Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/747

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.Х /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 43 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “MSM” ХХК-ийн урд замд “Хьюндай Соната-6” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралт: 1.4 “1.1-1.3, 1.5.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу буцаж эргэх үйлдэл хийхдээ үргэлжилсэн хос шугам /1.3/ давснаас эсрэг урсгалд чигээрээ зорчиж явсан Г.А жолоочтой “Yamaha” маркийн ***улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Г.Аийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

          Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 43 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “MSM” ХХК-ийн урд замд “Хьюндай Соната-6” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралт: 1.4 “1.1-1.3, 1.5.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу буцаж эргэх үйлдэл хийхдээ үргэлжилсэн хос шугам /1.3/ давсны улмаас эсрэг урсгалд чигээрээ зорчиж явсан Г.А жолоочтой “Yamaha” маркийн ***улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Г.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 6-11 дүгээр хуудас/,

           Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Т.Хийг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/,

            Хохирогч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 40 минутын орчим найз Бын эзэмшлийн ***улсын дугаартай “Yamaha маркийн мотоциклыг жолоодоод гэр лүүгээ харих гээд явж байгаад “MSM ХХК-н урд талын автобусны буудлын харалдаа ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байх үед өөдөөс буюу эсрэг урсгалд явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт миний урдуур буцаж эргээд би харангуутаа тоормосоо гишгэсэн боловч хэт ойрхон байсан учир автомашины баруун урд хаалга руу мөргөөд  би өөрөө машин дээр даваад унасан. Тэгээд би машин дээр хэвтчихсэн хэсэг босож чадахгүй байсан ба тэр үед машины жолооч бууж ирээд түргэн болон цагдаад дуудлага өгье гэж хэлж байсан. Х миний эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг, мотоциклын хохиролд 2.200.000 төгрөг нийт 5.200.000 төгрөг өгсөн. Мөн өөрийнхөө унаж явсан ***улсын дугаартай “Хьюндай Соната-6” маркийн автомашинаа надад өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Н.Уранбайгалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэмт хэргийн улмаас хохирогч Г.А нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 810.000 төгрөг гарсныг яллагдагч Хэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Yamaha маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Аэд жолоодуулах зөвшөөрөл олгосон. Надад тухайн зам тээврийн осолтой холбоотой нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,

            Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04/3780 албан бичиг, түүний хавсралт /хэргийн 29-30 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9518 дугаартай:

  1. Г.Аийн биед зүүн шуу ясны доод булууны хугарамтгай хэсгийн далд хугарал, бэлэг эрхтэн болон хуухнагны цус хуралт, төмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 61-62 дугаар хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1138732860 дугаартай шинжээчийн:

        1. “Хьюндай Соната-6” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
        2. Урд салхины шил дунд хэсгээрээ 50 см орчим цуурсан, баруун талын урд хаалга 40х60 см орчим цөмөрч нугаларсан, улсын дугаарын нэг гэрэл асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
        3. 4. Уг автотээврийн дээрх эвдрэл, гэмтлүүд нь осолд хэрхэн, яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй байна.

6. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,45 кН, баруун талдаа 2,8кН, зөрүү 19% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,39 кН, баруун талдаа 1,32 кН, зөрүү 5% /стандарт <30%/ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллаж байна” гэх дүгнэлт /хэргийн 70-76 дугаар хуудас/,

“Хөрөнгө Эстимейт” ХХК-н 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №11454/ ДД№23833400 дугаартай Автомашин техникийн “...Yamaha yzf-r1 загварын мотоцикл-нийт 6.110.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хэргийн 87-88 дугаар хуудас/,

“Тэнцвэр Эстимейт” ХХК-н 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №3 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “...“Хьюндай Соната-6” баруун урд хаалга -нийт 220.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хэргийн 94-95 дугаар хуудас/,

  1. оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 883 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

1.Жолооч Т.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралт: 1.4 “1.1-1.3, 1.5.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хэргийн 98 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “...“Хьюндай Соната-6” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Мишээл экспо орох гээд яармагийн гүүр даваад “MSM”-н урд талын замаар ертөнцтийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал цаг орой болчхоор  нь буцаад харих гээд замын голд үргэлжилсэн цагаан шугам даваад буцаад эргэтэл зорчих хэсгийн зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан мотоциклтой мөргөлдчихсөн. Тэгээд машинаас буугаад тухайн хүний биеийн байдлыг асуутал юм ярьж чадахгүй байхаар нь 102, 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 111 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

          Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 113 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 120 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 121 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 127 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 43 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг, “MSM” ХХК-ийн урд замд “Хьюндай Соната-6” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралт: 1.4 “1.1-1.3, 1.5.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу буцаж эргэх үйлдэл хийхдээ үргэлжилсэн хос шугам /1.3/ давсны улмаас эсрэг урсгалд чигээрээ зорчиж явсан Г.А жолоочтой “Yamaha” маркийн ***улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Г.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

   Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.    

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

            Шүүгдэгч Т.Х нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

             Тиймээс шүүгдэгч Т.Хийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь шүүхийн харьяаллыг зөрчсөн байхыг цаашид анхаарч, тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн” хор уршиг” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 818.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Т.Х нь хохирогчид 5.200.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 818.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогчийн “...Жолооч Х нь миний нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй”  гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 136 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Х нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 134 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Х нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

          Шүүгдэгч Т.Хийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.   

 Шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн гаргасан саналыг шүүх хүлээн авч шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО