Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2021/0013

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: С.Ш нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Б сумын Засаг дарга,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын газрын даамалд тус тус  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумын Засаг даргын Т.К-д олгосон газар эзэмших эрхийн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0****** дугаартай гэрчилгээ, Б сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгох, Б сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” хэмээх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг С.Шт олгохыг, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг тус тус  сумын газрын даамалд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч, Б сумын Засаг дарга А.Ж, сумын газрын даамал С.А, гуравдагч этгээд Т.К, түүний өмгөөлөгч Т.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаас Т.Кд олгосон 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  0****** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 11 дүгээр захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүйд тооцож, иргэн С.Шт Баян-Өлгий аймгийн Б сумын Улаантолгой багийн  “Хүйтэн буйр” хэмээх газраас 700 м2 өвөлжөөний газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газар эзэмших гэрээ хийхийг газрын даамалд даалгаж өгөх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулж байна.

Үндэслэл нь Б сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дугаартай тус сумын 3 дугаар багт оршин суугч М.Аийн өвөлжөөний сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” хэмээх газарт байршилтай 700 м2 газрыг 29 жилийн хугацаагаар С.Шт эзэмшүүлсэн хүчин төгөлдөр  захирамж байгаа.

Нэгэнт тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг М.Аээс шилжүүлсэн талаар Засаг даргын захирамж гарсан тул газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ хийх ёстой. Б сумын Засаг дарга солигдсон учраас энэ асуудлаар 2000 оноос эхлэн маргаан гарч эхэлсэн ба  шилжүүлсэн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаарах учраас газар эзэмших гэрчилгээ олгохгүй гэсэн асуудал гаргасан. С.Ш нь М.Аийн эзэмшилд байсан “Хүйтэн буйр” хэмээх газраас  700 м2 газрыг эрх шилжүүлэх гэрээ хийж, нотариатаар батлуулж, захирамж гаргуулж авсан байгаа. 1998 оноос уг газрыг М.А гэдэг хүн эзэмшиж байсан.

Шүүхээс үзлэг хийсэн газар нь 1998 оны  01 дүгээр сард М.Ат олгосон газар мөн байсан. Уг газарт Т.К гэдэг иргэн оршин сууж байгаа. Анх Т.Кд газар эзэмшүүлэхдээ 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон болохоос ямар нэгэн захирамж гараагүй. Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшүүлэх ёстой. Уг 133 дугаар гэрчилгээг үндэслээд Б сумын Засаг даргаас 1999 онд Т.Кд бас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Мөн Б сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар  сарын 09-ний өдрийн “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 11 дүгээр захирамж гаргаж,  2016 онд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгож байсан.

Анх уг газрыг Т.К хуулийн дагуу эзэмшсэн сумын Засаг даргын эрхийн акт байхгүй учраас үүнийг дагаж олгосон захирамж, бусад гэрчилгээнүүд хууль бус гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. С.Ш нь Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, 60 хэдэн адуу, үхэр мал нь Б сумын Улаантолгой багт байдаг. Зохих журмын дагуу шилжүүлж авсан газарт Б сумын Засаг дарга, газрын даамал нар гэрчилгээ олгож, гэрээ хийхгүй  байгаад гомдолтой байна. Хэрэв Т.Кд олгосон газар М.Аээс С.Шт шилжүүлсэн газар байвал Б сумын Засаг даргын С.Шт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох эрх нь Засаг даргад байгаа. Тухайн захирамжийг хүчингүй болгоогүй. М.А нь Б сумын уугуул иргэн. Тухайн газарт 1998 онд амьдарч байгаад, дараа нь өндөр насны тэтгэвэрт гарч сумын төвд нүүж ирсэн. М.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, албан ёсны захирамж гарч байсан, уг 36 дугаар захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Газрын тухай хуульд иргэн хүн өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх эрхийг зохицуулсан, зохих журмын дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх асуудал Монгол Улсын иргэн, аж ахуйн байгууллагын хооронд явагдана.

Ингэхдээ шилжүүлж байгаа газар нь бусдын эзэмшил газартай давхцахгүй байх ёстой. С.Шт эзэмшүүлсэн маргаан бүхий газрыг Т.Кд ямар ч шийдвэргүйгээр эзэмшүүлсэн нь Газрын  тухай хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б сумын Засаг даргаас гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Б сумын Улаанчулуу багийн “Хүйтэн буйр” гэх газар нь кадастрын зураглалаар Сагсай сум болон Б сумын газрын хилийн заагд байгаа. Тийм учраас тухайн үед захирамж гаргасан Засаг дарга, гэрчилгээ олгосон газрын даамал  нар газрын давхцал байхгүй гэж үзээд, захирамж гаргаад, гэрчилгээ олгосон байх гэж бодож байна.   “Хүйтэн буйр” гэх газраас М.А, Т.К хоёрын эзэмшиж байгаа  газрууд нь хоорондоо ойрхон байгаа. Нэг нь  Сагсай сумын газар нутаг, нөгөө нь  Б сумын газар нутагт хамаардаг юм.  Тийм учраас бид байршил нь тодорхой бус газрыг эзэмших эрхийн гэрээг С.Штай  хийгээгүй. “Хүйтэн буйр” гэх газрын байршлыг тодорхой болгож авсны дараа шийдвэр гаргана. Хамгийн түрүүнд газрын байршлыг тодорхой болгох хэрэгтэй байна. Шүүхэд 37 дугаар албан тоот хүргүүлж, тайлбараа тодорхой хүргүүлсэн байгаа. Мөн хэд хэдэн гэрчүүдийг асуулгасан. Тухайн гэрчүүдийн өгсөн тайлбар нь одоогийн бодит байдалд нийцэж байгаа. Гуравдагч этгээд Т.Кий аав Н.Т нь манай Б сумын уугуул иргэн. Н.Т нь тухайн “Хүйтэн буйр” гэх газарт он удаан жил мал маллаж амьдарсан. Одоо хүртэл тухайн газрыг хүүхдүүд нь өвлөн авч мал маллаж  амьдарч байгаа. М.А гэдэг хүн бас манай Б сумын 3 дугаар багийн иргэн.  Н.Т, М.А нарын хооронд газрын асуудлаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй.

 Дээрх иргэдийн эзэмшиж ирсэн газар нь давхцаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б сумын газрын даамлаас гаргасан тайлбарт:

Иргэн С.Шын  эзэмшихийг хүссэн газарт кадастрын хэмжилт хийж, байршлыг нь  тодорхойлсон. Координатын цэгийг авч программд оруулахад уг газар нь Сагсай сумын хилийн цэг дээр гарсан учраас газрын гэрчилгээ өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн.

Т.Кий өвөлжөө “Хүйтэн буйр” гэх газарт байгаа. Энэхүү газрыг С.Шт эзэмшүүлэхээр газар эзэмших  эрхийн гэрчилгээ бичиж өгөх боломж байхгүй. Хуульд зааснаар иргэний эзэмшихийг хүссэн газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байх  ёстой. Тийм учраас С.Штэй газар эзэмшүүлэх  гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохгүй байгаа гэв.

Гуравдагч этгээдээс гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Би тус сумын Улаантолгой багийн Хүйтэн буурь дахь өвөлжөөг Б сумын Засаг даргын “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа. Гэтэл Өлгий сумын иргэн С.Ш нь  миний хууль ёсоор эзэмшиж байгаа өвөлжөөний газартай холбогдуулж шүүхэд нэмж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Миний эцэг Н.Т болон  би уг өвөлжөөг 1994 оноос эхлэн эзэмшиж байгаа билээ.  Манай өвөлжөөний дээд талын газрыг  зураг дээр “Хүйтэн сарвах уул” гэж тэмдэглэгдсэн байдаг нь тэр хавийг нутгийнхан “Хүйтэн буйр” гэж нэрлэдэг байж болох байдал харагдаж байна. Миний эзэмшиж байгаа  өвөлжөөний газар нь нэхэмжлэгч С.Штай ямар ч хамааралгүй, өөрийгөө хууль бусаар газар эзэмшиж байна гэж үзэхгүй байна.

М.Аийн маргаж байгаа газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг газар. Өмнө нь тэр газрыг гэрчилгээнд Б сумын нутаг дэвсгэр гэж бичээд өгсөн. Одоо  тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг газар болж гарч ирсэн учраас миний эзэмшдэг газартай маргаж байгаа. Би уг маргаан бүхий газарт 1993 оноос хойш мал маллан амьдарч байгаа. Бид  М.Атэй “Хүйтэн буйр”-ын өвөлжөөг хамтран эзэмшиж, хамт сууж байгаагүй. М.А нь  өмнө тухайн Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг гэх газарт 1 сар намаржиж байсан. Одоо тухайн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болсон учраас миний эзэмшдэг газарт маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:

Т.К нь  Баян-Өлгий аймгийн Б сумын 2 дугаар баг “Хүйтэн буйр” гэх газарт 1993 оноос эхлээд эцэгтэйгээ хамт  тухайн газрыг тасралтгүй эзэмшин суусан нь бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа. Уг газрыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” Б сумын Засаг даргын захирамжаар Х.Таас Т.Кд шилжүүлэн 60 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.  Энэ гэрчилгээг хууль бус гэрчилгээ гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгчээс Т.Кий 1998, 1999 оны газар эзэмших гэрчилгээ, 2015 оны “Өвөлжөөг шилжүүлэн эзэмшүүлэх тухай” Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. 1998-1999 онуудад олгосон гэрчилгээнүүдийг үндэслээд 2015 онд Засаг даргын захирамжийг гаргасан. Энэ  газрыг хууль ёсоор газар эзэмших гэрээний дагуу эзэмшиж багаа. Тухайн маргаж байгаа “Хүйтэн буйр” гэх газрыг Т.К байнга эзэмшин ашиглаж ирсэн нь  гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно.

М.А нь Б сумын 3 дугаар багт амьдардаг. Сургуульд багшаар ажилладаг байсан, тухайн газрыг эзэмшин оршин сууж байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Мөн  Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга хийж байсан,  мэдээлэлд ойрхон хүн байсан учраас  захирамж гаргуулсан, гэрчилгээ авсан.  Энэ талаар гуравдагч этгээд Т.К нар мэдээгүй.

Сүүлд С.Шт газар эзэмших гэрчилгээг шилжүүлж,  тухайн зааж өгсөн газар нь эзгүй газар байсан. Дараа нь Л программаар тодорхойлоход  тухайн газар нь 3 сумын хилийн зааг Сагсай сумын нутаг дэвсгэрт багтсан газар  учраас эрх бүхий албан тушаалтнууд С.Шт гэрчилгээ бичиж өгөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна. Уг газар нь өөр сумын нутаг дэвсгэрт харьяалагдсан учраас Т.Кий эзэмшиж байгаа газартай маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Т.Кий 1998-1999 онуудын гэрчилгээнүүдийг эрх бүхий этгээдээс хурааж аваад, дахиж 2016 онд шинэчилж гэрчилгээ олгосон байгаа.

Т.К нь одоогийн эзэмшиж байгаа газарт хууль ёсоор оршин сууж байгаа учраас газрын гэрчилгээ, Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр иргэн М.Ат  ...өөрсдийн санал, бэлчээрийн даацыг харгалзан гэх үндэслэлээр “Хүйтэн буйр” нэртэй газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн байх ба уг шийдвэрийн дагуу түүнд тус сумын газрын даамлаас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 700 м2 газрыг эзэмших  эрхийн ******дугаартай гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Иргэн М.Аийн  газар эзэмших эрхийн уг гэрчилгээг Б сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дугаартай захирамжаар  Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч болох  С. Шт шилжүүлж,  түүнд “Хүйтэн буйр” нэртэй газраас 700 м2 газрыг  29 жилийн хугацаагаар эзэмшүүлснээр иргэн М.Аийн газар эзэмших эрхийн ******дугаартай гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”гэж, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заасан.

Б сумын Засаг даргын  А/119 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэгч С.Шийн эзэмшихийг хүссэн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг гэх үндэслэлээр тус сумын газрын даамлаас  нэхэмжлэгчийн шилжүүлж авсан газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн газрын албанд бүртгүүлээгүй байх ба  нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан байна.

Нэхэмжлэгчээс анх “М.Аийн өвөлжөөний газар нь Б сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” гэдэг газарт байршилтай, 700 м2 талбайтай уг газрыг 29 жилийн хугацаагаар надад эзэмшүүлсэн Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Сумын даамлаас уг газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байгаа асуудлаар сумын Засаг даргын орлогчтой уулзахад “Сагсай сумын нутаг дэвсгэр учраас маргаан гарч байна .” гэж, харин  Сагсай сумын Засаг даргаас “...Б сумын Засаг даргын захирамжаар олгосон газрыг бид мэдэхгүй.” гэсэн хариу өгсөн. Уг газарт тус сумын иргэн М.А нь 1998 оноос амьдарч байсан.” гэж тайлбарлаж маргасан.

Шүүхээс иргэн М.А, нэхэмжлэгч, хариуцагч нарыг байлцуулж маргаан бүхий  газарт үзлэг хийхэд  иргэн  М.А нь тус газраас 2 өөр байршилтай газрыг заасан бөгөөд нэг нь ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт байршилтай,  323 м2 талбайтай айлын буурь бүхий сул газар байгаа нь, уг газрын зүүн хойд хэсэгт байршилтай хоёр дахь  газарт иргэн Т.К оршин сууж, амьдардаг, тус газарт байшин, амбаар, малын чулуун хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгө баригдсан, дээрх объектууд орших газар нь 1085 м2 талбайг хамарсан, газар хоорондын зай нь 1017 метр болох нь тогтоогдсон ба Т.К нь тухайн байршлаас 700 мхэмжээтэй газрыг Б сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг байна.

Байршлын хувьд 323 м2 газар нь Сагсай сумын, гуравдагч этгээд Т.Кий бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа 1085 м2 газар нь Б сумын нутаг дэвсгэрт тус тус хамаардаг нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04, 05 дугаартай албан бичгүүд, түүний хавсралт бүхий дээрх газруудын байршлын зургаар тогтоогдсон. Иргэн М.А нь Б сумын Засаг даргын 2017 оны  А/119 дугаартай захирамжаар нэхэмжлэгч С.Шт эзэмших эрхээ шилжүүлсэн гэх газар нь  гуравдагч этгээд Т.Кий эзэмшиж байгаа газар болохыг шүүхэд мэдэгдэж, энэ талаар гэрчийн хувиар өгсөн мэдүүлэгтээ[1] “...Миний бие Б сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт хамаарах “Хүйтэн буйр” нэртэй газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон.

            Нэгдлийн үед баригдсан малын чулуун хашаатай уг газрыг урьд нь н.Тилеухан гэгч эзэмшиж сууж байгаад нүүж явснаар би уг газрыг эзэмшихийг хүссэн. Одоо тус газарт Ты хүүхэд Күнберген оршин сууж байгаа. Анх надад энэхүү газрыг сумын Засаг даргын 36 дугаар захирамжаар эзэмшүүлсэн үед иргэн н.Т нь “Хүйтэн буйр”-ийн бэлчээрийн газрыг мөн ашиглах болсноор  өвөлжөөний уг газрыг н.Ттай хамтран эзэмшүүлэх талаар  тухайн үеийн эрх бүхий этгээдүүдээс протокол хөтөлж шийдвэрлэсэн.

Ингэснээр н.Ттай хоорондоо тохиролцоод чулуун хашаатай уг газрыг н.Т,   үүнээс 1017 метрийн зайтай орших  өөр газрыг би өвөлжөөний зориулалтаар ашиглахаар болж, хашаа байшин барьж, 1998-1999 оны хооронд 1 жил сууж байгаад нүүж явсан тул одоо уг газарт  ямар нэгэн объект байхгүй, буурь бүхий газар байгаа. Өөр байршлаас 1 жил эзэмшиж суусан  газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн Засаг даргаас шийдвэр гаргаагүй. Гэхдээ уг газар нь “Хүйтэн буйр” гэх нэртэй газарт багтаж байсан. Тухайн үед ямар нэгэн маргаан гараагүй учраас би өөрт эзэмшүүлснээс өөр газарт өвөлжиж байгаад нүүж явсан. Анх надад Б сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын байршлыг  урьд н.Тилеуханы өвөлжиж байсан чулуун хашаатай газар гэж тухайн үеийн газрын асуудал хариуцсан хүмүүс зааж өгсөн. Тэр үед би н.Ттай тохироод өөр газарт өвөлжихөөр болсон учраас маргаан бүхий газрыг тэрнээс хойш Т болон түүний хүүхдүүд одоо хүртэл эзэмшиж байгаа. Уг газрыг анх би эхэлж эзэмшсэн учраас нэхэмжлэгч С.Шт газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Гэтэл уг газрыг Т.Кд эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр гарсан байна. Иймээс би сүүлд нүүж очиж, өвөлжөөний зориулалтаар 1 жил өвөлжиж суусан газраа С.Шт зааж, та энэ газрыг эзэмших боломжтой гэж хэлсэн. Гэтэл уг газрыг Сагсай сумын нутаг дэвсгэрийн газар гэж үзээд Сагсай сумын Засаг даргын шийдвэрээр Ты өөр хүүхдэд эзэмшүүлсэн байна.” гэжээ.

 Нэхэмжлэгч С.Шээс өөрт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хүссэн газрын байршлыг шүүхээс тодруулахад[2] “...М.Аийн эзэмших эрхээ надад шилжүүлсэн тухайн газар Т.Кий оршин сууж байгаа газар юм. Уг газрыг хамгийн анх эхэлж М.А эзэмшсэн. Иймээс би Т.Кий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж сууж байгаа газрыг эзэмших эрхтэй гэж маргаж байгаа. Хуулийн дагуу шилжүүлсэн газраа эзэмших гэхээр тус газарт Т.К оршин сууж байгаа болохоор Сагсай сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг гэх урьд М.Аийн өвөлжиж суусан буурь бүхий газрыг эзэмшүүлбэл зөвшөөрье гэж үзээд дээрх хоёр газрын аль нэгэнд нь эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг хүсэж хандаж байсан.” гэж тайлбарлажээ.

Дээрх байдлаар иргэн М.А нь Б сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар “Хүйтэн буйр” нэртэй газраас эзэмшсэн газрын байршлыг одоогийн гуравдагч этгээд Т.Кий  өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газраар тодорхойлсон, уг газартай холбогдуулж нэхэмжлэгч маргаж байгаа боловч, маргаан бүхий уг газар нь сул чөлөөтэй газар биш байх ба Б сумын Засаг даргын 2015 оны 11 дугаартай захирамжаар гуравдагч этгээд эзэмшдэг, тухайн газарт түүний байшин, амбаар, малын чулуун хашаа бүхий объект оршдог, бодитоор өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газар болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс уг газрыг эхэлж М.А нь 1998 оны 36 дугаар Засаг даргын захирамжаар эзэмшдэг байсан гэж маргасан боловч  өвөлжөө бүхий уг газрыг тухайн 1998 онд М.А нь гуравдагч этгээд Т.Кий эцэг Х.Ттай хамтран эзэмшихээр болсон шалтгаанаар маргаан бүхий газрын  баруун урд хэсгийн  1017 метрийн зайтай орших 323 м2 талбайг хамарсан өөр байршил бүхий Сагсай сумын нутаг дэвсгэрт хамаардаг  газрыг  1998-1999 оны хооронд өвөлжөөний зориулалтаар эзэмшиж сууж байгаад нүүсэн, маргаан бүхий газрыг 1998 оноос хойш бодитоор эзэмшиж байгаагүй зэрэг үйл баримтууд М.Аийн  гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан боловч Б сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар эзэмшдэг гэх газрыг иргэн  М.А нь газар эзэмшигчийн хувиар  өвөлжөөний зориулалтаар тухайн үеэс хойш  эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд 2017 оны байдлаар түүнийг уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэхгүй бөгөөд М.Аийн тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

Учир нь эрхийн гэрчилгээ эзэмшигч  нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол 40.1-д зааснаар сумын Засаг дарга нь  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон үндэслэл нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болохоор байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших”  гэж  газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;” гэж заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн  4.1.4-т заасан газрын талаарх зарчмын хувьд ч газар  эзэмшигч нь газрыг хуульд заасан нөхцөл, журмын  дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх үүрэгтэй. Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэгч нь тухайн газрыг  хуулийн 4.1.4-т заасан зарчмын дагуу  3.1.1-д заасан журмаар эзэмшдэг этгээд байхыг ойлгоно.

 М.А нь маргаан бүхий газрыг 1998 оноос хойш хуульд заасан журмаар  өөрийн мэдэлд байлгаж, эзэмшиж, ашиглаагүй нь тогтоогдсон, ингэснээр түүний тухайн газрыг  эзэмших эрх дуусгавар болох хуульд заасан үндэслэл үүссэн байх тул түүнийг 2017 оны байдлаар уг газрыг хууль ёсоор эзэмшигч гэж үзэхгүй юм. Иймээс  М.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн Б сумын Засаг даргын А/119 дугаар захирамж нь газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй, ингэснээр Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах талаарх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчсөн байх тул  уг захирамжийн дагуу нэхэмжлэгчийг  маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг төрөөс баримтлах бөгөөд маргаан бүхий газрыг Б сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар иргэн  М.А эзэмших эрхтэй гэх боловч тухайн газрыг мөн үеэс эзэмшиж ашиглаагүй  тохиолдолд уг газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр нь цаг хугацааны хувьд эхэлж гарсан гэх үндэслэлээр иргэн М.Аийн эрх ашгийг хуульд заасан журмаар бодитоор уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаа гуравдагч этгээдийн эрх ашгаас илүүд үзэх боломжгүй тул  М.Аийн газар эзэмших эрхийн гэричлгээг нэхэмжлэгчид шилжүүлж шийдвэрлэсэн Б сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамж нь газрын талаарх төрөөс баримтлах дээрх зарчимд мөн нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Б сумын Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр, Т.Кд олгосон газар эзэмших эрхийн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0****** дугаартай гэрчилгээ, Б сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг хүссэн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б сумын Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, бусад шаардлагыг дэмжиж оролцсон.

Маргаан бүхий эдгээр шийдвэрүүдээс үзэхэд гуравдагч этгээд Т.Кд  Б сумын Засаг даргаас Улаантолгой багийн “Хүйтэн буйр” нэртэй газраас 400 м2 газрыг анх газар эзэмших эрхийн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлж, уг гэрчилгээг  1999 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шинэчилж, 40 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн 0****** дугаартай гэрчилгээг олгосон, үүний дараа 2015 онд  Б сумын Засаг даргаас...тус сумын 2 дугаар багийн иргэн Х.Ты Улаантолгой багийн “Хүйтэн буйр” дахь өвөлжөөг Т.Кд шилжүүлэн 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн агуулгатай  11 дугаартай захирамжийг гаргаснаар, маргаан бүхий 700 м2 газрыг 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон, өвөлжөөний зориулалттай тус газрыг гуравдагч этгээд Т.К нь анх эцэг Н.Ттай  хамтран эзэмшсэн гэх 1998 оноос хойш одоог хүртэл эзэмшиж ашигладаг зэрэг үйл баримтууд хэргийн материалаар тогтоогдож байна.

Эрх бүхий этгээдээс гуравдагч этгээд Т.Кд  газар эзэмших эрхийн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээг олгохдоо Б сумын Засаг даргын 1998 оны 07 дугаар 22-ны өдрийн шийдвэрийг үндэслэснээр тусгагдсан байх ба Б сумын Засаг даргаас 1998 онд гаргасан 1-38 дугаартай нийт 38 захирамж нь гуравдагч этгээд Т.Кд газар эзэмшүүлсэн агуулгагүй, өөр шийдвэрүүд болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.  

Б сумын Засаг даргаас 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Т.Кд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж гаргахгүйгээр 133 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  уг газрыг эзэмшүүлсэн нь газар эзэмшигч иргэнийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд гуравдагч этгээд Т.К нь сумын Засаг даргаас олгосон 133 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тухайн газрыг 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  анх эзэмшсэн гэх үйл баримтыг үгүйсгэхгүй юм.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг иргэн М.А 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай Б сумын Засаг даргын захирамжаар Т.Кээс өмнө эзэмшсэн, М.Аийн уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамжаар шилжүүлснээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж маргасан боловч иргэн М.Аийн газар эзэмших эрхийн ******дугаартай гэрчилгээ болон сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамжийн талаар 2016 онд  Б сумын газрын даамлаар ажиллаж байсан  гэрч Х.Сембайгаас”...Би газрын даамал байхдаа 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******дугаартай гэрчилгээг М.Ат олгохдоо Б сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамж болон М.Аийн өөрт нь байсан хуучин гэрчилгээг үндэслэсэн. Тэр үед одоогийн газрын албаны үйлчилгээнд нэвтэрсэн “Л” нэртэй бүртгэлийн программ нэвтрээгүй байсан учраас тухайн үед иргэдэд гэрчилгээ олгохдоо Засаг даргын гаргасан захирамжийг хараад шууд бичээд өгдөг байсан.

******дугаартай гэрчилгээг олгохоос өмнө уг газрыг намайг очиж үзэхэд М.Аийн заасан газарт ямар нэгэн объект байхгүй, нурж унасан чулуун хашааны суурь үлдсэн буурь бүхий сул газар байсан. Сүүлд “Л” программаар газрын байршлыг тодорхойлоход миний М.Ат 2016 онд гэрчилгээ бичиж өгсөн газар нь Сагсай сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг газар байсан.” гэж,

2017 онд  сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Х.Хайваас “....М.Аийн эзэмших эрхтэй гэх газар хаана байршилтай, ямар газар вэ гэдгийг мэдэхгүй. Тухайн үед газрыг очиж үзэж байгаагүй,  М.Аээс түүний эзэмших эрхтэй газрын байршлыг асуугаагүй юм.  Би зөвхөн М.Аийн газар эзэмших эрхтэй холбоотой Засаг даргын захирамж, газар эзэмших гэрчилгээ  зэрэг бичиг баримтуудыг үндэслэж, иргэн С.Штай тохиролцсон байдлуудыг харгалзаад 2017 оны А/119 дугаартай захирамжийг гаргасан. М.А нь газрын байршлыг надад тодорхой хэлж, Т.Кий одоогийн эзэмшиж сууж байгаа өвөлжөөний газар миний газар байсан, уг газрыг С.Шт шилжүүлмээр байна гэж хэлсэн бол би шийдвэр гаргах ажиллагаанд Т.Кийг оролцуулж маргаантай асуудал байгаа эсэхийг тодруулах байсан. Хэрэв маргаантай бол би А/119 дугаартай захирамжийг гаргахгүй байх байсан. М.Аийн тайлбарласнаар ямар нэгэн маргаангүй түүний өөрийнх нь  эзэмшиж байгаа газар юм байна гэж ойлгоод захирамжаа гаргасан. “...гэж тус тус шүүхэд  мэдүүлжээ.

Дээрх гэрчүүдийн мэдүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд иргэн М.Ат олгогдсон газар эзэмших эрхийн 2016 оны ******дугаартай гэрчилгээ болон уг гэрчилгээг нэхэмжлэгч С.Шт шилжүүлсэн гэх Б сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамж нь Б сумын Улаантолой багийн “Хүйтэн буйр” гэх газарт орших  гуравдагч этгээд Т.Кий эзэмшиж байгаа маргаан бүхий 700 м2  газрыг иргэн М.А, нэхэмжлэгч С.Ш нарт эзэмшүүлсэн шийдвэр мөн гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Т.Кд газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актууд  нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийг маргаан бүхий  уг газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байгаа тул түүний шүүхэд гаргасан “Б сумын Засаг даргын Т.Кд олгосон газар эзэмших эрхийн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0****** дугаартай гэрчилгээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” хэмээх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг С.Шт олгохыг, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг тус тус  сумын газрын даамалд даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Шын шүүхэд гаргасан “Б сумын Засаг даргын Т.Кд олгосон газар эзэмших эрхийн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0****** дугаартай гэрчилгээ, Б сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамж, 2016 оны  01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгох, Б сумын Улаантолгой багийн “Хүйтэн буйр” хэмээх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг  С.Шт олгохыг, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг тус тус  сумын газрын даамалд даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                           

                                  

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 

 

 

 

 

 

 

[1] 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэг

[2] 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэгчээс зарим зүйлийг тодруулсан тухай тэмдэглэл”