| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00926/И |
| Дугаар | 988 |
| Огноо | 2018-12-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 988
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г овогт Б-ийн М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Х Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны жижүүрээр түр ажиллаж байсан юм. Энэ хугацаанд миний мэргэжлээр ажлын орон тоо гаргахыг хүлээж байсан. Ингээд 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс намайг тус сургуульд газар зүйн багшаар авахаар К захирал тушаал гаргасан юм. Уг захирлын тушаалын дагуу миний бие ажилдаа орж ажиллах гэсэн боловч манай сургуулийн захирал өөрчлөгдөж Л гэгч захирал болсон. Тэрээр намайг хувийн өс хонзон бодож ажлыг минь хийлгэхгүй Чи энд ажиллах эрхгүй хүн, орон тоо байхгүй байхад К тушаал гаргасан байна, тиймээс чамайг авч ажиллуулах боломжгүйгээд миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар тасалдуулж байгаа юм. Миний бие нь захирал Л-ийн хууль бус үйлдлээс болж хөдөлмөрлөх эрхээ алдсаны улмаас 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гарсан тушаалын дагуу Увс аймгийн Х сумын Еренхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажлаа хийж чадахгүй байгаадаа туйлын гомдолтой байна. Би 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа орохоор сургууль ороход Л захирал болсон байсан ба чамайг ажиллуулахгүй гэж хэлсэн. Би түүнээс хойш олон удаа уулзсан мөн л ажилд авахгүй гэдэг хариу өгдөг байсан. Иймд 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 тушаалыг биелүүлж намайгтус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн М-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хийж байна:
1. Тус сургуулийн захирлаар өмнө нь ажиллаж байсан К нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө тухайн сургуульд газар зүйн багшийн орон тоо байхгүйг мэдсээр байж албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн М-ыг газар зүйн багшаар томилсон нь хууль бус тушаал байсан.Мөн тэр өдөр К-ийн эрх дуусгавар болсон байсан. Иймд уг тушаалыг хүчингүй болгосон. Манай сургуулийн газар зүйн багш 2004 оноос хойш ажилласан Март гэж багш байдаг. Тухайн тушаалд үндсэн багш юм уу цагийн багш юм уу гэдгийг зааж өгөөгүй. Мөн бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад багш нь багшлах эрхтэй байна гэж заасан заалт зөрчигдөж байгаа. М нь багшлах эрхийн үнэмлэхгүй. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/453 дугаар тушаалын 2, 3-р хавсралтад сургалтын төлөвлөгөөнд газар зүйн хичээлийн орох анги, заах цагийг тодорхой тусгасан байдаг. Энэ сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар газар зүйн 1 багш ажиллах боломжтой. Мөн өнмөх захирал К нь 2018 оны 1 дүгээр сарын 15-нд ажлаас чөлөөлөгдсөн өдрөө уг тушаалыг гаргасан байдаг. Ийм учраас уг тушаалыг гаргасан байда. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М нь Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 тоот тушаалаар 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс газар зүйн багшаар томилогдсон ба ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзнэ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халсан талаарх шийдвэрийг одоог хүртэл бичгээр гаргаж өгөөгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажиллуулахгүй байгаа нь тодорхойгүй байснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч М нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч нь уг тушаал нь хууль бус тул хүчингүй болгосон хэмээн маргаж байгаа боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба нэхэмжлэгч М нь түүнийг ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгааг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн болох нь түүний тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу шүүхэд гаргах эрхтэй байсан тул ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР