Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

2022         06             22                                     2022/ШЦТ/225

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Г.А, Л.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Л.Э нарт холбогдох эрүүгийн 222500239**** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Э

Монгол Улсын иргэн, Г.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Г.А-ыг өөрийн нөхөр Б.Б-тай хардаж маргалдан, зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.А нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Л.Э-тай маргалдан, зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

 

- Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би 20 цагийн орчим ажлаа тараад хамт ажилладаг Бтай ажлын гадаа таарсан юм. Бгийн гэр нь 6-19 дүгээр байранд байдаг болохоор миний машинд дайгдаад хамт гэрийн зүг явсан юм. Тэгээд бид 2 манай байрны гадаа машины зогсоол дээр ирээд зогстол удалгүй Б-ийн эхнэр Л.Э ирээд миний машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод яагаад та 2 хамт явж байгаа юм гэж уурласан. Машины хаалга онгойлгочихсон зогсож байхдаа чангаар намайг янхан гэж доромжилж орилоод миний толгойн чамархай хэрэг рүү утсаа шидэж оносон. Шидсэн утас нь миний өвөр дээр унахаар нь яахаараа над руу юм шиддэг юм гэтэл машины арын суудлаас цээжин биеэрээ орж ирж утсаа булаацалдаж байхдаа нүүр рүү 1, 2 удаа цохисон. Тэр үед чангаар янхан гэх зэргээр орилоод тэр хавиар хүмүүс их байсан болохоор нь би санаа зовсон ба би уурлаад машинаасаа бууж очоод Л.Эыг чи яахаараа над руу юм шидэж, цохиж, хэл амаар доромжилдог юм гээд үснээс нь зулгаагаад доош дараад өшиглөчихсөн юм. Тэгээд бид хоёр зууралдаад авахад би ч Л.Эыг өшиглөсөн, Л.Э ч намайг өшиглөж байсан. Тэгэх хооронд Б бид хоёрын голоор орж салгах гэж оролдож байсан ба бид нарын хажууд хараад зогсож байсан 2 залуу хүрч ирж болиоч ээ та нар гээд салгасан... 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай ажил дээр 14 цагаас 19 цагийн хооронд сургалттай байсан юм. Сургалтаа тараад Бтай хамт ханиндаа гэр рүүгээ явахаар 19 цагийн үед Горникийн урдуур алхаж явтал миний ар дагз руу хүчтэй цохихоор нь эргээд хартал Л.Э байсан... Ер нь бол намайг Л.Э нөхөртэйгаа хардсаны улмаас ийм асуудал үүсгээд байна гэж ойлгосон... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,

 

- Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний оройн 20 цаг 40 минутын орчим гэрээсээ найзуудтайгаа уулзах гээд гарах үедээ нөхөр Б.Б руу залгахад утсаа аваагүй. Тэгээд гэрээсээ гараад 6-18 дугаар байрны урдуур явж байтал нөхрөөс дуудлага ирсэн. Тэгэхээр нь аваад байна уу гэхэд эмэгтэй хүний хоолойноос байна гэхээр нь чи яагаад энэ утаснаас залгаж байдаг билээ гэхэд урдаас би Г.А болохоор залгаж байна надтай уулзъя гэсэн тэр үед Аянгын машин нь 6-18 дугаар байрны урд зогсоол дээр зогсож байхаар нь би шууд очоод машиных нь жолоочийн эсрэг талын хойд хаалгыг нь онгойлготол манай нөхөр Б арын суудалд сууж байсан. Г.А урд жолооны ард сууж байсан. Г.А намайг машинд суу гэхээр нь би суухгүй гэж байгаад хальт суусан чинь суухгүй байх чинь яасан юм гэхээр нь эргээд буугаад хаалгаар цээжин биеэ оруулсан байдалтай зогсож байсан. Тэгээд би нөхөртөө хандаж “...чи энд юу хийж яваа юм бэ, энэ хүүхэн яагаад чиний утаснаас ярьж байгаа юм гэхэд нөхөр урдаас юу ч дуугарахгүй байхад Г.А урд суудлаас “би Г.А болохоор ярьдаг юм” гээд миний ярианы голоор орж ирсэн. ...Тэгэхээр нь би Аянгыг чи согтуу байж машин барилаа гээд утсаараа цагдаад дуудлага өгсөн. Мөн Аянгын нөхөр рүү залгах гэж үзсэн, утсаараа бичлэг хийх гэж үзсэн боловч намайг “чи яасан их цагдаа руу залгадаг юм” бичлэг хийх гэлээ гээд утас булаацалдсан. Тэгж байж байгаад Г.А жолооныхоо ардаас бууж машинаа тойрч ирээд намайг шууд үснээс зулгааж доош нь тонгойлгож дараад хөлөөрөө өшиглөж байсан. Б энэ үеэр бууж ирээд салгах гээд дийлэхгүй байсан. ...Би энэ хүүхэнд маш их гомдолтой байна. Гэр бүл үймүүлж сүүлдээ улайм цайндаа гарч миний нөхрийн утсаар айж эмээхгүй надтай ярьсан мөн зодуулсандаа гомдолтой байна... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Ер нь бол манай нөхөртэй холбоотой байсан надаас уучлалт гуйгаад дахин ийм асуудал гаргахгүй гэж ярьж байсан, нөхрөөсөө бас тусдаа амьдарсан. Гэтэл нөхөр дахин ийм асуудал гаргахгүй гээд бид эргээд амьдарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн 319 дугаартай “...1. Г.А-ын биед тархи доргилт, зүүн дээд зовхи, зүүн шуу, гуя, баруун бугалганд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхны болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52х/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн 305 дугаартай “... 1. Л.Эын биед 2 гар, цээж, 2 хөлд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхны болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46х/,

 

- Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хатуу дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21х/,

 

- Шүүгдэгч Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65, 66, 72, 74х/,

 

- Шүүгдэгч Л.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67, 68, 71, 75х/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А, Л.Э нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар Г.А, Л.Э нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие биенийхээ үснээс зулгаалзаж, өшиглөж хэн алиныхаа биед гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Г.А, Л.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э, Г.А нар нь бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.А-ын “...Бгийн эхнэр Л.Э ирээд миний машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод яагаад та 2 хамт явж байгаа юм гэж уурласан. Машины хаалга онгойлгочихсон зогсож байхдаа чангаар намайг янхан гэж доромжилж орилоод миний толгойн чамархай хэрэг рүү утсаа шидэж оносон. Шидсэн утас нь миний өвөр дээр унахаар нь яахаар аа над руу юм шиддэг юм гэтэл машины арын суудлаас цээжин биеэрээ орж ирж утсаа булаацалдаж байхдаа нүүр рүү 1, 2 удаа цохисон...” гэсэн, хохирогч Л.Эын  “...би нөхөртөө хандаж “...чи энд юу хийж яваа юм бэ, энэ хүүхэн яагаад чиний утаснаас ярьж байгаа юм гэхэд нөхөр урдаас юу ч дуугарахгүй байхад Г.А урд суудлаас “би Г.А болохоор ярьдаг юм” гээд миний ярианы голоор орж ирсэн... Тэгэхээр нь би А-ыг чи согтуу байж машин барилаа гээд утсаараа цагдаад дуудлага өгсөн. Мөн А-ын нөхөр рүү залгах гэж үзсэн, утсаараа бичлэг хийх гэж үзсэн боловч намайг “чи яасан их цагдаа руу залгадаг юм” бичлэг хийх гэлээ гээд утас булаацалдсан. Тэгж байж байгаад Г.А жолооныхоо ардаас бууж машинаа тойрч ирээд намайг шууд үснээс зулгааж доош нь тонгойлгож дараад хөлөөрөө өшиглөж байсан...” гэсэн мэдүүлгүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 305, 319 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Э, Г.А нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.А, Л.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Г.А гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн, хохирогч Л.Э гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Г.А, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, шүүгдэгч Л.Эыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.

 

  Шүүгдэгч Г.А, Л.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй тэдний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Эыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.А, Л.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Г.А, Л.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Э-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.А, Л.Э нар нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч Г.А, Л.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ