Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/740

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Отгонбаатар,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1349/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2205017752080 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, хоёр ач нарын хамт Налайх дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод /РД:.../, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ... цолтой *******-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан хүнийг эрүүлжүүлэх байр руу албаны тээврийн хэрэгслээр зөөвөрлөж явах үед нь үснээс зулгаах, толгой руу цохих зэргээр эргүүлийн офицер цагдаагийн ахмад цолтой *******-гийн биед халдсан, мөн Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх байранд агсам тавьж “чи муу бага цалин авдаг гуйлгачин, чамайг ажилгүй болгоно” гэх зэргээр эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа *******-г доромжлох, тус байрны хүлээлгийн өрөөний цонхыг хагалах зэргээр зүй бус үйлдэл гаргаж түүний үйлдлийг таслан зогсоохоор ойртсон эрүүлжүүлэх байрны цагдаа *******-гийн цээж, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-ыг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

1. Хохирогч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицероор үүрэгт ажлаа хийж байхад Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... эмнэлгийн зүүн талд согтуу эрэгтэй хүн зам дээр хэвтэж байна гэх гэсэн дуудлагын дагуу цагдаа жолооч цагдаагийн ахлагч Б.Б-ын хамт энгэрийн камерыг асааж тээврийн хэрэгслээс бууж тухайн хүн дээр очсон. Ахимаг настай эрэгтэй өөрийгөө ******* гэж хэлсэн, өмсөж явсан гутлаа тайлсан байдалтай нэлээн согтуу хүн орилж хашхираад зам дээр хэвтэж байхаар нь очоод гэрийн хаяг асууж согтууруулах ундааны зүйл хэрэглэж олон нийтийн газар хэв журам зөрчиж орилж хашхирч болохгүй талаар хэлсэн. Мөн тэр эрэгтэйгээс ирж авах хүн байна уу, ар гэрийн хүмүүсийн талаар асуухад би ганцаараа амьдардаг гэж ямар нэгэн утас дугаар өгөөгүй, хэн болохыг тогтоох зорилгоор тухайн эрэгтэйн халаасанд бичиг баримт гар утасны дугаар зэргийг байгаа эсэх талаар тодруулах зорилгоор биед өмсөж явсан хувцас халаас зэргийг тэмтэрч үзэхэд ямар нэгэн утас болон бичиг баримт байгаагүй. Би тухайн хүнийг танд ямар нэгэн бичиг баримт байхгүй хэн болохыг тань мэдэхгүй, мөн хэв журмын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж эрүүлжүүлэх талаар хэлэхэд тэр хүн тэгье гэж зөвшөөрч машинд суусан. Эх нялхсын арын зам уруудаж албаны автомашинтай явж байхад намайг гичий минь, янхан минь, хурдан яв би гэр орондоо хурдан харимаар байна гэж хэлээд явж байсан. Би согтуу хүнтэй юм яриад яах уу гэж бодож байхад миний үснээс зулгааж тавь гэхэд илүү хүчтэй зулгааж хоёр удаа миний толгой руу гараараа цохисон. Жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Б.Б албаны тээврийн хэрэгслээ зогсоож арын хаалга онгойлгож намайг үстэж барьсан гарыг тавиулах гэж үзэж гарыг тавиулсан. Гарт нь миний толгойноос туг үс гарч ирсэн. Миний толгойн зүүн талын хэсэг их өвдөж зовуурилж байна. Нөгөө согтуу эрэгтэйг гавлаж эрүүлжүүлэх байранд авч ирсэн гавтай нь үүдэнд суулгаж эрүүлжүүлэх байрны цагдаа, дэд ахлагч А-д хэлж үлдээгээд ерөнхий жижүүрт болсон асуудлын талаар мэдэгдээд буцаад ороход уг иргэн нь эрүүлжүүлэх байрны вакум цонх, эмнэлгийн хэрэгсэл хийдэг хуванцар сав зэргийг хагалж цагдаагийн хөл, гэдэс орчим хөлөөрөө өшиглөж цохисон байсан. Агсам согтуу тавьсан Б-ыг ...-д хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

2. Хохирогч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2019 оны 1 сараас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч цол, албан тушаалд ажиллаж байгаад албанаас өөрийн хүсэлтээр гарч одоо уул уурхайн компанид ажиллаж байгаа. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө миний бие Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд шөнийн 00 цагийн үед манай хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б, цагдаа жолооч Б нар зөрчил гаргасан гэх шалтгаанаар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, 50 гаран насны эрэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн бөгөөд ахмад Б тухайн эрэгтэйг оруулж ирэхдээ “гудамж талбайд биеэ авч явах чадваргүй, ухаан согтуу байдалтай хэвтэж байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгаад тухайн биеэ авч явах чадваргүй эрэгтэйг албаны автомашинаар эрүүлжүүлэх байр луу авч ирэх явцад Б ахмадын толгойноос нь үстсэн” гэж байсан. Б ахмад эрүүлжүүлэх байранд тухайн эрэгтэйг үлдээгээд гарч явсны дараа нөгөө согтуу эрэгтэй хүн над руу агсам тавьж “чи муу бага цалин авдаг гуйлгачин, чамайг ажилгүй болгоно” гэх зэргээр доромжилж байгаад толгойгоороо манай хүлээлгийн өрөөний цонхыг мөргөөд хагалчихаар нь би түүний зүй бус үйлдлийг таслан зогсоохоор ойртох үед миний цээж рүү нэг, хөл рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөхөөр нь түүнд тусгай мэх хэрэглэж, саатуулах байрны камерт хийсэн. Тухайн эрэгтэй хүн намайг хэл амаар доромжилж байгаад толгойгоороо өөрөө мөргөчихсөн. Гэхдээ цонх хагалсан эрэгтэй тухайн өдрийн маргааш нь хагалсан цонхоо бүрэн бүтэн болгож төлж өгсөн. Өөрөөр ямар нэгэн эд зүйл эвдэж, сүйтгэсэн асуудал байхгүй. Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад огт хандаагүй. Тийм учир ямар нэгэн зардал мөнгө гэх зүйл надаас гараагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26, 27 тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6804 дугаартай “...*******-д зүүн зулайн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, татах үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь хоногийн дотор үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6806 дугаар “...******* баруун шилбэний урд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь хоногийн дотор үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

6. Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай ажлын газрын хүн гавьяат цол тэмдгээр шагнуулсны цайллагад уригдаж очоод архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, ухаан алдтал согтож, тасарсан байсан. Би тухайн газраас яаж гарсан, хаана, юу болсон талаар ямар нэгэн зүйл огт мэдэхгүй байгаа. Нэг сэртэл цагдаагийн эрүүлжүүлэх байранд сэрсэн бөгөөд яагаад эрүүлжүүлэх байранд байгаа талаар асууж тодруулахад би зөрчил гаргаж, ирсэн цагдаа эмэгтэйн үснээс зулгаасан, мөн өөр цагдаагийн биед халдаж, эрүүлжүүлэх байрны цонхыг хагалсан гэж хэлсэн. Тэгээд би хагалсан цонхоо бүрэн бүтэн болгож хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...5 дугаар сарын 08-ны өдөр хорооллын “...” нэртэй зочид буудалд өмнө нь хамт ажиллаж байсан дүү нийтийн ахуйн үйлчилгээний гавьяат ажилтан болоод цайллагад уригдсан. Тэнд очоод хоол идэж, архи уусан. Өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож тогтоогджээ.  

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 50 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52 тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, гэрч *******-гийн “...миний дүү Б нь ... онд ... аймагт аав Д, ээж Д нарын хоёр дахь хүүхэд буюу миний доод талын дүү болон мэндэлж, Б-ыг 1 настай байхад ээж маань нас барж аавынхаа хамтаар амьдарч байгаад аав маань өөр эхнэртэй болж бид хамт амьдрах болсон. Б ... аймгийн ... сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцаад 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу сурахаар яваад Налайх дүүргийн техник мэргэжлийн сургуульд элсэн орж суралцаж төгсөөд ...-т жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Б нь Ч гэх 8 дугаар арван жилийнхээ ангийн охинтой гэр бүл болж нэг хүүхэдтэй одоог хүртэл гэр бүлтэйгээ Налайх дүүрэгт амьдарч байгаа. Улсаас авсан гавьяа шагналын хувьд онц тээвэрчин, Алтан гадас зэрэг одонгоор шагнагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эдгээр нотлох баримтуудад үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 24 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч ******* нь Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер ажилтай, хохирогч ******* нь Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа ажилтай, албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Иймд хохирогч *******, ******* нарыг Төрийн албаны тухай хуулийн 6 зүйлийн 6.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан төрийн тусгай алба хаагч гэж үзэх бөгөөд тэдгээр нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх явцад нь шүүгдэгч ******* нь биед нь хүч хэрэглэн халдсан байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон тэдгээрийн эрүүл мэндэд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6804, 6806 дугаартай дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Иймд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж шүүгдэгч *******-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******-ыг үргэлжилсэн үйлдлээр Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нар нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* үргэлжилсэн үйлдлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 64-65 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-гийн эрүүл мэндэд зүүн зулайн зулгаралт гэмтэл, хохирогч *******-гийн эрүүл мэндэд баруун шилбэний урд цус хуралт гэмтэл, мөн Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах эрүүлжүүлэх байрны хүлээлгийн өрөөний цонхыг хаглаж, эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь 1,500,000 төгрөгийг хохирол төлбөрт тооцож хохирогч *******-д төлж барагдуулсан, мөн эрүүлжүүлэх байрны хүлээлгийн өрөөний цонхыг шинээр сольж өгсөн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон байна.

Харин хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч *******-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******-д хохирол хор уршигт тооцож 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч *******- нь хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА