| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2018/00496/И |
| Дугаар | 00596 |
| Огноо | 2018-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00596
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1992 онд төрсөн, 27 настай эмэгтэй, дээд боловсролтой, Б овогт Б. Э холбогдох
Цалин хөлстэй давхардуулан олгогдсон ажилгүйдлийн тэтгэмж 413578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00496/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1980 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 11 дүгээр байрны 2 тоотод оршин суух, Ш овогт Г.Д
Төрийг төлөөлж оролцсон прокурор: 1984 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ажилтай, Довогт Ц. Г хариуцагч Б.Э , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг 2016, 2017 оны санхүүгийн баримт, тэтгэмж тогтоолт, олголт болон бусад холбогдох баримтанд үндэслэн шалгасан. Уг шалгалтаар Б.Э нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж цалин хөлс давхардуулан авч нийгмийн даатгалын ажилгүйдлийн санд 413578 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай улсын байцаагчийн актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч төлбөрийг төлөхөөс зайлсхийж нийгмийн даатгалын ажилгүйдлийн санг хохироож байна. Иймд Б.Э ээс 413578 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого давхардуулан авч нийгмийн даатгалын ажилгүйдлийн санд 413578 төгрөгийн хохирол учруулсан байна.
Дээрх төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот улсын байцаагчийн актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч төлбөрийг төлөхөөс зайлсхийж нийгмийн даатгалын ажилгүйдлийн санг хохироож байгаа тул Б.Э ээс 413578 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Э нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хаан банкны Хишиг-Өндөр тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байгаад ажлаас халагдаж, Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргаж тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШШ/2017/00562 дугаар шийдвэрээр 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1540000 төгрөгийг, мөн ажлаас халсан тушаалыг өөрийн хүсэлтээр өөрчлүүлэхээр Хаан банктай эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн. Уг мөнгийг цалин гэж ойлгоогүй, нөхөн төлбөр өгч байна гэж ойлгож байсан. Энэ мөнгө миний данс руу орсон бөгөөд цалингийн зээлд суутгагдсан байдаг. Би ажилдаа эргэж ороогүй байхад нийгмийн даатгалын хэлтсээс ажилдаа эргэн орж цалин хөлс авч 413578 төгрөгийн хохирол учруулсан гэж акт тогтоосон байна. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хишиг-Өндөр Тур” ХХК-ийн амралт сувилалын газарт нягтлан бодогчоор орсон юм. Ажилд орсон боловч цалингийн зээлээ төлж хүрдэггүй билээ. Би цалингийн зээл сард 466100 төгрөг төлөх ёстой ба миний сарын цалин 300000 төгрөг юм. Хүү маань бие муутай, хадмындаа хамт амьдардаг тусдаа гараагүй учир энэ байдлыг маань харгалзан үзнэ үү.
Нийгмийн даатгалын сангаас авсан 413578 төгрөгийн хохирлыг Хаан банкаар төлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Э нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого давхардуулан авч нийгмийн даатгалын ажилгүйдлийн санд 413578 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Б.Э т холбогдуулан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлоготой давхардуулан авсан ажилгүйдлийн тэтгэмж 413578 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Э эс зөвшөөрч ХААН банкнаас 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1540000 төгрөг авсан, уг мөнгийг цалин гэж ойлгоогүй, нөхөн төлбөр гэж ойлгож байсан. Төлбөрийн чадваргүй тул 413578 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг 2016, 2017 оны санхүүгийн баримт, тэтгэмж тогтоолт, олголт болон бусад холбогдох баримтанд үндэслэн шалгасан байх бөгөөд уг шалгалтаар Б.Э нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж цалин хөлс давхардуулан авч нийгмийн даатгалын ажилгүйдлийн санд 413578 төгрөгийн хохирол учруулсан нь Ниймгийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай актаар тогтоогджээ. /хх-ийн 2-3/
Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6-д “даатгуулагч хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ” гэж заасан байна.
Хариуцагч Б.Э нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хаан банкны Хишиг-Өндөр тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, уг ажлаас халсан шийдвэрийг эс зөвшөөрч Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШШ/2017/00562 дугаартай захирамжаар 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1 540 000 төгрөгийг, мөн ажлаас халсан тушаалыг өөрийн хүсэлтээр өөрчлүүлэхээр Б.Э нь Хаан банктай харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 52-53/
Уг шүүхийн шийдвэрийн дагуу ХААН банкны Булган салбараас хариуцагч Б.Э т 2 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 1 540 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон нөхөн олговорыг олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Б.Э ийг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлоготой давхардуулан ажилгүйдлийн тэтгэмж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагчаас 413578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Э ээс улсын тэмдэгтийн хураамж 13057 /арван гурван мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э ээс хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлоготой давхардуулан авсан ажилгүйдлийн тэтгэмж 413578 /дөрвөн зуун арван гурван мянга таван зуун далан найм/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Э ээс улсын тэмдэгтийн хураамж 13057 /арван гурван мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН