхан минь гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би яваач, гэрээс гараач гэж хэлтэл надруу салаавч гаргаж миний нүүрлүү баруун гараараа 1-2 удаа алгадаж, хоолойг нэг гараараа атгаж боогоод, миний үснээс бариад толгой доош дарсан мөн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Удалгүй ах Батхолбоо гаднаас орж ирээд эхнэрээ болиулсан. Алтантуул манай ах Батхолбоотой хамтран амьдраад 10 гаран жил болж байгаа, том ахтай хамтран амьдарсан үеэс Алтантуул бид хоёр таарамжгүй харилцаатай байсан. Би тухайн хүнтэй ямар шалтгаанаар маргалдаж, муудалцах шалтгаантай болсон талаараа мэдэхгүй. Би Алтантуулд хийсэн буруутай үйлдэл бол байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

      - гэрч Г.Батхолбоогийн:...би тухайн орой эхнэр Алтантуулын хамт өөрийн ээжийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, жаргалантын 65-1032 тоотод очсон. Эхнэрээ гэрлүү нь оруулаад би хүнсний дэлгүүр орохоор явсан. Хэсэг хугацааны дараа ээжийн гэрлүү нь ортол Алтантуул, Золзаяа нар маргалдаж, муудалцаад байж байсан. Манай эхнэр Алтантуул Золзаяа руу дайрч давшлаад байсан тул эхнэрээ болиулаад би гэрээс нь аваад гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10232 дугаар дүгнэлт. /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх, үснээс зулгаах зэргээр эрүүл мэндэд нь зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, хүзүү, зүүн гуя, өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж  байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул С.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч Г.З нь шүүгдэгч С.Атай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч С.Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр тус тус гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй болохйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ