Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар  2022/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         07          27                                        2022/ШЦТ/263

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 222500000**** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.О

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн Г.Эгийн төмсгийг базаж, гадна арьсыг урж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн үед Г.Э над руу залгаад хонох газар байна уу гэж асуухаар нь би байгаа гэж хэлсэн. Энэ үед би ээжийгээ эгч Эрдэнэтуяагийн гэрт очиж хоноорой, битгий ирээрэй гэж хэлээд явуулсан. Удалгүй Г.Э үл таних нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Манай гэрт ирэх үедээ 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй нэг шил архи авч ирсэн. Ингээд бид гурав Г.Эгийн авч ирсэн архийг уугаад сууж байгаад орой 00 цагийн үед унтаж амарсан. Цааш нь юу болсон талаар санахгүй байна. Нэг хартал Г.Э миний дээр гарчихсан сууж байсан... Г.Эгийн бэлэг эрхтэнээс цус гарч байсан. Г.Э нь агаа та намайг яагаад ингэж байгаа юм бэ гэж надаас асууж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн орой 07 цагийн үед Баянцагаан багт байрлах ажлаасаа буугаад миний танил ах Б.Отай уулзахаар болоод Шанд багийн баруун залгайгийн **-** тоот гэрт нь очиход ах Б.О нь ганцаараа байсан. Энэ үед ах Б.О ах гадагш гаръя гэж хэлээд би ажлын газрын ах Гүрбазар руу залгаад 40,000 төгрөг аваад ах Б.О бид хоёр миний танил Зээмээ, С хоёртой уулзаад буцаад ах Б.Оын гэрт ирсэн. Гэр рүү нь явах замдаа дэлгүүр ороод Сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй том савтай шар айрагнаас 2 ширхийг авсан. Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи 1 шилийг аваад гэртээ ирсэн. Ингээд бид дөрөв Б.О ахын гэрт дэлгүүрээс авсан шар айраг, архи зэргийг ууцгаасан. Шөнө 00 цагийн үед С нь хүүхэд уйлаад байна гэж хэлээд гэртээ харьсан. Бид гурав үлдсэн архи шар айргийг уугаад унтаж амрахаар болоод Зээмээ бид хоёр газраар унтахаар болж, газарт ор зассан. Б.О ах орон дээрээ унтахаар болсон. Ингээд бид гурав унтаж амарсан. Намайг унтаж байтал эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь сэрээд хартал Б.О ах Зээмээг бариад авчихсан хоорондоо маргалдаж байсан. Энэ үед би Б.О ахыг та яаж байгаа юм бэ гэж асуухад Б.О ах намайг хүзүүнээс багалзуурдаж, миний бэлэг эрхтэнийг гараараа чанга базаж цус гаргасан. Энэ үед би Б.Оын ээжийн дугаар руу залгаж болсон асуудлыг хэлээд түргэн тусламж дуудсан... Б.О ах намайг цохиж, зодож, миний бэлэг эрхтнээс гараараа чанга базаж татсаны улмаас миний бэлэг эрхтний гадна талын арьс задарч, зүүн талын төмсөг гэмтсэний улмаас Орхон аймгийн БОЭТ-д хагалгаанд орсон... Үүний улмаас би оёдол тавиулж, дахин хагалгаанд орж, идээлсэн байсан идээнүүдийг авахуулсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 16х/,

 

- Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэг дээр байж байгаад 19 цагийн үед Уурхайчин хороололд байх хүргэн Содбилэгийн гэрт очсон. Энэ үед миний хүү Б.О ирсэн. Ингээд хоол унд идэж байгаад Б.О яарад гарч явсан. Намайг хамт явах гэтэд та эндээ хоночих, би найзуудтайгаа гэртээ хонъё гэж хэлээд гараад явсан. Б орой 23 цагийн үед хүү Б.О руу залгаад юу хийж байгаа талаар асуухад хоёр найзтайгаа одоо унтах гэж байна гэж хэлсэн. Ингээд би унтаж амарч байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад миний хүү Б.Оын утсаар нэг залуу залгаад танай хүүхэд миний эрхтэнг гэмтээчихлээ та хүрээд ир гэж хэлэхээр нь би явган яаж очих юм, чи яах гэж наана аа очсон юм бэ, би очиж чадахгүй гэсэн чинь тэгвэл би цагдаад дуудлага өглөө гэж хэлсэн. Ингээд би охин Эрдэнэтуяа, хүргэн Содбилэг нарын хамт Шанд багийн 21-28 тоотод байх гэртээ очих үед миний хүү Б.О, Г.Э болон нэг танихгүй эмэгтэй нар байсан ба Г.Э нь босоод зогсчихсон, доошоо тонгойсон байдалтай байхаар нь би юу болсон талаар асуухад өөрийнхөө эрхтэнийг харуулсан. Түүний эрхтэнээс цус гарсан. Гадна талын арьс нь урагдсан байдалтай байсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан... Миний хүү Б.О нь 2000 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хөдөө байх үедээ мориноос унаж, толгойндоо гэмтэл авсны улмаас саажилттай болсон. Одоо сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, эрхэлсэн ажилгүй, гэртээ байдаг, хааяа толгой нь өвддөг. Гэнэт уур нь хүрсэн үедээ гэрийнхээ эд зүйлсийг эвдэж сүйтгэдэг юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

 Гэрч Д.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд ... 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн орой 21 цаг 30 минутын үед Г.Э, Б.О, Э.Зэндмэнэ-Эрдэнэ гурав манай Яргуйт багийн Овоотын 5-34 тоот гэрт гаднаас ирсэн. Тэгээд бид дөрөв Б.Оын гэр рүү явахаар болж дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй нэг шил Хараа нэртэй архи, 2,5 литрийн хэмжээтэй 2 пиво авч, Б.Оын гэрт очсон. Б.Оын гэрт хүн байгаагүй, бид дөрөв архи пиво хуваан ууж, нэг пиво үлдсэн байхад би 23 цаг 30 минутын үед гэртээ харихаар ганцаараа гараад явсан. Шөнө 02 цаг 30 минутын үед санагдаж байна Э.Зэндмэнэ-Эрдэнэ над руу залгаад Г.Э цус алдаад оёдол тавиулсан, эмнэлэг дээр байгаа, би гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь Э.Зэндмэнэ-Эрдэнэ рүү залгаад юу яриад байсан талаар асуухад Г.Э, Б.О бид гурав байж байхад Б.О над руу дайрахад Г.Э намайг өмөөрч Б.Отай маргалдахад Г.Эгийн төмсгийг Б.О базан гэмтээж эмнэлэг дээр очсон гэж хэлсэн. Яагаад юуны улмаас дайрах болсон шалтгааныг мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

Гэрч Э.Зэндмэнэ-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд ... Г.Э Б.О бид гурав үлдээд Г.Э бид хоёр газраар хэвтэн унтаж байхад Б.О над дээр ирээд хоёулаа унтъя гэж хэлэхээр нь би босож ирээд үгүй гэж хэлээд Г.Эг чанга дуугаар дуудан сэрээхэд Г.Э босож ирээд Б.Оыг надаас холдуулахад Б.О Г.Эгийн бэлэг эрхтнийг гараараа базаж цус гарган гэмтэл учруулсэн. Тэгээд түргэн тусламж дуудаж БОЭТ-д очсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай дүгнэлтэд: “1. Г.Эгийн биед зүүн төмсөгний хуйхнаг хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.

4. Зүүн төмсөгний хуйхнаг хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-27х/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын ... Магадлуулагч Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг уналт таталт өвчтэй, уг өвчин нь 2000 онд тархины гэмтэл авснаас хойш үүссэн олдмол өвчин бөгөөд ХЧА 70% группт байдаг. Энэ өвчнөөс сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Магадлуулагч Б.О нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх удирдаг жолоодох чадвартай. Магадлуулагч Б.О нь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай мөн хэрэг хариуцах чадвартай... гэсэн дүгнэлт /хх-ийн 32х/,

 

- Б.Оын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /хх-ийн 7х/,

 

- Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б.Оын ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Оын эмчийн хяналтын картын хуулбар, Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 47, 54, 55, 57-89х / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Оыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.О нь гэртээ Г.Э, Э., Д.С нарын хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар Э.Зэндмэнэ-Эрдэнийг хамт унтъя гэхэд Э.З нь Г.Эг дуудаж сэрээсэн, Г.Э нь босоод Б.Оыг Э.Зэндмэнэ-Эрдэнээс салгах үед Б.О нь Г.Эгийн төмсөгнөөс базаж улмаар түүний биед зүүн төмсөгний хуйхнаг хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Эгийн “...Намайг унтаж байтал эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь сэрээд хартал Б.О ах Зээмээг бариад авчихсан хоорондоо маргалдаж байсан. Энэ үед би Б.О ахыг та яаж байгаа юм бэ гэж асуухад Б.О ах намайг хүзүүнээс багалзуурдаж, миний бэлэг эрхтэнийг гараараа чанга базаж цус гаргасан. Энэ үед би Б.Оын ээжийн дугаар руу залгаж болсон асуудлыг хэлээд түргэн тусламж дуудсан...” гэсэн, гэрч Ж.Цын: ...би унтаж амарч байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад миний хүү Б.Оын утсаар нэг залуу залгаад танай хүүхэд миний эрхтэнг гэмтээчихлээ та хүрээд ир гэж хэлэхээр нь би явган яаж очих юм, чи яах гэж наана аа очсон юм бэ, би очиж чадахгүй гэсэн чинь тэгвэл би цагдаад дуудлага өглөө гэж хэлсэн... гэртээ очих үед миний хүү Б.О, Г.Э болон нэг танихгүй эмэгтэй нар байсан ба Г.Э нь босоод зогсчихсон, доошоо тонгойсон байдалтай байхаар нь би юу болсон талаар асуухад өөрийнхөө эрхтэнийг харуулсан. Түүний эрхтэнээс цус гарсан. Гадна талын арьс нь урагдсан байдалтай байсан...гэсэн, гэрч Д.Солонгын ...Шөнө 02 цаг 30 минутын үед санагдаж байна Э.Зэндмэнэ-Эрдэнэ над руу залгаад Г.Э цус алдаад оёдол тавиулсан, эмнэлэг дээр байгаа, би гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь Э.Зэндмэнэ-Эрдэнэ рүү залгаад юу яриад байсан талаар асуухад Г.Э, Б.О бид гурав байж байхад Б.О над руу дайрахад Г.Э намайг өмөөрч Б.Отай маргалдахад Г.Эгийн төмсгийг Б.О базан гэмтээж эмнэлэг дээр очсон гэж хэлсэн...гэсэн, гэрч Э.Зэндмэнэ-Эрдэнийн ... Г.Э Б.О бид гурав үлдээд Г.Э бид хоёр газраар хэвтэн унтаж байхад Б.О над дээр ирээд хоёулаа унтъя гэж хэлэхээр нь би босож ирээд үгүй гэж хэлээд Г.Эг чанга дуугаар дуудан сэрээхэд Г.Э босож ирээд Б.Оыг надаас холдуулахад Б.О Г.Эгийн бэлэг эрхтнийг гараараа базаж цус гарган гэмтэл учруулсэн... гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Эгийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч Г.Эгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтанд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогчийн төмсгийг базсан үйлдэл болон хохирогч Г.Эгийн биед учирсан зүүн төмсөгний хуйхнаг хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохиролын талаар:

            Шүүгдэгч Б.Оын хууль ёсны төлөөлөгч буюу ээж нь хохирогч Г.Эд 547,000 төгрөг өгсөн гэх бөгөөд хэрэгт хохирогч нь хохирлын талаарх нотлох баримт өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогчийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Орхон аймгийн Баян-Өндөр сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: ”...Хохиролд 547,000 төгрөгийг өгсөн, хэлэх зүйл байхгүй гэв. ”

 

Шүүгдэгч: “...Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.О нь шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын дүгнэлтээр сэтгэцийн хувьд гэмтлийн шалтгаан зөн төрхийн өөрчлөлт уналт таталттай өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай гэх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

    Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

   Шүүх шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баттөмөрийн Б.Оыг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Э нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Оаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ