Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2018/01728

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.А-д холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2018/01333/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Атай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ. Энэ үеэс эхлэн хамтран амьдарч, амьдралын явцад охин Эл 2011 оны 07 дугаар сарын 18-нд, охин Эд 2015 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн. 2007 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн хүү Н нь миний дагавар хүүхэд бөгөөд манай аав, ээжтэй амьдардаг юм. Бид хамт амьдарсан эхний жилүүдээс л үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэж зодоон цохионд хүрч, янд бүрийн хүнтэй утсаар ярьлаа гэж хардаж, аар саар жижиг зүйлээс болж зодож цохих, гарт тааралдсан зүйлээр шидэж цохидог тул арга буюу би 2018 оны 4 сард гэрээсээ яваад эргэж очоогүй. Одоо Улаанбаатар хотын барилгын компанид ажил хийж байгаа ба энэ хүнтэй дахин хамт амьдарч чадахгүй. Бидний ийм хэрүүлтэй зодоонтой байдал хүүхдийн эрх ашигт муугаар нөлөөлж байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү О.Н, охин А.Эл, А.Эд нарыг миний асрамжинд үлдээж, хоёр охинд эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Цаашид таарч тохирохгүй, үр хүүхдүүдээ бодоод буцаад очсон ч байнгын дарамтанд байна гэж бодож байгаа тул түүнтэй дахин амьдрах ямар ч боломжгүй. Хэрвээ буцаад очих байсан бол би аль хэдийн оччих байсан. Сүүлд би түүнийг зодож нүдээд болохоо байхаар нь гэрээсээ яваад аавындаа байж байхад хүртэл араас ирж дарамтлаад болохгүй байхаар нь хот руу явсан нь үнэн.  Одоо энэ хүнтэй буцаж нийлээд сайхан амьдарна гэсэн бодол байхгүй байна. Улам л хэцүү амьдрал угтах байх гэж бодож байна. Аав ээж маань бидний амьдралд оролцоод байсан зүйл байхгүй, би өөрөө л бүгдийг шийдэж энэ хүнээс салах хүсэлтэй байгаа. Үр хүүхдүүдээ өөрөө авна гэдгээ сайн шийдэж чадахгүй байгаа шалтгаан маань энэ хүн надад хүүхдүүдийг минь өгөхгүй гээд байгаатай холбоотой. Түүнийг согтуу ирэхэд нь айж сандардаг, архи уусан үедээ маш ширүүн догшин ааш авиртай болж гарт тааралдсан зүйлээрээ цохиж нүдээд байдаг. Намайг гэр орноо цэвэрлэхгүй, ажил муутай, юм хийж чадахгүй, айл хэсээд байдаг, хүмүүстэй утсаар их ярилаа гэдэг. Миний хувьд найзуудтайгаа хааяа нэг утсаар ярих тохиолдол байдаг. Энэ бүхнээс шалтгаалаад намайг зоддог. Надад гэр бүлээс гадуур харилцаатай хүн байхгүй. Зүгээр л хааяа нэг утсаар ярьдаг холын хүн байгаа. Миний хувьд хотод хийж байгаа ажил маань түр зуурын улирлын чанартай ажил хийж байгаа. Өвөл болохоор барилгын ажил зогсдог, одоо би буцаж хот руу явахгүй. Хүүхдүүдээ аваад аав, ээжтэйгээ цуг амьдарна гэсэн бодолтой байгаа. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй. ...Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй, цаашид энэ хүнтэй амьдрахгүй гэж бодож байгаа тул эвлэрэх хүсэлгүй байна. Аав нь хүүхдүүдээ авна гээд байгаа учир би хүүхдүүдээ аавынх нь асрамжинд үлдээх саналтай байна. Том хүү Н маань өвөө эмээтэйгээ цуг амьдардаг, миний дагавар хүүхэд тул том хүүгээ өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Ч.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.А нь Отэй гэрлэлтээ батлуулж айл болоод 8 жил амьдарсан. Амьдарч байх хугацаанд бидний дундаас 3 сайхан хүүхэд гарсан. Тийм болохоор 3 хүүхдээ эцэг эхийн хайраар дутаахгүй амьдрахыг хүсэж байгаа тул гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцаж 2010 онд гэр бүл болсон ба бидний дундаас 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Эл, 2015 оны 03 сарын 24-ний өдөр охин Эд нар төрсөн. 2007 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн хүү Н маань ээжийгээ дагаж ирж байсан ба би өөрийн төрсөн хүүхдийн адил өсгөж өдий хүрсэн. 2017 оны хавраас хойш Ч.Оийн зан ааш өөрчлөгдөж, гэр бүлээс гадуур өөр хүмүүстэй харилцаа үүсгэх, архи уух зэргээр өөрчлөгдөх болсон. Ингэж өөрчлөгдөж байгааг нь хамаатнууд найз нөхдүүд ч хэлдэг болсон. 2018 оны 4 сараас хойш хүүхдүүд болоод намайг орхиод гэрээсээ явсан ба араас нь хоёр охиноо дагуулж Улаанбаатар хотод очсон боловч ирээгүй. Би байнга архи дарс уугаад, айлгаж зодоод байдаг зүйл байдаггүй байсан. Бид хоёрын салах болсон шалтгаан нь хадам талаас маш их дарамт шахалт үзүүлж байгаатай холбоотой. учир нь аав ээж хоёр чамайг охинтой минь буцаж нийлвэл хөгшин бид нар үхнэ гэж сүрдүүлдэг. Би бүр сүүлдээ аргаа бараад ээжийгээ хүртэл дагуулж очсон боловч үгийг нь хүлээж авахгүй үхэхээс айхгүй байна гэж ярьдаг. Хүүхдүүд хэцүүдэж байна гэхээр тэд яах вэ та хоёр л тус тусдаа сайхан амьдар гэдэг. Ийм нөхцөл байдалд байгаа учир үнэхээр яах ч аргагүй мухардалд ороод байна. Одоо хамгийн бага 3 настай охин маань ээжийгээ байнга нэхдэг. Ер нь бол гэр орон, эд хөрөнгө, мал ахуй үр хүүхдээ хаяад явсан ийм хүнд хүлээлгэх арга хэмжээ байдаг юм уу гэж асуумаар байна. Миний хувьд энэ амьдралыг босгох гэж зүтгэж явахад эхнэр гэртээ цай хоол ч үгүй, гэр орноо огт цэвэрлэхгүй бохир заваан байгаад байдаг. Үүнд нь уур хүрээд хэрүүл маргаан хийж шаардлага тавихаар тэгвэл би угаасаа эхнэр чинь байж чадахгүй гээд үг хүлээж авдаггүй. Цаашдаа энэ хүнээс салаад хоёр хүүхдээ ээжид нь өглөө гэж бодоход хүн шиг авч яваад өсгөж чадахгүй гэдгийг нь би мэдэж байна. ...Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд би Ч.Отэй утсаар ярих гэхээр утас нь холбогдохгүй, Улаанбаатар хотод байж байгаад сая хурлын өмнө ирсэн. Би шүүх хурлаас өмнө хоёр охиноо аваад ээж дээр нь очих гэхэд утас хаягийг нь мэдэхгүй, хайсаар байж ирэхийнхээ урд өдөр уулзаад бид хамт нэг автобусанд сууж ирсэн. Гуравхан настай охин нь өвөр дээр нь суухаар хүүхдээ төвөгшөөх, намайг гарыг нь барихад унтаж байхад цочоочлоо гэх мэтээр бид гурваас их л хөндий явж ирсэн. Шүүхээс гэрлэлт цуцаллаа гэхэд би хоёр бага охиноо өөрийнхөө асрамжинд авна. Биднийг тусдаа байх хугацаанд хүүхдүүд миний асрамжинд байж ирсэн ба энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзах, утсаар ярих тийм зүйл байгаагүй. Би л өөрөө хүүхдүүдээ ээжтэй нь уулзуулчих юмсан, хамт байх юмсан гэж их явсан. Өөрөө л  хүүхдүүдээсээ хөндий байгаад байгаа ийм хүнд би хүүхдээ өгч чадахгүй. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар бидэнд маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ч.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь №115/0015.. дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин А.Эл төрсөн болох нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/0024.. дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин А.Эд төрсөн болох нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/0024.. дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүү О.Н төрсөн болох нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 115/0024.. дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 04 сараас тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа  2 /хоёр/ сарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн нь үр дүнд хүрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч Ч.О нь хүү О.Н, охин А.Эл, А.Эд нарыг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хүү О.Нийг өөрийн асрамжинд авах, охин А.Эл, А.Эд нарыг эцэг Ч.Аын асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авч 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү О.Нийг эх Ч.Оийн, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А.Эл, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Эд нарыг эцэг Ч.Аын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.Эл, А.Эд нарыг эцэг Ч.Аын, хүү О.Нийг эх Ч.Оийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ч.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ааас гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөгддөг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ч.А, Ч.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А.Эл, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин А.Эд нарыг эцэг Ч.Аын, 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү О.Нийг эх Ч.Оийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг Ч.А, Ч.О нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170.218 /нэг зуун далан мянга хоёр зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ааас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгосугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БЯМБАСҮРЭН