Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/314

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09          19                                       2022/ШЦТ/314

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Хохирогч Х.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн 212500388**** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай Трейд шатахуун түгээх станцын гаднаас Х.Бын эзэмшлийн **-** ***улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч яван 228,500 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг бүгдийг нь төлөхийг зөвшөөрч байна...” гэв.

 

- Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан-Уул хүнсний дэлгүүрийн эсрэг талын зам дээрээс ганцаараа гар өргөсөн чинь цагаан өнгийн машин зогсож суусан. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн эрэгтэй хүн шартаж байгаа юм уу, ганц юм уух уу гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд бид хоёр Хөвсгөл 2 дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи авч Хастай уул руу бид хоёр гарсан. Тэгээд цуг 0,5 литрийн архи ууж байтал намайг оролдоод байсан. Тэгээд тухайн эрэгтэй хүн Шанд багаас нэг найзындаа орж мөнгө авна гэж хэлэхээр нь тухайн айлын гадна очиж тухайн эрэгтэй хүн мөнгө авах хооронд би тухайн машины авч явсан. Ниссан Тийда маркийн цагаан өнгийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан...Би тухайн үед согтуу байсан учир яг хаанаас эхэлж машиныг жолоодсоноо сайн санахгүй байна. Нэг мэдсэн Булаг багт үйл ажиллагаа явуулдаг Хүрэн дэлгүүрээс наашаа горд тал руу уруудаад халамжийн төв өнгөрөөд автобусны буудлын ойролцоо явж байгаад замын цагдаад баригдсан. Машинд нь би ганцаараа суусан гэж бодож байна. Би тухайн үед их согтуу байсан учир зарим зүйлээ сайн санахгүй байна...Х.Б гэх хүний машинд учруулсан 130,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Харин машинаас алга болсон гэх гар утас, виза карт, түрийвч, иргэний үнэмлэх, мөнгө 215,000 төгрөг, бэлэн мөнгө 26,000 төгрөгийг би аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33, 35х/,

 

- - Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг бие засах хойгуур машиныг маань унаад явсан. Үнэлгээ хийхэд нийт 470,500 төгрөг гарсан байсан уг мөнгийг нэхэмжилж байна... Гомдол санал байхгүй...” гэв.

 

- Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цаг 30 минутын үед Шанд багийн Цагаан-Уул хүнсний дэлгүүрийн ойролцоогоос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөн миний машинд суусан юм. Тэгээд хаашаа явах уу гэсэн чинь Оюут багийн 2-12 дугаар байр орно гэж хэлэхээр нь хүргэж өгсөн. Эмэгтэй нь буугаад хүлээж байгаарай гэж хэлээд нэг их удалгүй гарч ирж миний машины жолооч талын эсрэг талын суудал дээр суусан. Хойд суудал дээр эрэгтэй нь сууж байсан. Тэгээд Дэнж явна гэж хэлэхээр нь урд замаар явж байтал миний шээс хүрээд байхаар нь МТ ШТС-ын ойролцоо машинаа зогсоож бие засах гэж гараад эргээд харсан чинь миний машиныг миний зөвшөөрөлгүй, урд сууж байсан эмэгтэй унаад явсан...Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Ниссан Тийда маркийн **-** ***улсын дугаартай цагаан өнгийн машиныг Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто гоёл ХХК-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байрнаас хүлээж авсан. Миний машины жолооч талын эсрэг талын урд, хойд тадын под карлан, жолооч талын хойд под карлан, суудал дээш, доош болгодог рүчиг хугарсан байсан. Тэгээд би машинаа асааж журмын хашаанаас гараад явтал моторын дуу өөрчлөгдсөн, жолооч талын урд дугуйн дор хар хар гэсэн дуутай явж байсан чинь тосол нь гойжиж машин зогссон. Маргааш нь би машинаа чирж засвар дээр очсон. Машины жолооч талын урд босоог Танил захын урд талын засвар дээр 56,000 төгрөгөөр, хропны тос 74,000 төгрөгөөр сольсон. Мөн урд талын моторын хамгаалалт хонхойсон байсан. Миний машины жолооч талын урд маш их дуутай байгаа. Яг юу нь эвдэрч дугарсан талаар сайн мэдэхгүй байна. Би тээврийн хэрэгслээ журмын хашаанаас гаргахдаа 64,000 төгрөг төлсөн. Хурд сервис дээр 74,000 төгрөгөөр хропны тос солиулсан. Танил зах дээр 56,000 төгрөгөөр босоо солиулсан...Миний машин дотор байсан самсунг Эс-7 маркийн гар утас, арьсан хар өнгийн түрийвч, хаан банкны виза карт 2 ширхэг, иргэний үнэмлэх болон 26,000 төгрөг байхгүй байсан. Мөн би машинаа хэд хоног гадуур хайхдаа таксигаар явж мөнгө маш их зарцуулсан. Надад нийт 600,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн өдөр буюу 2021  оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед манай хүү Х.Б нэг залуугийн хамт гэртээ ирсэн. Гэрт орж ирээд “ээж би машинаа алдчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь яаж байгаад машинаа алдчихсан юм бэ гэхэд Рашаант багт үйл ажиллагаа явуулдаг Цагаан Уул дэлгүүрийн харалдаа зам дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөж байхаар нь суулгасан. Тэгээд явж байгаад миний шээс хүрээд машинаа асаалттай орхиод буугаад шээж байх хооронд машинд сууж байсан эмэгтэй миний машиныг бариад яваад өгсөн. Би гадуур зөндөө хайж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд манай хүү хувцасаа сольж өмсөөд дахин машинаа хайхаар гарч яваад 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө гэртээ орж ирсэн. Манай хүү тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй, таксинд явдаг хүнтэй хамт машин хайж байна гэж хэлсэн. Тухайн үед бензиний мөнгө гэж 30,000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлээд надаас мөнгө аваад тухайн хүнд өгсөн. Өөрийнх нь машин дотор хамаг эд зүйл нь байсан... Манай хүүгийн машин дотроос миний Хаан банкны 1 ширхэг виза карт, хүүгийн Хаан банкны карт, иргэний үнэмлэх, арьсан түрийвч, бэлэн мөнгө болон гар утас нь алга болсон байсан. Би аргаа бараад 2022 оны 04 дүгээр сард картаа захиалж авсан...Манай хүү Samsung galaxy s-7 загварын гар утастай байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,

 

- Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Согоот багийн 6-11 дүгээр байрна арын төв зам дээрээс таксинд явах гээд зогсож байтал Х.Б хороолол талаас явган алхчихсан над дээр ирсэн. Би хаа хүрч байгаа талаар асуухад найз нь сая машинаа алдчихлаа, хамт яваад хайлцаад өгөөч гээд их сандарсан байдалтай ирсэн. Яагаад машинаа алдав гээд асуухад таксинд нь суусан эмэгтэй Батбаатарыг машинаасаа буугаад шээж байх хооронд машиныг нь унаад яваад өгсөн гэж байсан. Бид хоёр хороолол гордоор хэсэг хугацаанд хайхад олдохгүй байсан ба Батбаатар гэр рүүгээ  харьж ээжээс бензиний мөнгө авч байгаад дахин хайя гэж хэлсэн. Түүний дагуу бид хоёр Х.Б-ын гэр буюу Их залуу Шанд багт гэрт нь очсон. Гэрт нь ээж нь байсан. Х.Б хувцасаа сольж өмсөөд ээжээсээ мөнгө аваад бид хоёр үргэлжлүүлэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг хүртэл хайсан боловч олдоогүй. Тэгээд Батбаатар гэр рүүгээ харьлаа гээд сүмийн ойролцоо замын уулзвар дээр буусан...Казак эмэгтэй байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

 

- Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Баянбулаг баг Гок гардены уулзвар дээр тээврийн хэрэгсэл шалгаад байж байтал Булаг баг буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй цагаан өнгийн **-** ***улсын дугаартай Ниссан Тийда маркийн тээврийн хэрэгсэл ирж байхаар нь зогсоон шалгасан юм. Уг тээврийн хэрэгслийг С.Г гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон байсан учир тээврийн хэрэгслийг ачилтын машин дуудаж, тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт саатуулсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

 - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-14х/,

 

- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-621/2149 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 38-43х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй 2 гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд 2011 оноос 2013 оны хооронд С.Г Серикийн Айслун Серикийн Айсул зэрэг овог нэрээр 3 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын чигчий, 3 дугаартай гарын мөр баруун гарын дунд, 4 дугаартай гарын мөр баруун гарын ядам, 6 дугаартай гарын мөр зүүн гарын дунд, 7 дугаартай гарын мөр зүүн гарын долоовор хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна.

3. Шинжлэгдэж буй 1 болон 5 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-58х/,

 

- С.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67х/,

 

- С.Гын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 68х/,

 

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 98х-104х/,

 

- С.Гын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 76-78х/,

 

- Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 79х/,

 

- Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 80-81х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Гыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар С.Г нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрээс Х.Быг таксинд явж байхад нь зогсоож Оюут багийн 2-12 дугаар байр хүргүүлээд тэндээсээ Дэнж баг руу таксидсан, Дэнж рүү явах замдаа Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай Трейд шатахуун түгээх станцын хажууд зогсож Х.Б нь бие зассан, түүнийг бие засаж  байхад нь С.Г нь Х.Бын **-** ***улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг нь авч явсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч С.Г нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Бын “...2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цаг 30 минутын үед Шанд багийн Цагаан-Уул хүнсний дэлгүүрийн ойролцоогоос эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөн миний машинд суусан юм...Тэгээд Дэнж явна гэж хэлэхээр нь урд замаар явж байтал миний шээс хүрээд байхаар нь МТ ШТС-ын ойролцоо машинаа зогсоож бие засах гэж гараад эргээд харсан чинь миний машиныг миний зөвшөөрөлгүй, урд сууж байсан эмэгтэй унаад явсан...” гэсэн,

    гэрч С.Ц-ийн “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед манай хүү Батбаатар нэг залуугийн хамт гэртээ ирсэн. Гэрт орж ирээд “ээж би машинаа алдчихлаа ” гэж хэлсэн. Тэгэхээр нь яаж байгаад машинаа алдчихсан юм бэ гэхэд Рашаант багт үйл ажиллагаа явуулдаг Цагаан Уул дэлгүүрийн харалдаа зам дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөж байхаар нь суулгасан. Тэгээд явж байгаад миний шээс хүрээд машинаа асаалттай орхиод буугаад шээж байх хооронд машинд сууж байсан эмэгтэй миний машиныг бариад яваад өгсөн. Би гадуур зөндөө хайж байгаад ирлээ гэж хэлсэн...” гэсэн,

 гэрч О.Б-ын “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Согоот багийн 6-11 дүгээр байрна арын төв зам дээрээс таксинд явах гээд зогсож байтал Батбаатар хороолол талаас явган алхчихсан над дээр ирсэн. Би хаа хүрч байгаа талаар асуухад найз нь сая машинаа алдчихлаа, хамт яваад хайлцаад өгөөч гээд их сандарсан байдалтай ирсэн. Яагаад машинаа алдав гээд асуухад таксинд нь суусан эмэгтэй Х.Б-ыг машинаасаа буугаад шээж байх хооронд машиныг нь унаад яваад өгсөн гэж байсан. Бид хоёр хороолол гордоор хэсэг хугацаанд хайхад олдохгүй байсан ба Батбаатар гэр рүүгээ  харьж ээжээс бензиний мөнгө авч байгаад дахин хайя гэж хэлсэн. Түүний дагуу бид хоёр Батбаатарын гэр буюу Их залуу Шанд багт гэрт нь очсон. Гэрт нь ээж нь байсан. Батбаатар хувцасаа сольж өмсөөд ээжээсээ мөнгө аваад бид хоёр үргэлжлүүлэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг хүртэл хайсан боловч олдоогүй...” гэсэн,

   гэрч Н.М-ийн “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой... Баянбулаг баг Гок гардены уулзвар дээр тээврийн хэрэгсэл шалгаад байж байтал Булаг баг буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй цагаан өнгийн **-** ***улсын дугаартай Ниссан Тийда маркийн тээврийн хэрэгсэл ирж байхаар нь зогсоон шалгатал С.Г гэх эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан учир тээврийн хэрэгслийг ачилтын машин дуудаж, тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт саатуулсан юм...” гэсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд **-** ***улсын дугаартай Ниссан Тийда маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь Хүрэлбаатарын Батбаатар болох нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Самсунг S7 маркийн гар утас 140,000 төгрөг, түрүүвч 22,500 төгрөг, Хаан банкны виза карт 2 ширхэг 20,000 төгрөг, иргэний үнэмлэх 33,000 төгрөг нийт 215,500 төгрөг, бэлэн мөнгө 26,000 төгрөг, Ашид билгүүн ХХК-нд үнэлгээ хийлгэсэн 35,000 төгрөг, машинд учирсан хохирол 130,000 төгрөг, машинаа журмын хашаанаас авахдаа төлсөн 64,000 төгрөг нийт 470,500 төгрөгний баримтууд байх бөгөөд хохирогч Х.Б нь 470,500 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгч хохирлын талаар маргаагүй. Иймд шүүгдэгч С.Гаас 470,500 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань 1-3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялтай... улсын яллагчийн санал болгосон 3 сараас доогуур зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

    Шүүх шүүгдэгч С.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 9 хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч С.Гын 2022 оны 08 сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 39 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч С.Г нь энэ хэргийн улмаас түүний эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 9 хоногийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 39 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 1 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 39 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож хасч, эдэлбэл зохих зорчих эрх хязгаарлах ялыг 1 сар 09 хоногийн хугацаагаар тогтоосугай.  

 

5. Шүүгдэгч С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Г-аас ХБ-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ