| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00866/И |
| Дугаар | 932 |
| Огноо | 2018-11-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 932
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, Хилчин хотхоны 20 айлын 12 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ЖВ88071607, Боржигон овогт Гарьдын Ганцолмонгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Хилчин хотхоны 20 айлын 10 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар КЮ77091365, Хасар овогтой Пүрэвийн Атартунгалагт холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, иргэдийн төлөөлөгч Б.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганцолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр П.Атартунгалагт зодуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан. Улмаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор П.Атаргунгалагийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримтаа бүрэн бүрдүүлж чадаагүй ба уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно. Миний бие П.Атартунгалагаас нийт 400.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:
1. 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр Баруунтуруун сумаас Улаангом суманд ирээд 4 дүгээр сарын 27-ны өдөр буцсан замын зардал 40.000 төгрөг,
2. Өмгөөлөгч сонгон авах. Өмгөөлөгчтэй гэрээ байгуулах зорилгоор Баруунтуруун сумаас Улаангом суманд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирээд 5 дугаар сарын 15-ны өдөр буцсан зардал 40.000 төгрөг,
3. 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хохирогчоор байцаалт өгөх, хавтас хэргийн материалтай танилцахаар Баруунтуруун сумаас Улаангом сумгнд ирсэн ба ингэхдээ хүүхэд харах хүнгүй байсан учир 6-8 настай 2 хүүхдээ дагуулж ирээд 6 дугаар сарын 06-ны өдөр буцсан зардал 80.000 төгрөг, буудалд 2 өдөр байрласан төлбөр 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг,
4. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор Баруунтуруун сумаас 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2 хүүхдийн хамт ирээд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буцсан замын зардал 80.000 төгрөг, буудалд 2 өдөр байрласан төлбөр 80.000 төгрөг, нийт 160.000 төгрөг болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ганцолмон нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр П.Атартунгалагт зодуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан. Эрүүгийн хэрэг шийдвэрлэхэд зарим хохирлоо гаргуулсан ба үлдсэн хохирлоо иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй үлдсэн. Г.Ганцолмон хариуцагч П.Атартунгалагтай хохирлын талаар тохиролцсон зүйл огт байхгүй. Одоо хариуцагч П.Атартунгалагаас нийт 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар дуудсан учир ирсэн ба 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буцсан нэг талдаа 20.000 ирж буцахын 40.000 төгрөг, мөн 2018 оны 5 дугаар 14-ний өдөр эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авахаар ирж 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буцсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавсаргасан. Хохирогчоор дахин мэдүүлэг өгөх шаардлагатай хэмээн дуудсан ба нөхөр нь хөдөө заставуудаар явж ажиллаж байсан тул 2 хүүхдээ /Ю.Тогос, Ю.Тогтох нар/ авч 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр буцсан зардалд /хүүхэд 10.000, том хүн 20.000 төгрөг/ 80.000 төгрөг, ирээд таних айл байхгүй тул буудал 2 хоног байрласан. Өдрийн хөлс 40.00х2 80.000, Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохоор 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мөн 2 хүүхдийн хамт ирсэн замын зардалд 80.000 төгрөг, буудалд 2 хоног байрласан зардалд 80.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Ганцолмонд гаргаж олгож өгнө үү. Нийт 4 удаа ямар шалтгаанаар ирснээ нотолсон баримтуудыг гаргаж өгсөн болно” гэжээ.
Хариуцагч П.Атартунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие П.Атартунгалаг нь Г.Ганцолмонтой ямар нэгэн өр төлбөргүй боллоо. Г.Ганцолмон нь Дорнод аймаг руу шилжин явахын өмнө түр оршин сууж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Цагдаагийн хэсгийн дарга а/д Даваад өөрийн биеэр очиж “Бидний хоорондын асуудал дууссан, би П.Атантунгалаг эгчээс мөнгө авах бодолгүй болсон” гэдгээ хэлсэн. Г.Ганцолмон нь П.Атартунгалаг тодорхой эрхэлсэн ажил орлогогүй тул дахин мөнгө нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн. Иймд бидний хооронд ямар нэгэн үл ойлголцох асуудал байхгүй болсон тул энэхүү асуудлыг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Ганцолмонгийн нэхэмжлэлтэй П.Атартунгалагаас 400.000 төгрөг гаргуулах нь зөв гэж үзлээ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганцолмон нь хариуцагч П.Атартунгалагт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь “Бидний хооронд ямар нэгэн үл ойлголцох асуудал байхгүй болсон тул энэхүү асуудлыг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.
П.Атартунгалаг нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн нутаг дэвсгэр, Хилчин хотхоны 20 айлын орон сууцны гадна талбайд Г.Ганцолмонг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШТ/108 тоот шийтгэх тогтоолоор тогтоогджээ.
Нэхэмжлэгч Г.Ганцолмон нь хариуцагч П.Атартунгалагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 400.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс
- 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд суманд шинжилгээ хийлгэхээр ирж 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буцсан замын зардалд нийт 40.000 төгрөг /нэг талдаа 20.000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар/, үүнийг нотлох баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол хавсаргасан,
- 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд суманд эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авахаар ирж 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буцсан замын зардалд нийт 40.000 төгрөг /нэг талдаа 20.000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар/, үүнийг нотлох баримтаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавсаргасан,
- 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд суманд ирж, эрүүгийн хэрэгт хохирогчоор дахин мэдүүлэг өгөөд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр буцсан замын зардалд нийт 40.000 төгрөг /нэг талдаа 20.000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар /, үүнийг нотлох баримтаар 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл хавсаргасан,
- 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд сум руу эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохоор ирээд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буцсан замын зардалд нийт 40.000 төгрөг /нэг талдаа 20.000 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар /, үүнийг нотлох баримтаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан баримтыг хавсаргасан,
- 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд сум руу эрүүгийн хэрэгт хохирогчоор дахин мэдүүлэг өгөхөөр ирэхдээ буудлын хөлс 80.000 төгрөг, үүнийг нотлох баримтаар “Дүүрэн арвижих” ХХК-ийн тооцооны хуудас,
- 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд сум руу эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ байрласан буудлын хөлс 80.000 төгрөгийн /нотлох баримтаар “Дүүрэн арвижих” ХХК-ийн тооцооны хуудас/ зардлууд нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдож байна.
Иймд хариуцагч П.Атартунгалагаас 320.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Үүнд: - 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд сумруу эрүүгийн хэрэгт хохирогчоор дахин мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хамт ирсэн 2 хүүхдийн замын зардал гэх 40.000 төгрөгийн баримт, - 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумаас Увс аймгийн Улаангомд сум руу эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ хамт ирсэн 2 хүүхдийн замын зардал гэх 40.000 төгрөгийн баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул Ю.Тогтох, Ю.Тогос нарын замын зардал төлсөн гэх 80.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч П.Атартунгалагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 320.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганцолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганцолмон улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч П.Атартунгалагаас улсын тэмдэгтийн хураамж 10.250 төгрөгийг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч П.Атартунгалагаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганцолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80.000 /наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганцолмон улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч П.Атартунгалагаас улсын тэмдэгтийн хураамж 10.250 /арван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ