Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1202

 

 

 

 

 

 

 

       2022           9            28                                       2022/ШЦТ/1202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор),

шүүгдэгч Л.Э...............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01356 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.............ууд овогт Л.............нгийн Э...............р, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1996 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3.......................................................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Э...............р нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Драгон төвийн орчим иргэн О.Г.................хын эзэмшлийн Samsung A02 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 329.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Л.Э...............р нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн орчим Б.................р, Г.................р нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан байна. Энэ үед О.Г.................х нь тухайн газар явж байгаад тэдэнтэй тааралдаж согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж байжээ. Ийнхүү тэднийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Л.Э...............р нь О.Г.................хыг утсаараа яриулахыг гуйж, түүний “Samsung A02” маркийн гар утсыг авсны дараа зугтааж явсны улмаас О.Г.................ход 329.000 төгрөгийн хохирол учирсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-3, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCNG12510955 дугаартай хуудсанд: “...Дуудлага өгсөн: ............... ... дуудлага хүлээн авсан...2022.07.23 15:19:08...дуудлагын утга...3-4 хоногийн өмнө манай ахын гар утас аваад зугтаасан залууг сая барьчихсан байна гэх...” дуудлага мэдээллийн баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Хохирогч О.Г.................хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төв дээр ирж Говь-Алтай аймагт амьдардаг ээж Я.О..............үү рүү эм, тариа өгч явуулчхаад Шилэн Драгоны үүдэнд байж байсан. Тэгтэл найз Б.................р, Г.................р нэг үл таних залуутай хамт архи ууж байхаар нь би 2 шил 05 литрийн “Хараа” нэртэй архи авч өгөөд явах гэтэл хамт байсан үл таних залуу нь над дээр ирээд ахаа гар утсаараа нэг залгуулаач гэхээр нь би өөрийн гар утсаа өгтөл миний гар утсыг аваад зугтаасан. Тиймээс би цадаагийн байгууллагад хандсан...Миний Samsung A02 загварын гар утсаа 2022 оны 2 дугаар сард 360.000 төгрөгөөр зээлээр авч байсан. ...Миний гар утсыг цээжин дээрээ шивээстэй, хацар дээрээ сорвитой, намхан туранхай залуу авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- Гэрч Г.Алт.......осын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гар утас нь Samsung A02 маркийн хар өнгийн утас байсан бөгөөд гар утсыг аав бид хоёр хамт явж байгаад 2022 оны 01 дүгээр сард Тэди төвийн мобикомын салбараас нь нийт үнэ нь 332.000 төгрөгийн үнэтэй байсан гар утсыг урьдчилгаа 116.200 төгрөг төлж байгаад үлдсэн мөнгийг нь гар утасны багц төлбөр дээрээ сар бүр нэмж төлөхөөр гэрээ байгуулж байгаад худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээнд: “...нөгөө талаас О..............үүгийн Г.................х, ...үндсэн үнэ 332.000, урьдчилгаа төлбөр 116.200... марк АО2, сериал дугаар 799040645...” гэх баримт, баталгаат засварын хуудас (хавтаст хэргийн 6-10 дахь тал),  

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Хохирогч О.Г.................хын өмнө ширээн дээр 1-6 хүртэл дугаарласан царай дүр төрхөөрөө ижил төстэй эрэгтэй хүмүүсийн зургийг үзүүлж...асуухад...5 дугаараар дугаарласан хүн болох Л.Э...............рийн зургийг шууд заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 31-33 дахь тал)

 

- Гэрч Т.Л.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Э...............р нь надад хэлэх дээ архи уучихсан байхдаа Драгон төвийн ойролцоо нэг танихгүй шахуу хүний гар утсыг нь утсаар чинь яриад өгий гэж худлаа хэлж авч зугтаагаад буцааж өгөлгүй танихгүй хүнд зарчихсан чинь тэр хүн цагдаад гомдол гаргачихсан байна гэж хэлсэн. ...Тэр хүнд учирсан хохирол мөнгийг өнөөдөр би өөрийн данснаасаа бүрэн бүтэн шилжүүлж өгөөд гомдол саналгүй болгосон байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

- Т.Л.............нгийн ХААН банкны 5439..4746 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 08/18/2022, ...харьцсан данс: 5063..0585, ...хуулгын агуулга: En..............roos hohiroliin mungu baragduulav...” гэх баримт (хавтаст хэргийн 51 дэх тал),  

 

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Ц-1271 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...Самсунг А-02 маркийн гар утас..329.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч Л.Э...............рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Тогтох ахын хар өнгийн Samsung A02 маркийн гар утсыг нь утсаар чинь нэг удаа яриад өгье гэж хэлж аваад гар утсыг нь аваад утсаар ярилгүй шууд аваад зугтаагаад явчихсан. Тэгээд Тогтох ахын гар утсыг Хар хорин захын гадаа нэг танихгүй хүнд 60.000 төгрөгөөр зарчихсан юм. Мөнгөөр нь архи уугаад дууссан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг Тогтох ахыг гар утсыг аваад явах үед ойр хавьд хэн ч байгаагүй бөгөөд би уг хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Э...............р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Л.Э...............р нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Тодруулбал шүүгдэгч Л.Э...............рийн дээрх санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Л.Э...............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Г.................ход нь хөрөнгийн үнэлгээгээр 329.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, (хавтаст хэргийн 28 дахь тал) авагдсан байна. Харин шүүгдэгч Л.Э...............р нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Э...............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Э...............р нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

шүүгдэгч Л.Э...............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 64, 65 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 69 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 70 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэх лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 48, 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Э...............р, хохирогч О.Г.................х нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Л.Э...............рийг Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Л.Э...............рт Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч Л.Э...............рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Э...............рт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал, асап сангийн бүртгэл зэргийг үндэслэн оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Э...............рт “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг” хориглох албадлагын арга хэмжээг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоохоор шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 01356 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.............ууд овогт Л.............нгийн Э...............рийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э...............рт 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э...............рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Э...............рт “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг” хориглох албадлагын арга хэмжээг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.

5. Шүүгдэгч Л.Э...............р нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Анх-Амгалан нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ