Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00541

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1996 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Э. Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1989 онд Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Боржигон овогт У.Д   холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00476/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б , хариуцагч У.Д , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.Д той 2017 онд танилцаж, дотносон 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Б  төрсөн. Гэтэл У.Д  нь хүү бид хоёрыг тоохгүй, өөр хүүхэнтэй хамтран амьдарч байгаа. Би У.Д той ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. У.Д г хүү Б.Б эцгээр тогтоолгож тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч У.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У.Д  миний бие 2017 оны 9 дүгээр сард Б тэй танилцсан. Би хүүхэдтэй болсноо 2018 оны 1 сард мэдсэн. Хүү Б тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний хүүхэд мөн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б  нь хариуцагч У.Д д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Б , хариуцагч У.Д  нар нь 2017 онд танилцаж, дотно харьцаатай байсан, түүний улмаас  2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүү Б төрсөн болох нь зохигчдийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хариуцагч хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б эцгээр У.Д г тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч У.Д гоос 1 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /182600х12=2191200₮/50% буюу 1095600₮/улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 30844 төгрөгийг гаргуулан Төрийн санд, 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б ийн Б эцгээр Б овогт У.Д г тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Б.Б ыг эх Э.Б ийг асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Б ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг У.Д гоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Б т даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Д гоос 101044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 30844 /гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус олгосугай.

   5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.МЯГМАРСҮРЭН