Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2021/0016

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             1.Нэхэмжлэгч: И.Д нэхэмжлэлтэй

             Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох

              “Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай  албан бичгийг хүчингүй болгож,  И.Дыг Б сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай,

              2.Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ш.М нарын 12 төлөөлөгчийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг даргалагч М.Б, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал,  Тэргүүлэгчид, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.А нарт холбогдох,

“Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоол, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлийн хуралдаан даргалагчаар М.Бийг сонгосон хэсэг, хуралдаанаар баталсан  хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны  өдрийн 16 дугаар өдрийн “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар “Баян-Өлгий аймгийн Б сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Татварын давсан орлогыг хуваарилах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар “Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай” тогтоол,2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоох,

            Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол, 02 дугаар “Хуралдааны дэгийг батлах тухай” тогтоол, 03 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох тухай” тогтоол, 06 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11  дүгээр “Баян-Өлгий аймгийн Б сумын 2021 оны төсөв батлах тухай” тогтоол,2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгох”,

              Нэхэмжлэгч Ө.Жын “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр “Хурлын даргыг  ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

              нэхэмжлэгч И.Д,түүний өмгөөлөгчөөр С.Н,хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай,

              нэхэмжлэгч Ш.М нарын 9 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, төлөөлөгч А.С,  Ө.Ж, М.Д, хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга М.А, анхдугаар хуралдаан даргалагч М.Б, тэдгээрийн өмгөөлөгчөөр С.Н, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.А итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хамтран хариуцагч Тэргүүлэгчид болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.Ды итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, орчуулагч Б.Арманбек, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч И.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б сумын 4 дүгээр багт эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг. Төрийн албанд 18 жил, улсад нийтдээ 40 жил гаруй ажилласан. Б сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдаан нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж, намайг Б сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн тогтоолыг гаргаж байсан. Намайг Б сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1062 тоот албан бичгээр татгалзаж шийдвэрлэн хариу өгч байсан. Тухайн үед намайг Засаг даргаар нэр дэвшүүлэхээс татгалзахдаа ямар нэгэн үндэслэл заахгүйгээр татгалзаж байсан. Тэгээд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  15 хоногийн дотор буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж, миний нэрийг дахин нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар аймгийн Засаг дарга миний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор томилох шийдвэр гаргах үүрэгтэй байсан, “хуулийн байгууллагад маргаантай явж байгаа учраас томилох боломжгүй” гэж дахин татгалзсан нь ямар ч үндэслэлгүй. Би Монгол Улсын иргэний хувьд ямар нэгэн хэрэгт холбогдож, зөрчил гаргаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд  зааснаар шашин шүтлэг, нас, хүйсийг харгалзахгүйгээр сонгох, сонгогдох, ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь хууль зөрчиж, намайг сумын Засаг даргаар удаа дараа томилохоос татгалзсанаас болж миний Засаг даргаар томилогдон ажиллах эрхийг зөрчиж байна.

 Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  И.Д намайг Б сумын Засаг даргаар томилохоос татгалзсан албан бичгийг  хүчингүй болгож, намайг Б сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг дарга Д.Бауыржанд даалгаж өгнө үү гэв.

              Нэхэмжлэгч И.Ды өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхдугаар хуралдаанаар нэхэмжлэгч И.Дыг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан. Хуралдааны  ирц бүрдсэн учраас И.Дыг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж, аймгийн Засаг даргад уламжилсан. Аймгийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ дагуу И.Дыг Б сумын Засаг даргад томилохоос нэг удаа татгалзсан  хариу өгсөн. Гэтэл 15 хоногийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахиж хуралдаад И.Ды нэрийг  2 дахь удаа Засаг даргад нэр дэвшүүлсэн. Хуулиар  2 дахь удаа дахиж нэр дэвшүүлэхэд тухайн хүнийг ажлын 5 хоногийн дотор албажуулан томилох үүрэгтэй байдаг.  Албажуулан томилох үүргээ аймгийн Засаг дарга зөрчсөн. Аймгийн Засаг даргын албан бичигт  Ш.М нарын нэхэмжлэлд шүүхээс захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаа  тул хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянах боломжгүй гэсэн хариуг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн гэсэн.

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасан байгаа.Гэтэл Авлигатай тэмцэх газар хянаж өгөх үүргээ  зөрчсөн гэж үзэж  байгаа. Үүнээс болж  И.Ды эрх ашиг зөрчигдөх ёсгүй.

 Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүссэн гэсэн хариу байхгүй, хуулийн 23.7-д заасан томилохоос татгалзах үндэслэл нь тогтоогдоогүй байхад аймгийн Засаг дарга татгалзах эрхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын Засаг даргад нэр дэвшигчид тавигдах болзол, шаардлагыг хуульчилж өгсөн байгаа. Энэ шаардлага дотор заавал Авлигатай тэмцэх газраас хянагдсан байх ёстой гэсэн шаардлага тавиагүй. Тиймээс нэхэмжлэгч И.Ды нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна  гэв.

              Хариуцагч аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

И.Дыг эхний удаа аймгийн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан бүрэн эрхийн дагуу томилохоос татгалзсан болно.Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоёр дахь удаа хуралдаж, И.Ды нэрийг дахин дэвшүүлж ирүүлсний дагуу Авлигатай тэмцэх газарт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас И.Даас ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн бичиг ирсний дагуу Б сумын Засаг даргаар томилох ёстой боловч тус газраас И.Дыг нэр дэвшүүлсэн тогтоол нь шүүхэд маргаантай тул хянах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.Нэгэнт Авлигатай тэмцэх газарт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь хянагдаагүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын нөхцөл байдал үүссэн, үүсээгүйг тогтоох боломжгүй тул томилохоос татгалзсан болно. Иймд И.Ды гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

              Нэхэмжлэгч Ш.М, Б.Ербол, А.Алибек, М.Өркенбек, М.Ерханат, Ж.Келденбек, А.Маржангүл, Ж.Ескендир,А.Холганат, Ө.Ж М.Д,А.С нарын 12 төлөөлөгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, тодруулсан, өөрчилсөн тайлбар болон нэхэмжлэгч М.Д,А.С, нэхэмжлэгч Ш.М нарын 9 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явагдах ёстой. Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан процесс  зөрчигдсөн гэж үзэж байна.

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор Ш.М, П.С, А.Б, Р.Х, С.Г, Х.А нарыг Тэргүүлэгчээр сонгосон байгаа. Уг  Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл бүрэн эрх нь хэрэгжиж байсан. Гэтэл Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай хуралдаан хийгээгүй байхад Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанаар  зарласан мэтээр 14 дугаартай хууль бус тогтоолыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А нь албан тушаалын байдлыг хэтрүүлэн эчнээ байдлаар гаргасан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэх  Хурлын Тэргүүлэгчдэд хуралдаан хэзээ болох тухай огт мэдэгдээгүй, маргаан бүхийн тогтоолыг  өөрөө үйлдэж, огноо, дугаар өгчээ.  Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж нь орой 20 цагийн үед хөдөө автомашинаар яаралтай явах гэж байхад очиж уулзан “хуучин Тэргүүлэгчид өнөөдөр хуралдсан, хуралдаан болсон тухай тэмдэглэл хөтлөгдсөн, тэр нь конторт байгаа  учраас та тогтоолд гарын үсэг зур, мөн тамга дарж өгнө үү”  гэж ятгажээ. Тэгээд сумын Хурлын дарга Ө.Ж  нь С.Ан  үгэнд итгэж, үнэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болсон гэсэн ойлголт авч, уг тогтоолд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Харин бодит байдалд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр огт явагдаагүй байна.  Яагаад С.Аг хариуцагчаар тодорхойлсон бэ гэхээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхдугаар хуралдаан эхэлсэн үед Хурлын нарийн бичгийн дарга С.Ад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 12 төлөөлөгч шаардлага хүргүүлсэн. С.А“иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаа  хийж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөөний 10 цагт анхдугаар хуралдаан  хийхийг санал болгож байна. Хэрэв хуучин Тэргүүлэгчид заасан хугацаанд хуралдахгүй, анхдугаар хуралдааныг санаатайгаар хойшлуулсан тохиолдолд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг мөрдөж, 2016 онд анхдугаар хуралдаанаар баталсан хуралдааны дэгийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт олонх ирсэн, түүнээс хамгийн ахмадаар  нь хуралдааныг удирдуулан хуралдуулахыг үүгээр мэдэгдэж байна, тогтоолын хуулбарыг хавсаргав” гэж буцаагаад хариу өгсөн байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт гэж байгаа, хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт эхлээд, 17 цагт дууссан байгаа. Гэтэл маргааш нь Монгол Ардын намын бүлгийн хүмүүс хуралд оръё гэж очиход, анхдугаар хуралдааныг хийж дууссан байсан. Хурлын нарийн бичгийн дарга анхдугаар хуралдаан болох тухай 27 төлөөлөгчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой. Анхдугаар хуралдаан болох талаар мэдэгдсэн зүйл байхгүй.

  Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 10 дугаар сарын  28-ны өдөр  Тэргүүлэгчдийн хуралдаан болоогүй гэдгийг нотолж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Ад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр гомдол гарган, Тэргүүлэгчдийн хуралдааныг  журмын дагуу хуралдуулахыг шаарджээ. Нөгөө талаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Тэргүүлэгчид хуралдаанаар  хэлэлцээгүй, эчнээ гаргасан гэх тогтоолд сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар  ямар асуудал хэлэлцэхийг  дурдаагүй, хуралдаан болох цагийг  тусгаагүй байгаа учраас  Тэргүүлэгчдийн 2020 оны 14 дугаартай тогтоол нь илт хууль бус эрхийн  акт гэж үзэж байна. Гэтэл Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас сонгогдсон  15 төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль бусаар хуралдуулж, хуралдаан даргалагчаар М.Бийг сонгож,  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг  баталж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Хурлын даргаар М.Аыг сонгож, хуралдааны дэг баталж, Хурлын  Тэргүүлэгчдийг сонгож, сумын Засаг даргад И.Дыг нэр дэвшүүлсэн тогтоолуудыг тус тус баталсан  байна. Хууль бусаар зарлагдсан гэх Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол нь өөрөө хууль бус байсан учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдаанаас баталсан олон тогтоолууд бас л хууль бус эрхийн актад тооцогдох ёстой гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас сонгогдсон нэр бүхий 12 төлөөлөгч бид нэгэнт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг баталсан хууль ёсны тогтоол гаргаагүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хууль бус хуралдаанд оролцоогүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгон батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг заавал хэлэлцүүлэхээр хуульчилсан. Тус сум дахь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 27 төлөөлөгчтэй ба үүнээс 12 төлөөлөгч буюу 45 хувь Монгол Ардын намаас  сонгогдсон төлөөлөгчид юм. Ингэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  12 суудал авсан Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгогдохоор нэрээ дэвшүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар урьд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байгаа төлөөлөгч Ө.Жыг, Тэргүүлэгчдээр төлөөлөгчид Ш.М, М.Д нарын нэрийг дэвшүүлэхээр, Б сумын Засаг даргаар Монгол Ардын намын гишүүн Н.Мийг нэр дэвшүүлэх тохиролцоонд хүрч байсан юм. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын 15 төлөөлөгч анхдугаар хуралдааныг хууль бусаар хуралдуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дангаараа хэлэлцсэний улмаас төлөөлөгчид Ө.Ж, М.Д, Ш.М нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Ингээд хууль бус хуралдаан хийсний улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь 12 төлөөлөгчийн санал өгөх, нэр дэвшүүлэх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол  нь зөрчигдөж байна. Өмнөх Тэргүүлэгчдийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан бүрэн эрх нь ноцтой зөрчигдсөн. Хуралдаанд ямар асуудлыг хэлэлцэх гэж байгааг өмнөх Тэргүүлэгчид тогтоох ёстой. Хэлэлцэх асуудлыг 27 төлөөлөгчдөд тараах ёстой. Тухайн хуралдааны хэлэлцэх асуудлыг мэдсэний дараа төлөөлөгчид бэлтгэлээ хангах ёстой.

            Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дугаартай тогтоол, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлийн хуралдаан даргалагчаар М.Бийг сонгосон хэсэг, анхдугаар хуралдаанаас баталсан хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, ”Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Аыг сонгосон тухай”, “Хуралдааны дэг баталсан тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон тухай”, “Сумын Засаг даргад И.Дыг нэр дэвшүүлсэн тухай тогтоол”-ыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.

            Бид тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь 15 төлөөлөгчид удаа дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарлан хуралдуулан нэлээд  тогтоолуудыг баталжээ. Нэхэмжлэгч Ө.Ж, М.Д, А.С болон бусад төлөөлөгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын 15 төлөөлөгчид анхдугаар хуралдаантай холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул дахин хуралдаан хийж болохгүй, хэрвээ хуралдаан хийвэл бид хууль бус хуралдаанд оролцохгүй гэдгийг бичгээр болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч тэд бидний саналыг үл ойшоож, хүлээж аваагүй болохыг тэмдэглэн хэлж байна.

 

Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” 16 дугаартай тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Б сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай” 07 дугаартай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаартай тогтоол,2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Татварын давсан орлогыг хуваарилах тухай” 09 дугаартай тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай” 17 дугаартай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” 18 дугаартай тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Б сумын 2021 оны төсвийг батлах тухай” 11 дугаартай тогтоол,2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн“2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 12 дугаартай тогтоол, “Х.Дөрветханыг сумын Засаг даргад  дахин нэр дэвшүүлсэн” тогтоолыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дугаартай тогтоол, Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны  тэмдэглэлийн хуралдаан даргалагчаар М.Бийг сонгосон хэсэг, анхдугаар хуралдаанаас баталсан хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Сумын Засаг даргад И.Дыг нэр дэвшүүлсэн тухай” тогтоол, Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” 16 дугаартай тогтоол, Хурлын  2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Б сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай” 07 дугаартай тогтоол,2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Татварын давсан орлогыг хуваарилах тухай” 09 дугаартай тогтоол, Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай” 17 дугаартай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” 18 дугаартай тогтоолууд нь тус шүүхэд маргаан хянан шалгагдаж байгаа хугацаанд хэрэгжсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар дээр дурдсан тогтоолууд хууль байсан болохыг тогтоож өгөхийг хүсэж байна.

Харин бусад эрхийн актууд хэрэгжээд явж байгаа, дуусгавар болоогүй учраас Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Аыг сонгосон тухай”,  “Хуралдааны дэг баталсан тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон тухай”,  “Х.Дөрветханыг сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн”, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 12 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагууд хэвээр нь байна гэв.

Нэхэмжлэгч Ө.Ж төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлтдээ:

            Нэхэмжлэгч Ө.Ж би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар тус шүүхэд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна.

             Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдаанаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан “Ө.Жыг Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

              Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга М.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Б сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дугаартай тогтоолын дагуу анхдугаар хуралдаан хуралдсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өмнөх Хурлын дарга Ө.Ж анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай 14 дугаартай тогтоол гаргаж, гарын үсэг зурж,тамга дарсан байна. Анхдугаар хуралдааны товыг нарийн бичгийн дарга С.Ашинээр сонгогдсон бүх төлөөлөгчдөд утсаар, биечлэн уулзаж амаар мэдэгдсэн. Ардчилсан намын бүлэгт хуралдааныг  товлон зарласан тогтоолын 1 хувийг өгсөн.   Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар анхдугаар хуралдааныг зарласан тогтоолын дагуу бид нар хуралдаанаа хийсэн. Анхдугаар хуралдаанд оролцож, тухайн хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Хурлын даргаар сонгогдсон. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэдэгт нийцсэн юм.

М.Бээр анхдугаар хуралдааныг удирдуулснаас болж нэхэмжлэгчдийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй болно.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай тогтоолыг шинээр сонгогдон төлөөлөгчид өөрсдөө батлах ёстой. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлыг хуульд тодорхой заасан бөгөөд үүнийг хуучин Тэргүүлэгчид батлах эрхгүй. Тиймээс анхдугаар хуралдаан эхлэх үеэр хуульд заасан хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон нь ямар нэгэн хууль зөрчөөгүй.

Сумын Засаг даргад И.Дыг нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн хувьд энэхүү нэр дэвшүүлэх тогтоол хэрэгжиж дууссан юм. Нэр дэвшүүлэх тогтоолыг аймгийн Засаг дарга хуульд зааснаар нэг удаа татгалзаж шийдвэрлэсэн хариу өгсөн болно. Үүнийг хүчингүй болгох нь ямар нэгэн ач холбогдолгүй, нэхэмжлэгчдийн эрх ашгийг зөрчөөгүй болно. Хуралдааны  бүх процесс хуулийн дагуу явагдсан.  Төрийн ажил тасралтгүй явагдах ёстой. С.А, Ө.Ж нарын буруугаас болж, 27 төлөөлөгч хохирох ёсгүй, шинээр сонгогдсон төлөөлөгч бид нарт ямар ч буруу байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

              Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  анхдугаар хуралдаан даргалагч М.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                             

1.Баян-Өлгий аймгийн Б сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дугаартай тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Аыг сонгосон тогтоолууд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалттай нийцсэн юм. Хүчингүй болгох үндэслэл байхгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдана” гэж заасны дагуу анхдугаар хуралдаанд оролцсон шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь болох М.Б надаар удирдуулсан тул хууль ёсны дагуу хуралдаан хийсэн юм. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлыг хуульд тодорхой заасан байх ба хуульд заасан Хурлын даргыг сонгох, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудыг анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр болж, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон нь ямар нэгэн хууль зөрчөөгүй.

Анхдугаар хуралдаанаар сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бүх хүмүүсийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тогтоол гаргасан нь дээрх нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчдийн эрх ашгийг хөндөөгүй, харин ч хамгаалсан шийдвэр болсон. Энэ нь хуульд нийцсэн хууль ёсны тогтоол учраас хүчингүйд тооцуулах талаарх шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэг баталсан тухай, Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон тухай тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын  төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасанд нийцсэн юм.

Ө.Жын ихэсгэсэн шаардлага болох Ө.Жыг Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь хууль бус байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу түүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд анхдугаар хуралдаанаар дараагийн Хурлын даргыг сонгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.А, М.Б нарын өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхдугаар хуралдаан товлон зарласан Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын хариуцагчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А гэж тодорхойлсон байна. Уг тогтоол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн албан ёсны бланк дээр хэвлэгдсэн, Хурлын дарга Ө.Ж гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулсан тогтоол байгаа. Нэгэнт 14 дүгээр тогтоол гарсан байхад өмнөх Хурлын дарга уг тогтоолыг би гаргаагүй гэж өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Ө.Жаас өөр 11 төлөөлөгч байгаа. Тухайн анхдугаар хуралдааныг товлон зарласнаас болж 12 төлөөлөгчийн ямар эрх ашгийг зөрчсөн бэ. Хуулиар санал хураалт явагдсан өдрөөс хойш 20 хоногийн дотор анхдугаар хуралдааныг Тэргүүлэгчид товлон зарлах үүрэгтэй. Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол хэрхэн яаж гарсан, хэдэн Тэргүүлэгч хуралдсан, хэн удирдан зохион байгуулсан асуудлыг С.А мэдэхгүй гэж байгаа. С.А  хариуцагч биш, С.А тогтоол гаргах эрхгүй этгээд. Тогтоолын төслийг боловсруулаад өгсөн болохоос ямар нэгэн байдлаар тогтоолыг гардан гаргаагүй гэдгийг хэлж байгаа. Зарим Тэргүүлэгчид 4 жилд нэг ч удаа Тэргүүлэгчдийн хуралд суугаагүй байна. Тэргүүлэгчдийн тогтоолыг Хурлын дарга Ө.Ж гаргаад, С.А төслийг нь боловсруулаад яваад байдаг. Зарим Тэргүүлэгчдийн хуралдаан хийдэггүй гэх тайлбараас харахад, ер нь Тэргүүлэгчдийн тов тогтоох тогтоол зэргийг Ө.Ж бие даан ганцаараа Тэргүүлэгчдийн өмнөөс гаргаад явдаг жишиг тогтсон харагдаж байгаа. Энэ жишгийн дагуу анхдугаар хуралдааныг товлон зарласан тогтоол гарч, тухайн тогтоолыг шинээр сонгогдсон төлөөлөгч нар бүгд урьдчилан мэдэж, анхдугаар хуралдаанаа хийж, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан  асуудал тухайн төлөөлөгч нарын ямар нэгэн эрх ашигт нөлөөлөх  ёсгүй. Яагаад гэвэл тухайн төлөөлөгчид анхдугаар хуралдааныг товлон зарласан тогтоолыг Ө.Ж бие даан ганцаараа гаргасан гэдгийг мэдэхгүй. Анхдугаар хуралдаан болох өдөр Ө.Ж гэртээ 12 төлөөлөгчийг цуглуулж аваад, тухайн 14 дүгээр тогтоолыг би гаргаагүй, хуралдааныг товлон зарлаагүй, тогтоолыг С.А хууль бусаар үйлдсэн, хуралд оролцохгүй гэж бусдыг ятгаж, хуралд оролцоход санаатай саад учруулсан байдал харагдаж байгаа.

Хуралдааны товыг мэдэгдээгүй гэсэн зүйлийг удаа дараа ярьж байна. Анхдугаар хуралдааны товыг бүгд мэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. “Та нар хууль бус хуралдаан хийх гэж байгаа учраас бид нар очихгүй” гэж шаардлага хүргүүлж байгаа. Хэрэв үнэхээр хуралдаан хууль бус гэж  үзэж байгаа бол тухайн хуралдаан болж байгаа танхимд очоод ярих ёстой. Хуралдааныг хойшлуулах  ёстой бол тэнд очиж ярих ёстой байсан. Анхдугаар хуралдаанд төлөөлөгч нарын 40 хувь нь ирээгүй байхад ямар  ч арга хэмжээ аваагүй гэж ярьж байна. Хуралдаанд орооч гэж С.А хоёр ч удаа Ө.Жын гэрт очсон.  Ардын намын төлөөлөгч  нарт бичиг явуулж, 15 цаг 30 минут хүртэл хүлээсэн. Албаар хуралдаанд ирэхгүй, саад учруулж байгаа төлөөлөгчдийг заавал оролцуулах шаардлага байхгүй.  Нэгэнт Тэргүүлэгчдээс тогтоол гарч хуралдаан товлогдсон, тогтоол хүчингүй болоогүй, хууль  ёсны байсан. Тэнд заавал хурлын цагийг заах албагүй, зарим хүмүүс хөдөөгөөс ирж оролцдог учраас тодорхой цаг зааж болохгүй. Аль болох бүгд хуралд оролцох боломжийг хангах ёстой. 15 цаг 30 минут гэдэг нь аль аль талд ч бүрэн оролцох боломжит хугацаа байсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар төлөөлөгчдөд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг урьдчилан танилцуулах асуудлыг ярьж байна. Энэ нь анхдугаар хуралдаанаар бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлэх гэж байгаа шинэ төлөөлөгчдөд хамааралгүй асуудал. Тэдгээр хүмүүс тухайн үед төлөөлөгч биш байсан. Төлөөлөгчийн бүрэн эрх нь зөвшөөрөгдөөгүй байсан. Харин  хуучин төлөөлөгч нарт хэлэлцэх асуудлыг тараах ямар ч шаардлагагүй байсан. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс  тухайн хуралдаанд оролцохгүй.

М.Бийг хуралдаан даргалагчаар томилсон явдал нь хууль бус гэж байна. Тухайн хуралдааныг ахмадаараа М.Б удирдсанаар эдгээр 12 төлөөлөгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн бэ. Хамгийн ахмадаараа Т.Сексенбек удирдаагүй гэж байна. Т.Сексенбек хамгийн ахмадаараа хуралдааныг би удирдах ёстой, миний хурал удирдах эрхийг зөрчлөө  гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.  Мөн Хурлын даргаар М.Аыг томилсон асуудал байгаа. Хуралдаанд олонх нь оролцсон учраас хурлын ирц бүрдсэн гэж үзээд,  үргэлжлүүлж хуралдаанаа хийсэн.  Хурлын даргад нэр дэвшүүлж, Хурлын даргыг сонгосон нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцсэн байна. Хуралдаанд оролцоогүй төлөөлөгч нарыг эсрэг санал өгсөнд тооцогдож, 55 хувийн саналаар дэмжигдээд Хурлын дарга болсон.

Хуралдааны дэгийг батлах тухай, хуралдаанаар  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан тогтоолуудын талаар ярихад, Хурлын дотогш чиглэсэн үйл ажиллагааг зохицуулсан акт байгаа. Дэг батлах, хэлэлцэх асуудлын дарааллыг батлах тогтоол нь захиргааны акт биш, энэ дотогшоо чиглэсэн захиргааны акт юм. Иймд нэхэмжлэгч Х.Д нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

              Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хүчингүйд тооцуулахаар маргаж  буй тогтоолууд нь  нэхэмжлэгчдийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй бөгөөд хууль ёсны дагуу ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид шударгаар хуралдаж, олонхоороо хэлэлцэж, дээрх тогтоолуудыг гаргасан. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид цөөнх болсон учраас анхдугаар хуралдаанд саад хийхийн тулд албаар анхдугаар хуралдаанд оролцохоос татгалзсан. Хурлын ажлын албанаас амаар болон гар утсаар дамжуулан Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон бүх төлөөлөгчдөд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дугаартай тогтоолыг танилцуулж, анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан болохыг мэдэгдэж, энэ талаар Хурлын нарийн бичгийн даргын хувьд тэмдэглэл үйлдсэн юм.

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг намайг гаргасан мэтээр гүтгэж байгаад гомдолтой байна. Миний бие Хурлаас болон Тэргүүлэгчдээс гарах тогтоолын төслийг  ажил үүргийн хувьд бэлтгэх болохоос биш ямар нэгэн тогтоол гаргах эрхгүй. Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг Тэргүүлэгчид гаргаж,  Хурлын дарга албажуулсан. Түүнээс биш би Хурлын даргыг ятгаж гарын үсэг зуруулсан, хуурамч тогтоол гаргасан зүйл огт байхгүй. Тэгээд ч Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дугаартай тогтоол нь хэрэгжээд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, шинээр сонгогдсон төлөөлөгчдийг бүрэн эрхийн асуудлыг хүлээн зөвшөөрөх тогтоол гаргаж, шинээр сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаанаараа Хурлын дарга, Тэргүүлэгчдийг хуулийн дагуу сонгож, Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолуудыг гаргасан.

Нэхэмжлэлдээ “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас сонгогдсон 15 төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль бусаар хуралдуулсан....Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас сонгогдсон нэр бүхий 12 төлөөлөгч бид нэгэнт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдааны тов,хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан хууль ёсны тогтоол гараагүй байхад анхдугаар хууль бус хуралдаанд оролцоогүй болно” гэжээ. Үүнээс үзвэл Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан хууль ёсны тогтоол гаргаагүй гэж анхдугаар хуралдааны товыг мэдсээр байж санаатай оролцоогүй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл цөөнх болсон нам улс төр хийж, ард түмний сонголтыг үл хүндэтгэж, Б суманд дахин сонгууль явуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд ийм бохир арга хэрэглэж байгаа юм. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дугаартай тогтоолыг хууль бус гэдгийг хэн нэгэн тогтоогоогүй байхад анхдугаар хуралдаан зарлаж, хурлын тов тогтоосон Тэргүүлэгчдийн тогтоолыг дур зоргоороо хууль ёсных биш хэмээн үл тоомсорлож, хуралдаанд санаатай оролцоогүй явдалд гомдолтой байна.

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан маргаан бүхий тогтоолууд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.6, 23.7, 23.8-д  тус тус нийцсэн хууль ёсны шийдвэр болно гэжээ.

Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саас шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл дараах байдлаар үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байх ёстой. Ажлын албаны дарга нь Хурлын нарийн бичгийн дарга байгаа. Хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх, чиг үүргийн талаар,  22 дугаар зүйлд Хурлын даргын бүрэн эрх, чиг үүргийн талаар зохицуулсан. Аливаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хуралдуулах асуудлыг Хурлын нарийн бичгийн дарга хариуцахгүй.Хуульд зааснаар Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн  асуудал. Хавтаст хэрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолт байгаа. Үүнд нарийн бичгийн даргын ажлын чиг үүргийг тодорхой заасан байгаа. Нарийн бичгийн даргад хуралдаан зарлах тухай ямар ч чиг үүрэг байхгүй. Тэргүүлэгчид хуралдаан зарлах юм бол нарийн бичгийн дарга бэлтгэл ажлаа хангаад, тухайн хуралдаанд оролцвол зохих этгээдүүдэд хэзээ,хаана болох, ямар асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар мэдэгддэг.

Захиргааны байгууллагаас гарах шийдвэрийг мэдэгдэх тухай зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан.  2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ардчилсан намаас С.М, Х.С нар нарийн бичгийн даргатай уулзаж хуралдааныг хийх тухай гэсэн албан бичгээ өгсөн. Нарийн бичгийн даргаас “хуралдааныг зарлаж, хуралдаан хийх субъект би биш. Хурлын дарга Ө.Жтай уулзаарай” гэсэн. Ардчилсан намын хүмүүс Ө.Ж даргатай уулзаж 1/25 тоот албан бичгийг гардуулж өгсөн. Мөн Ардчилсан намаас 1/26 албан бичгийг сумын Сонгуулийн хорооны дарга А.Берикгүлд өгсөн. Ийм процесс явагдсаны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж нарийн бичгийн даргад хандаж, “Тэргүүлэгчид хуралдсан,анхдугаар хуралдааныг хийхээр болсон,  тогтоолын төслийг аваад ир” гэж тушаасан. Нарийн бичгийн дарга Ө.Ж даргын хэлсний дагуу 14 дүгээр тогтоолын төслийг бэлдэж өгсөн. Ө.Ж дарга Тэргүүлэгчдээ хуралдуулсан уу, үгүй юу, тогтоолыг баталсан уу гэдгийг нарийн бичгийн дарга мэдэхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хурал хийхдээ нарийн бичгийн даргад бараг мэдэгддэггүй,зөвхөн тогтоолын төслийг гаргахыг  даалгадаг байсан байна.

Нэхэмжлэгч нараас өмнөх Тэргүүлэгчдийн бүрэн эрх зөрчигдсөн, нарийн бичгийн дарга С.А хууль бусаар Тэргүүлэгчдийн тогтоолыг баталж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг зүйл хэлж байгаа. Уг тогтоолыг С.А гэдэг хувь хүн батлаагүй, нарийн бичгийн дарга С.Ад тийм эрх хэмжээ ч байхгүй. Уг тогтоолыг Тэргүүлэгчид гаргасан, үүнийг Ө.Ж дарга өөрөө мэдэж байгаа.

Маргаан бүхий 14 дүгээр тогтоол гарсны дараа нарийн бичгийн даргаас албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, 27 төлөөлөгчид утсаар болон биечлэн мэдэгдсэн байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ардчилсан намаас сонгогдсон 15 төлөөлөгч хуралд ирсэн байсан. Харин Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид хуралд ирээгүй. Хуралд ирсэн төлөөлөгчид “Ардын намын төлөөлөгчдийг хуралд дуудаач” гэж нарийн бичгийн даргад үүрэг өгөхөөр нь нарийн бичгийн дарга С.А нь Ардын намын төлөөлөгч нар бүгд Ө.Жын гэрт цугларсан байгааг мэдээд, тэнд очиж  хуралд оролцох тухай хэлсэн. С.А  Ардын намын төлөөлөгчдөд учир байдлаа хэлж, хэрэв Тэргүүлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзвэл одоо хуралдаж хуралдааны  товоо баталж, тогтоолоо гаргачих, хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ч хийх боломжтой гэдэг байдлаар  саналын шинжтэй хариу өгсөн. Ардын намын төлөөлөгчид өөрсдөө уг саналыг хүлээж аваагүй.

 Сонгууль болж дууссаны дараа анхдугаар хуралдааныг 20 хоногийн дотор хийх ёстой гэж ярьж байна. Б суманд сонгууль дууссанаас хойш нэг тойрогт маргаан гарч, дахин санал хураалт болж 10 дугаар сарын 25-нд дууссан байгаа. Тиймээс 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд хугацаа тоолбол 11 дүгээр  сарын 15-ны өдөр хугацаа нь дуусаж байгаа. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн нь хууль зөрчөөгүй гэж бодож байна. Ардын намаас сонгогдсон А.Холганат гэдэг гишүүн 2, 3 дугаар чуулганд оролцоод, төсөв батлах тухай болон бусад бүх хурлуудад  оролцож байсан.  Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхээ хүлээн зөвшөөрсөн тухай тогтоолтой танилцаж, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авсан байгаа. Анхдугаар чуулганаас хойш 2 чуулган болж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олон шийдвэр гаргаж,  сумын төсвийг баталсан байгаа. Уг хүчингүй болгуулахыг хүсэж байгаа олон шийдвэрүүд нэхэмжлэгчдийн ямар эрх ашгийг зөрчиж байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь олон шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай байгаа. Тэр дотроос анхдугаар хуралдаан зарлах тухай, хуралдааны дэг тогтоох тухай, хуралдаан даргалагчийг сонгосон тухай, 2, 3 дугаар чуулган зарлах тухай, хэлэлцэх асуудал батлах тухай гэх мэт шийдвэрүүд нь захиргааны акт биш учраас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн үр дагавар бий болгоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн саналтай байна гэв.

              Хамтран хариуцагч  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамтран хариуцагч Ж.М, Д.Х, К.Г, Н.Г, Н.О нар нь Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.

Нэхэмжлэгч нараас Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” 16 дугаар тогтоол, мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” 18 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасан асуудлуудыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлдэг. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” 16 дугаар тогтоол байгаа. Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хурлын даргад “төсвийн тодотголыг яаралтай хийж ирүүл” гэж албан тоот хүргүүлсний дагуу 2  дугаар хуралдааныг зарлан хуралдуулсан байгаа. Харин 3 дугаар хуралдааныг хуралдуулах болсон шалтгаан нь сумын 2021 оны төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  хийгдэх ажлын төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах асуудлууд байсан. Төсвийн тухай хуульд сумын төсвийг ямар хугацаанд батлах ёстой вэ гэдэг талаар тодорхой заалтууд байгаа.  Хуулийн хугацаатай учраас 2 удаагийн хуралдаан зарлаж, эдгээр асуудлыг хэлэлцсэн байгаа. Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” 16 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” 18 дугаартай тогтоолууд нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гарсан хууль ёсны шийдвэр учир тэдгээрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

   Иймд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгч А.С, М.Д, Ө.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэв.

              Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И.Ды итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ жилийн ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан. Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан хугацаагаар тооцоход, анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор зарлан хуралдуулах ёстой байсан. Гэхдээ Б сумын зарим тойрогт санал тэнцэж, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин санал хураалт явагдсан. Энэ хугацаагаар тооцоход 2020 оны 11 дүгээр сарын 14-ний дотор анхдугаар хуралдаан болох ёстой байсан.

 Анхдугаар хуралдааныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А зарласан, Ө.Ж зарласан гэдэг байдлаар маргаан үүсэж байгаа. Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасан байгаа.  Тийм учраас энэ асуудлыг Хурлын дарга Ө.Ж хуралд оруулж шийдвэрлэх ёстой байсан. Хурлын нарийн бичгийн даргад хуралдаан зарлах талаар эрх олгогдоогүй. Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” нь сумын Хурлын даргын бүрэн эрх. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Б сумын Ардчилсан намын хорооноос 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/25 тоот албан бичгээр Хурлын дарга Ө.Жад хандаж, анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд хуралдуулж өгөхийг хүссэн байгаа.  Энэ тохиолдолд Хурлын дарга саналыг хүлээн авч холбогдох төслөө боловсруулж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохион байгуулах ёстой байсан. Дээрх зохицуулалтуудын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд,Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор товлон зарласан нь хууль зүйн үндэслэлтэй. Уг тогтоолд Хурлын дарга Ө.Ж гарын үсгээ зурж, тамгаа дарж, баталгаажуулсан байгаа. Үүнийг ямар нэгэн байдлаар үгүйсгэж, маргаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргасан Монгол Ардын намын нэр бүхий 12 төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ маргаан бүхий 14 дүгээр тогтоол гарахдаа Тэргүүлэгчид хуралдаагүй,уг тогтоол хууль бус учраас бид нар хуралдаанд оролцоогүй гэдэг  байдлаар тайлбарлаж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдахгүйгээр асуудлыг эчнээ байдлаар шийдвэрлэдэг асуудал байгаа нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  өмнөх 7 Тэргүүлэгчээс гэрчийн мэдүүлэг авсан.Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Г “...ер нь манайд Тэргүүлэгчдийн хуралдаан хийдэггүй. Хурлын нарийн бичгийн даргаас тогтоолын төслийг гаргаж, Хурлын дарга шууд гарын үсэг зурж явдаг” гэж мэдүүлсэн. Мөн Тэргүүлэгч Р.Х “... Тэргүүлэгчдийн хуралдаан маш ховор болдог. Сүүлийн үед Тэргүүлэгчдийн хурал болоогүй”, мөн Тэргүүлэгч А.Б “... 2016-2020 оны 4 жилийн хугацаанд нэг ч удаа хуралдаанд оролцож байгаагүй” гэдэг байдлаар мэдүүлсэн. Энэ нь С.Ан мэдүүлэгт тодорхой байгаа. 2018 оны 03 дугаар сараас 2020 оны 11 сар хүртэл Хурлын даргаас хуралдаан зарлаагүй, гарах тогтоол, шийдвэрүүдийг боловсруул гэдэг байдлаар даалгавар  өгч байсан гэж тайлбарласан байгаа. Тийм учраас Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулахгүй байгаа нь хэний буруутай ажиллагаа вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Үүнээс болж шинээр сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашиг хохирох ёсгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан. Энэ үндэслэлээр нэр бүхий 12 төлөөлөгч нар нэхэмжлэгч гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ “бид нар хуралдаанд оролцсон бол Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой байсан.  Манай бүлгийн гишүүн А.Маржангүл хуралдааныг удирдах  ёстой байсан. Мөн сумын Хурлын Тэргүүлэгчид оролцож ажиллах ёстой байсан” гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч эдгээр эрхүүдээ хуралдаанд оролцсон тохиолдолд эдлэх боломжтой. Өөрсдөө хуралдаанд оролцоогүй мөртлөө бидний эрх ашиг зөрчигдсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, 12 төлөөлөгч хуралдааны товыг мэдсэн нь Ө.Жын мэдүүлэг, С.Ан мэдүүлэгт тодорхой байгаа. Нэгэнт хурлын товыг мэдсэн бол тухайн хуралдаанд оролцож, хуульд заасан эрхээ эдлэх боломжтой байсан. Шинээр сонгогдсон төлөөлөгчид болох нэр бүхий нэхэмжлэгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдохоор нэрээ дэвшүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд өчүүхэн зүйлээр шалтаглаж өөрсдөө 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан хуралдаанд оролцоогүй учир дээрх эрхүүдээ эдлэх боломжгүй болсон.

Нэхэмжлэгч нар хуралдааны товыг Тэргүүлэгчдээр хэлэлцээгүй учраас хууль бус гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Энэ нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш.  Үүнийг, өөрөөр хэлбэл хууль бус гэдгийг урьдчилан тогтоох асуудал биш. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай ” 14 дугаартай тогтоол хууль бусаар гарсан гэдэг нь шинээр сонгогдсон төлөөлөгчдөд огт хамааралгүй бөгөөд дээрх тогтоолоос болж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, 14 дугаартай тогтоол хууль бус гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдийн үзэмжээр тогтоодог зүйл биш.

Мөн Засаг даргад нэр дэвшсэн И.Ды 2 удаагийн тогтоол байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор И.Дыг албан  ёсоор  сумын Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан. Аймгийн Засаг дарга тогтоолыг хүлээж аваад, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу  нэг удаа  татгалзсан. Татгалзсан тохиолдолд  Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг 15 хоногийн дотор дахин хэлэлцэх зохицуулалт байгаа. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2020 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд тухайн өдрийн 10 дугаар тогтоолоор И. Дөрветханыг дахин Засаг даргад нэр дэвшүүлсэн. Энэ тохиолдолд аймгийн Засаг дарга тухайн саналыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь   Монгол Ардын намын бүлгийн дарга Ш.М нарын 12 төлөөлөгчөөс “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид  анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах  тухай Тэргүүлэгчдийн  хуралдаан хийгээгүй байхад эчнээ гаргасан  Б  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр тул уг тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр явагдсан анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрүүд болон дараагийн ээлжит болон ээлжит бус хуралдаануудаас гаргасан шийдвэрүүд нь  хууль бус.  Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдээс анхдугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг баталсан  хууль ёсны тогтоол гараагүй  байхад явагдсан хууль бус анхдугаар хуралдаанд оролцоогүй, гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  Ардчилсан намаас сонгогдсон 15 төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхдугаар хуралдааныг хууль бусаар хуралдуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дангаараа хэлэлцсэний улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  12 суудал авсан Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчдийн  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгогдохоор нэрээ дэвшүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, санал өгөх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаан, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдаан, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдаан, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрүүд болон тухайн хуралдаануудыг товлон зарласан Тэргүүлэгчдийн шийдвэрүүдээс  хэрэгжсэн гэж үзэж байгаа шийдвэрүүдийг  хууль бус байсан болохыг тогтоох, үлдсэнийг нь хүчингүй  болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэгч Ш.М нарын 12 төлөөлөгчөөс гаргасан “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлийн хуралдаан даргалагчаар М.Бийг сонгосон хэсэг, хуралдаанаар баталсан  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тус тус хууль бус байсан болохыг тогтоох,  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар “Хуралдааны дэгийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д  заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

 Учир нь, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаанд оролцсон 15 төлөөлөгчийн хамгийн ахмад нь болох М.Бээр хуралдааныг удирдуулсан үйл ажиллагаа, тус хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааны дэг нь тус тус Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэнд хамаарахгүй болно. Тодруулбал,   М.Бээр хуралдааныг удирдуулсан үйл ажиллагаа, хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааны дэг нь  дангаараа “гадагшаа чиглэсэн”,“тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан” буюу  тодорхой этгээдэд, тухайлбал нэхэмжлэгч нарт чиглэсэн эрх зүйн үр дагаврыг шууд  үүсгэхгүй тул захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй  байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ш.М нарын 12 төлөөлөгчийн “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоол, Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар “Баян-Өлгий аймгийн Б сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Татварын давсан орлогыг хуваарилах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар “Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоох,

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол, 03 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох тухай” тогтоол, 06 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11  дүгээр “Баян-Өлгий аймгийн Б сумын 2021 оны төсөв батлах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолыг тус тус  хүчингүй болгох тухай”,

Нэхэмжлэгч  Ө.Жын “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  04 дүгээр “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай”  тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 22.1.1.тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх; 22.1.2.тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”,  23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23.13-д “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна” гэж,  мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн  4.4-т ““Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг ойлгоно”, 4.9-д “Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт дараах төрөлтэй байна: 4.9.1.нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт; 4.9.2.энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт” гэж тус тус  заасан.

            Дээрх заалтуудаас үзэхэд Хурлын хуралдааныг товлон зарлах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд  оруулж шийдвэрлүүлэх, хуралдааныг товлон зарлах бүрэн эрхийг Хурлын дарга, Тэргүүлэгчид хэрэгжүүлэх бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдааны хувьд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор зарлан хуралдуулж, анхдугаар хуралдаанаар Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг болон Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг заавал хэлэлцэж  шийдвэрлэхээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл “20 хоногийн дотор зарлан хуралдуулах” эсэх нь  бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдийн үзэмжээр шийдвэрлэгдэх “бүрэн эрх”-ийн асуудал биш, заавал биелүүлэх шинжтэй зохицуулалт бөгөөд анхдугаар хуралдааныг  нэмэлт эсхүл дахин санал хураалт явуулсан өдрөөс биш  орон нутгийн Хурлын  ээлжит сонгуулийн  санал хураалт явуулсан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс  хойш 20  хоногийн дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлан хуралдуулахаар, хэрвээ  ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногт багтаан анхдугаар хуралдааныг хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй  бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулахаар тус тус  хуульчилжээ.

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  явагдсан  орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар 27 мандат бүхий Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 26 нэр дэвшигч төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож, 1  дүгээр багт нэр дэвшигч Ж.Серикбол, М.Д нарын санал тэнцсэнээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт  саналт хураалт явуулснаар М.Д хамгийн олон санал авсан[1],   тус сумын Ардчилсан намын хорооноос 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг  хуулийн хугацаанд хуралдуулах талаар Хурлын дарга Ө.Ж болон  Сумын сонгуулийн хорооны дарга А.Берикгүлд  тус тус албан бичиг хүргүүлсэн[2].

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулах тухай Хурлын дарга Ө.Жын гарын үсэг зурж, тамга дарсан “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” 14 дүгээр тогтоол 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  бичгээр гарсан[3],  уг тогтоолын талаар буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  анхдугаар хуралдаан  болох талаар 2020 оны орон  нутгийн Хурлын ээлжит сонгуулиар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцогдсон 27 төлөөлөгчид мэдэгдсэн, тодруулбал  анхдугаар хуралдааны товыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас  нэр дэвшиж сонгогдсон  Ш.М, Ө.Ж нарын нэхэмжлэл гаргасан 12 төлөөлөгч мэдсэн[4].

Б  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15:30 цагт тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын албан тасалгаанд  15 төлөөлөгчийн  /Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсонд тооцогдсон/ ирцтэйгээр эхэлж,  27 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, хуралдааны дэг батлах,  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, олонхын саналаар батлан тогтоол гаргаснаар 17:30 цагт дууссан[5] байх ба эдгээр үйл баримтууд нь гэрч  нарын мэдүүлэг,  нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан  бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож  байна.

Түүнчлэн гэрч Х.А, Р.Х, С.Г, П.С, А.Б нарын мэдүүлгээр[6] анхдугаар хуралдааныг товлон зарлах асуудлыг хэлэлцэх Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болоогүй,  мөн  бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааныг товлон зарлах асуудлыг хэлэлцэх хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд  хийгдээгүй болох нь  тус тус тогтоогдсон болно.  

Нэхэмжлэгч талаас Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын  Тэргүүлэгчдээс  товлон зарлаагүй гэж  маргаж байгаа боловч хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа тухайн үед Хурлын даргаар  ажиллаж байсан Ө.Ж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд байсан Ш.М болон бусад 5 Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулах үүрэгтэй,  мөн хуралдуулах боломжтой  буюу  2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон нутгийн Хурлын ээлжит сонгууль, 10 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт санал хураалтын үр дүнгээр 27 нэр дэвшигч төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож, анхдугаар хуралдаан ирцийн хувьд хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдсэн байхад 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд уг үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнээс гадна хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг хүлээсэн Хурлын дарга Ө.Ж нь  анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр тогтоолд  гарын үсэг зурж, тамга дарсан тухайн тохиолдолд уг  тогтоолын дагуу тухайн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллага  болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхдугаар хуралдааныг олонхын ирцтэйгээр хийж,  анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр хуульд заасан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох  тогтоолуудыг олонхын саналаар баталж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Тодруулбал бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй,  мөн ирцийн хувьд тус сумын Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулах боломжтой байтал  уг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хуульд заасан хугацаа болох 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулаагүй тохиолдолд хэрхэх талаар  хуульд  тодорхой зохицуулалт  байхгүй байгаа. Гэвч ийнхүү  эрх бүхий этгээдээс анхдугаар хуралдааныг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулахгүй байх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд  Хурлын дарга... гарын үсэг зурна” гэж зааснаар Хурлын даргын гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан  анхдугаар товлон зарлах тухай Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хийж, хуралдаанд оролцсон нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдсон төлөөлөгчдийн хуульд заасан бүрэн эрхийг, тухайлбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал, б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;г/Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” зэрэг эрхийг хязгаарлахгүй, өөрөөр  хэлбэл төлөөлөгчид ийнхүү хуралдаанаа хийх нь  Үндсэн хуулиар заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд харшлахгүй, харин  хуралдааныг зарлан хуралдуулах үүрэг бүхий этгээд нь үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь  уг зарчмыг зөрчиж буй явдал юм.

Түүнчлэн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдээс хуралдаанаараа  шийдвэрлэж гаргаагүй  нь, өөрөөр хэлбэл Хурлын даргын ёсчилж баталгаажуулсан анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай Тэргүүлэгчдийн тогтоол  буюу анхдугаар хуралдааны тов тогтоосон шийдвэр нь нэхэмжлэгч 12 төлөөлөгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй,  энэ талаар нэхэмжлэгч талаас тодорхой тайлбарлаж  чадаагүй  бөгөөд уг тов тогтоосон шийдвэрийн улмаас Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  Монгол Ардын намаас  нэр  дэвшиж  төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон 12 төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “бүрэн эрх нь дуусгавар болж байгаа  Хурлын Тэргүүлэгчдийн  хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан бүрэн эрх нь  ноцтой зөрчигдсөн” гэсэн тайлбар гаргасан боловч  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  дарга, Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан Ө.Ж, Ш.М нар нь  тус шүүхэд  төлөөлөгчийн хувиар  “нэр дэвшүүлэх, санал өгөх эрх  буюу сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл[7] гаргаснаас гадна тус сумын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид Ө.Ж, Ш.М, Х.А, С.Г, П.С, А.Б нарын “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоолыг  хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШЗ2020/0404 дүгээр хүчин төгөлдөр захирамж[8] байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч 12 төлөөлөгчөөс  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгогдохоор нэрээ дэвшүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, санал өгөх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэсэн тайлбарлан маргасан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч 12 төлөөлөгч  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны товыг мэдсэн, тухайлбал 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид бүгд Хурлын дарга Ө.Жын гэрт цугларч, анхдугаар хуралдааны товыг тогтоосон Тэргүүлэгчдийн тогтоолын талаар   Хурлын нарийн бичгийн даргад шаардлага хүргүүлсэн, Хурлын  нарийн бичгийн даргаас  Ө.Жын гэрт очиж,анхдугаар хуралдаанд оролцох талаар  биечлэн мэдэгдсэн болох нь тус тус тогтоогдож байх тул   нэхэмжлэгч 12 төлөөлөгч анхдугаар хуралдаанд оролцох, улмаар Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх  бүрэн  боломжтой байсан  ч “анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид товлон зарлаагүй” гэдэг шалтгаанаар энэхүү эрхээ  өөрсдөө хэрэгжүүлээгүй нь  хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч 12 төлөөлөгчийг  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу өөрсдөөс нь хамаарах шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23.13-д “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд Хурлын анхдугаар хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг хуульд тодорхой заасан тул анхдугаар хуралдаан зарлан хуралдуулах тухай тогтоолд хэлэлцэх асуудлыг тусгах, мөн холбогдох тооцоо, судалгаа, лавлагааг гаргаж төлөөлөгчдөд 24 цагийн өмнө  урьдчилан тараах шаардлагагүй,  харин анхдугаар хуралдаанаас бусад хуралдаанд төлөөлөгчөөс асуудал санаачлан хэлэлцүүлэхээр оруулах тохиолдолд уг саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч талын  “Тэргүүлэгчдийн 2020 оны 14 дүгээр тогтоолд анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тусгаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг  төлөөлөгчдөд 24 цагийн өмнө тараах ёстой”  гэх  тайлбар   нь үндэслэл бүхий биш  байна.

Дээрх нөхцөл байдлуудаас гадна Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  18 дугаар тогтоолоор товлон зарласан 2020 оны 12 дугаар сарын 18-ны  өдрийн ээлжит 3 дугаар хуралдаанд  Ардчилсан намаас  нэр дэвшиж  сонгогдсон 15 төлөөлөгчөөс гадна   Монгол Ардын намаас нэр дэвшиж  сонгогдсон  төлөөлөгч болох нэхэмжлэгч А.Холганат оролцсон ба төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх гардан авсан.  Мөн Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын Засаг даргад 3 дахь удаа нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх  ээлжит бус 2 дугаар  хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагт хуралдуулахаар  товлон зарласан байх ба уг ээлжит бус 2 дугаар хуралдаанд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн анхдугаар хуралдаанаас гаргасан 01 дүгээр тогтоолоор бүрэн эрх  нь хүлээн зөвшөөрөгдсөн 27 төлөөлөгч  бүгд оролцож,  Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон  Ш.М нарын 11  төлөөлөгчид энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулан өгсөн. Улмаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгч Ж.Бахытжан, А.С, Ш.М нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулж,  тус Хуралд  сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан нам болох Ардчилсан намаас Т.Алмагүлийн, Монгол Ардын намаас  Н.Мийн нэрийг сумын Засаг даргад  тус тус нэр дэвшүүлснээр, хуралдаанд оролцсон 27 төлөөлөгчөөс 15 төлөөлөгчийн буюу 55,5 хувийн санал авсан Н.Мийн нэрийг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[9]  тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нараас  Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр  хууль бус тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар хийсэн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдаанд оролцоогүй, тухайн анхдугаар болон дараагийн ээлжит болон ээлжит бус хуралдаанаас гаргасан тогтоолууд хууль бус, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тухайн хуралдаануудаас гаргасан бүх тогтоол, тухайлбал анхдугаар хуралдаанаас гаргасан 01 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”, 03 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох тухай”, 06 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй  болгуулахаар маргасан мөртлөө Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  анхдугаар хуралдааны дээрх тогтоолуудаар  сонгогдсон Хурлын дарга, Тэргүүлэгчдээс гаргасан хуралдааныг товлон зарлах  тухай тогтоолын дагуу зохион байгуулагдсан ээлжит бус 2 дугаар хуралдаанаар  сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн таслах эрхтэйгээр оролцсоныг  анхдугаар  хуралдааныг товлон зарласан  тогтоол болон уг тогтоолын дагуу хуралдсан анхдугаар хуралдаанаас гаргасан  маргаан бүхий дээрх шийдвэрүүдийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгааг дурьдах нь зүйтэй.

Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”,  23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”,  25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэсэн Хурлын шийдвэр хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангасан анхдугаар хуралдаан, ээлжит 2 дугаар хуралдаан, ээлжит бус хуралдаан,ээлжит 3  дугаар хуралдаанаас мөн хуулийн 18 дугаар зүйлийн  18.1-д заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд гаргасан шийдвэр болон тухайн хуралдаануудыг товлон зарласан шийдвэр зэрэг  маргаан бүхий актуудыг  нэхэмжлэгч нарын “сонгох, сонгогдох эрхийг эдлүүлээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй  болгох, хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1,106.3.3-д  тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд  уг актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөх нь илтэд тодорхой, эсхүл онцгой ашиг сонирхол байгаа тохиолдолд хүчингүй болгох, хууль бус байсан болохыг тогтоохоор зохицуулсан ба  дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч  Ш.М нарын 12 төлөөлөгчийн маргаж буй захиргааны актуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна маргаан бүхий захиргааны актуудын улмаас, өөрөөр хэлбэл хариуцагчаар тодорхойлсон этгээдүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас   нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй  байх тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч И.Ды  “Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай  албан бичгийг хүчингүй болгож,  И.Дыг Б сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж,   хуралдаанд оролцсон  төлөөлөгчдийн олонхын санал авсан И.Дыг  сумын Засаг даргаар томилуулахаар  мөн өдрийн 05 дугаар тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтан болох  аймгийн Засаг даргад  санал болгосон байх ба аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1062 дугаар  албан бичгээр  “И.Дыг  сумын Засаг даргаар томилохоос татгалзсан” талаар мэдэгдсэн байна. Улмаар  тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан 10 дугаар тогтоолоор И.Дыг  сумын Засаг даргаар томилуулахаар  дахин нэр дэвшүүлж,  уг тогтоолыг  томилох эрх бүхий этгээдэд хүргүүлснээр аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дүгээр албан бичгээр “И.Ды  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  Авлигатай тэмцэх газраас  хянан үзэх боломжгүй гэж буцаасан” гэсэн үндэслэлээр И.Дыг  сумын Засаг даргаар томилохоос татгалзснаа  мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[10] тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй”,  Нийтийн  албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг  сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ”, 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ”, 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана”, 23.9-д “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Дээрх байдлаар Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн И.Ды хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн боловч  тус газраас И.Ды хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээгүй буюу Б сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар мэдэгдэл хүргүүлээгүй байна[11].

Өөрөөр хэлбэл тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх нь тогтоогдоогүй байхад   Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан журмаар  сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн И.Дыг  томилохоос татгалзсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6,23.7,23.9 дэх заалттай  тус тус  нийцээгүй байх тул  нэхэмжлэгч И.Дыг Б сумын Засаг даргаар томилохоос  татгалзсан  шийдвэр болох Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай  албан бичгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            Харин И.Дыг Б сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд  хэдийгээр  хуульд заасан журмаар Засаг даргад  дахин нэр дэвшүүлсэн этгээдийг  томилох эрх бүхий албан  тушаалтан 5 хоногийн дотор томилохоор зохицулсан байгаа боловч  нийтийн албан тушаалтныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар  хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газарт хянагдсаны дараа  томилох эсэхийг шийдвэрлэхээр  нарийвчлан зохицуулсан.

Иймээс нэхэмжлэгч И.Д нь Б сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх нь тогтоогдоогүй буюу холбогдох газраас хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг нь хянаагүй,  өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилгүй эсхүл зөрчилтэй эсэх нь тодорхой биш  байхад   сумын Засаг даргаар томилохыг томилох  эрх бүхий албан тушаалтанд даалгах үндэслэлгүй, мөн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6,23.7,23.9 дэх заалттай  тус тус  нийцэхгүй  тул тухайн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар Авлигатай тэмцэх газраас  И.Ды урьдчилсан мэдүүлгийг хянаад  Б сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэний дараа томилох эрх бүхий этгээд болох аймгийн  Засаг даргаас Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлүүдийн хүрээнд  томилох эсэх талаар шийдвэр гаргах ёстой байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.13, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга  Ш.М нарын 12 төлөөлөгчийн  “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлийн хуралдаан даргалагчаар М.Бийг сонгосон хэсэг, хуралдаанаар баталсан  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тус тус  хууль бус байсан болохыг тогтоох, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар “Хуралдааны дэгийг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, уг  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.7, 23.8, 25 дугаар зүйлийн 25.1,25.2-т заасныг тус тус баримтлан Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга  Ш.М нарын 12 төлөөлөгчийн  “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоол, Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар “Баян-Өлгий аймгийн Б сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоол,2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Татварын давсан орлогыг хуваарилах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар “Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоох,

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол, 03 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох тухай” тогтоол, 06 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11  дүгээр “Баян-Өлгий аймгийн Б сумын 2021 оны төсөв батлах тухай” тогтоол,2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг,

Нэхэмжлэгч  Ө.Жын “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг  тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6,23.7,23.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Ды  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай  албан бичгийг хүчингүй болгож,  үлдсэн хэсэг болох  И.Дыг   Б сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.М нарын 12 төлөөлөгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нэхэмжлэгч И.Ды улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Дд олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 95-97-р хуудас

[2] Хэргийн 81-р хуудас/1-р хавтас/,66-69,82-83,84,88-89,95-96-р хуудас/2-р хавтас/

[3] Хэргийн 24-26,86-р хуудас/1-р хавтас/,53-55,66-69-р хуудас/2-р хавтас/

[4] Хэргийн 24-26,29,30,221-р хуудас/1-р хавтас/, 10-11,15-16,25-26,53-55,66-69,75-77-р хуудас/2-р хавтас/

[5] Хэргийн 84-112-р хуудас

[6] Хэргийн 10-11,15-16,20-21,25-26,74-р хуудас/2-р хавтас/

[7] Хэргийн 46-48-р хуудас

[8] Хэргийн 149-153,156-159-р хуудас/2-р хавтас/

[9] Хэргийн 212,217-220-р хуудас/1-р хавтас/,109-124-р хуудас/2-р хавтас/

[10] Хэргийн 5,6-8,105,145-146-р хуудас/1-р хавтас/,126-127-р хуудас/2-р хавтас/

[11] Хэргийн 23-р хуудас