Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/753

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт *** тоотод түр оршин суух хаягтай, урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 594 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, С.Б /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс-1” хүнсний захын П-22 дугаарын лангуунаас хохирогч Ц.Бгийн эзэмшлийн “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36а байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Евро фарм” эмийн сангийн өрөөнөөс хохирогч П.Бийн эзэмшлийн “Айфоне Икс эс макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон комплекс”-ын 1 давхарт байх дэлгүүрт хохирогч М.Аийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол буюу нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна” гэв.

         Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон комплекс”-ын 1 давхарт байх дэлгүүрт хохирогч М.Аийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Орчлон комплекс”-ын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Жи” маскны дэлгүүрт би ганцаараа байсан. ...Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 20-25 насны бор царайтай хүзүүн дээрээ шивээстэй залуу миний “Самсунг Галакси Эс-10” маркийн гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 138, 147 дугаар хуудас/,  

         Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Орчлон комплекс”-ын 1 давхарт байх гоо сайхны дэлгүүрт бараан царайтай, туранхай биетэй, хар цамц, саарал өнгийн өмд, цагаан фудволк, хар пүүз өмссөн хүзүү хэсэгтээ шивээстэй 25 орчим насны эрэгтэй хохирогчийн гар утсыг лангуунаас авч өмднийхөө баруун халаасандаа хийгээд гарч байгаа дүрс бичлэг байв...” гэх тэмдэглэл /хэргийн 133-134 дүгээр хуудас/,

         “Дамно” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №БЗД2-22-1310 дугаартай “...Самсунг Эс-10 маркийн гар утас 500.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 144-145 дугаар хуудас/,

          Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын мөнгийг ажил хөдөлмөр хийгээд төлж барагдуулна. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 159 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

         Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс-1” хүнсний захын П-22 дугаарын лангуунаас хохирогч Ц.Бгийн эзэмшлийн “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчим өөрийн ажил болох “Барс-1” захын П-22 лангуун дээр байж байгаад хүн огт байхгүй заал хоосон байхаар нь лангуугаа хаах гээд урд талаа цэвэрлэж байгаад гар утсаа лангуун дээрээ ил тавиад хажуу лангууныхаа хүнээс юм асуугаад зогсож байгаад лангуугаа хаагаад гарах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 20-25 орчим насны залуу миний араар ороод гар утсыг минь авчихсан байсан. Миний гар утас “Редми Нөүт-8” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,  

         Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хохирогчийн гар утсыг лангуунаас аваад явж байв...” гэх тэмдэглэл /хэргийн 4-5 дугаар хуудас/,

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Миний гар утсыг авсан гэх залуу 20-25 орчим насны бордуу царайтай, хар үстэй, шөвгөр хамартай, туранхай жижиг залуу байсан гээд 2 дугаартай хүн мөн байна гэж заав...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-8, 14-15 дугаар хуудас/,

         “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №ТХҮ-922/4142 дугаартай “...“Редми Нөүт-8” маркийн гар утас 330.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 33-35 дугаар хуудас/,

         Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Барс худалдааны төв дээр хүнс цуглуулаад явж байхад лангуун дээр гар утас тавьчихсан байхаар нь би авсан. Гар утсыг нээж үзэхэд дэлгэцийн түгжээтэй байсан учраас унтраагаад халаасандаа хийсэн. Тэгээд Монтэл дээр очоод гадаа хүмүүс утас авна гээд зогсож байхаар нь 120.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

          Шүүгдэгч С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36а байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Евро фарм” эмийн сангийн өрөөнөөс хохирогч П.Бийн эзэмшлийн “Айфоне Икс эс макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 36а байрны 3 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Евро фарм” эмийн сандаа ажиллаж байхад 24 орчим насны залуу орж ирээд хүүхдийн шүдний сойз үзье гэхээр нь би өөрийн эзэмшлийн Айфоне Икс эс макс” загварын гар утсаа компьютерынхоо дэлгэцний урд тавиад асуусан зүйлийг нь үзүүлчхээд үнийг нь хэлтэл үнэтэй байна гээд гараад явсан. Тэгээд гар утсаа шалгах гээд компьютер дээрээ очиход миний гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/,  

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...24 орчим насны 165 см орчим өндөртэй, хар малгайтай, бараан өнгийн хувцастай, бор өнгийн арьстай эрэгтэй хүн байсан гээд 3 дугаартай С.Быг заав...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 51-54 дүгээр хуудас/,

         “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №ТХҮ-922/4229 дугаартай “...Айфоне Икс эс макс” маркийн гар утас 1.000.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 68-70 дугаар хуудас/,

         Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр модны 2-оос уруудаад баруун 4 зам руу явж байхад эмийн сан байхаар нь маск авахаар ороход миний урд нэг залуу хамт орсон. Тухайн залуу хүүхдийн шүдний оо билүү, сойз асуухад худалдагч эгч босоод асуусан зүйлийг нь үзүүлэхдээ гар утсаа үлдээгээд боссон. Тэр үед би гар утсыг нь авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 92-93 дугаар хуудас/, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг /хэргийн 91 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 94 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 97-117 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

        Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон комплекс”-ын 1 давхарт байх дэлгүүрт хохирогч М.Аийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс-1” хүнсний захын П-22 дугаарын лангуунаас хохирогч Ц.Бгийн эзэмшлийн “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

      Шүүгдэгч С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36а байрны 3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Евро фарм” эмийн сангийн өрөөнөөс хохирогч П.Бийн эзэмшлийн “Айфоне Икс эс макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

            Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч С.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ат 500.000 төгрөгийн, хохирогч Ц.Бд 330.000 төгрөгийн, хохирогч П.Бт 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Бд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусад хохирлыг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баас 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ат 500.000 төгрөг, хохирогч П.Бт 1.000.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Улсын яллагчаас шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “...240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 Шүүгдэгч С.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдсон болно.    

Шүүхээс шүүгдэгч С.Быг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч С.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

  1. Бусад асуудлаар:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.    

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Быг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баас 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ат 500.000 төгрөг, хохирогч П.Бт 1.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО