Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1001

 

 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийнтанхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: К банкны нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Ц овогт Б-ийн Б,

    Хариуцагч: Х овогт Г-ийн А нарт холбогдох,

    Зээлийн гэрээний үүрэгт нийт 37.816.867 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагч А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч К банкны Увс салбарын захирал А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б нь А-тай хамтран К банктай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр №2030000589 тоот зээлийн гэрээ байгуулж, 14.900.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 71.5 м.кв талбайтай, Н-ын өмчлөх эрхтэй, Хувийн сууц, 1598,4 м.кв талбайтай, Н-ийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 1.494.873,62 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 1.155.726,38 төгрөг, нийт 2.650.600төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дууссан боловч тухайн хоёр зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй банкыг хохироож байна. 2013 оны 9 дүгээр сары 04-ний өдрийн №2030000589 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 13.405.126,38 төгрөг, зээлийн хүү 20.343.117,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.068.623,44 төгрөг, нийт 37.816.867 төгрөг байна. Иймд зээлдэгч Б, А нараас №2030000589 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох нийт 37.816.867 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк Б, А нараас үндсэн зээл 13.405.126,38 төгрөг, зээлийн хүү 20.343.117,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.068.623,44 төгрөг, нийт 37.816.867,01 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1 дүгээр гарын үсэг зурж, хамтран зээлдэгч А 2 дугаар гарын үсэг зурж 15.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд дээрх мөнгийг А авч хэрэглэсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар Б, Н нар К банкны захирал байсан Б, эдийн засагч Г нартай зөвшилцөн А зээлийн эргэн төлөлтийг төлнө гэдгээ илэрхийлж 2.650.600 төгрөг төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй учир К банк Та нар А-ийг шүүхэд өгч шийдвэрээ гаргуул, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн зээлийн хүүг зогсооно гэж зөвлөснөөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг А хүлээн зөвшөөрч Б болон Н, К банк нар хоорондоо эвлэрч 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот захирамж гарсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шатанд А алга болсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар түүнийг эрэн сурвалжлуулан 3 жилийн дараа хаяг нь тодорхой болсон юм. Энэ хугацаанд зээлийн хүү өсөж 20 сая гаруй төгрөг болсон, үүнийг Б, Н нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б болон түүний ээж Н нарыг А хууран мэхэлж 15.000.000 төгрөгийг авахуулж байгааг К банк мэдсэн мөртлөө зээлдэг нараа судалж үзээгүй зээл олгосон байдаг. К банкны нэхэмжлэл нь хэдийгээр зээлийн гэрээний дагуу гаргаж байгаа боловч банкны тухайн үеийн эдийн засагч, захирал нарын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Иймээс Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нар зээлийн өссөн хүүг хариуцахгүй, К банк болон А нар бүрэн хариуцах ёстой гэдгийг илэрхийлж байна. Би нэг ч төгрөг төлөхгүй. Мөн банкны нэхэмжилсэн 37.816.867,01 төгрөгөөс 18.113.354 төгрөгийг А-аас гаргуулах, А-ийн банкинд төлсөн 2.650.600 төгрөгийг хасуулах, надад банкны зээл төлөх чадвар байхгүй гэжээ.

    Хариуцагч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банкнаас 2013 онд зээл авсан нь үнэн. 15.000.000 төгрөгийг 5.000.000, 10.000.000 хувааж авсан. 10.000.000 төгрөгийг би авсан. 18.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүг багасгах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч К банк нь хариуцагч Б, А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 37.816.867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нь Зээлээс нэг ч төгрөг төлөхгүй. Зээлийг А-аар төлүүлж өгнө үү, хариуцагч А Би 18.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хүүг багасгах арга хэмжээ авч өгнө үү хэмээн тус тус маргаж байна.

   Зээлдэгч Б, А нар К банктай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2030000589 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 14.900.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд 71.5 м.кв талбайтай, Н-ын өмчлөх эрхтэй, хувийн сууц, 1598,4 м.кв талбайтай, Н-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.

    Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөхгүй байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул К банк нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

    Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б, А нараас 2030000589 тоот зээлийн гэрээний үүрэг 37.816.867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан 71.5 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй, хувийн сууц, 1598,4 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болохыг дурдав.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч К банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б, А нараас 347.034 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К банкинд олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б, А нараас 2030000589 тоот зээлийн гэрээний үүрэг 37.816.867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан 71.5 м.кв талбайтай, өмчлөх эрхтэй, хувийн сууц, 1598,4 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

     3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч К банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б, А нараас 347.034 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К банкинд олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.БОЛОР