Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/235

 

2022           06             28                                2022/ШЦТ/235

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Л.Энхтайван,

Шүүгдэгч Ж.М  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М д холбогдох эрүүгийн 222500000***** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.М  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М  нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ***-******дугаар байрны 44 тоотод Л.Бын 2,98 граммын жинтэй алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 685,400 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.М  шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан...гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Ж.М  мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз Оын гэр болох Оюут багийн 2-27-44 тоотод О бид 2 хамт архи ууж хонон 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөө сэрээд дахин 1 шил архи хувааж уугаад архиндаа согтсон. Бид 2 эргэж унтаад би ганцаараа өдөр нь сэрэхэд Оын ээж болох Л.Б эгч ороод ирсэн байсан. Л.Б эгч намайг загнаад гэр рүүгээ харь гэхээр нь миний машинд бензин байхгүй байсан болохоор эгчээс бензиний мөнгө өгчих гэсэн чинь байхгүй гэхээр нь жижиг өрөөний ширээн дээр байсан 1 ширхэг алтан бөгжийг нь авч гараад ганцаараа Мэнд-Амар худалдааны төв рүү алхан очиж Элдэн-Уул гэсэн нэртэй ломбарданд 340,000 төгрөгөөр Шагар-Эрдэнэ гэдэг хүний бичиг баримтыг харуулан барьцаалж би өөрөө маргааш ирээд авна гэж хэлээд ломбардны эгчээс 340,000 төгрөгийг бэлнээр нь авсан... Би 150,000 төгрөгт өөрийнхөө **-** ***улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд бензин хийсэн. Үлдэгдэл 190,000 төгрөг байж байсан болохоор мөнгө нэмж бөгжийг эргүүлэн авсан. Алтан бөгжийг ломбардад барьцаалах үед би ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

- Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагт ирэхэд манай гэрт манай хүү болон найз нь гээд Ж.М  гэх залуу согтуу унтаж байсан. Тэгээд Ж.М  гэх залууг унтаж байхаар нь бос гээд хөөгөөд гэрээсээ гаргасан. Тэгээд 14 цагийн үед миний утас байхгүй байна ороод хараад ирье гэхээр нь би гэртээ оруулаад өөрийнхөө утаснаас залгатал холбогдохгүй байсан. Тэгээд би шалаа угаагаад байж байтал жижиг өрөөнд гар утсаа хайгаад байсан. Тэгсэн чинь гар утсаа үлдээгээд цэнэглэгчээ миний нэг ширхэг алтан бөгжийн хамт аваад гарчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би бөгжийг 2021 оны хавар Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл дэлгүүрийн 68 төв гэх дэлгүүрээс 2 ширхэг бөгжийг 1,500,000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15х/,

 

- Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Оюут багийн **-** тоотод 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ж.М  бид 2 хамт хоноод 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөө манай ээж Л.Б ажлаасаа буун гэртээ ирж бид 2-ыг загнаж гэрээс гаргасан бөгөөд Ж.М  бид 2 гадаа байж байгаад би найзынх руугаа явлаа гээд салж, өөр өөр тийшээ явсан. Ж.М  надаас салаад манай гэр рүү эргэн орж ээжид гар утсаа үзэх хэрэгтэй байна гэж хэлээд манай гэр рүү орчихоод гарахдаа ээжийн 1 ширхэг алтан бөгжийг нууцаар аваад гарсан байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-н 19х/,

 

А

X

м

 

- Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт Ш гэдэг хүн өөрийн иргэний үнэмлэхний лавлагаагаар 1 ширхэг алтан бөгжийг 340,000 төгрөгөнд барьцаалсан бөгөөд би мөнгийг бэлнээр өгсөн. Би алтан бөгжийг шалгаж үзэхдээ бөгжин дээр байх сорьцны тэмдэглэгээгээр нь шалгахад алтан бөгж мөн байсан. Таны харуулж байгаа Ж.М  гэдэг хүн нь тухайн өдөр Ш гэдэг хүний бичиг баримтаар алтан бөгж барьцаалсан хүн байна. Өөрийгөө Ш гэж хэлж бөгжийг барьцаалсан, иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг нь харахад адилхан л харагдах шиг болсон. Хоёр байна уу гурван хоногийн дараа Ж.М  гээд байгаа залуу нэг эмэгтэйгийн хамт ирж 340,000 төгрөгийг өгч алтан бөгжийг эргүүлэн аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17х/,

 

- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ /хх-н 51х/,

 

-“Ашид билгүүн” ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3936 дугаартай “...Алтан бөгж 18 мм-ийн диаметртэй, 7 мм-ийн өргөнтэй ...685,400 төгрөг...” гэсэн эд зүйлийн үнэлгээ /хх-н 22-25х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11х/

 

-2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай ...2.98 граммын жинтэй 18мм-иин диаметртэй 7 мм-ийн өргөн 1 ширхэг алтан бөгжийг хохирогч Л.Бт хүлээлгэн өгөхөд миний бөгж мөн байна гэж хэлж хүлээн авав...гэсэн тэмдэглэл /хх-ийн 12х/,

 

- Ж.М гийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х/,

 

- Ж.М гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар Ж.М  нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ***-******дугаар байрны 44 тоотод гар утас байхгүй байна, ороод харъя гэж гэрт нь орж жижиг өрөөний ширээн дээр байсан Л.Бын 2,98 граммын жинтэй алтан бөгжийг авч Элдэн-Уул гэх ломбардад 340,000 төгрөгөөр барьцаалсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Ж.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.М  нь Л.Бын 2,98 граммын жинтэй алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 685,400 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Бын мэдүүлэг, гэрч Г.О, Л.Б нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.М гийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ж.М г прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ж.М гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ж.М гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.М  нь хулгайлан авсан эд хөрөнгө болох 2,98 граммын жинтэй алтан бөгжийг буцааж төлсөн, хохирогч Л.Б гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ж.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ж.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас “...6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Ж.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

     Шүүгдэгч Ж.М  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Ж.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргалсайханы Ж.М г 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.М  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НАРМАНДАХ