Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 01727

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2017/01659/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Д миний бие нөхөр Бтай 2011 онд танилцаад 2015 оны 06-р сарын 09-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин Б.Бл 2015 оны 9 дүгээр сарын 1.-нд төрсөн, одоо 3 настай, миний асрамжинд байдаг. Бид хамтдаа 2016 оны 04-р сарыг хүртэл манай гэрт хамт амьдарч байгаад түүнээс хойш тусдаа амьдарсан. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй харилцаатай болж тусдаа амьдрах болсон. Одоог хүртэл тусдаа амьдраад би хүүхдээ ганцаараа өсгөж байна. Цаашид бид нэг гэр бүл гэж амьдрах боломжгүй болсон. Бид одоо хэн хэн нь өөр амьдрал зохиосон, эргэж нийлэх ямар ч хүсэл сонирхолгүй байгаа. Иймд А.Д миний нөхөр Б.Бтай гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж, охин Блыг миний асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Дтэй 2011 онд танилцаад 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь үнэн. Бидний дундаас охин Бл нь 2015 оны 09-р сарын 1.-нд төрсөн, одоо 3 настай. Бид хамтдаа 2016 оны 4 сарыг хүртэл манай гэрт хамт амьдарч байсан. Хоорондоо таарамжгүй харилцаатай болсны улмаас тусдаа амьдрах болсон. Бид одоо хэн хэн нь өөр амьдрал зохиосон, эргэж нийлэх боломжгүй. Б.Б миний бие А.Дгөөс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Блаа ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2015 оны 06 дугаар сарын 9-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 67010000.. дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2015 оны 09 дүгээр сарын 1.-ны өдөр охин Б.Бл төрсөн болох нь 67010008.. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оноос өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа байдал, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2015 оны 09 дүгээр сарын 1.-ны өдөр төрсөн охин Б.Блыг  зохигчийн тайлбар, хүүхдийн нас болон хүүхдийн өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг байдлыг харгалзан эх А.Дгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч А.Д нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Блыг эх А.Дгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Дд олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б, А.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 1.-ны өдөр төрсөн охин Б.Блыг эх А.Дгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч А.Д нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг А.Д, Б.Б нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас  70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Дд олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БЯМБАСҮРЭН