Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0211/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Хохирогч *****,

Шүүгдэгч Б.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***** *****ын *****д холбогдох эрүүгийн 201609000562 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум , ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***** *****ын *****, /РД: /, /холбоо барих утасны дугаар: /,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.***** нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан сум ***** тоотод гэртээ эхнэр *****тай маргалдаж эрх чөлөөнд нь халдаж хутгаар гуя тус газар хатгаж биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.*****ы хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Манай эхнэр ***** 2016 оны 10 дугаар сарын 11-ний 20 цагийн орчим гэртээ халамцуу орж ирэхдээ нэг шил 0.75-ын “Хараа” нэртэй архи авч ирээд бид хоёр хувааж уугаад хоол хийх гэтэл ногоо арилгахаас болоод хоорондоо маргалдсан. Манай эхнэр “чи өөрөө хоолоо хий” гэхэд нь би “чи тэнэж явах дуртайгаараа өөрөө хий” гэж хэлээд ногоо арилгаад сууж байсан шар иштэй хутгаараа шидтэл *****гийн баруун шилбэ хэсэгт онож цус гарч эхэлсэн. Би босоод хөвөн тавьж боогоод байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний буруутай үйлдлээс болж энэ хэрэг гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 60 нас хүрсэн хойноо ийм хэрэг хийж байгаад өөрөөсөө ичиж байна. Цаашдаа дахин ийм зүйл гаргахгүй” гэх мэдүүлэг, Хохирогч *****гийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим би гэртээ нэг шил архи авч орсон. Тухайн архийг манай найз ***** авч өгөөд нөхөртэйгээ уугаарай гэж хэлсэн. Намайг гэртээ ороход манай нөхөр ***** гэртээ ганцаараа хаалгаа янзлаад сууж байсан. Тухайн авч орсон архиа ууж дуусгаад бид хоёр хоорондоо хоол хийхээс болж маргалдсан. Тэгтэл манай нөхөр ***** над руу төмс арилгаад сууж байсан хутгаараа миний зүүн хөл рүү хатгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би энэ хүнтэй суугаад 40 жил болж байна. Манай хүн надад гар ерөөсөө хүрч үзээгүй, ... Миний биеийн байдал зүгээр байгаа. Нөхөртөө гомдол санал, нэхэмжлэх үйл байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжилсэн зүйл байхгүй. Би нөхөртэйгээ сайн дураараа эвлэрсэн, дарамт шахалтад орсон зүйл байхгүй. Одоо бид хоёрын харилцаа маш сайн байгаа” гэх мэдүүлэг, Гэрч *****ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “... ээж намайг гэрээсээ дуудахад нь яваад ороход аав чинь миний гуя руу хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн. Би эмнэлэг дуудахад цагдаагийн машин цуг хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Гэрч *****ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “... ***** над руу утсаар залгаад аав ***** ээж *****г хутгалчихлаа гэж хэлэхэд нь нөхрийнхөө хамт яваад очтол манай аав, ээж хоёр юу ярьж байгаагаа мэдэх сөхөөгүй согтуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1099 дугаартай шинжээчийн: “... *****гийн биед зүүн гуян дахь шархны сорви тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Б.***** нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан сум 5 дугаар баг, Залуучуудын 6-р гудамжны 52 тоотод гэртээ эхнэр *****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдаж хутгаар гуя тус газар хатгаж биед нь хөнгөн зэргийг гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч *****ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *****, ***** нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*****ы үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна. Хохирогч ***** нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Би энэ хүнтэй суугаад 40 жил болж байна. Манай хүн надад гар ерөөсөө хүрч үзээгүй, ... Миний биеийн байдал зүгээр байгаа. Нөхөртөө гомдол санал, нэхэмжлэх үйл байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжилсэн зүйл байхгүй. Би нөхөртэйгээ айн дураараа эвлэрсэн, дарамт шахалтад орсон зүйл байхгүй. Одоо бид хоёрын харилцаа маш сайн байгаа ” гэх мэдүүлгээр Б.*****аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.*****ыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч ***** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.*****ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Б.***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бариул хэсэгтэй шар товгортой хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** *****ын *****ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан ***** *****ын *****д холбогдох эрүүгийн 201609000562 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.*****ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсэгтэй шар товгортой хутга /1 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***** *****ын *****д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД