Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 816

 

 

 

 

 

 

 

2019           8              13                                            2019/ДШМ/816                                 

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор М.Энхбаатар,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б- гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1911008390359 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн Г-ын Б, Дорнод аймагт 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Кастль бааранд хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 60-13 тоот хаягт оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:000000000/

 

Г.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудлын орчимд хохирогч Т.Б-ийн халааснаас 1,100,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei p-20 pro” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Б- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдолдоо: “... миний бие мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн, хохирогч Т.Б-ийн гар утсыг буцаан өгч хохирлыг барагдуулсан. Шүүх хуралдаанд хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас өмгөөлөгчгүй орсон. Хүү Б.Тэнгис 7 сартай нярай, эхнэр Х.Мишээл ажилгүй, гэртээ байдаг. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Ар гэрийн байдал болон гэм буруугаа ухамсарласан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор М.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх асуудал нь шүүх эрх хэмжээнд хамааралтай. Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн тухайгаа мэдүүлдэг боловч гэм буруугаа хүлээсэн талаар мэдүүлэг өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг түүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудлын орчимд иргэн Т.Б-ийн халааснаас 1,100,000 төгрөгийн үнэтэй “Huawei p-20 pro” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Б-ийн “... “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудалд автобус хүлээгээд зогсч байхад, миний өмдний халаасанд байсан гар утас байхгүй болчихсон ...” гэх мэдүүлэг /хх 8-10/,

Яллагдагч Г.Б- “... 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр архи уучихсан, автобус хүлээгээд “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудал дээр зогсч байсан. Хүмүүс автобусанд суухаар овоороод дайрч байх зуур дундуур нь шахаж ороод нэг хүүхдийн өмдний халааснаас гар утсыг нь сэмхэн хулгайлж аваад цааш явсан...” гэх мэдүүлэг /хх 13-14/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 19/, автобусны буудал орчмын хяналтын камерын бичлэг бүхий эд мөрийн баримт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-22/, эд зүйлийн үнэлгээ /хх 28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Г.Б- гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бат-Эрдэний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧИД                                                         М.АЛДАР

 

                                                                                                   М.ПҮРЭВСҮРЭН