Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1281

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             10             17                                         

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

шүүгдэгч: П.П /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.П-д холбогдох эрүүгийн 0000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт П-жийн П /РД:00000000000/,

Монгол улсын иргэн, ****оны*** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн***** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 0 дүгээр баг, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошуу 0-0 тоотод оршин суух, урьд:

-Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч П.П нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Одонтын 0 дүгээр гудамжны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Э-тай тодорхой шалтаг, шалтгаангүйгээр маргалдан зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, доод эрүүний зүүн хажуу, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч П.П нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0дугаар хороо, Одонтын 0 дүгээр гудамжны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э-тай тодорхой шалтаг, шалтгаангүйгээр маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж, толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, доод эрүүний зүүн хажуу, цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

               -гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-р хуудас/,

               -Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим архи ууж байхад П.П гэнэт босож ирээд намайг монгол гэрийн буланд шахаж байгаад газар түлхэж унагаад толгой тус газар хөлөөрөө 5-10 удаа өшиглөж зодсон. ...П.П намайг зүгээр байж байгаад гэнэт цохиж зодож авсан. Бид хоёр хэрэлдэж маргасан асуудал байхгүй юм. ...Миний толгой болон нүүр рүү гараараа болон хөлөөрөө цохисон. ...Би баримтаараа 250.000 төгрөгөө нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг тухайн үед нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12-р хуудас/,

               -Гэрч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Одонтын 0-0 тоотод хамаатны ахынд байсан. Би гэрээс гараад нойл орчихоод гэрт яваад орсон чинь Э  өөдөөс цээж нүцгэн гараад явж байсан. Би ахтай хамт араас нь очоод цүнхтэй хувцсыг нь өгөх гээд очсон чинь ...цагдаа нар ирээд бид гурвыг аваад явсан. ...Сүүлд ахаас сонсоход ахтай хэрэлдэж маргасан гэж байсан. Ах цохиж авсан чинь гэрээс гараад зугтаасан гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000дугаартай:

“...1. Д.Э-ын биед тархи доргилт, доод эрүүний зүүн хажуу, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч П.П-гийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М, Э  бид гурав Багахангай дүүргээс ажиллаж ирээд ...манай авга ахын гэрт хоёр өдөр архи уусан юм. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э  бид хоёр үл ялих зүйлээс болж хоорондоо хэрэлдэж марган хоорондоо барилцаж авч, би нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, газар унахаар нь хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 53-р хуудас/, тээврийн хэрэгслийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 48-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 50-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 52-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.П нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Э-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.  

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч П.П нь хохирогч Д.Э-ын нүүрэн тус газар гараараа цохиж, толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.П-нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Э  нь хохирлын төлбөрт 1,200,000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч П.П-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч П.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Э-тай тодорхой шалтгаангүйгээр маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан, өнөөдрийн байдлаар 40 хоног цагдан хоригдсон. Оногдуулсан 720 цагаас цагдан хоригдсон 320 цагийг хасаж, нийт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч 2019 онд 600.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй. 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах цаг хугацаанд хамрагдаж байх тул 600.000 төгрөгийн торгуулийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөн хэлтрүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч П.П мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно....” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч П.П-нг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.   

Шүүгдэгч П.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн;” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.П нь ажил эрхэлдэг талаарх баримт хэрэг байхгүй, мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь тохиромжтой гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хохирол төлбөр барагдуулсан байгаа байдлыг дүгнэн багасгаж, 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.    

Хэрэв шүүгдэгч П.П нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.П-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Харин шүүгдэгч П.П-гийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч А а овогт П-ийн П-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П-д 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.П-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.П-гийн цагдан хоригдсон 40 хоногийг нийтэд тустай ажил хийлгэн ялын найман цагаар тооцож /40х8/, 320 цагийг эдлэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 200 цагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА