Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 133

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00133

 

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03771 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МЭҮГт холбогдох,

 

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Одбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цолмон

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Б- нь Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, Малын ерөнхий эмчээр ажиллаж байсан бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тушаалын дагуу ерөнхий эпидемиологич, тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан их эмчээр ажиллахаар болж 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр удирдах ажилтантай байгуулах контрактын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

Гэвч Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 тоот тушаалаар тэрээр ажлаас халагдсан ба түүнийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5733 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон.

Дээрх шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан гүйцэтгэж, хариуцагч байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар түүнийг урьд эрхэлж байсан ажилд томилсон боловч зэрэглэл бууруулан Т-6/3 шатлалаар цалинжуулах шийдвэр гаргасан. Тэрхүү тушаалын дагуу нэг ч хоног ажлаа хийгээгүй байхад нь ажил олгогч нь мөн өдрийн Б/20 дугаар тушаалаар ажлаас халсан. Ийнхүү нэг өдөр 2 тушаал гаргаж байгаа нь шат шатны шүүхийг үл хүндэтгэсэн, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнийг биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийсэн, хууль бус үйлдэл болсон байна.

Мал эмнэлэг, үржлийн газрын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаал нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Удирдах ажилтантай байгуулах контрактын 8 дугаар зүйлийн 8.1-д контрактын биелэлтэд талууд харилцан хяналт тавих ба хугацаа дууссаны дараа контрактыг дүгнэнэ гэж заасан. Дээрх гэрээ нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд аль нэг тал цуцлах санал гаргаагүй тохиолдолд цаашид сунгагдсанд тооцох зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цуцлах санал тавиагүй учраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Ажил эгүүлэн томилох тухай тушаал гарсан нь контрактын хугацааг сунгасан гэж үзэхүйц байдал бөгөөд буруу халсан болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдож, П.Б- нь энэ хугацаанд ажлаа хийгээгүй учраас гэрээний хугацаа дуусах гэдэг ойлголт ч байхгүй билээ. Ийнхүү хугацаа дуусаагүй байхад гэрээний хугацаа дууссан гэж үзэж, мөн контрактын хэрэгжилтийг дүгнэлгүйгээр гэрээний 9.4.1-9.4.3-д заасан контракт цуцлах эдгээр нөхцөлүүдийн аль нь ч үүсээгүй байхад цуцалж, Хөдөлмөрийн тухай хууль болон контрактыг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т ажил олгогчийн санаачилгаар контракт цуцлах тохиолдолд 2 сарын өмнө мэдэгдэх, Ту/хө/61 тоот контрактын гэрээний 9.2-д ажил олгогчийн санаачилгаар контрактыг цуцлах тохиолдолд ажил олгогчоос 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж тус тус заасан шаардлагыг ажил олгогч нь биелүүлээгүй, тушаалд дурьдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг заах боломжгүй буюу ийм үйл баримт болоогүй байхад үндэслэлгүйгээр дээрх тушаалыг гаргасан байна.

Иймд Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-г Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологичийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мал эмнэлэг, үржлийн газраас 3 570 793 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч МЭҮГт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Мал эмнэлэг, үржлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 72 083 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,

Хариуцагч МЭҮГ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаа нотолсон Мал эмнэлэг, үржлийн газрын 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 732 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тушаалаар "Шуурхай бүлэг"-ийн ажлын хэсэгт орж, орон нутагт /Сэлэнгэ аймгийн Мандал сум/ ажиллаж байгаа учир шүүхийн товлосон хугацааны хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байгаа тул хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт явуулсаар байхад биечлэн оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч МЭҮГт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05733 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор П.Б-г ажилд нь эгүүлэн тогтоож, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар түүнийг Ерөнхий эпидемиологич бөгөөд гадаад харилцаа хариуцсан их эмчийн ажилд томилжээ.

 

            Мөн өдөр Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалтуудыг тус тус баримтлан, контракт гэрээний хугацаа дууссан, хугацаа сунгах хүсэлтээ ирүүлээгүй гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар П.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим биелэгдээгүй, ажил олгогч нь нэг өдөр дараалан 2 тушаал гаргасан нь шүүхийн шийдвэр бодитой биелэгдээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

 

Талуудын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан удирдах ажилтантай байгуулах Ту/хө/61 тоот контрактын 2.1-д зааснаар гэрээг нэг жилийн хугацаатай, 2.2-д зааснаар уг хугацаа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлжээ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, улмаар ажил олгогч нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр түүнийг ажилд эгүүлэн томилсон тул талуудын хооронд байгуулагдсан контрактыг хүчинтэй гэж үзэх бөгөөд ажил олгогч контрактыг дүгнээгүй байж хугацаа дууссан гэж үзэж түүнийг ажлаас халсан нь контрактын 2.2 дахь хэсэгт заасан тохиролцоог зөрчжээ. Иймд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн хугацааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй.

 

Анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 3 570 793 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь буруу болсон бөгөөд энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг нь мөн өдөр тайлбарлан өгсөн байна.

 

            Хариуцагч талаас 2017 оны 09 дүгээр сарын 18, 2017 оны 10 дугаар сарын 02,  2017 оны 11 дүгээр сарын 10, 2017 оны 11 дүгээр сарын 13, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаануудад хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаан хойшлуулах, тайлбар гаргах, шүүгчээс татгалзах зэрэг хүсэлтүүдийг удаа дараа гаргасныг анхан шатны шүүх тухай бүрт нь шийдвэрлэж, хариуцагч талд эрх үүргийг нь хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сарын хугацаагаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн.

 

            Анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр товолсон шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөө орон нутагт ажиллаж байгаа үндэслэл нь  шүүх хуралдааныг хойшлуулахад хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй, хариуцагчийн төлөөлөгч П.Ганхуяг нь өөрөө хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэж, холбогдох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72 083 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Э.ЗОЛЗАЯА