Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0208/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Шүүгдэгч С.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд Сэвжидийн Отгонбаярт холбогдох 201609000427 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 05-нд Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нурууны 8-04 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, /РД:ТГ72030590/ Урьд: Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 сарын 27-ны өдрийн №432 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №171 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250/ хоёр зуун тавин цаг/ албадан ажил хийлгэх ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн дугаар 214 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1, 261.1, 145.3-д зааснаар 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, Бүргэд Сэвжидийн Отгонбаяр Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Сэвжид овогтой Отгонбаяр нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлэн ялтай байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сарын 04-наас 2016 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Ногоон модны гүүр гэх газарт оршин суух иргэн Мөнхдалай овогтой Эрхбаярын хашаанаас улаан халзан зүсмийн 6 настай сувай үнээ хулгайлж иргэн М.Эрхбаярт 1.000.000 /нэг сая / төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ D:/шийтгэх тогтоол- С.Отгонбаяр-145.2 ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С.Отгонбаярын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө гэрээсээ шөнийн 03 цаг өнгөрч байхад гараад эхнэрийнхээ нэр дээр байдаг, би өөрөө унаж хэрэглэдэг 99-07 ДАХ дугаартай “Киа Оптима” маркийн машинаа унаж Ногоон модны гүүр гэх газарт очиж 500 м зайтай газар машинаа хонхорт хогийн цэгт орхиод, өөрөө явганаар малтай айлууд руу явсан. Тэгээд нэг айлын гадаа гудамжинд гэрийнхээ гадаа хотолсон байсан үхрүүдээс нэг сувай улаан зүсмийн үнээг салгаж туугаад, машинаа байсан газраа авчраад ганцаараа нядалж төхөөрөөд гэрлүүгээ очоод 5 өнгөрч байхад буцаад ирсэн чинь хулгайлсан махан дээр хүмүүс ирсэн байсан. Тэр хүмүүс цагдаад хэлсэн. Би тухайн газраас зугтсан. Маргааш нь цагдаа нар манайд ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/, “... махыг нь 300 000 төгрөгөөр зарж, 700 000 төгрөгийг бэлнээр хохирогчид өгсөн. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Миний буруу дахин хулгай хийхгүй” гэх мэдүүлэг, Хохирогч М.Эрхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 04-ний орой би 23 цагийн орчим үхрүүдээ гэрийнхээ гадаа бөөгнүүлээд унтсан юм. Шөнө унтаж байхад 01 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь гараад харахад юм мэдэгдээгүй. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 30 минутын орчим босоод үхрээ бүртгээд үзэхэд улаан халзан эм үхэр алга болсон байсан. Би тэр хавийн айлуудаар ороод үхрээ хайж байгаад олдохгүй болохоор нь зах руу орж үзэх гээд явж байхад замд цагдаа нар бөөгнөрсөн байхаар нь сонирхоод яваад очиход манай үхрийг нядалсан байсан юм. Тэгээд би үхэрээ хулгайд алдсан байна гэж мэдсэн юм. Би үхрээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, Гэрч Ч.Даариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн нөхөр С.Отгонбаяртай гэр бүл болоод 23 жил болж байна. энэ хооронд 8, 20 настай 2 хүүхэдтэй болсон. Одоо Ширээ нуруунд өөрсдийн хувийн хашаа байшинд 2 хүүхдийн хамт амьдардаг. Энэ хугацаанд С.Отгонбаяр хулгайн хрэгийн учир хэд хэд шийтгүүлж байсан. Хамгийн 2014 онд шүүхээр ял аваад 2 жил гаруй ял эдэлж байгаад сая 2016 оны 04 сард суллагдаж гарч ирсэн. Гарч ирснээсээ хойш байнга гэрээрээ л байдаг байсан. ... энэ машин нь миний нэр байдаг, 2016 оны 05 сард С.Отгонбаярыг суллагдаж гарч ирснээс нь хойш 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд манай нөхөр машинаараа таксинд яваад л байдаг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ Гэрч П.Оюунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчим би ногоон талбай дээр гэрт унтаж байхад гадаа нохой хуцаад эхэлсэн юм. Тэгэхэд хашааны гаднаас гурван хүүхэд гурван тийшээ зугтаасан юм. Тэгэхээр нь би буцаж гэртээ ирээд дүү Мэндбаярыг дуудаад бид гэрээс гараад ногооны хулгайч нарыг хайгаад явж байхад манай урд талын зам дээрээс нэг машин ирээд нэг хүүхдийг нь суулгаж аваад ширээ нурууны айлууд руу ороод буцаж гараад тосгоны дунд гүүрээр гараад явсан юм. Тэгэхэд замын хажууд одеялаар хучсан юм байхаар нь сөхөөд үзсэн чинь үхрийн нойтон мах байсан юм. Тэгээд малын хулгай байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 124 дугаартай шинжээчийн: “...99-07 ДАХ дугаартай тээврийн хэрэгслээс илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 1,8*5.8 см хэмжээтэй наалтуузад байгаа 1 ширхэг гарын мөр нь С.Отгонбаярын гарын алганы дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/ “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн: “... 6 настай улаан халзан зүсмийн эрлийз үнээ 1 толгой 1.000.000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Сумын дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 432 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 73-78 дугаар хуудас/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 90 тоот “Ялаас өршөөн хасч, өршөөн хэлтрүүлж, үлдэх ялыг эдлүүлэх тухай” захирамж /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/, “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн: “... “Киа Оптима” маркийн 99-07 ДАХ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин 1 ш 1,500,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэгээр хураан авсан үхрийн махыг худалдан борлуулсан тэмдэглэл /2 гуя, 1 хаа нийт 89 кг махыг 300,000 төгрөгөөр худалдсан тухай /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч С.Отгонбаяр нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлэн ялтай байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сарын 04-наас 2016 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Ногоон модны гүүр гэх газарт оршин суух иргэн Мөнхдалай овогтой Эрхбаярын хашаанаас улаан халзан зүсмийн 6 настай сувай үнээ хулгайлж иргэн М.Эрхбаярт 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Аймгийн прокурорын газраас С.Отгонбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Отгонбаярыг ялтай байхдаа бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Отгонбаяр нь хохирогч М.Эрхбаярт 1,000,000 төгрөгний хохирол учруулсанаас хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 700,000 төгрөг бэлнээр өгсөн нь бэлэн мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, 2 гуя, 1 хаа нийт 89 кг махыг 300,000 төгрөгөөр худалдан борлуулж өгсөн нь үхрийн махыг худалдан борлуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний 99202728 дугаарын утас уруу залгахад “надад гомдол санал, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдсэн, түүнчлэн энэ хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь түүний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой шууд холбоотой байна. Шүүгдэгч С.Отгонбаяр нь урьд шүүхээр гурван удаа шийтгүүлж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. 2001 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 432 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/, 2. 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/ 3. Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар С.Отгонбаярын 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж , 5 жил 1 сарын хорих, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан зарим ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан /хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/ байна. Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлж байгаад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дугаартай захирамжаар түүний эдлэх ёстой 5 жил 6 сар хорих ялаас биеэр эдэлсэн 2 жил 7 сар 27 хоног, өршөөлөөр хасагдах 2 жил, өршөөн хэлтрэгдсэн 5 сар нийт 2 жил 5 сар хорих ялыг хасч, үлдэх 5 сар 3 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/ Шүүгдэгч нь уг үлдсэн хорих ялыг биечлэн эдлэж 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ Шүүгдэгч С.Отгонбаяр нь хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хугацааг эхлэн тоолно. Иймд түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Отгонбаярт ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Мөн шүүгдэгч нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Отгонбаяр нь гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор иргэн Ч.Даариймаагийн эзэмшлийн “Киа оптима” загварын 99-07 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 124, 122, 2016 оны 09 дүгээр 24-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Иймд хэрэгт хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, Ч.Дариймаагийн эзэмшлийн 9907 ДАХ улсын дугаартай авто машин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 1.500.000 төгрөгийг С.Отгонбаяраас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Бүргэд овогт Сэвжид овогтой Отгонбаярыг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Бүргэд овогт Сэвжид овогтой Отгонбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар С.Отгонбаярт оногдуулсан 6 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг С.Отгонбаяраас гаргуулж улсын орлого болгосугай. 5.С.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, Ч.Дариймаагийн эзэмшлийн 99-07 ДАХ улсын дугаартай авто машин битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонбаярт өгсөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан С.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД