Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0211/з |
Дугаар | 221/МА2024/0419 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0419
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П
Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:2841509/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “МКМС”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0350 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Хр
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2024/0211/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “М"-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0350 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “М”-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна. “М” ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2 га талбай бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/458 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон бөгөөд тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлж байгаагүй үйл баримт тогтоогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалаар “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
3.2. Хэрэгт нэхэмжлэгч компани газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, газрын төлбөрийн үлдэгдэлтэй талаарх баримт, мөн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаарх гэрэл зураг зэрэг баримт авагдсан байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна.
3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн захирал 2015-2020 оныг хүртэл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани 2018 оноос хойш буюу газар ашиглах эрхтэй болсноос хойш үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан болох нь тогтоогддог. Хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд эрүүл мэндийн шалтгаантай байсан нь тухайн хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
3.4. Мөн маргаан бүхий тушаал гарахад нэхэмжлэгч нь газраа ашиглаагүй болох нь Хамгаалалтын захиргааны бодит нөхцөл байдлыг тогтоосон гэрэл зургаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2023 оны оны 08 дугаар сарын 21-ний өдөр хашаа барих гэрээ байгуулж, хашаа барьсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
3.5 Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан болно. Маргаан бүхий газрыг цуцлах талаар нэхэмжлэгч компанид мэдэгдэж, хариу тайлбарыг авсны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг ажиллагаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.
3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 350 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаархариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “М” ХХК-аас хүчингүй болгуулахаар шаардаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалаар, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны саналыг тус тус үндэслэн, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчид олгосон 2 га газар багтжээ.
4. Тогтоогдсон үйл баримтын тухайд;
4.1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаар тушаалаар Налайх дүүрэгт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уулын баруун энгэр нэртэй газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2014/145 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглах гэрээг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулсан.
4.2. Нэхэмжлэгчийн дээрх газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр дуусгавар болгосон ч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/458 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж, 5 жилийн хугацаагаар сунгаж байжээ.
4.3. “М” ХХК-д анх газар ашиглах эрх үүссэнээс хойш тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал М.Батгэрэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр А.Х болгож өөрчилсөн нь улсын бүртгэлд бүртгэгдсэн ба тэдний эрүүл мэндэд тулгарсан асуудлыг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон бөгөөд энэ нөхцөл байдлыг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
4.4. Нэхэмжлэгч нь дээрх байгалийн цогцолбор газарт олгосон 2 га газрын ашиглах эрхийг хэрэгжүүлсэн хугацаанд:
- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаснаас гадна Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан.
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 15/01017/22 дугаартай техникийн нөхцөл /шинэ холболт/-ийг 1 жилийн хугацаатай олгосон.
- “М” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр албан бичгээр, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандсан ба тус Хамгаалалтын захиргааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20/692 дугаар албан бичгээр уг хүсэлтийг харьяа яаманд уламжилж байсан.
4.5. Харин маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаал гарснаас хойш:
- нэхэмжлэгч нь “Б” ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 219 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, маргаан бүхий газар дээр төмөр хашаа бариулсан ба үүнтэй холбогдуулан зохих зөвшөөрөлгүй /газарт/ хашаа барьсан гэх зөрчлийг арилгуулахаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаас 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01-00-03-372 дугаартай албан шаардлага хүргүүлсэн.
5. Нэхэмжлэлийн шаардлагад маргаан бүхий захиргааны акт гэж тодорхойлсон /энэ хэсгийн 3-т заасан/захиргааны байгууллагын шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... 2015 оноос компанийн захирал өвдөж 2020 он хүртэл үргэлжилсэн, сайдын 2018 оны А/458 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан, компанийн үйл ажиллагаа 2023 оноос цэгцэрч эхэлсэн, төлбөрөө бүрэн төлсөн, хүндэтгэн үзэх шалтгааныг шийдвэр гаргахдаа харгалзаагүй, газар ашиглах эрхийг цуцлахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангаагүй” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлох бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарладаг ч газар ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгосон учраас “М” ХХК газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжтой байсан, ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байгаа нь хэрэгт цуглуулсан баримтаар тогтоогдсон, хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, зөрчлийг тогтоосон” гэж тус тус тайлбарлан маргасан.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.
7. Гэтэл анхан шатны шүүхээс газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгохтой холбоотой Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “... 2015-2020 онд эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдоно, ... 2020-2021 онд цар тахлын нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий үйл баримт, ... маргаан бүхий газартаа хашаа барихаар гэрээ байгуулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулж, техникийн нөхцөл авсан байгаа зэргийг газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
9. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
10. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэхэд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүртэл 2 жилийн хугацааг тоолох ба нэхэмжлэгчийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/458 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээж, 5 жилийн хугацаагаар сунгаснаас хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал:
10.1. Энэ хэсгийн 4.5-д зааснаар тухайн газарт хашаа бариулах гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн гэх үйл баримт нь маргаан бүхий захиргааны акт гарснаас хойших цаг хугацаанд хамаарах бол энэ хэсгийн 4.4-т зааснаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий дүгнэлт гаргуулсан, мөн нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан, Хамгаалалтын захиргаанд дахин хандсан зэрэг 2014, 2020 онд тус тус болсон үйл явдал нь “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх урьдчилсан нөхцлийг үгүйсгэхгүй.
Мөн “УБЦТС” ТӨХК-аас 2022 онд техникийн нөхцөл авсан боловч 1 жилийн хүчинтэй байх хугацаанд цахилгааны шинэ холболт хийлгээгүй тул энэ нь газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үндэслэл болохгүй юм.
10.2. Нэхэмжлэгчийн тодорхойлсончлон компанийн гүйцэтгэх удирдлагад 2015-2020 онд тохиолдсон эрүүл мэндийн, 2020-2021 хамаарах КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй гэх нөхцөл байдлыг бүхэлд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаатуулан тайлбарлахгүй.
Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал учирсан буюу цар тахлын нөлөөлөлд орсон, тодорхой хугацаанд эрүүл мэнд шалтгаантай байсан хэмээн тайлбарлан маргах боловч тухайн үйл баримт нь эрх бүхий захиргааны байгууллагаас “М” нэртэй хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг сэргээж, сунгасан 2018 оны 11 дүгээр сараас маргаан бүхий захиргааны акт гарсан 2023 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд хамааруулан үзэх боломжгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
10.3. “М” ХХК-ийн хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх зөрчлийг шалгаж тогтоосон болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаартай албан бичиг, хээрийн судалгааны ажлын тэмдэглэл зэргээр, шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09/244, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08/5999 дүгээр албан бичигт дурдсан тайлбар зэргээр тус тус тогтоогдсон гэж үзнэ. /Хэргийн I хавтасны 30, 34, 65, 76, 87 дугаар талд/
11. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны хугацаанд нь бүрэн төлнө гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгаар тайлбарлагдана.
12. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01113-2018/03086 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2023 оны газрын төлбөрийн ногдлыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар буюу бүтэн жилээр тооцож 199,040 төгрөгийн үлдэгдэлтэй гэснээс үзэхэд, маргаан бүхий актад дурдсан “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэл “МКМС” ХХК-ийн хувьд тогтоогдохгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн “... /нэг/ жилд төлөх 2,398,080 төлбөрөөс 2,199,040 төгрөгийг төлсөн байгаа нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэхгүй” гэх дүгнэлтийг буруутгахгүй боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл энэ хэсгийн 10-д заасанчлан дээрх байдлаар нэгэнт тогтоогдсон болно.
13. Нэгтгэн дүгнэвэл, захиргааны байгууллагаас шийдвэр гаргахын өмнө газраа зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэдгийг шалгаж тогтоосон буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
14. Иймд эдгээр хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “МКМС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
15. Анхан шатны шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий газарт шүүхийн үзлэг хийсэн боловч түүгээр илэрсэн нөхцөл байдлын талаар ямар ч мэдээллийг тэмдэглэлд тусгаж бэхжүүлээгүй ньЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасан шаардлагад нийцэхгүйг тэмдэглэвэл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч“М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “М”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ