Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0463

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Б м”” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.У

 

Нэхэмжлэгч: “Б м”” ХХК /РД:5722942/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Б м”” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201054476, Ү-2201054477, Ү-2201054478 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн 23/07/03 дугаартай “Битүүмжлэх акт”-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0248 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, С.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0827/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б м”” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Б м”” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201054476, Ү-2201054477, Ү-2201054478 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн 23/07/03 дугаартай “Битүүмжлэх акт”-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0248 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 55 дугаар зүйлийн 55.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б м”” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан “Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Б м”” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201054476, Ү-2201054477, Ү-2201054478 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн 23/07/03 дугаартай “Битүүмжлэх акт”-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. “Б м” ХХК нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас үүссэн давагдашгүй хүчин зүйл, хөл хорио, хилийн хязгаарлалт, эдийн засгийн уналтын улмаас компанийн санхүүгийн байдал хүндэрч, үйл ажиллагаа зогсож, ажилчдын цалин хөлс, уул уурхайд ашиглах машин техникийн шатахуун, тос, засвар үйлчилгээ тасалдахад хүрсэн. Бид компанийн олон арван ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэх, тэдгээрийн ар гэр, үр хүүхдүүдийн орлогын эх үүсвэрийг тасалдуулахгүй байх гэсэн үүднээс эрсдэл үүрч, банкнаас зээл аван үйл ажиллагаагаа хэсэг зуур үргэлжлүүлсэн. Гэвч олсон орлого маань нийт ажилчдын цалин хөлс, машин техникийн бензин тос, өр зээлд зарцуулагдсан учраас компани Хан-Уул дүүргийн татварын хэлтэс, мөн Том татварын газарт тус бүрд тодорхой хэмжээний татварын өр хуримтлагдсан. Бид компанид үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаа ойлгуулж, татварын хуримтлагдсан өрийг тодорхой графикийн дагуу хувааж төлөх, энэ хугацаанд татварын өрөнд дүйцэх үнийн дүн бүхий уурхайд ашигладаг, өндөр үнэлгээтэй том оврын машин механизм, тоног төхөөрөмжийг барьцаалах, эсхүл битүүмжлүүлэх саналыг удаа дараа бичгээр гаргасан.

3.2. Гэтэл Том татвар төлөгчийн газраас дээрх хүсэлтийг маань үл ойшоож, компанийн өмчлөлийн Ү-2201054476, Ү-2201054477, Ү-2201054478 бүртгэлийн дугаартай оффис, засварын цех, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг хүчээр албадан явуулж, улмаар худалдан борлуулах гэж байгаад гомдолтой байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд дээр тулгуурлан компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг бөгөөд хэрэв дээрх хөрөнгийг албадан борлуулсан тохиолдолд компанийн үйл ажиллагаа зогсож, иргэд ажилгүй болох, компани дампуурах бодит нөхцөл үүсэх юм.

3.3. Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 сарын 03-ны өдөр “Б м”” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201054476, Ү-2201054477, Ү-2201054478 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, 23/07/03 дугаартай Битүүмжлэх актыг гаргахдаа дараах байдлаар хууль зөрчсөн юм.

Манай компани нь 2023.06-р сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хандан Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтийг 166/23 тоот албан бичгээр гаргасан бөгөөд ингэхдээ Татварын ерөнхий хуулийн 53.3.2-д барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө, Засгийн газрын үнэт цаас байна гэж заасны дагуу компанийн блансад бүртгэлтэй дээрх Ү-2201054476, Ү- 2201054477, Ү-2201054478 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргасан юм. Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс бидэнд Татварын ерөнхий хуулийн 53.9-д заасны дагуу ажлын 10 өдрийн дотор буюу 2023 оны 07 сарын 07-ны өдрийн дотор дээрх хүсэлтийг зөвшөөрсөн эсэх шийдвэрийг ирүүлэх хуулийн зохицуулалттай байтал Том татвар төлөгчийн газрын байцаагч нар 2023 оны 07 сарын 03-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан битүүмжилсэн нь бидний татварын хугацааны хөнгөлөлт эдлэх хуулиар олгогдсон эрх, боломжийг булаасан, хязгаарласан үйлдэл юм.

3.4. Бид хуульд заасны дагуу 10 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс хариу авах эрхтэй талаар тайлбарлаж, энэ хугацаанд манай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг хойшлуулах талаар 2023 оны 07 сарын 03-ны өдөр 168/23 тоот бичгээр Том татвар төлөгчийн газарт хүсэлт гаргасан боловч тус газрын байцаагч нар манай хүсэлтийг үл ойшоож, бид л ажлаа хийж байвал танай эрх ашиг хамаагүй гэсэн байдлаар хандан, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулсны улмаас манай компани нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах эрхгүй болж бидний хуулиар олгогдсон эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Том татвар төлөгчийн газрын байцаагч нар Сангийн сайдын 2019 оны 12 сарын 31- ний өдрийн 307 дугаар тушаалаар баталсан “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ын 2.9.1-д хөрөнгө битүүмжлэхдээ өртэй татвар төлөгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулна гэж заасныг зөрчин битүүмжлэх ажиллагаа явуулсан байдаг. Тодруулбал татварын байцаагч нар хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа тухайн газар дээр хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй бөгөөд ажиллагаа явуулж дууссаны дараагаар өөрийн ажлын байранд буюу Татварын ерөнхий газрын нэг давхрын зааланд ирсэн хойноо Б.М гэдэг хүнийг гуйж, битүүмжлэх актад түүний гарын үсгийг нөхөж зуруулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

3.5. Энэхүү байдлыг “Б м”” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.Н гэрчлэх бөгөөд түүнийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авах хүсэлтийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан боловч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн захирамж, шийдвэр гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.3-д заасан “нэхэмжлэгч гэрчээс мэдүүлэг авхуулах эрхтэй гэж заасныг зөрчсөнд гомдолтой байна.

3.6. Татварын ерөнхий хуулийн 6.1.4-т зааснаар албадан гүйцэтгэх ажиллагаа гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, барьцаа эрхээс барьцаа гаргуулах, татварын өр хураах ажиллагааг ойлгоно гэж заасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1- д “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж эрх зүйн зохицуулалтыг заасан байна. Гэвч Том татвар төлөгчийн газрын байцаагч нар манай компанийн оффис, засварын цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд нэвтэрч орон үзлэг хийж, хөрөнгө битүүмжлэхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй атлаа өөрийн ажлын газрын үүдэнд таарсан санхүүгийн шинжээч ажилтай Б.М гэгч хүнийг “Хөрөнгө битүүмжлэх акт” дээр хөндлөнгийн гэрчээр нөхөж гарын үсэг зуруулсан үйлдэл нь хуулийн хэм хэмжээ болон төрийн албан хаагчийн ёс зүйг илтэд зөрчсөн үйл баримт юм. Энэхүү үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 22-р зүйлийн 22.1.1-д “Эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн, ашиг сонирхлын зөрчилгүй, татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагчтай захирах, захирагдах ёсны харилцаагүй хөндлөнгийн гэрчийг байлцуулахгэж заасныг зөрчсөн гэж бид үзэж байна.

3.7. Иймд “Б м”” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201054476, Ү- 2201054477, Ү-2201054478 дугаартай оффис, засварын цех, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн үйлдэл нь дээрх байдлаар хууль зөрчсөн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, процессын алдаа гаргасан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 19-ны өдрийн 128/ШШ2024/0248 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, эсхүл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Б м”” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Б м” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201054476, Ү-2201054477, Ү-2201054478 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн 23/07/03 дугаартай “Битүүмжлэх акт”-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа, “...татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх эрхийг хязгаарласан, үл хөдлөх эд хөрөнгөөс өөр тоног төхөөрөмж барьцаалуулах саналыг хүлээж аваагүй, эд хөрөнгө битүүмжлэхдээ холбогдох журмыг илтэд зөрчсөн” гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

4.1. Татварын байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн татварын өрийг төлүүлэхээр хуульд заасны дарааллын дагуу 2023 оны 02 дугаар сарын 28, 2023 оны 03 дугаар сарын 02, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны -ны өдрүүдэд “нэхэмжлэх”-ийг удаа дараа хүргүүлж, “харилцах, хадгаламжийн данснаас төгрөгийн татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” “Битүүмжлэх мэдэгдэх хуудас”-ыг 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн DBNP23042000000695700 дугаар албан тоотоор “Тээвэр хөгжлийн банк”, “Голомт банк”, “ХААН банк”, “Чингис хаан банк”, “Ариг банк”-уудад тус тус хүргүүлсэн.

4.2. Мөн татварын байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “урьдчилан нэхэмжлэх хуудас”-ыг нэхэмжлэгч “Б м”” ХХК-д хүргүүлж, татварын өрийг 3 хоногийн хугацаанд багтаан төлөхийг мэдэгдэж байжээ.

4.3. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн DNPM23022800000896352 дугаартай нэхэмжлэхээр шаардсан татварын өрийг төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхтэй холбогдуулан гаргасан “Б м”” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 134/23 дугаар албан бичигт хариуцагчаас 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/716 дугаар албан бичгээр хариу өгсөн.

5. Анхан шатны шүүх, Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 55 дугаар зүйлийн 55.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б м” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, “... өртэй татвар төлөгч, татварын албанаас хүргүүлсэн нэхэмжлэх болон урьдчилан нэхэмжлэх хуудаст заагдсан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй тохиолдолд өр хураах ажиллагааг тодорхой дарааллын дагуу хэрэгжүүлдэг ба битүүмжлэх хөрөнгийг, өр хураах зардал бага байх болон хөрвөх чадварыг харгалзан татварын алба өөрөө тогтоохоор зохицуулсан, “Б м” ХХК 2020 оноос хойш үүссэн татварын өрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба нэгэнт төлөөгүй татварын өрийг хуульд заасны дагуу албадан төлүүлэх нь зүй ёсных, эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэн хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа өөрт хуулиар олгосон эрхийн дагуу битүүмжлэх хөрөнгөөр өр хураах зардал, хөрвөх чадварыг харгалзан үл хөдлөх хөрөнгүүдийг тогтоосон нь хуульд нийцсэн” гэх зэргээр эрх зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ”, 55.1.1-д “татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаан бүрэн төлөөгүй”, 55.1.2-д “ Татвар төлөгч энэ хуулийн 54.2-т заасан урьдчилан нэхэмжлэх хуудас болон энэ хуулийн 53 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд татвараа бүрэн төлөөгүй”, 55.2-т “Татварын албан татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ”, 55.2.1-д “нэхэмжлэх хүргүүлэх”, 55.2.2-т “татварын өрийг үл маргах журмаар гаргуулна”, 55.2.4-д “хөрөнгө болон авлага битүүмжлэх”, 60 дугаар зүйлийн 60.4-д “Татварын алба татварын өр хураах зардал бага байх, хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийг түрүүлж битүүмжлэх замаар татварын өрийг хураана”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 307 дугаар тушаалаар баталсан “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ын 2.4-д “Татварын өр хураах зардал хөрөнгийн хөрвөх чадвар зэргийг харгалзан битүүмжлэх хөрөнгийг татварын албан тогтоох...”, 2.9.1-д “хөрөнгө битүүмжлэхдээ өртэй татварын төлөгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч болон хөдлөнгийн гэрчийг байлцуулах” гэж тус тус заасан.

7. Дээрх зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан тайлбарлавал, татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт хүчин төгөлдөр болж, түүгээр ногдуулсан татвар, алданги, торгуулийг төлөх үүрэг үүссэн хуулийн этгээд нь тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд татварын байгууллагаас зохих журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх акт үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

8. Битүүмжлэх эд хөрөнгийн төрлийг сонгохдоо, тухайн хөрөнгийн хөрвөх чадвар, хураахад гарах зардал зэрэг харгалзах нь захиргааны байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээ гэж үзэх тул нэхэмжлэгчийн татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх эрхийг хязгаарласан, хөрөнгө битүүмжлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үгүйсгэгдэх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

9. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад  үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэн хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа өөр хууль, журмаар олгогдсон эрхийн дагуу битүүмжлэх хөрөнгийг өр хураах зардал, хөрөнгийн хөрвөх чадвар зэргийг харгалзан “Б м”” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201054476, Ү-2201054477, Ү-2201054478 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн битүүмжилж, захиран зарцуулах эрх, бусдад шилжүүлэхийг хориглосон байна.

10. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг бүрэн танилцуулж баримт үйлдээгүй, мөн нөлөөллийн мэдүүлэг, хэргийн оролцогчийн эрх үүрэг тайлбарласан баримт танилцуулж баримтжуулаагүй, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг шийдвэрлээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна” гэх тайлбар нь энэ тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

10.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ““Б м”” ХХК-ийн нягтлан бодогч С.Н-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах”, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Г.М-г гэрчээр оролцуулах” хүсэлтийг тус тус гаргасан байх ба хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө “гэрч оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн талаар тэмдэглэлд бэхжүүлсэн  байх тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. /Хэргийн 8, 113, 167 дахь талд/

10.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-д 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр итгэмжлэл олгосон ба тэрээр тухайн өдрөө хэргийн материалтай танилцаж, энэ талаарх шүүхийн баримтад гарын үсэг зуржээ. /Хэргийн 71-72 дахь талд/ 

Хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуулиар олгосон эрх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй гэх хэргийн 114-160 дахь талд цуглуулсан нотлох баримтууд нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд удаа дараа нэхэмжлэх, урьдчилан мэдэгдэх хуудас, битүүмжлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн, арилжааны банкин дахь харилцах данс битүүмжлэх талаар мэдэгдсэн болон татварын өр төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх талаар нэхэмжлэгчээс татварын байгууллагатай харилцсан агуулгатай учраас урьд нэхэмжлэгчид танилцуулаагүй, мэдэгдээгүй шинэ баримт гэж үзэхгүй болохыг тэмдэглэв.

10.3. 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: Шүүх хуралдаанд оролцогчдод эрх, үүрэг болон шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулж, ойлгосон эсэхийг асуухад”, “Хэргийн оролцогчид: Ойлгосон” гэж хариулсан талаар тусгаснаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж баримтжуулаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /Хэргийн 166 дахь талд/

10.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлэг, хэргийн оролцогчийн эрх үүргийн танилцуулж, баримтжуулах нь шүүхийн захиргааны ажилтны, түүнд хяналт тавих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж буй шүүгчийн үүрэг хэдий боловч хэрэгт цуглуулсан дээрх нотлох баримтаас үзэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хэргийн оролцогчдод эрх үүргийг танилцуулсан байх тул хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх хязгаарласан гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байхгүй гэж үзнэ.

11. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     О.ОЮУНГЭРЭЛ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ