| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2018/00401/И |
| Дугаар | 00586 |
| Огноо | 2018-10-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 00586
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1975 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ж овогт М.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Б овогт Б.Д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00401/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.У , түүний өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Б.Д , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Д той 2005 онд танилцаж, дотносон 2005 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Д.Бу , 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү Д.П , 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин Д.Б нар төрсөн. Би Б.Д той танилцахдаа нэг охинтой байсан. Бид нийт 13 жил хамт амьдарсан. 2018 оны 1 дүгээр сараас эхлэн Б.Д той хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа. Б.Д нь биднийг байнгын дарамталдаг бөгөөд архи уусан, уугаагүй үедээ бухимдаж уурлан намайг хэл амаар доромжилж зоддог байсан. Бид 2 тусдаа амьдарч би өөрийн ээж дээрээ ирсэн байгаа. Б.Д той цаашид хамтран амьдрах боломжгүй ба миний сэтгэл хөрсөн тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Бидний нэр дээр тоологдсон 20 толгой үхрээс тугалтай үнээ 1, бух 1, эр шүдлэн 1, эм шүдлэн 1 бүгд 5 толгой үхрийг Б.Д ид өгмөөр байна. 2017 оны мал тооллогын дүнгээр хуваалгахад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.У тэй 2005 онд гэрлэлтээ батлуулж амьдрах 13 жилийн хугацаанд 3 хүүхэд төрүүлж, дагавар хүүхдийн хамт бид өнөр өтгөн сайхан амьдарч ирсэн. Би өдийг хүртэл амьдрах явцад цэргийн алба хааж, мэргэжил эзэмшиж гэр бүл болох амьдарлын хариуцлагатай болсноор М.У тэй амьдарлаа холбож сайхан амьдарч байсан. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Бадамзулыг өөрийн асрамжинд авахыг хүсч байна. Охиноо аваад Улаанбаатар хот руу ах дүүгийндээ очно. Энэ малыг манай ах бидэнд өгсөн. Би захиран зарцуулах эрхгүй юм. М.У ийн ярьж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Б.Д ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
М.У , Б.Д нар нь 2005 онд гэр бүл болж иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Д.Бу , 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү Д.П , 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин Д.Б нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 2, 3, 6/
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, 2018 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, эвлэрэн хэлэлцэх хугацаа тогтоосон боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Д нь охин Д.Б өөрийн асрамжиндаа авахаар маргаж байгаа бөгөөд хүүхдүүдийн хүмүүжил, амьдрах орчин, сурч боловсрох нөхцөл байдлыг харгалзаж 2006 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Бу , 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.П , 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Б нарыг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлэг тогтоож, эцгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах шаардлагын тухайд:
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 20 толгой үхрийг гэр бүлийн гишүүдэд хуваалгахаар нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа 20 толгой үхэртэй болсон нь зохигчдын тайлбар, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.У нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс тугалтай үнээ 1, бух 1, эр шүдлэн 1, эм шүдлэн 1 бүгд 5 толгой үхрийг Б.Д ид үлдээхээр хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд гэрлэгчдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваахаар харилцан тохиролцсон гэж үзэж Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар эд хөрөнгийг хуваах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагч Б.Д ид 773 400 төгрөгийн үнэ бүхий бух 1, 600 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 1, 100 000 төгрөгийн үнэ бүхий тугал 1, 481 900 төгрөгийн үнэ бүхий шүдлэн гунж 1, 453 300 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр 1 бүгд 2 408 600 төгрөгийн үнэ бүхий 5 толгой үхэр, нэхэмжлэгч М.У т 600 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 6 /600 000х6=3 600 000₮/, 100 000 төгрөгийн үнэ бүхий тугал 6 /100 000х6=600 000₮/, 481 900 төгрөгийн үнэ бүхий шүдлэн гунж 2 /481 900х2=963 800₮/, 453 300 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр 1 бүгд 5 617 100 төгрөгийн үнэ бүхий 15 толгой үхрийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Гэрлэгчид эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгттийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч Б.Д оос 3 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /182600х12=2191200х3=6573600₮/ 50% буюу 3286800₮/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 67 538₮ төгрөг, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хариуцагчид ноогдох эд хөрөнгийн үнийн дүнгээс тооцох улсын тэмдэгтийн хураамж 51 887 төгрөг бүгд 189 625 төгрөгийг гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Ж овогт М.У , Б овогт Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Бу , 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.П , 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Б нарыг эх М.У ийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Бу г 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.П , 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Д оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.У т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.У т 600 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 6 /600 000х6=3600 000₮/, 100 000 төгрөгийн үнэ бүхий тугал 6 /100 000х6=600 000₮/, 481 900 төгрөгийн үнэ бүхий шүдлэн гунж 2 /481900х2=963800₮/, 453 300 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр 1 бүгд 5 617 100 /таван сая зургаан зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөгийн үнэ бүхий 15 толгой үхэр, хариуцагч Б.Д ид 773 400 төгрөгийн үнэ бүхий бух 1, 600 000 төгрөгийн үнэ бүхий үнээ 1, 100 000 төгрөгийн үнэ бүхий тугал 1, 481 900 төгрөгийн үнэ бүхий шүдлэн гунж 1, 453 300 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр 1 бүгд 2 408 600 / хоёр сая дөрвөн зуун найман мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ бүхий 5 толгой үхрийг тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Д оос 189 625 /нэг зуун наян есөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН