Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин,

Шүүгдэгч/хохирогч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2205000002058 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, “...” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ... байр, ... тоотод оршин суудаг, (РД:...) урьд ял шийтгэлгүй, *******.

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ... монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .. дугаар байр, ... тоотод оршин суудаг, (РД:...), урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: 2022 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сүлжээ дэлгүүрийн гадна *******, ******* нар үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч ******* нь *******ий биеийг шилээр зүссэний улмаас биед нь зүүн бугалга, нурууны шарх, зүүн гарын 1-р хурууны зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******-ыг гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр зодож цохисны улмаас биед нь духанд шарх, зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхи, баруун дал, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******, ******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

1. Хохирогч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед би ... дугаар хорооллын замын хойд талын ... рүү ороод кофе авах гэж байтал хажууд үл таних хоёр эрэгтэй, нэг эмэгтэй сууж байсан. Нэг эрэгтэй нь над руу заагаад гараа атгаад байхаар нь би “яагаад байгаа юм” гэтэл “би чамайг ална шүү” гэхээр нь би “яагаад намайг алах гээд байгаа юм” гэтэл тэр эрэгтэй босож ирээд “би чамайг ална шүү” гэхээр нь би “чи хүн андуураад байгаа юм уу” гэтэл тэр эрэгтэй босож ирээд над руу дайраад би чамайг ална гээд дайраад байсан. Тэр үед миний утас дуугарахаар нь утсаа аваад ярьтал манай найз Л гэртээ харьсан уу гэхээр нь би үгүй ээ би ...-д байна энд нэг залуу намайг ална гээд байна гэтэл за би очлоо гэсэн. Тэгээд ... дотор тэр үл таних эрэгтэй над руу дайраад ална гээд байхаар нь би хойш нь түлхээд зогсож байтал ... дотор үйлчлүүлж байсан хүмүүс бид нарын дундуур ороод хоёр тийш холдуулсан. Удалгүй манай найз орж ирээд наад хүмүүс чинь согтуу юм байна гаръя гэхээр нь би найз Лийн хамт гадагшаа гараад ...-гийн үүдэнд зогсож байтал хойноос нөгөө үл таних эрэгтэй хоёр гартаа хоёр ширхэг Сөжүний шил барьчихсан гараад ирсэн. Тэгээд хойноос гарч ирэнгүүтээ ...-гийн хаалганы бариул дээр гартаа барьж байсан хоёр сөжүнийхээ шилийг хагалаад над руу дайраад зүүн гар нуруу хэсэгт 3 удаа шилээр зүссэн. Хажуугаас манай найз болон ...2-д үйлчлүүлж байсан хүмүүс салгаад тэр эрэгтэйн гараас шилийг нь аваад үл таних хүн намайг машиндаа суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Хохирогч, шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

2. Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үүрийн 3 цагийн үед ... бааранд бүжиглэж байгаад үл таних эрэгтэйтэй танилцсан бөгөөд хоёулаа бааранд ууж байгаад 10 дугаар хорооллын ... ороод юм яриад уугаад сууж байтал гаднаас үл таних 5-6 эрэгтэй орж ирсэн ба касс дээр тооцоо хийх гэж оочирлож байтал хойноос хүмүүс ямар уддаг юм бэ гээд байхаар нь би эргэж хараад оочир дарааллаараа явж байна шүү дээ гэтэл үл таних эрэгтэй миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд маргаан үүстэл хамт явж байсан үл таних эрэгтэй дундуур ороод салгасан. Намайг цохисон эрэгтэй ...-гээс түрүүлээд гараад явсан бөгөөд би тооцоогоо хийчхээд гэртээ харихаар гартал тэр эрэгтэй үүдэнд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Хохирогч, шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11349 дугаартай “...*******-ын биед духанд шарх, зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхи, баруун дал, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11304 дугаар “...*******-ий биед зүүн бугалга, нурууны шарх, зүүн гарын 1-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

5. Гэрч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад би найз Г-тэй хамт гадуур явж байгаад 10 дугаар хорооллын ... дээр буулгаад би гэр лүүгээ явсан. Гэртээ орчхоод найз Г-ийг гэртээ харьсан эсэхийг асуухаар залгахад Г- би нөгөө ... дээр байна, энд намайг хүмүүс ална гээд дайраад байна гэхээр нь за би яваад очъё гэсэн. Би гэрээсээ гараад 10 дугаар хорооллын ... рүү очиж ороход тэнд нэлээн олон хүн үйлчлүүлж байсан бөгөөд үл таних 30 орчим насны, намхан ах манай найз Г-ийг хэл амаар доромжилсон байдалтай байсан бөгөөд хажууд нь хамт явж байгаа бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу эрэгтэйг болиулах гээд чадахгүй байсан. Тэр согтуу эрэгтэй агсам согтуу тавиад байхаар нь би ...-гээс Г-ийг дагуулж гараад үүдэнд нь зогсож байтал хойноос үл таних согтуу эрэгтэй дагаж гарч ирээд баруун гартаа барьж байсан Сөжүнийхээ шилийг ...-гийн хаалганы үүдэнд цохиж хагалаад манай найз Г- руу дайрахаар нь Г- өөдөөс нь шилийг нь салгах гэтэл гараа тавихгүй гарынх нь хойд хэсгийг шилээрээ зүссэн. Нөгөө гартаа барьж байсан Сөжүнийхээ шилийг бас ...-гийн хаалганд цохиж хагалаад Г- рүү дайраад байхаар нь би хажуугаас нь ороод шилийг нь салгаж авах гэтэл миний гарын шуу хэсэгт нэг удаа зүссэн. Тэгээд Г-ий нуруу гарыг хэд хэдэн удаа зүсэж гэмтээгээд тэр хавьд байсан үл таних хүмүүс рүү агсам согтуу тавиад байхаар нь манай найз зугтаад замын хажууд байсан үл таних хүний машин руу сууж байгаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

6. Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 04 цагийн үед би гоймон авахаар 10 дугаар хорооллын туслах замын ... дэлгүүр лүү явж байтал дэлгүүрийн үүдэнд арван жилд хамт суралцаж байсан Лхагва, Г- нар хоорондоо юм яриад зогсож байсан. Тэд нартай юм яриад зогсож байтал ...-гээс үл таних хоёр эрэгтэй гарч ирээд Г-тэй маргалдаад байсан бөгөөд яг юунаас болж юу гэж маргалдаад байсныг нь би сайн санахгүй байна, өмнө нь маргалдсан байдалтай юм хэлээд байсан. Хоорондоо маргалдаад байхаар нь би Г-ийг холдуулаад хойшоо тэврээд байж байтал ...-гийн үүдэнд зогсож байсан цагаан футболктой эрэгтэй гартаа барьсан хоёр Сөжүнийхээ шилийг хаалганы хажуугийн төмөрт цохиж хагалаад гүйж ирээд Г-ий нуруу дал хэсэг рүү хатгаад зүсээд байсан. Тэгээд Г тэр эрэгтэй хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдохоор нь би тэр залуугийн гараас нь шилийг нь авах гэж нэлээн ноцолдож байгаад гартаа барьсан байсан хагархай шилийг нь арай гэж салгаад авч байтал хажуугаас үл таних хүмүүс хүрч ирээд дундуур орж салгасан. ...Г- тэр эрэгтэй хоёр л маргалдаж зодолдсон. Өөр зодоонд оролцсон хүн байгаагүй. Хажуугаас үл таних хүмүүс орж ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

7. Иргэний нэхэмжлэгч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дэлгүүрийн гадна иргэн *******, ******* нар нь хоорондоо зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч ******* нь 2022 оны 08 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар эмчилгээ хийлгэж Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-22 тал/,

8. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022.09.07-ны өдрийн 04/4220 дугаартай албан тоот, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдүүлэг /хх-ийн 83, 84 тал/,

9. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3, 4-8 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч нар хэрэг учрал болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бие хянах чадваргүй болж, улмаар маргалдан харилцан зодолдож, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэлэхийн лавлагаа /хх-ийн 68 тал/, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зүүн түгээх төвийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 66 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 69 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 71 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 тал/,

Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 73 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 75 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эдгээр нотлох баримтуудад үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 24-25, 26-28 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... сүлжээ дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч ******* нь *******ий биеийг шилээр зүсэж биед нь зүүн бугалга, нурууны шарх, зүүн гарын 1-р хурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч ******* нь *******-ыг гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр зодож цохисны улмаас биед нь духанд шарх, зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхи, баруун дал, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан байна.

Энэ нь шүүгдэгч *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Л, Т.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 11349, 11304 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Шүүгдэгч *******-ын үйлдлийн улмаас хохирогч *******-ий эрүүл мэндэд “зүүн бугалга, нурууны шарх, зүүн гарын 1-р хурууны зулгаралт” бүхий гэмтэл учирсан, шүүгдэгч *******-ий үйлдлийн улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд “духанд шарх, зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхи, баруун дал, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл учирсан, эдгээр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын 11349, 11304 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь тэдгээрийн харилцан зодолдсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор  үүссэн байна.

Шүүгдэгч нарын хэн хэн нь үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, харилцан бие биеэ цохиж зодоход эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдэж хүсэж үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүдийг гаргасан байна. /хх-ийн 96, 98 тал/  

Уг хүсэлтүүдийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 10-105 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******, ******* нарт танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *******, ******* нар нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Хохирогч *******, ******* нар нь харилцан бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болго

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА