| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2018/00496/И |
| Дугаар | 00597 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 00597
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, Б
Нэхэмжлэгч: 1999 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, Х овогт Б.Б ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, А овогт Э. Ба
Хариуцагч: 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, Ү овогт Ө. Х нарт холбогдох,
Гэм хорын хохирол 8801000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00493/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Г.Гочоо /0569/, хариуцагч Э.Б , түүний өмгөөлөгч М.Найдан /26/, хариуцагч Ө.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1977 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Ш овогт Х.О , иргэдийн төлөөлөгч Ц.Энхбилэг, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрт явж байхад Э.Б , Ө.Х нар согтуугаар зодож дээд 1 шүд, доод 4 шүдийг гэмтээсэн. Уг 5 шүдийг засуулах, шинээр имплант шүд хийлгэх нийт зардал 9000000 төгрөг болох бөгөөд 1 шүд бүрийг 1800000 төгрөгөөр үнэлсэн. Дээд үүдэн шүд болон доод үүдэн шүдний бэхэлгээ хийлгэхэд 2650 000 төгрөгийн зардал гарсан. Дээд үүдэн шүдэнд имплант шүд хийлгэж байгаа бөгөөд Э.Б 1000000 төгрөгийг төлсөн. Харин Ө.Х огт төлбөр төлөөгүй. Доод 4 шүдэнд бэхэлгээ хийсний төлбөр 700000 төгрөг, замын зардал 121000 төгрөг нийт 8821000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Э.Б , Ө.Х нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Бат-Эрдэнийн нэхэмжилсэн 8821000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед хохирогч Б.Б д эмчилгээний зардал 1000 000 төгрөгийг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр Ө.Х тэй хуваан төлж барагдуулна. Хохирогч Б.Б нь 8 800 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэсэн нотлох баримт одоогоор байхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин замын зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй байна гэв.
Хариуцагч Ө.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн дагуу бид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй боловч биднээс үндэслэлгүй их хэмжээний төлбөр нэхэмжилж байна. Хохирлын баримтыг хуулийн дагуу бүрдүүлж нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийн дагуу төлнө. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шатанд дээд 1 шүд булгалсан нь тогтоогдсон ба доод 31,41,42 дугаар шүднүүд сулрал гэсэн гэмтэл тогтоогдсон. Эмчилгээний зардалд 1703300 төгрөг нэхэмжилснийг миний бие 1024300 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн шүүх хуралд хохирогч өөр эмчилгээний төлбөр байхгүй, төлбөрийн талаар маргаагүй гэж тайлбар гаргаж байсан. Харин цаашид эмчилгээний төлбөр гарвал нотлох баримтын дагуу төлж барагдуулахаа илэрхийлсэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь баримтын хувьд нотлогдохгүй байна. 4 шүдний эмчилгээний төлбөр 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Замын зардлыг нотлох баримтын дагуу төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Ө.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шатанд хохирогчийн дээд 1 шүдний булгарал, доод 31,41,42 дугаар шүднүүд сулрал гэсэн гэмтэл тогтоогдсон бөгөөд эмчилгээний зардалд 1703300 төгрөгийг төлсөн. Дээд нэг шүдний /имплант шүд хийлгэх/ эмчилгээний зардалд 1000 000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлнө. 1 шүдний эмчилгээний зардал хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтанд өөр өөр үнийн дүн гарч ирдэг. Үнийн дүн нь тодорхой бол үлдэгдэл төлбөрийг хариуцагч Э.Б тай хувааж төлөхөд татгалзах зүйлгүй. Харин доод 3 шүдийг авахуулсан, эмчлүүлсэн гэдэг нь тодорхойгүй, эмчилгээний төлбөр нь баримтаар ирээгүй тул төлөх боломжгүй. Замын зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Доод 3 шүдэнд хийгдсэн бэхэлгээний төлбөр 679 000 төгрөгийг төлсөн. Дахин нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Ө.Х , Э.Б нараас гэм хорын хохирол 8801000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэснийг хариуцагч Э.Б эмчилгээ хийлгэсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаа тул төлөхгүй гэж, хариуцагч Ө.Х , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нар эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын үлдэгдэл төлбөрийг хариуцагч Э.Б тай хувааж төлөхөд татгалзахгүй, харин доод 3 шүдийг /31. 41, 42/ авахуулсан, эмчлүүлсэн гэдэг нь тодорхойгүй, эмчилгээний төлбөр нь баримтаар ирээгүй тул төлөх боломжгүй гэж тус тус маргажээ.
Э.Б , Ө.Х нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Бат-Эрдэнийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.
Үүнтэй холбоотойгоор Э.Б , Ө.Х нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Б , Ө.Х нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Б ыг 3 /гурав/, Ө.Х г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгахыг үүрэг болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 30-33/
Хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн биед гэмтэл учирсан нь баримтаар тогтоогдсон, тэдний хууль бус үйлдэл гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “ ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь учирсан гэмтлээ эмчлүүлэхэд бодитоор гарсан зардал буюу дээд 11 дүгээр шүдний эмчилгээ, доод 31, 41, 42 дугаар шүдний бэхэлгээ хийсэн зардал нийт 2650 000 төгрөгийн зардал гарснаас 1 000 000 төгрөгийг хариуцагч нар төлж, үлдэх 1650 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн эмч Н.Мөнхчулууны гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн тодорхойлолт, “имплант” эмчилгээ хийлгэх зөвшөөрлийн бичиг, үйлчлүүлэгчийн 0103 дугаартай карт, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн үйлчлүүлэгчийн карт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. /хх-ийн 18-26, 29, 58-59/
Нэхэмжлэгч нь 4 шүд /имплант/ хийлгэх, эмчилгээний зардлыг урьдчилан нэхэмжилжээ. Нэхэмжлэгч нь бодитоор гарсан зардлыг шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгчид учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага бий болсон нь түүний тайлбар, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч “Энхийг цацруулагч” шүдний эмнэлгийн эмч Н.Мөнхчулууны “...Б.Бат-Эрдэнийн доод үүдэн 4 шүдэнд сувгийн эмчилгээ хийж, хөдөлгөөнтэй шүднүүдэд чиг тавьж, 11 дүгээр шүдэнд имплант суулгасан. Цаашид шүдний эмчилгээ хийлгэж, хяналтанд байх шаардлагатай. Чиг тавиагүй бол гэмтэлтэй шүднүүд унах байсан. Ер нь гэмтэл авсан шүд цаанаасаа тэжээлгүй болсон байдаг тул хэзээ ч унах магадлалтай байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2017 онд цэргийн албанд татагдаж 2018 оны 10 дугаар сард халагдсан, эмчилгээний төлбөрийг төлөх боломжгүй байгаа хувийн байдлыг харгалзан үзэж цаашдын эмчилгээнд зориулж урьдчилан нэхэмжилсэн эмчилгээний төлбөрөөс 1000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирсэн замын зардалд 101 000 төгрөгийг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдсон, хариуцагч нар замын зардлыг төлөхөд татгалзаагүй байна.
Иймд хариуцагч нараас имплант шүд болон эмчилгээний зардалд 2650 000 төгрөг, замын зардал 101000 төгрөг, бүгд 2751000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирсэн замын зардал 20 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нотлох баримт ирүүлсэн боловч дээрхи шаардлага нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.
Нэхэмжлэгч Б.Б цаашид гарах эмчлгээний зардлаа нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 58966 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зйүлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Х , Э.Б нараас 2751000 /хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6050 000 /зургаан сая тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч нараас 58966 /тавин найман мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДОНЧИМЭГ
Л.АРИУНЦЭЦЭГ