Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                               М.Баярмэнд

Улсын  яллагч                                                Б.*******

Шүүгдэгч                                                         А.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зууч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баян гол дүүрэг, 3 дугаар хороо, *******од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /РД:*******/

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг дэвсгэр “Сэнжит” хадны орчмоос иргэн Г.*******ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж ашиглан 566100 төгрөгийг авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                     1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг дэвсгэр “Сэнжит” хадны орчмоос иргэн Г.*******ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг ашиглан 566100 төгрөг өөртөө завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

ХААН банкны виза картаа гээгдүүлсэн талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******ын “...2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаагчийн хар нуур луу яваад орой 18 цагт Завхан аймгийн Улиастай сум руу хөдлөх гэж байх үед виза картаа алга болсон гэдгийг мэдсэн. Тэгээд шууд банк руу яриад дансаа шалгаад үзтэл миний данснаас зарлага гарсан байхаар нь картаа хаалгасан. Тухайн үед Хаан банкны лавлахаас асуухад Захан аймгийн Завханмандал суманд 12 удаа, Ургамал сумын төв дээр 8 удаагийн гүйлгээ хийсэн байна гэж хэлсэн. Надад нийт 565700 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлгээр,

Шар өнгийн виза карт ашиглан хүнсний эд зүйл худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Л.*******ийн “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүртээ зогсож байсан чинь 18 цагийн үед хүүхдээ дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тэгээд 40000 төгрөгөөр бэлэн хоол, ундаа аваад дараа 40000 төгрөгийг бэлэн мөнгөөр картнаас гаргаад өгөөч гээд надаас гуйсан юм. Тэгээд би картыг нь уншуулаад 40000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн. ...Тухайн хүмүүс бэлэн мөнгөөр гүйлгээ хийгээгүй шар өнгийн картаар гүйлгээ хийсэн. Мөн карт нь чиптэй учраас пин код нэхээгүй пост машины дээр тавьж уншуулаад байсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Ө.*******ын “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүртээ зогсож байсан чинь 18 цаг 30 минутад хүүхдээ дагуулсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тэгээд 45000 төгрөгийн үнэтэй 2 блок тамхи 2 ундаа картаар уншуулаад авсан. Дараа нь 37000 төгрөгийн үнэ бүхий ундаа ус, мөн 9500 төгрөгөөр чихэр, 19000 төгрөгөөр займаг худалдаж авсан. ...Тухайн хүмүүс бэлэн мөнгөөр гүйлгээ хийгээгүй, шар өнгийн картаар гүйлгээ хийсэн. Мөн карт нь чиптэй учраас пин код нэхээгүй пост машины дээр тавьж уншуулаад байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Т.гийн “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүртээ зогсож байсан чинь 17 цагийн үед хүүхдээ тэвэрсэн эмэгтэй нэг эрэгтэй хүүхэд дагуулсан 2 хүн орж ирсэн. Тэгээд манай дэлгүүрээс 44000 төгрөгийн үнэтэй 2 шил архи аваад гарч яваад удалгүй эргэж орж ирээд 33500 төгрөгийн хүнсний зүйл аваад гараад явсан. Тухайн хүмүүс нь бэлэн мөнгөөр тооцоо хийгээгүй. Картаар гүйлгээ хийсэн бөгөөд карт нь чиптэй учраас пин нэхээгүй пос машин дээр тавьж уншуулсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч П.гийн “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүртээ зогсож байсан чинь эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирсэн. Манай дэлгүүрээс дандаа хүнсний зүйл авсан. Тэгээд удалгүй 20 орчим минутын дараа эргэж орж ирээд нэг сагс цэвэр ус, ундаа, чихэр аваад явсан. ...Тухайн хүмүүс картаар гүйлгээ хийсэн бөгөөд карт нь чиптэй учраас пин нэхээгүй пос машин дээр тавьж уншуулсан. ...Тухайн хүмүүс нь мөнгөлөг саарал өнгийн дээрээ ачаа ачигчтай, ачаа ачигч дээрээ улаан шар өнгийн сав ачсан жийп машин байсан. Надад Хэцүү хад, Алтай таван богд явж байгаа гэж яриад Ургамал сум явах зам заалгасан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.ын “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш 19 цагийн орчимд манай гуанзанд аяллаар явж байгаа бололтой 2 машинтай яг хэдэн тооны том хүн явсныг санахгүй байна. Миний бодож байгаагаар 6 том хүн, 2 хүүхэд байсан санагдаж байна. Тэгээд манай гуанзнаас 40 ширхэг бууз, 2 шөлтэй хоол, 2 халуун сав цай авсан. ...Тухайн хүмүүс тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч А.гийн “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш 18 цагийн орчимд Ургамал сумын Петровис ШТС дээр ажлаа хийж байсан чинь бензин авах гээд мөнгөлөг шаргал өнгийн ачаа ачигч дээрээ ачаатай Ниссан патрол маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл ирж бензин аваад явсан. ...Тухайн хүмүүс тооцоогоо бэлэн мөнгөөр нийтдээ 190000 төгрөгийн бензин авсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Увс аймгийн чиглэлд хөдлөх замдаа Сэнжит хадан дээр очсон. Тэнд зураг даруулж яваад газраас шар өнгийн хаан банкны виза карт олсон. Тэгээд тэндээс хөдлөөд явж байгаад наашлаад Завханмандал суман дээр ирээд нэг дэлгүүр ороод олсон картаа өөрийнхөө карттай андуураад уншуулсан. Тэгтэл уг картыг нууц кодгүйгээр уншиж байсан. Тэгэхээр нь дараагийн дэлгүүрт ороод уг картыг дахин уншуулаад явсан. Мөн Ургамал суман дээр очоод 3 дэлгүүрт орж уншуулсан. Тэгээд тэндээсээ Увс аймгийн чиглэлд хөдлөөд явсан. Тэгээд явж байх хооронд машины голд байсан карт алга болсон байсан. ...Уг картаас уншуулсан бүх мөнгөн дүн буюу 600000 төгрөгийг Г.******* гэх хүний дугаарын дансанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн өгч хохирлыг бүрэн барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ад 566100 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын тооцоо болон  ХААН банкны хуулгаар тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 16.1 дүгээр зүйлийн  13 дахь хэсэгт  заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

 Түүнчлэн А.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо.

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг дэвсгэр “Сэнжит” хадны орчмоос иргэн Г.*******ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг ашиглан 566100 төгрөг өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд А.*******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдүүлсэн Хаан банкны виза картаас 566100 төгрөгийг  буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 

Шүүгдэгч А.******* нь хохирогчид хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                           2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч А.*******д холбогдох дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогчид саналаа дэмжиж байна.

Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4.Шүүгдэгч А.*******д 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6.Шүүгдэгч А.*******ын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДЭЛГЭРМАА