| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00496/И |
| Дугаар | 500 |
| Огноо | 2018-10-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 500
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, буур хээр 3 дугаар хэсэг 13-06 тоотод оршин суух, 58 настай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт Бичээч овогт Дамдинсүрэнгийн *******гийн /*******/ нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг Хонгорморьтын 3 дугаар хэсэг 001 тоотод оршин суух, 41 настай, эрэгтэй, группт гэх ******* овогт *******ийн *******д холбогдох /*******/
Олох ёстой байсан орлого 328.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, иргэдийн төлөөлөгч М.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Алтанбагана нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би таксинд шөнө явдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд таксинд явж байхад шар 5 давхрын 4 дүгээр байрны урдуур явж байтал Т.******* машинаа гэнэт ухраан миний машины баруун хойд хаалга, гуфер хонхойж, кардон зурагдан хонхойж хугаран, будаг, замаск нь хагарч гэмтэн миний машинд хохирол учруулсан.
Тухайн үед замын цагдаагийнхан ирж үзэн, даатгал дуудаж машинд учирсан хохирлыг тооцон 416.000 төгрөгийг 25 хоногийн дараа миний данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ би өөрт байгаа 360.000 төгрөгөөр засвараа хийлгэсэн. Машин засварт 6 хоног байсан. Хэрвээ энэ хугацааанд би таксинд явж байсан бол өдрийн 50.000 төгрөгөөр тооцон нийт 300.000 төгрөг мөн үнэлгээ тогтоолгосны 28.000 төгрөг нийт 328.000 төгрөг нэхэмжилснээс 28.000 төгрөгөө авсан. Одоо олох байсан орлого 300.000 төгрөгийг Т.*******гээс гаргуулж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Т.*******гийн шүүхэд гаргасан тайлбараас:
Д.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцав. Т.******* надаас 328.000 төгрөг нэхсэн байна. Уг мөнгийг төлөх үндэсгүй... Сүхбаатар сумын 4 дүгээр байрны гадна СЭҮ-******* дугаартай Биков маркийн машин зогсож байхад Д.******* хажуугаар зөрөхдөө миний зүүн хэсэг шүргэж өөрийн машинаа, өөрийн буруутай үйлдлээс машин эвдэрсэн учир уг асуудлыг Т.******* би хариуцахгүй. Даатгалаас хохирлоо бүрэн авсан. Уг асуудлын маргааш 28.000 төгрөгийг автын цагдаад өгсөн. Д.*******д ямар ч өр төлбөр төлөх үндэсгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
Д.*******гийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох Гэм хор учруулсны улмаас олох байсан орлого 328.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй. Учир нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Т.*******д холбогдуулан машин мөргөсний улмаас учирсан хохирлоос болж машинаа засуулахаар авто засварын газарт 6 хоног засвар хийлгэсэн, энэ хугацаанд таксинд явсан бол нэг өдөр 50.000 төгрөгний орлого олж нийт 6 өдөр 300.000 төгрөгний орлого олох байсан, машины эвдрэлийн үнэлгээ тогтоолгохоор 28.000 төгрөг төлж, нийт 328.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч 28.000 төгрөгөө буцаан авсан учраас татгалзаж, үлдэх 300.000 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа...олон ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч Д.******* нь шөнийн цагаар таксинд явдаг, 1 өдөрт дунджаар 50.000 төгрөгийн орлого олдог, нийт 300.000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэх боловч үүнийгээ нотолсон талаарх баримтаа шүүхэд гаргаагүй, хувь хүний орлогын татвараа төлж байсан эсэх, өдрийн 50.000 төгрөг олдог болохоо тодорхойлж чадаагүй байна.
Иймд Д.*******гийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох Олох ёстой байсан орлого 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь үнэлгээний төлбөр 28.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтууд болох СЭА-******* улсын дугаартай Тоёота ист маркийн машинд учирсан гэм хорын болон эвдрэлд засвар хийгдсэн зэрэг баримтууд, Соёмбо даатгалын 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ослын газрын тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /үнэлгээний төлбөр 28.000 төгрөг төлсөн/, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 693 дугаартай Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, авто машинд учирсан эвдрэлийг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт, даатгалын сангаас нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд 416.000 төгрөг орсон талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн авто осол гаргасан талаарх тодорхойлолт, 360.000 төгрөгөөр машины эвдрэлийг зассан гэх засварчны тодорхойлолт зэрэг авагдсан бөгөөд энэ нь олох ёстой орлогыг тодорхойлсон баримтууд биш байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,500 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох Олох ёстой байсан орлого 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч үнэлгээний төлбөр 28.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,500 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснааршүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн доторшүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Л.СОЁЛМАА