| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00316/И |
| Дугаар | 468 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 468
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 4 дүгээр хэсэг, гудамж, 112 тоотод оршин суух Боржигон овогт *******ын *******ийн /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 4 дүгээр хэсэг, гудамж, 112 тоотод оршин суух Боржигон овогт *******гийн *******өд /*******/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон дөрвөн хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...10 гаруй жил хамт амьдарсан юм чинь гээд эвлэрье гэж бодсон боловч Г.******* нь архи дарс уугаад байгаа. Эрүүл саруулдаа ярилцаад асуудлаа шийдэх байтал архи уухаараа л агсам зан гаргадаг. Сүүлд эвлэрэх хугацаанд Г.******* 3 удаа согтуу ирж, агсам тавиад, намайг заамдаж авсан. Би хүүхдүүдээ аваад ахындаа очсон. Би өнөө өглөө том хүүдээ учир байдлаа хэлж, аав, ээж хоёр нь цуг байвал зүгээр үү, эсвэл тусдаа амьдарсан дээр үү гэдэг талаар асуухад хүү маань аав архи уухгүй, хамт амьдарвал сайхан байна, гэхдээ та өөрөө л мэддээ гэж хэлсэн. Цаашид архи дарс уухгүй, хүүхдүүддээ анхаарал халамж тавиад явбал хамтдаа байж болно. Эвлэрье гээд засрахгүй байгаа, хэрвээ архи дарс уувал эвлэрэх боломжгүй, гэхдээ Г.*******ийн саналыг сонсоё... гэх
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Очих болгонд хөөж туугаад эрүүл үедээ ч ярих хэцүү байдаг. Жаахан архи уухаараа хэдэн үг хэлдэг. Сүүлд хүүхдүүддээ гутал авах мөнгө олох гээд ногоонд яваад ирэхэд намайг хөөсөн. Тэгээд сэтгэлээр жаахан унасан... : 4 хүүхдээ бодоод эвлэрье гэж боддог.... Цаашид архи уухгүй байж чадна... гэх.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.*******өд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон дөрвөн хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тус хэргийн шүүх хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр явуулж, зохигчдод эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн бөгөөд тус ажиллагаанд зохигчдыг нь эвлэрэх боломжгүй гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болгосон байх бөгөөд зохигчид нь шүүх хуралдааны шатанд дараах байдлаар эвлэрсэн байна.
...миний бие Г.******* нь эхнэр Н.*******тэй гэрлэлт цуцлуулах асуудлаар хоорондоо эвлэрч цаашид архи уухгүйгээ тодорхойлж байна гэх.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гэрлэгчдийн эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 35,100 төгрөгийг хариуцагчаас,үлдэх тал хувь 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 132 дугаар зүйлийн 132.3-д тус тус зааснаар Н.Н нь хариуцагч Г.Б холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон дөрвөн хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах тухай хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 35,100 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА