Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

 

+

 

 

 

 

 

 

 

2022         07          26                                        2022/ШЦТ/259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч С.Болортуяа /цахимаар/,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн 222500000*** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.А  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн **-*** тоотод биеэ хамгаалж чадахгүй 66 настай буюу өндөр настай Ө.Гын цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 10 өнгөрч байхад зээ дүү нартайгаа ярихад танайхтай ойролцоо дэлгүүр хавьцаа явж байна гэхээр нь тэгвэл толгой шийр хуйхлаад аятайхан хоол хийж идье гээд дэлгүүрээс ахуйн газ, бас улаан касс нэртэй пиво 2 ширхгийг аваад ирээч гээд авч ирүүлсэн... Ө.Г ах гэрт нэг орж ирээд нэг гараад яваад байсан. Өдөр 15 цаг болж байхад дүү нар гэрээс гараад явсан. Манай нөхрийг орой ажлаасаа ирэхээс өмнө Ө.Г ах ёс бус үгээр намайг харааж байгаад гарсан... нөхөр болон Цоож бид гурав юм яриад сууж байхад гаднаас Ө.Г ах орж ирсэн. Ө.Г ахыг орж ирэх үед тэр хүн юу ярьсан, би хаанаас хутга авч Ө.Г ахыг хаана яаж гэмтээснээ санахгүй байгаа. Яагаад хутга барьж Ө.Г ахад гэмтэл учруулснаа ерөөсөө бодоод олохгүй байгаа. Орой 20 цаг өнгөрч байхад орж ирээд намайг боож ална гэж хэлээд гараад явсан. Өмнө нь төрөөд удаагүй оёдолоо цэвэрлээд байж байгааг харчихаад намайг өмхий нүхээ цэвэрлэж байна уу гэх зэргээр доромжилдог байсан. Ө.Г ах чамайг ална, чамайг ирснээс хойш манай гэрийн сайхан уур амьсгал байхгүй болсон, чи зайл гэх зэргээр доромжилдог байсан. Тухайн үед жирэмсэн бас сэтгэл тогтворгүй байдалд байсан... Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Ө.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ...Би тухайн өдөр архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас юу болсон талаар санахгүй байна... Миний нагац дүүгийн эхнэр болохоор надад гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна. Иймд гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийх боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-22х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаартай дүгнэлтэд: “1. Ө.Гын биед цээжинд зүүн талд 2 тооны  хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Шарх тус бүр нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9х/,

 

- Т.Ад мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 38х/

 

- Т.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Т.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 39, 45, 47х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Аг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд Ө.Г нь Т.Аг хэл үгээр доромжилж улмаар Т.А нь Ө.Гын цээжин тус газарт нь хутгалж түүний цээжинд зүүн талд 2 тооны  хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.А нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ө.Гын “...Би тухайн өдөр архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаартай дүгнэлтээр хохирогч Ө.Гын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ө.Г нь өндөр настай, тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсний улмаас тухайн болсон зүйлийг мэдэхгүй, санахгүй байгаа нь хохирогч биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Агийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч Ө.Гын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтанд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.А нь хутгалсан үйлдэл болон хохирогч Ө.Гын биед цээжинд зүүн талд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн, тэдний хувийн таарамжгүй харилцаанаас болсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Аг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохиролын талаар:

Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч: “... Ө.Г гуайн биеийн байдал сайжирсан, шүүгдэгч нь хохирогчийг дагуулж явж эмчилгээг нь хийлгэсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч: “...Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.

 

  Шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

 Шүүх шүүгдэгч Т.Агийн хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрбаатарын Т.А 4 /дөрөв/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ