| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2022/0655/Э/220/2022/0860 |
| Дугаар | 2022/ШЦТ/703 |
| Огноо | 2022-09-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,
улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,
хохирогч Ж.Хын хууль ёсны төлөөлөгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ч.Жадамба,
шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны *** дугаар сарын ***-ны өдөр Архангай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс ширний технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ***, урьд:
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ж.Ц /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Ж.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Ж.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг ганжингаар зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, баруун хатуу хальсан доорх цус хуралт, няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х ах өөрийн хэлж ярьж байгаа, үйлдлээ сайн мэдэхгүй байх шиг байна. Ц ах Х ахыг зодсон. Өөрөө тэрийгээ хэлсэн. Ц “Х чинь өөрөө урдаас янз бүрийн юм яриад байсан, мөн та нар Хыг архи уулаа, барилаа гэж ад үзээд байдаг биз дээ, одоо би мэдрэл муутай болгочихлоо, та нар баярлана биз дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***тоот айл нь яг манай хажуу талын хаалга бөгөөд миний үеийн хөгшин эрэгтэй амьдарч байсан. ...Он сар өдрийг нь сайн санахгүй байна, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байх 12-13 цагийн үед ач охины хамт байрныхаа ертөнцийн зүгээр зүүн талд явж байхад манай хөрш ***тоот айлын тагтны цонх онгорхой хүн зодуулж байгаа чимээ гараад байсан. Эрэгтэй хүн “Май чи, ингээд хохь чинь” гэж чанга дуугаар хашхираад байсан. Би доороос нь “Болиоч, цагдаа дуудлаа шүү” гэж орилоход хариу байгаагүй. Тагтан дээрээ нэг хүнийг зодоод байсан. ...17 цагийн үед гэртээ орж ирэхэд тус ***тоот ямар нэгэн чимээгүй, нам гүм байсан. Хэн нь хэнийгээ яаж зодсоныг мэдэхгүй, доороос харагдаагүй, ойролцоогоор нэлээн удаан орилж, зодсон байх, хугацааг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 26-28 дугаар хуудас/,
Гэрч Ж.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод ах Хын гэрт очиход манай ах гэртээ зодуулсан байдалтай нүүр, нүд, толгой, нуруу хэсэгт нь маш олон тооны газар том цус хурсан байдалтай гэртээ ганцаараа байж байсан бөгөөд хэнд зодуулсан талаар асуухад хэлэхгүй байгаад байхаар нь түргэн дуудаад ГССҮТ-д хэвтүүлсэн. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэртээ архи уучхаад байж байсан чинь манай дүү Ц очсон нь ах хэдэн үг хэлсэн чинь уурлаад зодчихоод гарч яваад хэлээгүй байсныг нь дараа Ц зодсоноо хүлээгээд эмнэлэгт сахиж байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/,
Гэрч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эмнэлэг дээр очиход Ц ах Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** тоотын түлхүүр өгөөд “гэрийг нь цэвэрлэчих” гэж хэлсэн. Би уг байранд ороход энд тэнд цус болчихсон байсан ба гал тогооны шүүгээний урд бор өнгийн гурилын мод байсан. Буйдангийн эргэн тойрон цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 02, 03, 04-ний өдрүүдэд том ах Хын утас нь холбогдохгүй байгаад байхаар нь би дунд ах Цыг гэрт нь очоод үзээд ир гээд 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр явуулсан. Тэгээд ахыг очиход “Х ахын нүд нь хөхөрчихсөн, гэрээр нь цус нөж болсон, бие нь хөх няц болсон байдалтай” юу болсноо ярьж мэдэхгүй, орон гаран байдалтай байсан. Улмаар ГССҮТ-д гавал тархины тасагт очиж үзүүлэхэд хүнд байна гээд хэвтүүлсэн. Х ахыг эмнэлэгт хэвтүүлсний дараа Ц ах руу залгаад “Та яаж байгаа юм бэ, нэгийгээ ийм болгоно гэж байх уу, ядаж зодчихоод надад хэлэхгүй яасан юм бэ, ухаан санаа нь орж гараад хүнд байна” гэхэд “архи уучхаад янз бүрээр хэлээд байхаар нь зодчихсон юм аа, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр энэ асуудал болсон байх” гэдгийг хэлсэн. ...Х ах тархи нь цууралттай байсан учраас хагалгаа хийлгэж титан суулгуулсан. Одоогийн байдлаар хүний ярьж, хэлж байгаа зүйлийг сайн ойлгохгүй, хэнд зодуулсан, яасан гэхээр буруу зөрүү ярьсан байдалтай байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 40-42 дугаар хуудас/,
Гэрч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой Х манайд ирээд “Дүнжингарав дээр очиход манай Ц ирээд хэл амаар доромжлоод агсам согтуу тавиад байхаар нь хүрээд ирлээ. Цаадах чинь согтуу унтуулж амраахгүй, танайд хоноё” гэж хэлсэн. Манайд хоноод 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед харихаар гарсан. Тэгээд орой нь 20 цагаас хойшоо хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна Х над руу залгаад “Найз нь гэртээ ирсэн, санаа зоволтгүй, Цогоо ирээд ална, хядна гэж байгаад гарлаа, гарахаар нь хаалгаа цоожилчихлоо, одоо оруулахгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр утас руу нь залгахад дуудаад авахгүй байсан ба мөн дараа өдөр нь залгахад утас нь хэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д луу залгаад “ахын чинь утас холбогдохгүй хэд хонолоо, та нартай холбогдов уу, ямар нэгэн юм болчихоогүй байгаа” гэж хэлсэн. Дараа өдөр нь Ц над руу залгаад “Ц ах Х ахыг зодсон байна, би гэмтлийн эмнэлэгт хэвтүүлчихлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №8611 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:
“1. Ж.Хын биед зүүн чамархай ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, баруун зулайн хатуу хальсан доорх цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 50-51 дүгээр хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 659 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын.
Шүүгдэгч Ж.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Х ах бид хоёр зэрэгцээд сууж байхад баруун гараа атгаад миний толгой, шанаа орчим руу 2 удаа цохисон. Тэр үед би боль гэхэд Х ах болихгүй дахиж цохиод “чи ингэж явахаар үхээч” гэхээр нь би уурлаад босож ирээд Х ахыг бариад толгой руу нь цохисон. Цаашаа эргэж хараад гурилын элдүүр аваад ар нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 66-67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 114 дүгээр хуудас/, төрөл садангийн лавлагаа /хэргийн 127 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 116-122 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 87-90 дүгээр хуудас/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хэргийн 124 дүгээр хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Ж.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах болох Ж.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг ганжингаар зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, баруун хатуу хальсан доорх цус хуралт, няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Ц нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ж.Ц нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Тиймээс шүүгдэгч Ж.Цыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тус гэмт хэргийн улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авч сэтгэцийн хувьд ойгүйдлийн хам шинж эмгэгтэй болсон /хор уршиг/ ба хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тус гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Уламбаяр “...10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгож өгнө үү, эсхүл 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Учир нь шүүгдэгч Ж.Ц нь тодорхой оршин суух газаргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу орлого олдоггүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул торгуулийн ял биелэгдэх бодит боломжгүй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн биед ганжингаар халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал, хохирогч тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас сэтгэцийн хувьд ойгүйдлийн хам шинж эмгэгтэй болсон хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ж.Цын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.Цт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна”, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Цт энэ тогтоолоор оногдуулсан ял дээр урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тус гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.Цын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг ганжинг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО