Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/767

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-ид холбогдох эрүүгийн 2205020862098 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... нэртэй газарт админ ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, /РД:.../, урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” бааранд зөөгчөөр ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-ны өдрийн “...” компанийн хөрөнгө болох үйлчилгээний орлого 2,039,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2012 оноос хойш одоог хүртэл хорооллын эцэст ... нэртэй караоке, баар ажиллуулж байгаа. 2017 онд манайд Р зөөгчөөр ажилд орж байсан бөгөөд 2018 оноос эхлэн барменаар ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд тухайн үед Р-оос ямар шалтгааны улмаас ирэхгүй байгааг нь асуухад “бие өвдсөн байна” гэж хэлээд ирэхгүй байж байгаад одоог хүртэл дахиж ирж ажиллаагүй алга болсон. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 05-ны өдрийн орлогын тооцоог ... баарыг надтай хамт ажиллуулдаг З өөрийн данс руугаа Р-оор хийлгүүлээд авсан байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 06, 07-ны өдрийн орлогыг Р өгөөгүй. Р 2022 оны 5 дугаар сарын 06-наас 07-ны өдрийн орлого болох 2,039,000 төгрөгийг бэлнээр аваад явсан байсан. Би Р-ийн ... дугаарын утас руу удаа дараа холбогдож “орлогын мөнгөө хий” гэхэд “утас болохгүй байна, очиж байгаад өгье” гэж 2, 3 хоног ярьж байгаад утсаа авахгүй алга болчихсон байгаа. ...Р 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сарын цалингаа бэлнээр 430,000 гаруй мянган төгрөг авсан. Одоо манайхаас авах цалин хөлсний асуудал өр авлагын асуудал байхгүй. Манайхаас орлогын мөнгө болох 2,039,000 төгрөгийг бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

2. Гэрч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Р-ийг 2017 онд ... бааранд ажилд орж байхад нь танилцаж байсан бөгөөд тухайн үед би өөрөө ... бааранд менежерээр ажилладаг байсан. Р нь ... бааранд 2 жил орчим зөөгч барменаар ажиллаж байгаад 2019 оны сүүлээр ажлаасаа гарчхаад буцаад 2022 оноос барменаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс тасалж 5 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн тооцоог бодож үзэхэд 5 дугаар сарын 01-ний өдөр 87,500 төгрөг, 5 дугаар сарын 02-ны өдөр 238,000 төгрөг, 5 дугаар сарын 03-ны өдөр 342,500 төгрөг, 5 дугаар сарын 04-ний өдөр 931,000 төгрөгийн орлого тус тус орсон байсан бөгөөд уг мөнгөнөөс Р 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр барааны тооцоо болох нийтдээ 1,310,500 төгрөгийн /754,500 төгрөг, 556,000 төгрөг/ тооцоог төлсөн байсан тул бүх тооцоог бодож гаргахад 5 өдрийн орлогын мөнгөнөөс 288,500 төгрөг үлдэж байсан. 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би ... бааранд ирээд Р-той 5 сарын тооцоогоо бодчихоод хүмүүсийн цалинг бодож байгаад Р-ийг тооцооныхоо мөнгийг миний данс руу хийчих, хүмүүсийнхээ цалинг олгоё гэтэл Р “ахаа би гар утасгүй байна, утас олж байгаад хийчихье” гэчхээд хэсэг хугацааны дараа “ахаа би интернэт банкныхаа нэвтрэх нэрийг санадаггүй ээ маргааш банк онгойхоор тань руу хийчих үү” гэхээр нь би “за тэгвэл тэг, тэг, чи өөрийнхөө цалинг хасаж аваад надад үлдэгдэл мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тухайн орой нь Р миний ... дугаарын Хаан банкны данс руу 1,400,000 төгрөг шилжүүлэхээр нь би залгаад үлдэгдэл мөнгө чинь яасан бэ, 2 сая гаруй төгрөг шүү дээ гэтэл би Хаан банкны нэвтрэх нэрээ санахгүй байна, ахаа би маргааш тань руу үлдэгдлийг нь хийчихье гэсэн. Маргааш нь мөнгөө хийхгүй байхаар нь утас руу нь залгахад утсаа авахгүй таг болчихсон. Тэгээд захирал Золбаярт болсон асуудлын талаар хэлээд нэлээд хэдэн өдөр утас руу нь залгасан боловч утсаа авахгүй орлогын 2,039,000 төгрөгийг хийхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Р-ийн 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 30-ны өдрийн цалин болох 430,000 төгрөгийг 5 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгож авсан. Манай баар нь сарын сүүлээр цалингаа дараа сарын 05-ны өдөр нь бодож олгодог юм. Одоо Р манай байгууллагад ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Дутагдуулсан байсан 2,039,000 төгрөгийн төлбөр тооцоогоо төлж дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

3. “...” баарны тооцооны бүртгэлийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 35-38 дахь тал),

4. *******-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41-50 дахь тал),

5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 73 дахь тал),

6. Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн хоорондох орлогын мөнгөний тооцоог дэд захирал З-тай нийлж үлдэгдэл мөнгийг нь өгсөн байсан. Харин 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үлдэгдэл 1,018,000 төгрөг болон 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн орлого 1,021,000 төгрөгийн орлогын мөнгийг тушаагаагүй, нийтдээ 2,039,000 төгрөгийг хувьдаа (цахим покер тоглоом тоглохдоо) зарцуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн талаарх албан тоот (хавтаст хэргийн 59 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******-оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 16-18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З, гэрч Э.З нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч *******-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “...” баарны тооцооны бүртгэлийн дэвтрийн хуулбар, *******-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ажиллуулдаг “...” бааранд зөөгч, барменаар ажиллаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн орлогын бэлэн мөнгийг буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2.039.000 төгрөгийг хувьдаа завшиж, хохирогч байгууллагад 2.039.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд хохирогч байгууллагад 2,039,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.  

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд зөөгч, барменаар ажиллаж байхдаа өөрт итгэмжлэн хариуцуулсан орлогын бэлэн мөнгө болох 2,039,000 төгрөгийг хувьдаа хэрэглэж дутаан, “...” ХХК-д нийт 2,039,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэж, шүүгдэгч *******-ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 73 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 77-78 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг *******ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч ******* нь Чингэлтэй дүүргийн ... хороо, ... тоотод ээж, дүү нарын хамт оршин суудаг, Хан-Уул дүүрэгт байрлах ... төвд гутлын үйлдвэрт татлагачин хийдэг, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх ... цахим тоглоомын газарт админаар ажилладаг болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ид “Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ******* нь оногдуулсан “Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна.  

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас ... ХХК-нд 2,039,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн Хаан банкны деспозит дансны хуулга, ... баарны тооцооны бүртгэлийн дэвтэр зэрэг бичгийн баримтаар нотлогдсон.

Хавтас хэргийн 73 дахь талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З- “...Хохирлоо барагдуулж дууссан. Одоо гомдол саналгүй...” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болго

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 6 (зургаа) сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

4. Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч байгууллагад 2.039.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА