Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 122/2024/0001/з |
Дугаар | 221/МА2024/0404 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2024/0404
Д.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О
Нэхэмжлэгч: Д.О /РД:/
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газрын даамал
Гуравдагч этгээд: Н.Б /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.О-д олгосон 2000 кв.м газарт кадастр хийж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, кадастр хийж, газрын мэдээллийн санд нөхөн бүртгэхийг даалгах, Түмэнцогт сумын 3-р багт 884 кв.м газрыг Н.Б-ын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг устгахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2024/0005 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 122/2024/0001/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О-с Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга, тус сумын Газрын даамалд холбогдуулан “... Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.О-д олгосон 2000 кв.м газарт кадастр хийж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, кадастр хийж, газрын мэдээллийн санд нөхөн бүртгэхийг даалгах, Түмэнцогт сумын 3-р багт 884 кв.м газрыг Н.Б-ын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг устгахыг даалгах”-аар маргасан байна.
2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2024/0005 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 20 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 -д заасныг тус тус баримтланД.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Миний төрсөн эгчийн хүү Д.О нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өөрийн ээж Р.Д, миний төрсөн эгч Р.Нж нар нь миний аав Н.Р ээж М.М нартай мал эмнэлгийн урд талын эгнээний баруун урд 1998 оноос хойш амьдарч ирсэн. Энэ хооронд малаа дагаж 2003-2004 онд сумаас зүүн тийш хөдөө гарсан ба 2005 оны намар сумын төв рүү нүүж буйр нь дээрээ ирж амьдарсан. Уг газартаа Д.О 2005 оны 1 сарын 26 өдөр газар өмчлөх хүсэлт өргөдөл гаргасны дагуу (мөн төрсөн эгч Р.Н адил) 2005 оны 5-р сарын 10-ны өдрийн Түмэнцогт сумын Засаг даргын 32-р дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд 2000 м.кв газрын өмчлөх эрх батлагдсан. ...
Би зүүн 2 цэг нь ойлгомжтой байсан тул баруун 2 цэг дээр нь чулуу овоолсон. ... Миний бие 2022 оны 1-р сард анх удаа орон даяар газрын бүртгэлийн цахимжилт явагдаж байгаа тухай мэдээлэл сошиалаас авсан. 2022 оны 7 дугаар сард амралтаар Монголд ирээд Д.О, Р.Н нарын газрыг цахим бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг e-gazar.mn цахим хаягаар орж харсан. Д.Т даамал цахим бүртгэл дээр Р.Н-ийн газрыг бүртгэхдээ хаа хамаагүй сумаас урагш хол хогийн цэгийн тэнд тог, усгүй, дэд бүтэцгүй газарт бүртгэсэн байлаа. ...
3.2. ... Гэтэл өмнөх даамлын эрх мэдлийн хүрээндээ манай эгч дүү хоёрт зааж өгсөн байршлыг одоогийн газрын даамал нь үгүйсгэж, дур зоргоороо байршлыг нь сольж байгаад нь миний бие ихэд гайхаж өмнөх газрын даамал Э.А-тай холбогдож учир байдлаа хэлсэн Ингээд Э.А даамал, Р.Н-ийн газрыг цахим бүртгэл дээр мал эмнэлэгт залгаа байршил дээр шилжүүлж өгсөн.
... 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хавьцаа татах ажлаа эхлүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 27-ний өдөр би Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т-т хандаж Д Т даамал Р Н Д О нарын газрын байршилд давхцал үүсгэж Р Н-ийн газрыг цахим бүртгэлд оруулахдаа хаа хол сумаас урагш байршилд оруулсан Д.О-ийн газрыг цахим бүртгэлд оруулаагүй Д.Н-той үгсэн хуйвалдаж ядарсан хөдөөний эгч, дүү хоёрыг минь.элэг барин илт дээрэлхэж байгаа тухай өргөдөл гомдол гаргаж мэйлээр явуулсан.
3.3. Т дарга энэ асуудлыг шийд гэж хэлтсийн дарга Г.Э-д даалгасан тул миний бие Г. Э даргад Д. Т даамал Д. О-ийн газрыг цахим бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдлийн талаар 2022 оны 9-р сарын 14, 10-р сарын 25, 11 сарын 10-ны өдөр, 11 сарын 14, 11 сарын 16 11 сарын 17 11 сарын 19, 11 сарын 21,12 сарын 20. 2023 оны 1-р сарын 9, 1-р сарын 13, 2 дугаар сарын 7-ны өдрүүдэд тус тус гомдол, өргөдөл гаргасан.
2022 оны 11-р сарын 18-ны өдөр Н.Б Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Д.О-ийг хариуцагчаар татаж хашаагаа татан буулгахыг шаардсан нэхэмжлэлийг Д.О хүлээн авсан. Энэ нэхэмжлэлд 2022 оны 10 дугаар сарын 25-28-нд Түмэнцогт суманд ажилласан Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажлын хэсэгт гаргасан Д.Н-ийн бичсэн Р.Н-ийн гэх өргөдлийг хавсаргасан байсан. ... Д.Т даамал өмнө нь 2022 оны 8 сарын эхээр биднийг Д.О, Р. Н нарын газар өмчлөх өргөдөл, тойм зургийг авъя гэж гуйхад “алга болсон байна” гээд өгөхгүй байсан атлаа шүүхийн шинжээч нарт Д.О-ийн өргөдөл тойм зургийг гаргаж өгсөн. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шүүхийн шинжээч баг дүгнэлтдээ “2 газрынхаа баруун талд нь” нь гэж бичсэн атал 2 дахь газар болох Р.Н-ийн газар өмчлөх өргөдөл. тойм зураг нь нотлох баримтаар ирээгүй. 2 газрын өргөдөл, тойм зураг байхгүй байтал аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээч “2 газрын баруун талын газар нь мөн” гэж баталж байгаа нь логикийн алдаатай ба энэ дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Д.Н-ийн гараар бичсэн өргөдлүүд гэвэл Р.Н эгчийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажлын хэсэгт гаргасан өргөдөл Н.Б-ын Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2 удаагийн өргөдөл, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2 хуудас тайлбар зэрэг нь бүгд Д.Н-ийн гараар бичигдсэн нь байдаг. Энэ өргөдлүүдийг бүгд нэг хүн буюу Д. Н-ийн гараар бичсэн эсэхийг шүүхийн шинжээчээр шалгуулах хүсэлтэй байна.
3.4. ... 2003 онд Д.Н мал эмнэлгийг хувьчилж аваад мал эмнэлгийн хашаанд нүүж орж, тус хашаанд Д.Н-ийн дүү Д.Н-ынх ганц гэрээрээ үлдсэн. 2006 оны намар Д.Н-ийн ээж Ж.Д гуай нас барсны дараа Д.Н нь Ц эмчийн хашаа байшинг худалдаж аваад нүүснээр энэ хашаа эзгүй болж Д.Н ээжийнхээ хашааг хурааж ав ад мал эмнэлгийнхээ хашаа урагш нь 2 дахин сунгасан. ... Д.О нь тус газартаа өөрөө амьдарч ирсэн. Тухайн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газрын даамал хийж байсан эрх бүхий албан тушаалтан 2000 м.кв газрын цэгийг зааж өгч байсан хэдий ч өнөөдрийн байдлаар газрын кадастр хийгдэж, мэдээллийн санд ороогүй байна.
Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар 2022 оны 10 сарын 25-28 өдрүүдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ажиллах үеэр Р.Э нь газрын мэдээллийн санд нэхэмжлэгч Д.О-ийн өмчилж байгаа газрын мэдээллийг оруулах, нэгдсэн санд бүртгүүлэх, газрын давхцалын маргаантай байгаа галаар өргөдлийг гаргасан. Мөн Д.О-ийн өргөдөлтэй зэрэгцэн гуравдагч этгээд Батжаргал ч өөрийн өмчилсөн гэх газрын кадастрын мэдээллийн санд оруулахаар өргөдөл гаргасан байдаг. Тэгэхээр аль аль нь газрын мэдээллийн санд кадастрын зураг оруулалгүйгээр газар өмчлөх эрхтэй явсаар хожим зэрэгцэн гаргасан байхад манай хашаа барьсан газартай бидний өмчлөлийн газартай давхцуулан Б-ын кадастрын зургийг 2022 оны 10 сард бүртгэж мэдээллийн санд оруулсан нь хууль бус юм.
3.5. Газрын тухай хуульд зааснаар давхцалтай газрыг бусдад эзэмшүүлэх нь хориотой. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газрын даамал нь Б-д 2010 онд газар өмчлүүлсэн газрын бичиг баримтыг 2022 онд нөхөн бүрдүүлэлт хийж, ингэхдээ О-д өмчлүүлсэн газартай давхцуулан олгосон нь гуравдагч этгээдийн захирамж анх гарахдаа үндэслэл муутай гарсныг харуулж байна.
... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх. зохих шийдвэрийг үндэслэн өмчлөгчид нь хүлээлгэж өгөх. заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн газарт кадастр хийж, холбогдох мэдээллийн санд бүртгэх ёстой.
Гэтэл ийнхүү нэхэмжлэгчид нэгэнт олгосон газрын кадастрыг хийж, холбогдох мэдээллийн санд бүртгээгүйн улмаас түүний газар өмчлөх эрх зөрчигдөж байна.
... Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 122/ШШ2024/0005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1 Сумын Засаг дарга нь иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу тухайн ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрийг тогтоож, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/177 дугаар тушаалаар баталсан “Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журам”-ын 5.6.3-д зааснаар өмчлүүлэх газар бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх ёстой. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “газрын тухай хуулийн тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих” гэж заасны дагуу Засаг дарга нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавьж, газрын даамалтайгаа хамтран түүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан ажиллах учиртай.
4.2. Н.Бд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа хуульд заасан суурин газрын судалгаа ажиллагааг хийж, бодит нөхцөл байдлыг тогтоох, өөрсдийн гаргасан өмнөх захирамж байгаа эсэхийг нягтлаагүй улмаас нэхэмжлэгч Д.О-ийн газартай давхцуулан газар олгосон байна. Д.О-ийн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгээгүй учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж мэдээллийн санд орсон зургаар давхцал байгаа эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдалд захиргааны байгууллага зориудаар хүргэснийг шүүх анхаарч үзээгүй.
Газрын даамал Д.Т нь Д.О-ийн газрыг цахим бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдлийн талаар 2022 оны 9-р сарын 14, 10-р сарын 25, 11 сарын 10-ны өдөр, 11 сарын 14, 11 сарын 16, 11 сарын 17, 11 сарын 19, 11 сарын 21, 12 сарын 20, 2023 оны 1-р сарын 9, 1-р сарын 13, 2-р сарын 7-ны өдрүүдэд тус тус гомдол өргөдөл гаргасан. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Түмэнцогт суманд 2022 оны 10 сарын 25-28-ны өдрүүдэд хэлтсийн дарга Г.Эийн ахалсан ажлын хэсэг ажилласан ба энэ үеэр миний бие Түмэнцогт сумын Засаг даргаар дамжуулж ажлын хэсгийн ахлагч Г.Э-д Д.О, Р.Н нарын газрын асуудлыг бичиж Д.О-ийн газрыг цахим бүртгэлд бүртгүүлж өгөхийг хүссэн өргөдлийг нэхэмжлэгч явуулсан. Үүний дагуу Д.Т даамал Д.О-ийн газрыг цахим бүртгэлд бүртгэхээр болж “шийдвэрлэлээ” гэсэн хариу ирсэн ч өнөөдрийг хүртэл уг асуудлаар шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй гаргасаар байна.
4.3. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.2.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн газарт кадастр хийж, холбогдох мэдээллийг санд бүртгэх үүрэгтэй. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газрын даамал Д.Т нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй Д.О-ийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг шүүх зөвтгөх учиргүй.
4.4. Бусдад өмчлүүлсэн газарт давхардуулсан газар олгож байгаа нь нэхэмжлэгч Д.Оийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй гэж заасныг зөрчиж байна. 2022 оны 8 болон 10 сард Н.Б-д олгосон газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр байдлын болон давхцалын талаар холбогдох байгууллагад нэхэмжлэгч өргөдөл гарган маргаж явах хугацаанд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 багт 884 м.кв газрыг Н.Б-ын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн /оруулсан/ үйлдэл хууль бус ба оролцогч этгээдэд тэгш боломж олгоогүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2024/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дүгнэлт өгөөгүй; хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан тул шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
4. Нэхэмжлэгч Д.О-өөс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга, тус сумын Газрын даамалд холбогдуулан “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжийн Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д.О-д олгосон 2000 кв.м газарт кадастр хийж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, кадастр хийж, газрын мэдээллийн санд нөхөн бүртгэхийг даалгах, Түмэнцогт сумын 3-р багт 884 кв.м газрыг Н.Б-ын нэр дээр кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрын мэдээллийн санд оруулсан мэдээллийг устгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “... миний өмчлөлийн газар дээр давхцуулж Н.Б-д газар өмчлүүлж, кадастрын зураг хийсэн, иргэнд өмчлүүлсэн газрын хил заагийг баталгаажуулж, газрын мэдээллийн санд оруулах ажлыг газрын даамал хийгээгүй, холбогдох хууль, журмыг зөрчиж газар өмчлөх эрхийг хязгаарласан” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлана.
5. Харин хариуцагч нь “...газар өмчлөх хүсэлт гаргахдаа хавсаргасан тойм зургаас харахад байршлын хувьд хоорондоо давхцалгүй, сумын газрын даамалд мэдэгдэлгүйгээр Н.Б, Р.Н нарын газрыг нийлүүлэн дур мэдэн хэмжилт хийж хашаалсан” гэж, гуравдагч этгээдээс “...манайх тухайн газар дээрээ 2010 он хүртэл амьдарсан байхад 2005 онд давхардуулан олгох боломжгүй, Д.О-д 2005 онд газар олгосон газрын хувийн хэрэг олдохгүй байгаагаас байршил тодорхойгүй, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажлын хэсэг газар давхцалгүй гэж дүгнэсэн” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, маргааны үйл баримтын талаар “... Д.Оийн 2005 онд газар өмчлөх хүсэлтдээ хавсаргаж өгсөн тойм зургаас харахад байршлын хувьд Н.Б, Р.Н нарын газрын баруун талд гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй, ... Н.Б-ын 884 кв.м газрын өмчлөх эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25.1-д заасны дагуу үүссэн бол Д.О-д 2000 кв.м газрыг өмчлөх эрх хууль ёсоор үүсээгүй, ... өргөдөлд хавсаргасан тойм зураг болон газрын кадастрын мэдээллийн сан дахь зурган мэдээллийг харьцуулахад ямар нэг давхцалгүй гэж шинжээч дүгнэсэн, ... Д.О-өд өмчлүүлсэн газар дээр Н.Б-д давхцуулж өмчлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэх зэргээр зөрчилтэй дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална:”, 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх;”, 5.1.5.2.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх; 13 дугаар зүйлийн 13.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:” гээд 13.1.2-т “сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх;”, 14.1-д “Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: гээд 14.1.3.аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”, 21 дүгээрх зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл, Монгол Улсын иргэнд шинээр, эсхүл эзэмшиж байсан газрыг тэргүүн ээлжинд өмчлүүлэх аливаа тохиолдолд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах асуудлыг хэлэлцсэн байхаас гадна, Засаг даргын захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэснээр өмчлөх эрх үүсэх, газрын кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн иргэнд хүлээлгэн өгөх үүрэг захиргааны байгууллагад хадгалагдахаар байх ба дээрх шаардлагыг хангасан нөхцөлд газар өмчлүүлэх харилцаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явж, газар өмчлөх эрх хууль ёсоор үүссэн гэж үзэхээр байна.
8. Хэрэгт цуглуулсан нотлох баримтыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулах үзэхэд дараах үйл баримт тогтоогдоно:
8.1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн нэр бүхий иргэдийн гаргасан хүсэлт, тойм зургийн дагуу гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж газар өмчлүүлсний дотор У.О, Д.О нэртэй иргэдэд 3-р багт тус бүр 2000 кв.м газар олгожээ.
8.2. Сумын Засаг даргын 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийдвэрийн дагуу Д.Н-д 4-р баг, Баруун гэр хороолол байршилд 532 кв.м газар эзэмшүүлсэн гэх №30 гэрчилгээ хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 1997 онд газрын цагаан гэрчилгээ авсан, тэнд хүү Н.Б-ын хамт амьдарч байсан, тэгээд хүүгийн нэр дээр шилжүүлье гэж хүсэлт гаргаж газрыг шилжүүлсэн” гэж дурджээ.
8.3. Харин Түмэнцогт сумын Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжаар Н.Б гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 884 кв.м газрыг өмчлүүлэхдээ “өмнө нь газрыг эзэмшиж байгаагүй” буюу шинээр өмчлүүлсэн тухай хавсралтын №4-т тусгасан.
Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Түмэнцогт сумын 3 дугаар баг, Баян-Овоо 2 гудамжны 222 тоот хаяг байршилтай 2215000811 нэгж талбарын дугаартай 884 кв.м талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг Н.Б-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-1214000246 дугаарт бүртгэж, 000732780 дугаартай гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгожээ.
9. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн 7-д заасан хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь хувьд хангагдсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу гүйцэтгэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Тодруулбал,
9.1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар захирамжаар Д-ийн О-д, сумын Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжаар Н.Б-д тус тус өмчлүүлсэн газар байршлын хувьд хооорндоо давхцаж байгаа эсэхийг тогтоохтой холбогдуулан: анх өмчлөх хүсэлт гаргахдаа хавсаргасан газрын тойм зураг нь одоо хашаалсан газарт байршлын хувьд тохирч байгаа эсэхийг сумын Засаг даргын Тамгын газар, Газрын даамалд хадгалагдаж байгаа эсэхийг тодруулах ажиллагаа явуулж, маргаан бүхий газарт шүүхийн үзлэг хийх;
9.2. Түмэнцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолын нотлох баримтаар цуглуулах зэргээр Д.О, Н.Б-д нарт өмчлүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх үйл баримтыг эргэлзээгүй тогтоох;
9.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан, сумын Засаг даргын 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийдвэрийн дагуу Д.Н-д эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд мөн сумын Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар захирамжаар Н.Б-д өмчлүүлсэн газар мөн эсэх буюу уг газрын эзэмших эрхийг Д.Н-оос түүнд шилжүүлсэн шийдвэр гарч байсан эсэхийг тодруулах; зэрэг нь маргааны үйл баримтыг эргэлзээгүй тодорхойлоход зайлшгүй ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Газар өмчлүүлэх шийдвэр гарнаас хойш 2023 он хүртэл хэн алиныг нь газарт кадастрын зураг хийж, газрын мэдээллийн санд оруулаагүй талаар хэргийн оролцогчид маргаагүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон, газрын тойм зураг, газрын мэдээллийн санг хооронд нь механикаар харьцуулж гаргасан шинжээчийн дүгнэлтийг дангаар нь эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэж, үндэслэл болгосон нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
11. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй учраас шийдвэрийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 122/ШШ2024/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ