Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

                                                                                               

 

 

 

Б.Мын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03685 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т  ХХК-д холбогдох  

 

Орон сууцны метр квадратын зөрүү 9 592 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянгасайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т  ХХК-иас 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 20 дугаар байрны 184 айлын орон сууцнаас 85.65 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 679 392 төгрөгөөр нийт 143 840 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 430 дугаар байрны 150 айлын орон сууцнаас 49.99 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 937 248 төгрөгөөр нийт 96 843 000 төгрөгөөр захиалсан. Гэрээ байгуулах үед тухайн байруудыг тус тус 85.65 болон 49.99 метр квадрат талбайтай гэсний дагуу гэрээг байгуулж зохих төлбөрийг төлсөн.

Гэтэл Т  ХХК нь гэрээ байгуулахдаа Монгол улсын стандарт орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг зөрчсөн талаар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албаны хүмүүс хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр анхааруулсаны дагуу Гега гранд ХХК-нд хандаж байрны талбайн хэмжээг тогтоолгоход тайлангаар уг 85.65 м.кв бүхий байр 82.05 м.кв, 49.99 м.кв бүхий байр нь 48.26 м.кв болохыг тодорхойлсон. Иймээс орон сууцны барилгын доторх сууцны талбайн зөрүү болох 5.33 м.кв талбайн үнэ 9 397 250 төгрөг, байрны хэмжилтийн үнэлгээний хураамж 195 000 төгрөг, нийт 9 592 250 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж буй 2 байр 2 өмчлөгчтэй. Гэрээг байгуулахдаа нэг байрны гэрээг нь Б.М, нөгөө байрны гэрээг Д.Түвшинжаргал хийсэн байдаг. Гэрээний зүйл болох хөрөнгийн талаар доголдолтой гэж маргаж байна. Гэрээ байгуулсан этгээдийг Б.М дангаар төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ асуудал өмнөх шүүх хуралдаанд яригдсан. Өнөөдөр Д.Түвшинжаргал Б.Мад итгэмжлэл хийж өгсөн боловч тус итгэмжлэлээр ямар хэрэгт өөрийнхөө ямар эрх үүргийг хэрэгжүүлж, түүнийг шүүхэд төлөөлүүлэхийг дурдаагүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байна. Иймд нэхэмжлэл гаргаж байгаа үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Б.М Олимп хотхоны хувьд байрыг хүлээн авсан учраас гомдлыг шаардлагаа гаргаж байна. Д.Түвшинжаргал Алтай хотхон дээр гэрээ байгуулсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр байранд хэмжилт хийлгэж, доголдолтой гэдгийг мэдсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байна. Гэтэл 2013 онд энэ барилга карказ хэлбэртэй болсон байсан. Доторх өрөөний зохион байгуулалт тодорхой болсон байсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх 2015 онд шилжсэн. Худалдан авч байгаа эд хөрөнгийн доголдлыг талаарх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байдаг. Иймд Олимп хотхоны байранд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тайгам-Алтай ХХК-иас 3 423 439 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 168 811 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тайгам-Алтай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69 725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байгаа нь гэрээг байгуулах цаг хугацаанд барилга карказ боссон түүний доторхи талбайн зохион байгуулалт хэмжээ тодорхой байсан тул худалдан авагч түүнд нийцүүлэн тэр хүрээнд сонголт хийж захиалан худалдаж авсан. Нэхэмжлэгч нь орон сууцыг 2015 онд хүлээн авч байрандаа орсон бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар орон сууцыг хүлээн авахаасаа өмнө хэмжилт хийлгэж хүлээн авсан ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар өнгөрсөн байхад анхан шатны шүүх гомдлын шаардлага  гаргах хугацаа дууссан нь шүүхэд мэдүүлэх шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэрэгсэхгүй болгосон зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Т  ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 20 дугаар байрны 22 тоот орон сууцны талбайн м.кв-ын зөрүүд 6 045 811 төгрөг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот орон сууцны талбайн м.кв-ын зөрүүд 3 351 439 төгрөг, хэмжилт хийлгэхэд гарсан зардал 195 000 төгрөг, нийт 9 592 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 20 дугаар байрны 22 тоот орон сууцыг захиалгаар бариулах гэрээг П.Түвшинжаргалтай байгуулсан тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот орон сууцны доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

       Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж 20 дугаар байрны 22 тоот орон сууцны тухайд:

 

       2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т  ХХК, иргэн П.Түвшинжаргал нарын хооронд “орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Т  ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 184 айлын орон сууцны 22 тоот орон сууцны барилгыг 2013 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч П.Түвшинжаргал нь орон сууцны үнэд 143 840 000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь дээрх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 29-32/

 

       Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.М нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “орон сууц захиалгаар барих гэрээ”-ний нэг тал биш тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхгүй үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

       Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот орон сууцны тухайд:

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Т  ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр Б.М нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 430 дугаар байрны 35 тоот, 49.99 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 937 248 төгрөгөөр, нийт 96 843 000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр, Т  ХХК нь орон сууцны барилгыг 2014 оны 04 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

Ирээдүйд бий болох орон сууц нь ажлын үр дүн байх талаар тохиролцсон гэрээний агуулга болон хэрэгжсэн байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны доголдолыг мэдсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байх тул энэ үеэс тоолоход Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан 3 жилийн дотор ажлын үр дүн болох барилга, байшингийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

Дээрх гэрээний дагуу захиалагч Ж.Мөнхтуяа нь нийт 96 843 000 төгрөгийг төлж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны дараа тусгай зөвшөөрөл бүхий “Гега гранд” ХХК-иар сууцны талбайг хэмжүүлэхэд гэрээнд заасан хэмжээнээс 1.73 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон ба тус компани хэмжилт хийхдээ MNS 6058:2009 стандартыг баримталсан байна. /ХХ 6-14/

 

Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн нэхэмжлэгчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчин гэрээнд заасан хэмжээнээс бага хэмжээтэй орон сууц шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ цэнэ буурсан хэмжээгээр хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлсөн хөлснөөс 3 351 439 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай нийцэх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Т  ХХК-иас гэрээний үүргээ зөрчсөнөөс орон сууцны талбайн хэмжилт хийлгэсний ажлын хөлс 72 000 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дээрх 72 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т  ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН