Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 130/2019/00388/И |
Дугаар | 001/ХТ2021/00691 |
Огноо | 2021-06-08 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2021/00691
2021 06 08 001/ХТ2021/00691
М.Болатбекийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/00985 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00081 дүгээр магадлалтай,
М.Болатбекийн нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.Болатбекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.
Нэхэмжлэгч М.Болатбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Болатбек нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй бөгөөд анх 1994 онд Цагааннуур дахь Нефть хангамжийн газарт Усчин, түлээчингээр ажиллаж эхэлсэн. Үүнээс эхлэн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн газарт 25 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд тус газарт хийж байсан ажил гэвэл Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчнаар ажиллаж байсан. Зөвхөн энэ албан тушаалд гэхэд 16 жил 6 сар ажиллаж байна. Гэтэл 2019.02.01-ний өдөр Онцгой байдлын газрын хүний нөөцийн мэргэжилтэн, дэслэгч Ч.Цэгмэд ирээд 2019.01.29-ний өдрийн огноотой мэдэгдэх хуудас гардуулан, намайг орон тооны цомхтголд оруулан ажлаас чөлөөлснөө мэдэгдэж, ажлаа хүлээж авсан. Намайг ажлаас чөлөөлсөн шалтгааныг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018.12.28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар бүтэц орон тооны цомхтголд орсон гэж тайлбарласан. Миний бие тус шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт 1 /нэг/ сарын өмнө мэдэгдээгүй учраас ажилд эгүүлэн томилж өгнө үү гэж гомдол гаргасан боловч хүлээн аваагүй, бүхэлдээ хэрэгсэхгүй болгож 2 шатны шүүхээс шийдвэрлэсэн юм. Миний бие шүүхэд зөвхөн ажлаас чөлөөлөхдөө журам зөрчсөн гэсэн үндэслэлээр л хандаж байсан тул шүүх нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлт хийсэн. Ажил олгогч маань миний ажиллаж байсан Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчны орон тоог намайг ажлаас халсны дараа дахин бий болгож Берденбек гэдэг иргэнийг томилон ажиллуулж байсныг сүүлд нь мэдлээ. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчин гэсэн орон тооны нэрийг Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, инженер гэж өөрчлөн өөр хүнийг томилон ажиллуулсан байна. Энэ нь хууль бус бөгөөд 25 жил ажилласан намайг ажлаас халахын тулд л ийм арга хэрэглэсэн байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан байна. Иймд миний ажиллаж байсан Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчны орон тоог 3 сарын дотор дахин бий болгосон тул намайг урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газрын Цагааннуур тосгон дахь Улсын нөөцийн салбарын шатахууны агуулахын насосчноор ажиллаж байсан М.Болатбек нь Улсын нөөцийн газрын Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгчийн 2002.06.06-ны өдрийн 07 дугаар тушаалаар нефтийн агуулахын засварчин, насосчноор томилогдон тасралтгүй 16 жил 6 сар ажиллаж байгаад Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018.12.28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар бүтэц орон тооны цомхтголд орсон. Уг тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдлын газрын 2019.01.30-ны өдрийн Чөлөөлөх тухай А/09 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг 2019.01.30-ны өдөр цуцалсан болно. Нэхэмжлэгч М.Болатбек нь ажил олгогч маань миний ажиллаж байсан Цагааннуур тосгон дахь Шатахууны агуулахын засварчин, насосчны орон тоог 3 сарын дотор дахиж бий болгож Х.Берденбек гэдэг иргэний томилон ажиллуулж байсныг сүүлд нь мэдлээ. Миний ажиллаж байсан Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчин гэсэн орон тооны нэрийг Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, инженер гэж өөрчлөн хүн томилон ажиллуулсан байна гэж тус шүүхэд гомдол гаргасан байна. Цагааннуур тосгон дахь Шатахууны агуулахын Сав тоног төхөөрөмжийн засварын инженерээр ажиллаж байгаа Хутахан овогтой Берденбек нь Улсын нөөцийн салбарын даргын 2012.11.16-ны өдрийн Ажилд томилох тухай Б/18 дугаар тушаалаар Цагааннуур тосгон дахь Шатахууны агуулахын түгээх станцын сэлгэгчээр, Улсын нөөцийн салбарын даргын 2015.10.21-ний өдрийн Ажилд томилох тухай А/32 дугаар тушаалаар Цагааннуур тосгон дахь Шатахууны агуулахын инженерийн албан тушаалд дэвшүүлэн томилж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2017.04.10-ны өдрийн томилох тухай Б/218 дугаар тушаалаар Цагааннуур тосгон дахь Шатахууны агуулахын Сав, тоног төхөөрөмжийн засварын инженерээр, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018.12.28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019.01.30-ны өдрийн томилох тухай Б/14 дүгээр тушаалаар Цагааннуур тосгон дахь Шатахууны агуулахын сав, тоног төхөөрөмжийн засварын инженерээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Иймд нэхэмжлэгч М.Болатбек нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан бүтэц орон тоог санаатайгаар засварласан мэтээр Онцгой байдлын байгууллагыг үл хүндэтгэж худал мэдүүлсэн байна гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/00985 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Болатбекийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчины орон тоог 3 сарын дотор дахин бий болгосон тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00081 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/00985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч М.Болатбек болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч М.Болатбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие М.Болатбек нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн газарт холбогдуулан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчны орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгчийг маань оролцуулахгүйгээр хурал хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх хуралдаан нэг удаа хойшлохдоо шүүх хуралдааны товыг 9 дүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойш тавьж, тов дээр гарын үсэг зуруулж авсны дараа шүүхийн нарийн бичгийн дарга Хундыз нь над руу залгаж хэрэв таны өмгөөлөгчийн өглөө орох шүүх хуралдаан хойшлогдвол хуралдааныг өглөө хийнэ гэж хэлээд дахин нэг тов дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд шүүх хуралдаан болох өдөр миний өмгөөлөгч С.Нургайып өөр танхимд хуралд орж байхад өөр танхимд оруулж ирээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийчихсэн. Өмгөөлөгч маань үдээс хойш шүүх хуралд оролцоно гэж хэлж байсан боловч шүүх хуралдаан шууд үргэлжилсэн учраас шүүх хуралд оролцож чадаагүй. Шүүгчээс монгол хэл бичиг үсэг мэддэггүй надаас нэг юм бичүүлж авч байсан. Энэ нь өмгөөлөгчгүйгээр хуралдаан хийлгэх хүсэлт байсныг мэдсэнгүй. Тэгээд шүүхийн нарийн бичгийн дарга хоёр өөр хугацаанд тов дээр гарын үсэг зуруулж авсан хоёр баримтын нэгийг нь байхгүй болгожээ. Иймээс анхан шатны шүүх хуралдааныг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр миний Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг маань зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Болатбек нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган ...миний ажиллаж байсан Цагааннуур дахь шатахууны агуулахын засварчин, насосчны орон тоог 3 сарын дотор дахин бий болгож, ...засварчин, инженер гэж өөрчлөн, Х.Берденбек гэдэг хүнийг томилон ажиллуулсан, уг ажилд би ажиллах ёстой гэж маргасан бол хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...М.Болатбек нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан бүтэц, орон тоог санаатайгаар засварласан мэтээр байгууллагыг үл хүндэтгэж худал мэдүүлсэн гэсэн тайлбар гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Болатбек нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цагааннуурын шатахууны агуулахын засварчин, насосчноор ажиллаж байсан ба тус аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019.01.30-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.4.04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дугаар шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.5.10-ны өдрийн 24 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.6.11-ний 283 дугаар тогтоолоор хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Харин, нэхэмжлэгчийн маргаж буй Цагааннуур дахь шатахууны агуулахын сав тоног төхөөрөмжийн засварын инженер гэх орон тоог, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018.12.28-ны өдрийн А/461 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын бүтэц, орон тоог батлахдаа, хавсралтын 6-д зааж баталсан, энэхүү шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019.01.30-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар тухайн сав тоног төхөөрөмжийн засварын инженерийн ажилд тус байгууллагад 2012 оноос хойш станцын сэлгэгч, шатахууны агуулахын инженер, засварын инженерээр ажиллаж байсан Х.Берденбекийг томилж ажиллуулсан байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс миний ажиллаж байсан Цагааннуурын шатахууны агуулахын засварчин, насосчин гэсэн орон тоог сав тоног төхөөрөмжийн засварын инженер гэж өөрчилсөн, миний хувьд нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчны 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэхтэй тул би ажиллах ёстой гэж маргаж байгаа боловч маргаан бүхий сав тоног төхөөрөмжийн засварын инженерийн албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг бакалавр ба түүнээс дээш боловсролтой, газрын тосны инженер, эдийн засаг-нөөцийн мэргэжилтэй байх гэж тодорхойлжээ.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаачлан хариуцагчаас Цагааннуур дахь шатахууны агуулахын завсарчин, насосчны орон тоог 3 сарын дотор дахин бий болгож, сав тоног төхөөрөмжийн засварын инженер гэж өөрчилсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, хоёр шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгч М.Болатбекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.
Нэхэмжлэгчийн ...анхан шатны шүүх хуралдааны товыг өөрчилсөн, шүүх хуралдаанд өмгөөлөгчийг биечлэн оролцох боломжоор хангаагүй гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй, энэ асуудлаар анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/00985 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00081 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ