| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2022/0267/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/297 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэзул |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/297
2022 09 05 2022/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
Улсын яллагч Г.Эрдэнэзул,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Бнь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди худалдааны төвийн лангуун дээрээс Ц.Н-ын өмчлөлийн Айфоне 8 плюс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
- Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Муухай хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүүхдийнхээ Самсунг эс-3 загварын гар утасны батерейг солиулах гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр “Сонор хайрхан” худалдааны төвийн 2 давхарт байрлах Тэди худалдааны төвд гар утас зардаг эмэгтэй хүнд утсаа үзүүлсэн. Тэр эмэгтэй урд талынхаа лангуунаас гар утасны батерей хийж үзээд... таны гар утасны батерей зүгээр байна, цохиулчих гэж хэлээд өөрийнхөө лангуу руу явсан. Тэр худалдагч охин урд талыг лангуун дээр өөрийнхөө гар утсыг үлдээчихсэн байсныг би авчихсан юм. Хүний гар утсыг хэлэхгүйгээр, нууцаар авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Улаан цоохор өнгийн кейстэй, улаан өнгийн хагархай артай, алимны зурагтай гар утас байсан. Уг гар утсыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 цагдаагийн хажууд худалдагч охинд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 40х/,
- Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг Тэди төвийн 2 давхарын үүдэнд байрлах лангуун дээрээ байж байсан чинь нэг эмэгтэй Самсунг Эс-3 маркийн гар утасны батерей авна гэж орж ирсэн. Тэгээд би хажуугийн лангуун дээрээс батерей үзүүлж байгаад гар утсаа лангуун дээр тавьсан...тэгээд би өөрийнхөө лангуун дээр очсон. Гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзтэл улаан өнгийн цамцтай, цагаан өнгийн хантаазтай, нүдний шилтэй, бор цүнхтэй 50 орчим насны эмэгтэй хүн лангуун дээрээс миний гар утсыг авч явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах Тэди худалдааны төвөөс 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Айфоне 8 плюс 64 gb гар утсыг 1,150,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Айфоне 8 плюс загварын гар утас нь урд шил нь хар өнгийн хойд тал нь улаан өнгийн, хар өнгийн хамгаалалтын кейстэй гар утас байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би алдагдсан гар утсаа эргүүлж авсан. Надад гомдол байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-н 20, 22х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ622/4166 дугаартай “...I Phone 8 plus загварын гар утас 700,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 31-34х/,
- Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 9-12х/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 14-15х/,
- Л.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44х/, - Л.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Л.Б нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди худалдааны төвд гар Самсунг эс-3 загварын гар утасны батерейг солиулахаар очихдоо лангуун дээр байсан Ц.Н-ын өмчлөлийн Айфоне 8 плюс загварын гар утсыг авсан үйл баримт болсон байна. Прокуророос шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Н-ын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Л.Б-г прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Л.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Л.Б нь хулгайлан авсан эд хөрөнгө болох айфоне 8 плюс маркийн гар утсыг эргүүлэн өгсөн, хохирогч Ц.Номинзул “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл 4 байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас “...6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн болно. Шүүх шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв. Бусад асуудлаар: Шүүгдэгч Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ