Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

2022         08          24                                        2022/ШЦТ/289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,

Шүүгдэгч П.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Т-д холбогдох эрүүгийн 2125003560342 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Ж.Б-ы гээгдүүлсэн Айфоне-икс /IPhone X/ маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч П.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2021 оны 09 дүгээр сарын эхэн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр Тэди төвийн ойролцоогоос гар утас олсон. Тухайн гар утас хар өнгийн IPhone гэх нэртэй гар утас байсан. Би тухайн үед олсон IPhone  гэх нэртэй гар утсыг олоод аваад явж байгаад Оюут баг буюу 2 дугаар микрийн дөмөг захын хажуу талд байдаг машины гражуудын дунд хаяад яваад өгсөн. Хохирол төлбөр 750,000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний хаясан зүйлийг авч болохгүй гэдгийг сайн ойлгож мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60, 77х/,

 

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний гээсэн гар утастай хамт плаш диск байсан. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймагт ажлаар очоод 21 цагаас 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр суманд найз Мөнх-Эрдэний гадаа машинтай очоод машинаасаа буухдаа өөрийн эзэмшлийн Iphone x загварын гар утсаа гээгдүүлсэн учир Орхон аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Би гар утсаа гээсэн өдрийн маргааш нь манай ажлын хүн залгаад Орхон аймгийн Тэди төвийн гар утасчин байна гээд нэг хүн залгаад байна. Таны танил ойрын хүнээс I Phonе маркын гар утас хаясан уу гэж асуугаад байна. Чи Эрдэнэтэд байгаа билүү гэж хэлсэн. Тэгээд би тухай засварын газрын дугаарыг авч холбогдож Тэди төв дээр явж очсон. Тухайн Тэди төвийн хяналтын камерыг шалгасан. Тухайн залуугийн царай зүсийг нь харж аваад тэр хавийн хүмүүсээс асууж, сургалж явсаар П.Т гэж тогтоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/,

 

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 09 дүгээр сарын дунд үед ажил дээрээ гар утас засаад байж байтал нэг согтуу залуу /зүс мэдэх/ энэ гар утасны кодыг гаргуулъя гэсэн. Тэгээд би тухайн гар утсыг үзэхэд ар тал нь хагархай, нүүр нь зураастай IPhone x гэх нэртэй гар утас байсан. Тэгсэн тухайн гар утасны гадна гэрний ард нь нэг эмэгтэй хүний иргэний үнэмлэх, 1 ширхэг плаш байсан. Тэгээд би тухайн гар утасны хамгийн сүүлд залгасан дугаар руу залгаж, IPhone x гар утас хаясан уу, эзэн нь мөн үү гэж холбогдсон. Нэг эмэгтэй хүн эзэн рүү нь би холбогдъё гэж надад хэлээд удалгүй 88105003 гэсэн дугаар залгаад манай ажил дээр хоёр залуу ирээд камерыг шүүсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57х/

 

  • Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 36-40х/,

 

- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ/4247 дугаартай ...Iphone x гар утас 750,000 төгрөг... гэсэн дүгнэлт /хх-ийн 65-67х/

 

- П.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 81, 82 /

 

  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109х/,

 

- Хохирол төлбөр төлсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар П.Т нь Ж.Б-ы гээгдүүлсэн Айфоне-икс /IPhone X/ маркийн гар утсыг авсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Т нь Ж.Б-ы гээгдүүлсэн Айфоне-икс /IPhone X/ маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн Ж.Бы мэдүүлэг, гэрч Н.Гантулгын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ/4247 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч П.Тий гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч П.Тд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч П.Т-ий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч П.Т-ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч П.Т нь хохирогчид хохиролд 750,000 төгрөгийг төлсөн, хохирогч Ж.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч П.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч П.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

        Бусад асуудлаар:

       Шүүгдэгч П.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч П.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пэрэнлэйн П.Тг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Т нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ