Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 107

 

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00107

 

 

Б.Р-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны  11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02711 дүгээр шийдвэртэй,

           

Нэхэмжлэгч Б.Р-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний дундын өмчлөлийн өмчлөлийн орон сууцыг миний зээ хүү Э.Б зээлийн барьцаанд тавьж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот шүүгчийн захирамжаар “Монкорд” ХЗХ-д 63 034 004 төгрөг төлөхөөр болсон. Зээлийн барьцаанд тавиад асуудал дууссан гэж бодож байсан боловч орон сууц худалдах гэж байгааг өөрийн охин С.Энхтуулаас мэдсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Б.Р- намайг төлбөр төлөгч гэж үзэн миний гэр бүлийн дундаа өмчлөх хэсгээс төлбөр барагдуулах гэж байгаа хэрнээ өнөөдрийг хүртэл надад мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсээр байгаад гомдолтой байна.

Уг асуудлаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариу өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 06-нд гарсан албан бичгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот захирамжаар Э.Баас 63 270 546 төгрөгийг гаргуулж “Монкорд” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Батбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 14Б байрны ... тоот 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 152/04 тоот тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Э.Б, өмчлөгч С.Энхтуул, Б.Р- нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авахад 210 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2013 оны 10 дугаар сарын 28-нд төлбөр авагч “Монкорд” ХЗХ 120 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2013 оны 10 дугаар сарын 31-нд тус тус ирүүлсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгчдийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн үнийн санал зөрүүтэй харилцан тохиролцоогүй тул хуульд заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээ тогтооход 81 500 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Төлбөр төлөгч шинжээчийн тогтоосон үнэлгээнд гомдол гаргаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2648 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дахин шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээ” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 121 900 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон.

Барьцаа хөрөнгийг дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахад төлбөр төлөгч Э.Б нь үнэлгээнд дахин гомдол гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 121 900 000 төгрөгийн 50 хувь буюу 60 950 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр оруулахад барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Э.Баярсайхан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар хандсаныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8729 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 02-нд оруулахад худалдан борлогдоогүй бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Энхтуул гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1317 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Э.Б нь шүүхээс ногдуулсан мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар төлж барагдуулахаас зайлсхийж, удаа дараа үндэслэлгүйгээр гомдол гаргаж, хугацаа хожиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул Б.Р-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Б.Р-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Р-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 3 хороо, 5 дугаар хороолол, 14 Б байрны ... тоот 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан ажиллагаа явагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь уг асуудлаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэхэмжлэгчээс хандсаны үндсэн дээр 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай тогтоол"-д дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан ажиллагаа явагдаж байгаа талаар хариу ирүүлсэн юм.

Мөн түүнчлэн шийдвэрт "...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8729 дүгээр шийдвэрээр хамтран өмчлөгч Э.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон" гэж бичсэн байдал нь энэ хэргийг үнэ бодитой, нягталж шүүхийн шийдвэр гараагүй байгаа нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Р- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 дүгээр захирамжаар Э.Б-аас 63 034 004 төгрөг гаргуулж “Монкорд” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 635 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14Б байрны ... тоот 2 өрөө орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр битүүмжилж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна.

 

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2648 дугаартай, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8729 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01317 дугаартай шийдвэрүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны доод үнийг тогтоож, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцсэн болохыг тогтоосон байна.

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, анхны болох 2 дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах тухай мэдэгдлийг өмчлөгч нарт мэдэгдсэн байх боловч уг хурал хийгдээгүй, комиссын шийдвэр гараагүй байна.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явагдсан гэх байдал тогтоогдоогүй байхад уг ажиллагааны төлбөр төлөгчийн эрх зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэх, нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хангах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА