Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2021/0012  

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Ахсу” ХХК-ийн   гомдолтой;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж   холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын  байгаль орчин, газар ,геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 0066002 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай”  гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ахсу” ХХК-ийн захирал А.К, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хн,  хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  байгаль орчин, газар ,геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Ахсу” ХХК-ийг төлөөлж захирал А.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  У.Хуанган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт улсын тусгай хамгаалалттай газарт дур мэдэн рашаан сувиллын үйл ажиллагаа явуулсан гэж дурдсан асуудалд харамсаж байна. Тус рашаан сувилал нь хөгжлийн бэрхшээлтэй, өвчин эмгэгтэй ард иргэдэд рашаан сувиллын болон нөхөн сэргээх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг он удаан жил үзүүлж ирсэн түүхтэй. Анх 2008 онд Эрүүл мэндийн яамнаас ЭХ-08/23/3349 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг рашаан сувиллын үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх эрх авсан эрүүл мэндийн нэгж байгууллага болно. Энэхүү тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг тухайн үед сунгуулан ажилласан ба одоо мөрдөж буй тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүчинтэй байгаа юм. Ажилласан хугацаанд хоёр удаа магадлан итгэмжлэлд орсон ба одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасныг баталсан 156/2019 тоот дугаартай батламжийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа, хувийн хэргийн дугаар 0211001041, 2799227 тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Ахсу” ХХК нэртэй хуулийн этгээд болно. Дээрх хууль эрх зүйн бичиг баримтын шийдвэрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан, өвчин эмгэгтэй ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилласныг хариуцагч улсын байцаагч ойлгох учиртай.

Миний бие Ахсу рашаан сувиллыг 2006 онд хувьчилж аваад 2007 оноос эхэлж байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлыг анх санаачлан хийлгэж, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2008/Е288 тоот дугаартай байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулж, улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2008 онд гаргуулсан боловч тухайн үед батлуулж чадаагүй байсан ба түүнийг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчээр батлуулж байсан юм. 

2012 онд батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дараа сүүлийн 5 жил дараалан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тусгай хамгаалалттай газар нутагт орших “Ахсу” ХХК-ийн эдэлбэр газрыг гэрээгээр ашиглах хүсэлтийг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаагаар уламжлуулан тавьсан боловч шийдвэрлүүлж чадаагүй. Тус Ахсу рашаан сувилал нь бүс нутгийн хэмжээнд рашаан сувиллын үйлчилгээг улсын чанартай үзүүлж байгаа тул холбогдох хууль, журмын дагуу 2 га газрыг байршлын зургийн дагуу гэрээгээр ашиглуулах зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаагаар уламжлуулан тавьж байсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад хүртэл хүсэлт тавьсан боловч одоо хүртэл албан ёсоор хариу авч чадаагүй юм. Иймд тус рашаан сувиллын эдэлбэр газрыг ашиглахтай холбоотой асуудалд “Ахсу” ХХК нь буруугүй гэж үзэж байна.

2012 онд батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хүчинтэй хугацаа нь 5 жил байсан ба энэхүү хугацаа нь 2017 онд дууссан. Тайлангийн хугацаанд 2012-2016 онд хэрэгжүүлбэл зохих ажлын төлөвлөгөөг бүрэн биелүүлэн ажилласан.

Өмнөх 2012 онд батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хугацаа нь 2017 онд дууссан тул хамтран ажиллаж, үнэлгээ хийлгэж байсан “Эко мон” ХХК татан буугдсаны улмаас тухайн үед дахин сунгуулж чадаагүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, нөөцийн удирдлагын газарт Цэнгэл сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/435 албан бичгээр Ахсу рашаан сувиллын үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэж өгөх тухай хүсэлтийг хүргүүлсэн.

Мөн “Ахсу” ХХК-ийн гаргасан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэх тухай хүсэлтийг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 111 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, нөөцийн удирдлагын газарт уламжлуулан хүргүүлсэн.

2017, 2018 онуудад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх мэргэжлийн байгууллага олж чадаагүй байсан ба 2019 онд миний бие үнэлгээ хийлгэх мэргэжлийн байгууллага олох зорилгоор Улаанбаатар хотод 2 удаа өөрийн биеэр очиж, дээрх ажлыг хөөцөлдөж байж мэргэжлийн байгууллага болох “Од дайнамик” ХХК-ийг сонгон авч гэрээ хийж, ерөнхий үнэлгээний ажлыг 2020 оны 03 дугаар сард эхлүүлж, 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулсныг тухайн үед хариуцагч байцаагч нарт танилцуулж байсан.

Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсаар өгсөн нэгдсэн дүгнэлтийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын “Аргачлал батлах тухай” 2017 оны А/117 дугаар тушаалын хоёр ба тавдугаар хавсралтын  дагуу хийлгэж тайлан гаргуулсан ба саяхан түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үнэлгээний зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан юм.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгохтой холбоотой Ахсу рашаан сувиллын тойм зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, аймгийн ерөнхий архитектораар  батлуулж, “Ахсу” ХХК-ийн нэгж талбарын байршлын кадастрын зургийг “Эл-Эм-Ланд” ХХК-аар хийлгүүлсэн. Ахсу рашаан сувилал төсөлд байгаль орчны төлөвлөгөөт аудитыг мэргэжлийн байгууллага болох “Мяндагт Консалтинг” ХХК-аар хийлгүүлж тайлан гаргасан.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04-04-027/368 тоот улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийн явцын талаар, хийгдэж байгаа ажил, гаргасан шийдвэрийн талаар миний бие хариуцагч улсын байцаагч нарт өөрийн биеэр удаа дараа танилцуулж байсан ба тухайн үед уг албан шаардлагын биелэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор албан ёсоор мэдэгдэж шалгуулах боломжгүй байгаа тухай санал хүсэлтээ илэрхийлж байсан. Мөн дээрх байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх, тойм болон кадастрын зураг, төлөвлөгөөт аудит хийлгэх зэрэг ажлууд нь удаан хугацаа шаардах гэдгийг тайлбарлаж байсан боловч хариуцагч улсын байцаагч анхаарч үзээгүй юм.

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын байцаагч Б.Жандаурен дахин хяналт шалгалт хийж,  хийгдэж байгаа бидний  ажил төрлийг үнэлж,дэмжиж туслахын оронд элдэв янзаар дарамт шахалт үзүүлж,  байгаль орчинд нөлөөлөх байдлын  ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан гэж актад  дурдаад, 5 сая төгрөгөөр торгоно, олсон орлогыг улсын орлого болгоно гэж айлган сүрдүүлж, улмаар “Ахсу” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох тухай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 04-04-029/49 тоот акт бичиж, надад танилцуулж гарын үсэг зурахыг шаардсан боловч  тус актыг миний бие хүлээж  авах боломжгүй гэж  татгалзаад гарын үсэг зураагүй болно.

Хариуцагч улсын байцаагч Б.Жандаурений өмнө нь өгч байсан  албан шаардлагуудын биелэлтийн талаар  болон үйл ажиллагааг зогсоох тухай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 04-04-029/49 тоот акттай холбоотой  тайлбарыг хариуцагч байцаагчид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Ахсу” ХХК-ийн 05 тоот албан бичгээр  хүргүүлснийг анхаарч үзэлгүйгээр, өмнө нь өөрийн торгоно гэж хэлж байсан ёсоор 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 0066002 дугаартай шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгөөр нэг төрлийн зөрчилд хоёр дахь арга хэмжээ авсан явдалд харамсаж байна.

Хариуцагч улсын байцаагчийн тус “Ахсу” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоох болон торгож арга хэмжээ авсан явдал нь нэхэмжлэгч байгууллагын болон үйлчлүүлэгч хөгжлийн бэрхшээлтэй, өвчин эмгэгтэй ард иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрсдэлтэй шийдвэр болсныг дараах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

Хэрэв хариуцагч улсын байцаагчийн тавьсан шаардлагын дагуу тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөлгүй гэж үзээд үйл ажиллагааг бид явуулаагүй байсан бол Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/503 дугаар тушаалаар батлагдсан журмын 3 дугаар бүлгийн магадлан итгэмжлүүлэх байгууллагад тавигдах шаардлагын 3.1.2-т заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан ажлын байрандаа сүүлийн нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулсан байх, мөн 3.1.5-т заасан жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг байх,  улирлын  хугацаанд ажилладаг сувилал нь жилдээ 6 сараас доошгүй  хугацаагаар ажилласан байх гэсэн заалтууд нь тус тус зөрчигдөж, улмаар тус “Ахсу” ХХК нь магадлан итгэмжлэлд орох боломжгүй болж хууль ёсны эрх ашиг нь ноцтой зөрчигдөх эрсдэл үүсэх аюултай. 

Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/554 тоот тушаалаар батлагдсан эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад  магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх аргачлалын 3.2.6-т заасан жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байх, улирлын үйл ажиллагаатай сувилал нь 6 сараас доошгүй хугацаанд ажилладаг байх заалт нь зөрчигдөх эрсдэл үүснэ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 тоот тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмын 4.2.1-т заасан “эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй,  зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны чиглэл хаяг, байршлын  дагуу 2-оос доошгүй жил үйл ажиллагаа тогтвортой явуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх, зорчих нөхцөл, боломж бүхий зориулалтын байртай, холбогдох  стандарт  эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажилласан байх гэсэн заалт нь зөрчигдөж, цаашид “Ахсу” ХХК  нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч чадахгүй болно

Ямар нэгэн шалтгаанаар “Ахсу” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд түүнд жил дараалан сувилуулан эмчлүүлж байсан хөгжлийн бэрхшээлтэй ард иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх болохыг хариуцагч улсын байцаагч ойлгох учиртай. Иймд “Ахсу” ХХК-ийн гаргасан гомдлыг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын  байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен би аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 04/357 тоот “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу №2.12 кодтой “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг  шалгах хяналтын хуудас 2020”-аар  2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Ахсу” ХХК-ийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр,  Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт байрлах Цагаан голын рашаан сувиллын газрын холбогдох бичиг баримтуудад эзэн А.Көкийг  байлцуулан шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

1.Рашаан сувиллын үйл ажиллагааг явуулахдаа байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3 дахь заалтыг,

2.Тусгай хамгаалалттай газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг явуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт,

Дээрх зөрчлүүдийг үндэслэн “Ахсу” ХХК-ийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газарт явуулдаг рашаан сувиллын үйл ажиллагааг улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 04-04-029/49 тоот “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” улсын байцаагчийн актыг үйлдэж танилцуулахад актад гарын үсэг зурах, хувийг хүлээж авахаас татгалзсан учир шуудангаар хүргүүлсэн.

“Ахсу” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 10.2 дахь хэсгийн дагуу зөрчлийн 2013000379 дугаартай хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт явуулах рашаан сувиллын газрын төсөлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2008/Е288 тоот байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээ  хийлгүүлсэн, ерөнхий үнэлгээгээр нарийвчилсан  үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байв. “Эко мон” ХХК-аар 2008 онд нарийвчилсан үнэлгээ хийлгүүлж 2012 онд батлуулж байсан, “Од дайнамик” ХХК-аар 2020 онд нарийвчилсан үнэлгээг дахин хийлгүүлсэн ба бид хяналт шалгалт хийх явцад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эцэслэн баталж өгсөн байна. Нарийвчилсан үнэлгээ хийгдсэний дараа төрийн захиргааны төв байгууллагаас газар ашиглах зөвшөөрөл олгох ёстой байсан. “Ахсу” рашаан сувилалд газар ашиглах зөвшөөрөл байгаагүй.

Улсын тусгай хамгаалалттай газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/516 тоот “Тоотын хариу”, “Ахсу” ХХК-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №05 албан бичиг, хавсралт баримтуудаар Улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн рашаан сувиллын үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоосны дагуу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-ын дагуу 0066002 дугаартай шийтгэлийн хуудсаар тус компанийн захирал А.Көкийг 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Холбогдогч А.Көкөөс мэдүүлэг авах, холбогдох бичиг баримтуудад  гарын үсэг зуруулах, хариуцлага хүлээлгэх, танилцуулах гэхэд “чамд мэдүүлэг өгөхгүй, холбогдох бичиг баримтуудыг прокурорт хүргүүлсэн, арга хэмжээ тооцуулахгүй, торгууль бичүүлэхгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж татгалзсан болно гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь :

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын  байгаль орчин, газар ,геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 0066002 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсаар[1]  “улсын тусгай хамгаалалттай газарт дур мэдэн рашаан сувиллын үйл ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлээр “Ахсу” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.2-т зааснаар  5.000.000  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл /Газрын тухай хууль зөрчих/-ийн 10 дахь хэсгийн 10.2-т  “Хуульд заасныг зөрчиж улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  заажээ.

Гомдол гаргагчаас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын үндэслэлээ  ““Ахсу” ХХК нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд “Ахсу рашаан сувилал” төсөлд 2008 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, улмаар нарийвчилсан үнэлгээний тайланг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчээр батлуулсан. Үүний дараа сүүлийн 5 жил дараалан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тусгай хамгаалалттай газар нутагт орших “Ахсу” ХХК-ийн эдэлбэр газрыг гэрээгээр ашиглах хүсэлтийг тавьсан боловч шийдвэрлүүлж чадаагүй. 2012 онд батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хүчинтэй хугацаа нь  2017 онд дууссан. “Ахсу  рашаан сувилал”-ын үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулсан бөгөөд ерөнхий үнэлгээний дүгнэлтийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж гаргуулсан тайланг ба саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үнэлгээний зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан. “Ахсу рашаан сувилал” нь бүс нутгийн хэмжээнд рашаан сувиллын үйлчилгээг улсын чанартай үзүүлж байгаа тул холбогдох хууль, журмын дагуу 2 га газрыг байршлын зургийн дагуу гэрээгээр ашиглуулах зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаагаар уламжлуулан тавьж байсан боловч одоо хүртэл албан ёсоор хариу авч чадаагүй. Иймд тус рашаан сувиллын эдэлбэр газрыг ашиглахтай холбоотой асуудалд “Ахсу” ХХК нь буруугүй, тусгай хамгаалалттай газарт дур мэдэн рашаан  сувиллын үйл ажиллагаа явуулсан гэж байгаа нь үндэслэлгүй” гэж  тайлбарласан байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.1.1.улсын тусгай хамгаалалттай газар” гэж тус тус заасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 1-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 2/ байгалийн цогцолборт газар”, 33 дугаар зүйлийн 1-д “ Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн  1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж тус тус заасан.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  27 дугаар зүйлийн 9 дэх заалтыг үндэслэн  Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн  218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тусгай  хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 1.1-т “Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл  олгох, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална”,2.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах тухай хүсэлтээ төслийн хамт  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хамгаалалтын захиргаа, салбар, хэсэг, хэрвээ хамгаалалт хариуцсан дээрх байгууллагын аль нэг байгуулагдаагүй бол тухайн байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг хариуцсан сум, дүүргийн Засаг даргад  гаргана”, 2.2-т “Хамгаалалтын захиргаа нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн  бол хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хүргүүлнэ”, 2.3-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хийгдсэн төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол уг үйл ажиллагааг эрхлэх тухай холбогдох Төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл авсан байна”, 3.1-т “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ”, 3.2-т “Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ”, 3.3-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуульд заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ”, 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж тус тус зохицуулсан.

Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Байгалийн цогцолборт газрын  хамгаалалтын нийтлэг горим”–ын 4-т “Энэхүү нийтлэг горимыг цогцолборт газрын хуулиар зөвшөөгдсөн  бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дагаж мөрдөх үүрэгтэй”, 6-д “Цогцолборт  газрын хуулиар зөвшөөрөгдсөн бүсэд аж ахуйн нэгж,  байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан журмыг баримтална: в/аливаа ажил, үйлчилгээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй  арга хэлбэрээр явуулахдаа дараахь журам, дэглэмийг мөрдлөг болгох: -аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зөвхөн тогтоож өгсөн газарт зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, өөрийн ашиглаж. нутаглаж байгаа  газрыг  эвдрэл, бохирдлоос хамгаалах, талхлагдсан хөрс, ургамлыг нөхөн сэргээх, баталсан зураг төслөөр орчноо тохижуулж,  хамгаалалтын захиргаанаас биотехникийн болон бусад хэмжээ авахад туслалцаа үзүүлэх”, 8-д “Аж  ахуйн  нэгж,  байгууллага,  иргэн газраа зориулалтын дагуу ашиглаж зөвхөн гэрээнд заагдсан үйл ажиллагаа явуулна” гэж  заасан.

Эдгээр газар ашиглах тухай ойлголт, газар ашиглуулах журам, түүний дотор улсын тусгай хамгаалалттай газар нутгаас газар ашиглуулах асуудлыг зохицуулсан  хууль, захиргааны хэм хэмжээний актын заалтуудаас үзэхэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу ашиглуулах бөгөөд улсын тусгай  хэрэгцээний газарт хамаарах улсын тусгай хамгаалалттай газрын нэг ангилалд багтаж буй байгалийн цогцолборт газрын хувьд зөвхөн хязгаарлалтын бүсээс нь тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар ашиглуулахаар  хуульчилсан.

Ингэхдээ байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулах буюу төсөл хэрэгжүүлэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар ашиглах тухай хүсэлтээ төслийн хамт  хууль, журамд заасан холбогдох этгээдэд  гаргаснаар  уг этгээд нь тухайн төслийг хянан үзээд шаардлагад нийцсэн бол саналын хамт төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд  энэхүү байгууллагаас төслийг тодорхой шалгуураар хянаад, шалгуурыг бүрэн хангасан  гэж үзсэн тохиолдолд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь  төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ тус тус хийлгэнэ. Үүний дараа нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан Байгаль орчны сайдаас газар ашиглуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас газар  ашиглах тухай гэрчилгээ олгох бөгөөд энэхүү гэрчилгээг олгосон өдрөөс  эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоор, мөн   хэрвээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  улсын тусгай хамгаалалттай газар  нутагт  хэрэгжүүлэх төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа бол  холбогдох Төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийг авсны үндсэн дээр газар ашиглах тухай хүсэлтээ гаргахаар  тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Гомдол гаргагч “Ахсу” ХХК нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор  улсын тусгай хамгаалалтад авсан Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын  бүсэд хамаарах 2 га газарт “Ахсу”  нэртэй рашааныг түшиглэн “Ахсу рашаан сувилал” төслийг хэрэгжүүлж  байгаа буюу сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх рашаан сувиллын газрыг 2006 оноос эхлэн улирлын чанартай ажиллуулж байгаа, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, 2008 онд уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн, ерөнхий үнэлгээний  дүгнэлтээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэснээр 2008 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, 2012 онд уг нарийвчилсан үнэлгээний тайланг  батлуулсан байх ба  үнэлгээний тайлангийн хүчинтэй хугацаа 5 жил байхаар тайланд тусгажээ. Тус компаниас 2015, 2016 онд уг үйл ажиллагаа явуулж байгаа 2 га газрыг ашиглах тухай хүсэлтээ Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд гаргаж байсан, 2020 онд “Ахсу рашаан сувилал” төслөө өргөтгөх гэсэн үндэслэлээр уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг дахин хийлгэж,  ерөнхий үнэлгээний дүнгээр байгаль орчны нөлөөллийн  нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэснээр  байгаль орчны нөлөөллийн  нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний тайланг эрх бүхий этгээдээс мөн оны  11 дүгээр сарын 06-ны өдөр баталсан  байх ба эдгээр үйл баримтууд нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар[2] тус тус  тогтоогдож байна.

Мөн эрх бүхий этгээд болох Байгаль орчны сайдаас “Ахсу” ХХК-д Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын  бүсээс газар ашиглуулах тухай  шийдвэр  гаргаагүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгоогүй нь  гомдол гаргагчийн  тайлбар болон  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[3] нотлогдож байгаагаас гадна тус компанийн газар ашиглах тухай хүсэлтийг саналын хамт хүргүүлсэн гэх Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны  албан бичгүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүртгэлд байхгүй гэсэн хариуг[4] тус яамнаас  ирүүлсэн  болно.

Дээр дурдсанаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын улсын тусгай хамгаалалттай газарт явуулах үйл ажиллагаа буюу хэрэгжүүлэх төсөл нь тусгай зөвшөөрөл шаардлагатай үйл ажиллагаа байгаа тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг авснаар газар ашиглах тухай хүсэлтээ төслийн хамт  гаргаж, эрх бүхий этгээдээс газар  ашиглуулах тухай шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноор улсын  тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрх үүсэхээр  хууль болон захиргааны хэм хэмжээний  актаар нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл  тухайн тохиолдолд эрүүл мэндийн чиглэлээр  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар улсын  тусгай хамгаалалттай  газар нутагт үйл ажиллагаа явуулах эрх  шууд үүсэхгүй  бөгөөд зайлшгүй газар ашиглах эрхийн гэрчилгээ авснаар улсын  тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоор  хуульчилсан байна.

Иймд эрх бүхий этгээдээс газар ашиглуулах тухай  шийдвэр  гаргаагүй бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгоогүй байхад  “Ахсу” ХХК нь улсын тусгай хамгаалалттай газарт буюу Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “Ахсу рашаан сувилал” төслийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа  явуулж  байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн  1, “Тусгай  хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4, “Байгалийн цогцолборт газрын  хамгаалалтын нийтлэг горим”-ын 6-ын в, 8 дахь  заалтуудыг  тус тус зөрчсөн байна  гэж дүгнэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”  гэж тус тус  зааснаар  “Ахсу” ХХК нь  Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль,Тусгай  хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”, “Байгалийн цогцолборт газрын  хамгаалалтын нийтлэг горим”-ын холбогдох заалтуудыг зөрчиж, улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч буй улсын тусгай хамгаалалттай газар болох  Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн гэрчилгээгүйгээр  үйл ажиллагаа явуулсан  нь тогтоогдож байх тул  хариуцагч улсын байцаагчийн  тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл /Газрын тухай хууль зөрчих/-ийн 10 дахь хэсгийн 10.2-т заасан “Хуульд заасныг зөрчиж улсын тусгай хэрэгцээний газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” зөрчил гаргасан гэж үзэж 5.000.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.

Гомдол гаргагч “Ахсу” ХХК-аас  “улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, газар ашиглах тухай хүсэлтээ  холбогдох  баримт бичгүүдийг бүрдүүлэн удаа дараа  гаргаж  байсан, гэтэл  эрх бүхий этгээдээс хариу өгөөгүй, манай компанийн буруу байхгүй, эдгээр нөхцөл байдлын талаар улсын байцаагчид тайлбарласан боловч анхаарч үзсэнгүй”  гэж  маргаж  байгаа боловч  газар ашиглуулах  талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гаргаснаар улсын  тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах эрх үүсэхээр  холбогдох  хууль, журмаар  дээрх байдлаар нарийвчлан зохицуулсан тул   улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа  явуулсан буюу хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байхад  тус компанид шийтгэл оногдуулсан улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй, мөн гомдол гаргагчийн уг тайлбар нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд  заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй  болно.

 Мөн гомдол гаргагчаас “улсын байцаагч “Ахсу рашаан сувилал”-ын үйл ажиллагааг  зогсоох акт  гаргасан мөртөө  дараа нь 5 сая төгрөгөөр торгож,  нэг  төрлийн зөрчилд  2  дахь арга хэмжээ авсан” гэсэн тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тус компанийн  улсын тусгай хэрэгцээний  газарт дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг  нээхээс өмнө  улсын байцаагчаас  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04/357 тоот “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай”  удирдамжийн дагуу “Ахсу рашаан сувилал”-ын  газрын  бичиг баримтад хяналт шалгалт хийж, холбогдох хуулиудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг нь түр зогсоох тухай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  04-04-029/49 дугаартай улсын байцаагчийн актыг гаргасан болох нь тогтоогдож байгаа, мөн  гомдол гаргагч талаас улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч  шүүхэд хандаагүй гэж шүүх хуралдаанд  тайлбарласныг дурдах нь зүйтэй.  

  Иймээс “Ахсу рашаан сувилал”-ын үйл ажиллагааг  түр зогсоох тухай  улсын байцаагчийн актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу  зөрчлийн хэрэг нээхээс өмнө гаргасан байх ба  гомдол гаргагчаас энэ асуудлаар маргаагүй, харин “Ахсу” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны талаар маргасан бөгөөд “Ахсу” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах шийдвэр байхгүй байхад “Ахсу рашаан сувилал” төсөл хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулсан буюу нэг шийтгэл оногдуулсан,  өөрөөр хэлбэл  тус компанийн гаргасан уг зөрчилд нь  Зөрчлийн тухай хуулиар давхардуулан шийтгэл оногдуулаагүй байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2-т зөрчил үйлдсэн  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар  заасан байгаа боловч нэхэмжлэгчээс энэ үндэслэлээр  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар тухайн асуудалд дүгнэлт хийгээгүй болохыг  дурьдах нь зүйтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан  зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэх нь  “шударга ёсны зарчим”-д нийцэх бөгөөд гомдол гаргагч  “Ахсу” ХХК-ийн хувьд  нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнээд бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг  тус тус баримтлан гомдол гаргагч “Ахсу” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын  байгаль орчин, газар ,геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 0066002 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” гомдлын шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЕРКЕШ

 

 

 

 

[1] Хэргийн 8-р хуудас

[2] Хэргийн 1-7,10,12-14,15-21,24,25,29,30-35,36-42,50-58,59-64,179,192-193,198,199,206-207-р хуудас

[3] Хэргийн 22,23,24,25,26,43-48-р хуудас

[4] Хэргийн 206-р хуудас

[5] Хэргийн 82-83,98,184-186-р хуудас