Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1193

 

                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1478 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, Б овгийн Тгийн Ө, ....... оны ...... дүгээр сарын .......-ний өдөр ........................ төрсөн, ..... настай, эрэгтэй, ................. боловсролтой, .....................мэргэжилтэй, ..................... ажил хийдэг, ам бүл ............, ............... хамт .... дүүрэг, .... дугаар хороо, ............. тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: .................., урьд нь ял шийтгүүлж байгаагүй.

          Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

        Шүүгдэгч Т.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Г.Тд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхи, хамар, хацар, шанаанд зулгаралт, хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Бурд овгийн Тэгшбүрэнгийн Өнөрбаян нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт, Баянтуруун 2-3 тоотод согтуурсан байх үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Г.Ттэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдан, цохиж зодон бие махбодод нь “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхи, хамар, шанаанд зулгаралт, хөмсөгт няцарсан шарх гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

Тухайлбал, иргэн Г.А-с цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч Г.Тгийн “...Би Архангай аймагт замын ажил хийж байгаад 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирж төрсөн хүү Т.Өы гэрт 4 хүүхдийг нь хараад байж байхад орой 22 цагийн үед Т.Ө гаднаас эхнэр Ж.Бийн хамт орж ирсэн. Т.Өархи уучихсан согтуу байсан юм. Тэгээд орж ирээд унтахгүй надад агсам тавиад танай ах дүү нар чинь намайг тоодоггүй, та намайг хэрэгтэй үед хаяад явсан гэх мэтээр ярьж сууж байгаад хоёулаа нэг шил архи хувааж уугаад ярилцъя гэхээр нь би зөвшөөрөөд Т.Өбид хоёр 0.75 литрийн Чингис нэртэй архийг хувааж ууж сууцгаасан. Шөнийн 3-4 цаг болж байсан болохоор эхнэр хүүхдүүд нь унтчихсан юм. Би хэсэг сууж байгаад гэрээс гараад тамхи татаад зогсож байтал Т.Өардаас гарч ирээд миний нүүр хэсэгт рүү нэг  удаа цохиход би унахад миний дээрээс хэд хэдэн удаа гараараа цохиод байсан. Тухайн үед миний ухаан балартаж яг хэдэн удаа цохиж зодсоныг санахгүй байна. Тэгээд сэрэхэд гадаа хэвтэж байхаар нь машинд нь орж унтсан юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч Ж.Бийн “...Би нөхөр Т.Өтай хамт амьдраад 8 жил болж байгаа дундаасаа 4 хүүхэдтэй, албан ёсны эхнэр, нөхөр юм. Нөхөр Т.Өмаань хөдөө орон нутагт том тэрэгний жолооч ажилтай, би эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдүүдээ хардаг болохоор нөхөр маань гэр бүлээ тэжээдэг юм. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хадам аав Г.Т Архангай аймгаас манай гэрт түр байхаар ирсэн байсан. 2022 оны 08 дугаар сарын 28-ны орой нөхөр Т.Өаав Г.Ттэй хамт гэртээ архи  уугаад байхаар нь би 23 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өглөө сэрэхэд нөхөр Т.Өгэртээ унтаж байсан ба хадам аав Г.Т зодуулсан байдалтай гаднаас орж ирсэн ба юу болсон талаар асуухад аав Г.Т “...Т.Өхамт архи ууж байгаад чамайг унтаж байхад намайг зодчихлоо...” гэж хэлсэн ба удалгүй аав Г.Тгийн дүү гэх эмэгтэй орж ирэхэд Т.Өгараад явчихсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11978 дугаартай “...Г.Тгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхи, хамар, хацар, шанаанд зулгаралт, хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар хэргийн бодит байдал эргэлзээгүйгээр сэргээн дүрслэгдэж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Өнь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Миний төрсөн аав Г.Т нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт ажиллаж байгаад манай гэрт түр хугацаагаар ирсэн юм. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би эхнэр Ж.Бийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороонд байх хадам ахынхаа гэрт 0.75 литрийн Чингис архи хувааж уучхаад орой 22 цагийн үед гэртээ харьсан, намайг гэртээ очиход аав Г.Т миний хүүхдүүдийг хараад байж байсан. Тэгээд би аавтай ярилцаж суумаар санагдаад бид хоёр манай гэртэй ойролцоо байх дэлгүүрээс 0.75 литрийн Чингис архи аваад ууж суусан ба манай эхнэр хүүхдүүд унтчихсан юм. Тэгээд урьд өмнө нь аавын хамаатантай хэрэлдэж маргалдаж байсан талаараа аавд хэлж дүү чинь намайг ялтан болгоно гэж ярьж байсныг хэлж хоорондоо маргалдсан юм. Тэгээд би цаашаа хийсэн үйлдлээ санахгүй байгаа, өглөө сэрэхэд аав Г.Т зодуулсан байдалтай, аавын дүү Г.А ирчихсэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг ..." гэж (хавтаст хэргийн 20-22 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “надад өмнөх мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй, би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж харамсаж байна” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.Өнь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11978 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Тгийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Өы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Тгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Ө, хохирогч Г.Т нар нь төрсөн эцэг, хүү байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Т.Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.Өгийн хохирогч Г.Тгийн биед халдаж цохисон үйлдэл болон хохирогч Г.Тгийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхи, хамар, хацар, шанаанд зулгаралт, хөмсөгт няцарсан шарх зэрэг гэмтэл шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Өыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Т нь эмчилгээтэй холбоотой баримт өгөөгүй байх тул шүүгдэгч Т.Өыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч Г.Т эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Т.Ө: “...Хэлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Өнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дахь тал), хүүхдүүдийн  төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 52-55 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 56-71 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 72-74 дэх тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022.08.29-ний тэмдэглэл (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзлээ.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Өнь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ....... овгийн Т.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өд оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Өд сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Өнь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА