Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

2022            06          30                                 2022/ШЦТ/240

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Л.Энхтайван,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт холбогдох эрүүгийн 222500*****  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулах Сэлэнгэ зочид буудлын 402 тоот өрөөнд Г.Бгийн нүүрэн тус газарт гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... хохирол төлбөрийг барагдуудсан. Эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээ нь ирэх 7 хоногт дуусна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 06 дугаар сарын 08-ны шөнө Оюут багийн Сэлэнгэ зочид буудлын 402 тоот өрөөнд найз охин Бямбасүрэнтэй маргалдсан. Маргааны шалтгаан нь найз охины утсанд Отгоо гэх фэйсбүүк нэртэй хүнээс ...наана чинь таалагдахгүй бол ирж хонож болно шүү дээ... гэсэн чат ирсэн байсан. Тэгээд би найз охиныхоо утсыг булааж аваад гар утсаар нь нүүр рүү нь цохисон. Тухайн үед өөрийгөө хянах боломжтой байсан. Яагаад ч юм намайг хуураад байгаа юм шиг санагдаад ийм үйлдэл хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31, х/,

 

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 06 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн үед Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудын 402 тоот өрөөнд найз залуу болох М.Гыг хүлээгээд түүний төрсөн дүү Мөнхтуяагийн хамтаар сууж байхад гаднаас М.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг фэйсбүүк мессенжерийн групп чатад дүрсээр харж дуудлага хийж байхад М.Г утас булаагаад газар руу шидчихээр нь очиж утсаа аваад дүрсээр дуудлага хийж байсныг салгаад зогсож байтал М.Г дахин ирээд миний утсыг булааж аваад утсаар маань нүүрний баруун хацар руу цохисон. Тэгээд би өрөөнөөс гараад тонгойх үед амнаас их хэмжээгээр цус гарахаар нь доошоо буугаад буудлын ресепшн дээр очоод цагдаад дуудлага өгүүлсэн. Тухайн үед дүрсээр дуудлага хийж байсан хүн эрэгтэй хүн байсан. Тэрийг хараад хардсандаа утсыг маань авч шидээд намайг гар утсаар цохисон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,

 

- Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд: ...Оюут багийн Сэлэнгэ буудлын 402 тоот өрөөнд манай ах найзтайгаа хоёулаа байна гэж өдөр надад хэлсэн. Би ажлаа тараад 18 цагийн үед ахаасаа гэрийн түлхүүр авахаар очтол найзтайгаа хоёулаа тасарч унаад сэрээд байж байна гээд байж байсан. Тэгээд найз охин чинь асуувал юу гэх юм гэж асуухад найз охинд энд байна гээд хэлчихгүй юу гэж надад хэлсэн. 21 цагийн үед найз охин нь ажлаа тараад манай гэрт ирсэн. Ирээд хэсэг байж байгаад 23 цагийн үед ахын байх буудалд хамт очъё шалгаж үзье гээд бид хоёр хамт явсан. Сэлэнгэ буудлын 402 тоот өрөөнд ортол өрөөндөө манай ах байгаагүй. Тэгээд ах руу залгаад хаана байгаа талаар асуухад гадуур байна гэсэн. Би найз охинтой нь өрөөнд ороод хүлээгээд байж байтал надаас хүн юм авах болоод түр буудлаас гарч ирээд ах руу залгатал ах такси олдохгүй байна, би 6-5 дугаар байрны гадна байна намайг ирээд авчих гэхээр нь би машинтай явж байсан болохоор ахыг очиж авсан. Тэгээд бид хоёр буудал руу буцаад орсон. Тэнд бид 3 юм ярьж байгаад манай ах найз охиныхоо утсыг үзэж байгаад ирсэн чат болон мессежийг уншаад тэр чат мессежээс болж хоорондоо маргалдсан. Уурандаа найз охиныхоо нүүр үү утсыг нь авч шидсэн. Шидсэн утас нь найз охиных нь үүдний шүдийг оносон. Шүднээс нь цус гарч цагдаагийн байгууллага руу дуудлага мэдээлэл өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 475 дугаартай дүгнэлтэд: “...1. Г.Бгийн биед 41, 42, 43 дугаар шүдний булгарал, баруун завьж, доод уруулд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн зүйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27х/,

 

- Шүүгдэгч М.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, оршин сугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47, 62, 46, 61х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Гын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч М.Гт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Г.Б нь “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Гт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч М.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Г нь 1,000,000 /нэг сая / төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ