Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар  2022/ШЦТ/776

 

 

 

 

2022         10         03                                       2022/ШЦТ/776

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Б.А /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад  холбогдох эрүүгийн “2211 00000 1431” дугаартай, 186/2022/0722/Э индекстэй хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, ххх тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б,

 Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.А нь 2022 оны 7 дугаар сарын 26-ний өдрөөс 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 12-170 тоотод хамтран амьдрагч Г.Лтай маргалдаж, улмаар түүний хамрыг заазуураар зүсэж, нүүрлүү нь цохиж хөлрүү нь  өшиглөх зэргээр зодож биед нь хамрын нуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун тохой, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”мөрдөн шалгах ажиллагааны  явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн

нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Лын:.. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 12-170 тоотод байх нийтийн байрандаа хамтдаа 03 цагийн  үед ирцгээсэн. Тэгээд ороод Алтантулга унтахаар хэвтсэн, би нүүрээ цэвэрлэчихээд орондоо орохдоо Алтантулгад чи түрүүн яагаад найзуудынхаа хажууд намайг эвгүй байдалд оруулж байгаа юм бэ, гэтэл надруу уурлаад хүрч ирснээ миний хоолойг хоёр гараараа боосноо миний баруун шанаа хэсэг рүү гараараа цохиж, зүүн шанаа руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгснээ өрөөний гал тогооны хэрэгсэл байдаг хэсгээс хар өнгийн иштэй гал тогооны хутгыг аваад, надруу ирж, намайг сууж байхад миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 3-4 удаа цохьсон, тэгээд нүүрлүү далайхаар  нь баруун гараараа нүүрээ хамгаалтал миний баруун гарын тохой хэсэгт хэд хэдэн удаа цохиод, гараа буулгатал хамрын нармай хэсэгт нэг удаа цохиход миний хамраас нэлээн их цус гарч Алтантулга руу цус үсрэхэд, Алтантулга хийж байсан үйлдлээ гэнэт болиод, доошоо хараад уйлаад суусан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Гантөмөрийн:...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ буюу Архангай аймгаас Улаанбаатар хот руу ажлаар явж байхад эхнэр Лхагвасүрэн утсаар яриад охин Лхагвамандахыг нөгөө хамтран амьдрагч Алтантулга нь зодоод аймар болгочихсон байна гэж надад хэлсэн. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд охиныхоо амьдардаг түрээсийн байр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, жаргалантын 30-486 тоотод очиход манай охин өөрийгөө хөнжлөөр ороочихсон даарсан байдалтай сууж байсан. Тэгээд хамрыг нь харахад шархны лент наасан, мөн 2 гар нь тохойноосоо доошоо хөх толбо үүссэн няцарсан шархтай байсан. Тэгээд юу болсон талаар охиноосоо асуухад 2022 оны 7 дугаар сарын 26-ний өдрөөс  2022 оны 7 дугаар сарын        27-нд шилжих шөнийн 04 цагийн үед манай хамтран амьдрагч Алтантулга нь намайг согтуурсан үедээ хоорондын хардалтын улмаас заазуураар намайг цохисон, харин хүзүүг нь гараараа шахаж боогоод улайсан сорив үүссэн байсан. Би Алтантулгад хандаж миний охиныг яагаад ийм болгож байгаа юм бэ гэхэд би согтуудаа юу хийснээ мэдэхгүй байна миний буруу гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Гандолгорын:..би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сурагчийн 12-170 тоот нийтийн байрыг түрээсэлдэг. Манай 2 давхарын №13  тоот өрөөнд Лхагвамандах Алтантулга гэх хосууд 2022 оны 5 дугаар сараас орж түрээслэн амьдарч байгаа. Түрээсээ цаг хцгацаанд нь төлдөг, элдэв бусын асуудал гаргаж байгаагүй, хоорондоо хэрэлдэж, маргалдаж асуудал үүсгэж байгаагүй. Миний амьдардаг өрөө тэр хоёрын хажуугийн №12 тоот өрөөнд амьдардаг. Манай нийтийн байрны өрөөнүүдийн тусгаарлах хана 12-ын тоосго ханатай, хэрвээ хүмүүс чангаар орилолдвол сонсогдохоор байдаг. 2022 оны 7 дугаар сарын 26-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 27-нд шилжих шөнө 03 цагийн үед №13 тоот өрөөнөөс хүмүүс хоорондоо муудалцах чимээ гарсан. Тэгэхээр нь би төмөр халбагаар паараа цохиж дуугартал чимээ намдаж чимээгүй болцгоосон. Би 03 цагт сэрээд унтаж чадахгүй 05  цаг хүртэл сэрүүн байсан. Намайг сэрүүн байхад ямар нэгэн сэжиг бүхий чанга орилсон, түжигнэсэн, сүртэй чанга чимээ огт гараагүй. Сэрүүн байхад №13 тоот өрөөнөөс хүмүүс дүнгэр, дүнгэр ярилцах  нь л сонсогдож байсан. Өөрөөр сүртэй чимээ гараагүй. Би 05 цагийн үед буцаж унтаад өглөө 09 цагийн үед сэрээд гарахад Лхагвамандах, Алтантулга нар орж гарч харагдаагүй. Би хосууд маргалдаад одоо унтаж байна даа л гэж бодсон. Би 11 цагийн үед байрнаасаа гарч явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар тал/,   

           2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10579 дугаартай дүгнэлтэд:

           1. Г.Лын биед хамрын нуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун тохой, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар срниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

           5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног дотрох хугацаанд үүссэн байна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ.  /хх-ийн 30-31 дүгээр тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

        3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..хохирогч Г.Лын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, гэрч П.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 10579 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/, яллагдагч Б.Алтантулгын мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

   3.2.Шүүгдэгч хавтас хэргээс:... тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

        Гэм буруугийн талаар:

        Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

       Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

      Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

     Шүүгдэгч Б.А нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 12-170 тоотод хамтран амьдрагч Г.Лтай маргалдаж, түүний хамрыг заазуураар зүсэж, нүүрлүү нь цохиж хөлрүү нь  өшиглөх зэргээр зодож биед нь хамрын нуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун тохой, зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          -хохирогч Г.Лын:..Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 12-170 тоотод байх нийтийн байрандаа хамтдаа 03 цагийн  үед ирцгээсэн. Тэгээд ороод Алтантулга унтахаар хэвтсэн, би нүүрээ цэвэрлэчихээд орондоо орохдоо Алтантулгад чи түрүүн яагаад найзуудынхаа хажууд намайг эвгүй байдалд оруулж байгаа юм бэ гэтэл надруу уурлаад хүрч ирснээ миний хоолойг хоёр гараараа боосноо миний баруун шанаа хэсэг рүү гараараа цохиж, зүүн шанаа руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгснээ өрөөний гал тогооны хэрэгсэл байдаг хэсгээс хар өнгийн иштэй гал тогооны хутгыг аваад, надруу ирж, намайг сууж байхад миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 3-4 удаа цохьсон, тэгээд нүүрлүү далайхаар  нь баруун гараараа нүүрээ хамгаалтал миний баруун гарын тохой хэсэгт хэд хэдэн удаа цохиод, гараа буулгатал хамрын нармай хэсэгт нэг удаа цохиход миний хамраас нэлээн их цус гарч Алтантулга руу цус үсрэхэд, Алтантулга хийж байсан үйлдлээ гэнэт болиод, доошоо хараад уйлаад суусан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,

       - гэрч П.Гантөмөрийн:...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ буюу Архангай аймгаас Улаанбаатар хотруу ажлаар явж байхад эхнэр Лхагвасүрэн утсаар яриад охин Лхагвамандахыг нөгөө хамтран амьдрагч Алтантулга нь зодоод аймар болчихсон байна гэж надад хэлсэн. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд охиныхоо амьдардаг түрээсийн байр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, жаргалантын 30-486 тоотод очиход манай охин өөрийгөө хөнжлөөр ороочихсон даарсан байдалтай сууж байсан. Тэгээд хамрыг нь харахад шархны лент наасан, мөн 2 гар нь тохойноосоо доошоо хөх толбо үүссэн няцарсан шархтай байсан. Тэгээд юу болсон талаар охиноосоо асуухад 2022 оны 7 дугаар сарын 26-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 04 цагийн үед манай хамтран амьдрагч Алтантулга нь намайг согтуурсан үедээ  хардалтын улмаас заазуураар намайг цохьсон, харин хүзүүг нь гараараа шахаж боогоод улайсан сорив үүссэн байсан. Би Алтантулгад хандаж миний охиныг яагаад ийм болгож байгаа юм бэ гэхэд би согтуудаа юу хийснээ мэдэхгүй байна миний буруу гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,

       - гэрч Д.Гандолгорын:..би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сурагчийн 12-170 тоот нийтийн байрыг түрээсэлдэг. Манай 2 давхарын №13  тоот өрөөнд Лхагвамандах Алтантулга гэх хосууд 2022 оны 5 дугаар сараас орж түрээслэн амьдарч байгаа...2022 оны 7 дугаар сарын 26-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 27-нд шилжих шөнө 03 цагийн үед №13 тоот өрөөнөөс хүмүүс хоорондоо муудалцах чимээ гарсан. Тэгэхээр нь би төмөр халбагаар паараа цохиж дуугартал чимээ намдаж чимээгүй болцгоосон. Би 03 цагт сэрээд унтаж чадахгүй 05  цаг хүртэл сэрүүн байсан. Намайг сэрүүн байхад ямар нэгэн сэжиг бүхий чанга орилсон, түжигнэсэн, сүртэй чанга чимээ огт гараагүй. Сэрүүн байхад №13 тоот өрөөнөөс хүмүүс дүнгэр, дүнгэр ярилцах  нь л сонсогдож байсан. Өөрөөр сүртэй чимээ гараагүй. Би 05 цагийн үед буцаж унтаад өглөө 09 цагийн үед сэрээд гарахад Лхагвамандах, Алтантулга нар орж гарч харагдаагүй. Би хосууд маргалдаад одоо унтаж байна даа л гэж бодсон. Би 11 цагийн үед байрнаасаа гарч явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар тал/,   

      - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10579 дугаартай дүгнэлт.  /хх-ийн 30-31 дүгээр тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтуурсан үедээ хохирогчийг ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь  цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Б.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

       Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

       Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

      Эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.   

    Шүүхээс шүүгдэгч Б.Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

   Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

   Хохирогч Г.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, хамтын амьдралтай байсан хугацаандаа зээл авсан түүнийг нэхэмжилж байна гэсэн байна. Зээл хамтран авсан, зээлээ буцаан төлсөн гэх нотлох баримт байхгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ. 

    Харин шүүгдэгч  хохирогчид  хохиролд 790.000 төгрөгийг төлж  барагдуулсан талаар  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж  тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй  байна.

    Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.5 см урттай, ажлын хэсгийн урт 12.5 см, өргөн 6.9 см, бариул 12.5 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоолл хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

     1.Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

     2. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

     5.Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Хохирогч Г.Л нь  нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  28.5 см урттай, ажлын хэсгийн урт 12.5 см, өргөн 6.9 см, бариул 12.5 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ