Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00540

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И овогт С.н П   ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:27 настай, эрэгтэй, Г овогт Х.М  / холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00472/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П , түүний өмгөөлөгч Б.Ундрах-Оргил /2290/, хариуцагч Х.М , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.П  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Х.М той 2016 онд танилцаж 2 талын аав ээжүүд зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хадаг тавьж, албан ёсоор зөвшөөрсөн. Бидний дундаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин П.А  төрсөн боловч Х.М  бид хоёр дээр ирэхгүй өдий хүрсэн. Х.М той утсаар ярьж охиноо аавгүй өсгөх юм уу гэхэд охиныг маань сайн аавтай болгоорой тус тусынхаа амьдарлыг бодъё гэж надад хэлсэн. Одоо би өөрийн ээжтэйгээ охиныхоо хамт амьдарч байна. Х.М той цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул охиноо өөрийн асрамжиндаа авна. Охиндоо эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Х.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2016 оны 07 дугаар сард С.П тай танилцаад улмаар аав ээж маань хадаг тавьж гэр барьж өгсөн юм. 2017 оны цагаан сараас өмнө өөрийн эцгийнд очихоор яваад эргэж ирээгүй. Түүнээс хойш би П ыг ирэх байх гэж харж байсан. Өөрөө гэрээ хаяад явсан учраас тэтгэлэг төлөхгүй. Миний хүүхэд мөн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.П  нь хариуцагч Х.М ид холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.П , хариуцагч Х.М  нар нь 2016 онд танилцаж, хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин П.А  төрсөн болох нь зохигчдийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хариуцагч хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин П.А  эцгээр Х.М ийг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Х.М оос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг,  1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /182600х12=2191200₮/50% буюу 1095600₮/улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 30844 төгрөг, бүгд 101044 төгрөгийг гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин П ын А  эцгээр Х.М ийг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин П.А г эх С.П ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин П.А г тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Х.М оос тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.П т даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Х.М оос 101044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

   5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.МЯГМАРСҮРЭН