Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/737

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо      даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Э /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Э нь нийтийн албан тушаалтнаар буюу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаагаар томилогдон ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна”, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Баг хорооны цагдаа”-ийн албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.3-д заасан “Явцуу эрх, ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг, сонирхлыг эрхэмлэн ажиллах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 /Шударга ажиллаж, амьдрах/ дахь хэсгийн 2.3.6-д заасан “албан тушаал хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчиж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтоор харьяалуулсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил гаргасан 32 иргэнээс 1.010.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Эрх бүхий албан тушаалтан хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 812 “Шийтгэлийн хуудас болон тооцоог маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх”-ийн 812.4 дүгээр зүйлийн 812.4.11 дэх хэсэгт заасан “зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагч шийтгэлийн хуудас, тооцоот маягтын орлогын хураамжийг зайлшгүй тохиолдолд бэлэн мөнгөөр авахдаа тэмдэглэл үйлдэж, хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор ... төв болон орон нутгийн хүү, торгуулийн дансанд оруулж, биелэлтийг хариуцна” гэж заасан байхад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төрийн сангийн хүү, торгуулийн дансанд тушаалгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаагаар томилогдон ажиллаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан хэм хэмжээг зөрчиж, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил гаргасан 32 иргэнээс 1.010.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төрийн сангийн хүү, торгуулийн дансанд тушаахгүйгээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын *** дугаартай албаны шалгалт явуулсан материал, “...Нярав А.Г тайлбартаа: Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Эын 2022 оны 4 дүгээр сард авсан Маягт-2 шийтгэлийн хуудсанд тулгалт хийхэд нийт 14 шийтгэлийн хуудсанд банкны мөнгө тушаасан баримтыг хуулбарлан хавсаргасан байсан...” гэх танилцуулга /хэргийн 1 дүгээр хавтас 4-73 дугаар хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Баг хорооны цагдаа”-ийн албан тушаалын тодорхойлолт “...1.6-д “Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийг шалгах”, 3.3-д “Явцуу эрх, ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг, сонирхлыг эрхэмлэн ажиллах”...” гэх /хэргийн 1 дүгээр хавтас 18-22 дугаар хуудас/,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 26ё/645 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 78-137 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Эын санхүүгээс авсан шийтгэлийн хуудсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 138 дугаар хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын “...2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.5 дахь заалтад “Эрх бүхий албан тушаалтан хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ...” гэх заалт /хэргийн 1 дүгээр хавтас 139-141 дүгээр хуудас/,

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 812-ын 812.4 дүгээр зүйлийн 812.4.11 дэх хэсэгт “зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагч шийтгэлийн хуудас, тооцоот маягтын орлогын хураамжийг зайлшгүй тохиолдолд бэлэн мөнгөөр авахдаа тэмдэглэл үйлдэж, хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор ... төв болон орон нутгийн хүү, торгуулийн дансанд оруулж, биелэлтийг хариуцна...” гэсэн заалт /хэргийн 1 дүгээр хуудас 142-145 дугаар хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай “Г.Эыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа албан тушаалд томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосон” тухай мэдэгдэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 215 дугаар хуудас/,

Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан. 2022 оны 3 дугаар сарын орчим Э шинээр томилогдон ирсэн ба өргөдөл, гомдол цохогдох нь бага байсан учраас түүнд байсан шийтгэлийн хуудаснаас авч ашиглаж байсан. Эаар шийтгэлийн хуудас авч ашиглачхаад тухайн үед зөрчил гаргасан этгээдээс мөнгийг нь бэлнээр авч шийтгэлийн хуудасны үлдэх хувийн хамтаар Эад өгдөг байсан.Бид хоёрын хооронд шийтгэлийн хуудас, түүний төлбөртэй холбоотой маргаан байхгүй. Э шийтгэлийн хуудсыг авсан учраас өөрөө санхүүгийн ажилтантай сүүлд нь тооцоо хийх ёстой байдаг болохоор Эад өгч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 182-183 дугаар хуудас/,

Гэрч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э 2022 оны 1 дүгээр сард манай хорооны цагдаагаар томилогдон ирсэн. Хамт ажиллаж байх хугацаандаа Эаас 2022 оны 4 дүгээр сард 5 ширхэг шийтгэлийн хуудас авч зөрчлийн холбогдогчийг торгосон. Шийтгэлийн хуудсаар нь торгууль оногдуулчхаад мөнгийг нь зөрчил гаргагчаас бэлнээр аваад Эад “хуудсыг чинь тасалсан шүү, мөнгийг нь тушаачхаарай” гээд өгдөг байсан. Торгуулийн хуудасны мөнгийг 72 цагийн дотор тушаа гэдэг учраас өөрийнхөө шийтгэлийн хуудасны мөнгийг өгөөд Эыг банк руу явуулж тушаалгадаг байсан. Э бид хоёрын хооронд шийтгэлийн хуудасны төлбөртэй холбоотой маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 186-187 дугаар хуудас/,

 Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Удирдлагаас хуваарилсны дагуу албаны шалгалтыг явуулсан. Албаны шалгалтаар хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Эын гаргасан зөрчил нь зөрчил гаргасан иргэнд шийтгэл оногдуулаад санхүүтэй тооцоо хийхдээ Төрийн санд мөнгө тушаасан баримтыг олон дахин хуулбарлаж бусад шийтгэлийн хуудсанд хавсаргаж өгсөн зөрчил илэрсэн. Дээрх зөрчил дээр нийтдээ 32 шийтгэлийн хуудаст 1.010.000 торгууль оногдуулсан бэлэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан нь тогтоогдсон. Алба хаагч өөрөө хүлээн зөвшөөрөөд 700.000 төгрөгийг албаны шалгалт явагдаж байхад тушаагаад банкны баримтыг авчирч өгсөн. Өөрийнх нь тайлбараар торгуулийн бэлэн мөнгийг өөрийн тансаг хэрэглээнд зарцуулсан, хэн нэгний нөлөөлөл байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 190-191 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх  мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 239 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 195 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 242 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 202-214 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

             Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

             Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаагаар томилогдон ажиллаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан хэм хэмжээг зөрчиж, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил гаргасан 32 иргэнээс 1.010.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төрийн сангийн хүү, торгуулийн дансанд тушаахгүйгээр албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай мэдэгдэх хуудас, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 812, шийтгэлийн хуудсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 20220190000018 дугаартай албаны шалгалт явуулсан материал, танилцуулга, ажилд томилсон мэдэгдэх хуудас, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 26ё/645 дугаартай албан бичиг, хавсралт, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Баг хорооны цагдаа”-ийн албан тушаалын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг /үндсэн шинж/ нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “...Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан” хамаарна гэж заасан ба хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Албан үүрэг, бүрэн эрх” гэдэгт сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомж, дүрэм журам, албан тушаалын тодорхойлолт зэргээр олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө буюу тухайн нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг, “Урвуулан ашиглах” гэдэгт албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг, “Өөртөө давуу байдал бий болгосон” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

             Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийн эсрэг /аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг нэмэгдэл объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Г.Э нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Г.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

   Энэ гэмт хэргийн улмаас Нийслэлийн цагдаагийн газарт 1.010.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 780.300 төгрөгийг Нийслэлийн цагдаагийн газрын хүү, торгуулийн дансанд, 229.700 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын дансанд /100900033401 тоот/ байршуулсан 229.700 төгрөгийг Нийслэлийн цагдаагийн газрын хүү, торгуулийн дансанд шилжүүлэхийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

      Улсын яллагчаас шүүгдэгч Г.Эад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Э нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

    Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч шүүгдэгч Г.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэв.

    Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5700 /таван мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын дансанд /100900033401 тоот/ байршуулсан 229.700 төгрөгийг Нийслэлийн цагдаагийн газрын хүү, торгуулийн дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЗОЛБОО