Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/236

 

 

2022           06            28                                  2022/ШЦТ/236

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Г.Эрдэнэзул,

насанд хүрээгүй хохирогч Б.М,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мз,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 222500000**** угаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт Дэнж баг руу явах тойргийн асфальтан зам дээр **-** ***улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас гарцан дээр зам хөндлөн гарч явсан зорчигч Б.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд.: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хохиролд 2,000,000 төгрөг өгсөн, цаашид гарах төлбөрийг төлнө...” гэсэн мэдүүлэг,

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутад охин Б.А-г 12 дугаар сургуульд хүргэж өгчихөөд эрээд гэртээ харих гээд Согоот багийн нутаг дэвсгэр дээр байрлах тойрог өнгөрч Дэнж баг руу явах замд явган хүний гарц хэсэгт бага насны эрэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гэнэт гарч ирээд машины урд талын улсын дугаар хэсгээр мөргүүлсэн. Би хүүхэд мөргөөд машинаа шууд зогсоогоод буухад миний машин явган хүний гарц дээр зогсож байсан... Мөргүүлсэн хүүхдийг ээж гэх эмэгтэй маш хурдан ирээд миний машинд сууж эмнэлэг рүү очоод хүүхдийг үзүүлэхэд зүүн гарын шуу хэсгээрээ хугарсан байна гэсэн... миний хувьд явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч, бага насны эрэгтэй хүүхдийг мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42х/,

 

- Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутад өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхоны 15 дугаар байрнаас гарч зам дагуу байх явган хүний замаар явж байгаад Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тойргийн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй гарсан. Эхлээд намайг явган хүний гарцаар гарахад Дэнж баг талаас явж байсан тээврийн хэрэгсэл зогссон ба замын нөгөө талаас ирж явсан тээврийн хэрэгсэл миний баруун тал руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мз шүүх хуралдаанд: “... Өнөөдөр эмчид үзүүлсэн. Сар гаран болж байхад эдгээгүй байна. Эмч нь одоо яах уу гээд надаас асуугаад байх юм, би ойлгохгүй байна. Хот явж үзүүлж харуулна гэж бодож байна. 2,000,000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардал, хүүхдээ нааш цааш нь зөөх гээд сая гаран төгрөг зарцуулагдсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цаашид гарах төлбөрийг нээлттэй үлдээхийг хүсье...” гэв.

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 419 дугаартай “...1. Б.Мын биед зүүн гарын шуу болон богтос ясны далд зөрөөтэй хугарал баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд авто ослын улмаас үүссэн байж болно.

5. Шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.." гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32х/,

 

- Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “...Жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож энэ дүрмийн 16.1. 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 35-36х/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-13х/,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13х/,

 

 - Б.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/,

 

- Б.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 46, 50, 52, 54х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт Дэнж баг руу явах тойргийн явган хүний замаар хохирогч Б.М гарч байхад нь мөргөж, түүний биед зүүн гарын шуу болон богтос ясны далд зөрөөтэй хугарал баруун хацарт 1 тооны зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Мын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мз-ын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 419 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Б.Бд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирол, хор уршигийн талаар:

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мзд 2,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мз нь “...одоо нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэсэн тул  шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогчийн гар эдгээгүй, хор уршиг арилаагүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бд 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мз нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ