Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/728

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин,

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2205009421971 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, гоо сайхны , ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ... тоотод ахындаа эмээ, ах, бэр эгчийн хамт түр оршин суух, /РД:.../ урьд ял шийтгэлгүй, *******.

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёл урлагийн маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны .... тоотод байнга оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн ... хороо, ... тоотод түр оршин суух, /РД:.../ урьд ял шийтгэлгүй, *******.

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамт, Дорнод аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод байнга оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод түрээслэн оршин суух, /РД:.../ урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******, *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2022 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 06 цагийн орчим  Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотод хохирогч Б.У-тай үл ялих зүйлээр шалтаглаж маргалдан, улмаар зодож, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хацар, баруун чихний гэдэс, зүүн шанаа, хүзүү, зүүн чамархай, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэж, 2022 оны 2 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 06 цагийн орчим Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод хохирогч Б.У-тай үл ялих зүйлээр шалтаглаж маргалдан, улмаар зодож, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хацар, баруун чихний гэдэс, зүүн шанаа, хүзүү, зүүн чамархай, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, БГДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6 тал/,

2. Хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр найз О хорооллын ... хажуу талын байрны ... тоотод дуудахаар нь 14 цагийн үед явж очиход О, Э нар ирсэн байсан. Тэнд юм ярьж сууцгааж байгаад орой 23 цагийн үед ... бааранд очиж тоглолт үзэж байгаад 03 цагийн үед гараад буцаад 55 тоот О-ийн гэрт ирсэн. Тэгээд хоол унд хийж идчихээд унтацгааж байтал үүрийн 06 цагийн үед гаднаас үл таних 6, 7 эмэгтэй эмэгтэй орж ирсэн. Тэгээд орж ирээд Эг гичий нохойгоор нь дуудаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би босож очоод та нар олуулаа нийлээд нэг охин руу дайрч болохгүй гэтэл тэр охидууд над руу дайраад 167 см орчим өндөртэй, бэлтгэлийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай, мөр давсан үстэй, үсээ ардаа боочихсон эмэгтэй түлхэж унагаагаад хажуунаас нь 165 см орчим өндөртэй, хар өнгийн өндөр өсгийтэй хадаастай гуталтай, тайрмал үстэй эмэгтэй бас адилхан нэг эмэгтэйтэй хамт өшиглөж, цохиж, будаа агшаагчны сав зэргээр толгой, дагз, нүүр хэсэг рүү цохиж, дээрээс бөөнөөрөө дэвсэж өшиглөсөн. Тэгээд бөөн зодоон болж байхад Э гараад явчихсан байсан. Удалгүй цагдаа ирлээ гээд тал нь гарч зугтаагаад тал нь байж байхад нэг эмэгтэй нь миний хамраас гарсан цусыг арчиж өгөөд зогсож байтал цагдаа нар ирсэн. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би эмнэлэгт үзүүлээгүй. Харин нүүрэндээ сорвитой болсондоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3632 дугаартай “...Б.У-ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хацар, баруун чихний гэдэс, зүүн шанаа, хүзүү, зүүн чамархай, зүүн зулай, дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 тал/, 

4. Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 26-нд би нөхөртэй жаахан ам мурийгаад гэрээс гараад хаачихаа мэдэхгүй найз А-тай утсаар ярихад Л гээд бааран дотор байна гэхээр нь яваад очсон юм. Намайг тухайн бааранд ороход миний найзууд болох А-, Э, Н, ******* нар байсан бөгөөд өөр М гээд танихгүй охин байсан. Бид тухайн газраа ороод зургаан хүн дундаа 1 шил 1 литрийн виски байсан бөгөөд вискинээс нэг хоёр хундага уугаад өөртөө хоёр пиво захиалаад уусан. Бид нар тухайн газраасаа өглөө 05 цагт гараад хорооллын эцэст байдаг найз нар болох Н А хоёр болон Э гээд найзын гэр хажууд нь байдаг тул бүгд хамт тэнд очихоор явсан. Бид нар А-гийнд байж байхад нэг мэдсэн чинь Э гээд найзтайгаа хамт сууж байсан бөгөөд нөгөө хэд хаачсан юм гээд хажуугийн айл болох Эгийн гэрт орсон чинь хоёр үл таних охин гэрт нь хамраас нь цус гарсан бололтой байж байсан. Би тухайн охины цусыг нь арилгаж өгөөд байж байхад гаднаас Э А- нар дараа гаднаас Э мөн орж ирсэн. Ингээд хэсэг хугацаанд охидууд хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд яг юун талаар хэрүүл хийгээд байгааг сайн ойлгоогүй байж байтал гаднаас хоёр цагдаа орж ирсэн... ...Бид зургаа баарнаас 05 цагийн үед хоёр такси бариад урд талын таксинд А-, Марлаа, Н гурав суугаад түрүүлээд хөдөлсөн, харин ардаас нь Н, Эд бид гурав өөр таксинд суугаад хороолол руу явсан. Тэгээд хорооллын эцэст Эгийнд очихоор яваад нэг байранд очиж 5 давхарт гараад баруун талын 503 тоотод очсон. Тэгээд ороход хаалга нь онгорхой байсан бөгөөд үсээ хусуулчихсан эрэгтэй царайтай охин хамраас нь цус гарчихсан байдалтай хажууд нь нэг үл таних эмэгтэй хоёр байсан. Тэгээд Э ороод тэнд байсан үл таних хоёр эмэгтэйтэй муудалцаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 31-32 тал/,

5. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны 20 цагийн үед найз Д, М, Н, М, Э нартай уулзаад талбайн хажуугийн Л нэртэй бааранд орж 2 шил виски уугаад бүжиглэж байгаад тэндээсээ гараад хорооллын эцсийн Д-гийн түрээслэн амьдарч байгаа байранд очихоор таксинд суугаад хороолол руу Д-гийн түрээсийн байранд очихоор явсан. Тэгээд хорооллын эцсийн ... гэсэн нэртэй байранд очоод М, М, Э бид дөрөв түрүүлж ороод таван давхарт гарч зүс таних Эгийнх руу ороод юм яриад зогсож байж байгаад би том өрөөнийх нь буйдан дээр суугаад тасраад унтчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

6. Гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны 20 цагийн үед найз Н, М, Н, М, Э нартай уулзаад талбайн хажуугийн Л нэртэй бааранд орж хоёр шил виски уугаад бүжиглэж байгаад тэндээсээ гараад хорооллын эцсийн түрээсийн байранд очоод Н бид хоёр таксины мөнгө өгөөд гадна үлдсэн. Харин М, Н, М, Э нар түрүүлээд дотогшоо орсон. Н бид хоёр хойноос нь ороход Э, Э хоёр хоорондоо маргасан байдалтай байсан бөгөөд нөгөө өрөөнөөс нь үл таних халзан эмэгтэй гарч ирээд Н-той маргалдаад гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн. Тухайн үед би хэн нь хэнтэйгээ маргалдаж зодолдоод байгааг хараагүй. Би нэлээн согтчихсон байсан. Би тухайн үед хэн нь хэнтэйгээ зодолдоод байгааг анзаараагүй. Би өөрөө маргаан зодоонд оролцоогүй мөн Н, М нар зодоонд оролцоогүй байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

7. Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед найз Н, М, Н, Д, М нартай уулзаад Л нэртэй бааранд орж 2 шил виски авч хувааж уугаад бүжиглэж байгаад тэндээсээ гараад хорооллын эцэс рүү Д-гийн түрээслэн амьдарч байгаа байранд очихоор таксидаж явсан. Тэгээд 5 давхарт гарч Д-гийн хажуугийн байр руу ороод юм яриад зогсож байтал гаднаас Н, Д 2 орж ирсэн. Тухайн үед Э бид 2 бие биедээ тунирхаад маргалдаж байтал хажуунаас Н хэрүүл маргаан хийж Э-гаас мөнгөө нэхээд байж байтал нөгөө өрөөнөөс үл таних халзан эмэгтэй гарч ирээд та нар яагаад байгаа юм бэ гээд бид нар руу дайраад орилж хашгираад Н-г үсдээд эхлэхээр нь М бид 2 дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал Э гараад явчихсан байсан ба халзан эмэгтэй Н, М бид нар зууралдаж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

8. Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед найз М, Э, Н, Д, Н нартай уулзаад талбайн хажуугийн Л нэртэй бааранд ороод 2 шил виски уугаад бүжиглэж байгаад 03 цагийн үед Д-гийн байр руу явсан. Тэгээд бид Д-гийн хажуугийн Эгийн гэр рүү ороод яв яриад зогсож байтал гаднаас Н, Д нар орж ирээд Н Э-гаас мөнгө нэхээд муудалцаад зогсож байтал, цаад талын өрөөнөөс халзан эмэгтэй гарч ирээд та нар яагаад байгаа юм гээд Н үсдээд хойш нь дарахаар нь би дундуур нь ороод ахаа та болиоч ээ гэтэл чи намайг ахаа гэж доромжиллоо гээд түлхээд унагаасан. Тэгтэл Э хажуугаас орж ирээд тэр халзан эмэгтэйтэй маргалдаад бид 4 хоорондоо нэлээн удаан зодолдож ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

9. Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн  үед найз М, Э, М, Д, Н нартай уулзаад талбайн хажуугийн Л нэртэй бааранд ороод 2 шил виски уугаад бүжиглэж байгаад 03 цагийн үед Д-гийн байр руу явсан. Д бид 2 яваад ороход манай найзууд Э-тай маргалдаад байж байсан. Тэгээд Д бид 2 явж ороод Эг өмөөрөөд зогсож байтал хажуугаас үл таних халзан эмэгтэй гарч ирээд та нар яагаад байгаа юм гээд миний үснээс зулгаагаад хойш нь татахаар нь би тэр эмэгтэйг түлхээд ноцолдож эхэлсэн. Тэгтэл хажуугаас М, Э 2 намайг өмөөрөөд тэр халзан эмэгтэйг цохиж өшиглөж бид хоорондоо нэлээн удаа ноцолдож бие бие ээ цохиж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 98 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 99 тал/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 124 тал/,

шүүгдэгч *******-гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 87 тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 89 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 123 тал/,

шүүгдэгч *******-гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 92 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 94 тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 122 тал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******, *******, ******* нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 17-19, 23-24, 36-37, 39-40 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2022 оны 2 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 06 цагийн орчим Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод хохирогч Б.У-тай үл ялих зүйлээр шалтаглаж маргалдан, улмаар зодож, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун хацар, баруун чихний гэдэс, зүүн шанаа, хүзүү, зүүн чамархай, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий бүхий хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хэргийн дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч Б.У-ын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3632 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Хохирогч Б.У-ын биед учирсан тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, хоёр бугалга, хоёр шуу, хоёр гуя, хоёр шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогч Б.У-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч *******, *******, ******* нарын 2022 оны 2 дугаар сарын 15-наас 26-нд шилжих шөнө хохирогчийг зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.У-ыг шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийлж зодсон үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэж хохирогчийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч *******, *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч нарыг ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг тус тус харгалзаж, шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3632 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Б.У- нь хавтас хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Б.У- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, ******* нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******, *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.У- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА